Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 06

 

М.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолтой, М.А-т холбогдох эрүүгийн 201720000015 дугаартай хэргийг шүүгдэгч М.Аийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Х овогт М А нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт М-ийн А-ийг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.А энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.Ааас 4.631.300/ дөрвөн сая зургаан зуун гучин нэгэн мянга гурван зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багт оршин суух хохирогч Б.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1749600/ нэг сая долоон зуун дөчин есөн мянга зургаан зуу / төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.А-г нь давж заалдах гомдолдоо: ” Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Тус шүүхээс намайг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэм буруутайд тооцож мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилээр хасч, 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсэн. Миний бие өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ талийгаачийг байнгын эмнэлгийн хяналтанд байлгах шаардлагатай бөгөөд 2016 оны 12 дугаар сард түүний гэрт очоод эмнэлэгт хэвтэх шаардлагатай тул хурдан очоорой гэхэд тэрээр 2 хүүхэд харах хүн байхгүй, би хэвтэж чадахгүй гэж хэлэхээр нь нөхрийгөө ирсэн даруйд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай шүү" гэж хэлж зөвлөж байсан. Дараа нь буюу 7-10 долоо хоногийн дараа түүнийг үзсэн. Мөн 2016 оны 12 дугаар 22-ны өдөр түүнийг дахин үзэхэд даралт нь ихэссэн байсан тул түүнд хандан "чиний даралт ер нь тогтворгүй байна шүү, эмнэлэгт хэвт гэж удаа дараа хэлж байсан, түүнчлэн талийгаачид даралтны эмээ тогтмол уух шаардлагатайг зөвлөсөн". Гэтэл талийгаач надад үзүүлснээс хойш огт холбоогүй болсон. Тиймээс би түүнтэй холбоо тогтоохын тулд Дуламжаваас "О яасан бэ, яагаад алга болчихов" гэж асуухад Дуламжав хөдөө гэрлүүгээ яваад ирээгүй байна гэсэн. Ийнхүү сураггүй болж байгаад дараа нь буюу 2017 оны 01 дүгээр 02-ны үдээс хойш Д эгчийнхээ хамт эмнэлэг дээр ирэхээр нь даралтыг нь үзэхэд 160/90 тэй байсан тул даралт чинь ихэссэн байна. Одоо яаралтай хэвт, 2 удаа хэвт гэхэд чи "За гэж хэлээд алга болсон шүү" гэж хэлэхэд тэрээр "гадуур жаахан ажил байна" гэж хэлээд буцаад явсан ба 16 цагийн үед ирж хэвтсэн.Миний бие талийгаач О.Одонхүүд авах эмнэлгийн арга хэмжээг буюу урьдчилан сэргийлэх үзлэгийг цаг тухайд нь хийж байсан ба хэвтэн эмчлүүл гэж удаа дараа хэлж, зөвлөж, даралтны эмээ тогтмол уух талаар үргэлж зөвлөдөг байсан. Энэ талаар би мөрдөн байцаалтын шатанд удаа дараа тогтвортойгоор мэдүүлж байсан ба хэргийн материал дээр нотлох баримтууд байгаа. Тухайн хэрэг болдог шөнө би хамгийн гол нь даралтыг буулгах шаардлагатай гэж даралт буулгах зааварчилгаа өгч байсан. Би эх баригч эмч тул эх барих талаар урьчилан сэргийлэх үзлэг, төрөх үеийн хяналтыг хариуцдаг. Илүү нарийн шинжилгээг их эмч буюу нарийн мэргэжлийн эмч гаргах боломжтой. Би өөрийн ажил үүргийн хуваарын дагуу бүх шаардлагатай арга хэмжээг авсан. Мөн ажлын байрны тодорхойлолт болон мэргэжлийн удирдамж заавар дээр төрөх үйл явц болон өвчтний хүнд үед их эмчийн зааварчилгаагаар эмчилгээг явуулдаг журамтай байдаг. 2017.оны 01 дүгээр сарын 03-ны өглөө бид эмнэлэгийн зүгээс бүхий л арга хэмжээг авсан. Энэ талаар шинжээчид дүгнэлтэндээ оношийг зөв тавьсан ба эмчилгээ нь зөв байна гэх боловч нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр тодорхойлогдох оношийг миний бие сумын түвшинд тогтоох боломжгүй байсан. Манас таталт онош бол анхын шатны үзлэгээр тогтоох боломжгүй юм. Тухайн өдөр миний бие ээлжинд гараагүй ч гэсэн би өөрийн мэдэх чадах бүхий л зүйлээрээ өвчтөнд зөвлөгөө өгч, өвчтөнг сувилагчийн байнгын хяналтанд байлгаж мэдээлж байхыг хэлж байсан. Өвчтөний биеийн байдлын талаар жижүүр эмчид сувилагч хэлэх үүрэгтэй ба мөн их эмчид энэ талаар мэдэгдэх ёстой. Би сувилагчийг тухайн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Бид бүгд л бүхий л арга хэмжээг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэжээ

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Алтанхуягаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол нь хуульд нийцэж гарсан байна.

Шүүгдэгч М.А нь Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч эмчээр ажиллаж байхдаа хэвтэн эмчлүүлж байсан жирэмсэн эх О.Од эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас О.О нас барсан болох нь:

Хохирогч Б.Б-ын “Би 2006 онд эхнэр О.О-тэй гэр бүл болсон, манайх 2 хүүхэдтэй бөгөөд 3 дахь хүүхэд маань 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр төрөх байсан. Би эхнэрээ төрөх дөхсөн байсан учир ерөнхийд нь биеийг нь үзүүлж, зөвлөгөө аваад буцаж гаръя гэж бодоод 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сумын эмнэлэгт очиж эх баригч эмч М.Ат үзүүлэхэд “Даралт их байна, хэвтэх шаардлагатай” гэж хэлээд 14-16 цагийн үед эмнэлэгт хэвтүүлсэн. Би эхнэрээ эмнэлэгт хэвтүүлчихээд гэрлүүгээ хариад байж байтал 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 9-10 цагийн хооронд хадам эгч над руу залгаад “Эхнэрийн чинь бие тааруу байна, ороод ир” гэж ярьсан. Тэгээд би тэр даруйдаа гарч өдөр 11 цагийн үед сумын төв орж эмнэлэг дээр очиход эхнэр маань ухаангүй, шингэн залгачихсан, эмч, сувилагч нар өрөөнд нь байсан. Тэгээд удалгүй эмч нар надад “Бид нар шаардлагатай арга хэмжээ авч, зохих эмчилгээ хийсэн боловч нэмэр болсонгүй, өнгөрчихлөө” гэж хэлсэн. Уул нь эхнэрийг маань гэртээ байхад багийн эмч эргэж ирэхдээ үзээд “Даралт нь гайгүй байна” гэж хэлсэн. Мөн эхнэр маань гэртээ байхдаа бие нь өвдөж байгаа талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Цаашид ийм харамсалтай зүйл битгий гараасай гэж хүсэж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ” гэх мэдүүлэг,

Гэрч Н.А-гийн “Талийгаач нь миний нагац ахын эхнэр бөгөөд би сумын эмнэлэгт талийгаачийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07 цаг 40 минутын хооронд сахиж хоносон юм. Намайг сахиж хоноход талийгаачид цагаар тариа хийж, уухаар эм өгсөн. Шөнө 22 цагийн үед даралт буулгах эм өгсөн. Даралтыг нь үзэхэд 170-тай байсан ба тухайн үед эх баригч эмч Атай сувилагч утсаар холбогдоход А эмч утасны цаанаас зөвлөгөө өгчихөөд ирээгүй. Талийгаач “Цээж дүүрээд амьсгалж болохгүй байна” гээд орноосоо босоод өрөөн дотроо явсан. Мөн “хэвтэх гэхээр далаар хатгаад хэвтэж болохгүй байна” гэж хэлээд байсан. Тэгээд бүр болохгүй болохоор би шөнийн 01 цаг өнгөрч байхад сувилагчийг дуудахад сувилагч орж ирээд талийгаачийн даралтыг үзчихээд “Даралт буугаагүй байна” гээд дахиад эмчтэй холбогдоход эмч мөн адил утасны цаанаас нь зөвлөгөө өгчихөөд ирээгүй. Тэр үед сувилагч шингэн залгаад 03 цагт дууссан. Харин талийгаач 2 цаг орчим унтаад 05 цагийн үед сэрээд “Толгой хатгаад байна, сувилагч дуудаад толгойны эм байвал асуугаад ир” гэж хэлэхээр нь би сувилагчтай уулзахад “Толгойны эм байхгүй” гэж хэлэхээр  нь би буцаж орж ирээд талийгаачийн толгой дээр нь хүйтэн жин тавьж өгөөд хэсэг хугацаанд хэвтүүлсэн. Тэгж байтал сувилагч орж ирээд өглөөний 06 цагийн тариа хийгээд, эм уулгасан. Уусан эм нь 12 цагийн зайтай уудаг эм байсан бөгөөд талийгаач эмээ уусны дараа бөөлжөөд гаргачихсан. Тэгээд надад “Миний дүү гэгээ орохоор гэртээ харь. Шөнөжингөө суусан юм чинь ядарч байгаа байх. Одоо ингэсгээд эмч нар ирэхээр нь би өөрөө үзүүлчихнэ” гэж хэлж байсан. Тухайн үед талийгаачийн царай нь их ядрангуй байсан ба надад “Өчигдрөөс хойш би хоол унд идэж, ууж чадахгүй болчихлоо. Уг нь би гэрт зүгээр байсан юм” гэж хэлж байсан. Талийгаачийг сахиж хонохдоо би орой нэг удаа бие засуулахад хөл нь гуйваад унах шахам явж байхаар нь би түүнийг түшиж хамт гарч бие засуулсан. Харин өглөө 05 цаг 30 минутын үед талийгаач бие засахдаа өөрөө босоод алхаж гараад би хажууд нь дагаж гарсан ба талийгаач бие засчихаад орж ирж хэвтсэн. Тэгээд би удалгүй харьсан бөгөөд гэрт очиж унтаж байгаад 12 цагийн үед сэрэхэд талийгаачийг өнгөрсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ц-гийн “Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж хоносон. Өвчтөн О.О нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө бие нь гайгүй байсан. Эх баригч эмч эмчилгээ бичиж өгсний дагуу сувилагч эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цаг 30 минутад ээлж хүлээж аваад өвчтөн Од 22 цагт цагийн тариа хийж, даралт буулгах эм өгсөн. Тэр үед өвчтөн О.О нь “Цээжин дээр өвдөөд байна” гэсэн зовиур хэлэхээр нь би даралтыг нь үзэхэд баруун, зүүн даралт нь 160/100, 160/110-тай байсныг эх баригч эмчид танилцуулахад “Эхлээд ямарч байсан даралтыг нь буулгачих. Тэгээд над руу хэлээрэй” гэхээр нь би эмчийн зааврын дагуу дибазол дангаар нь судсаар хийж 30-40 минутын дараа даралтыг нь үзэхэд даралт буугаагүй байсан. Тэгэхээр нь дахиад эх баригч эмч рүү яриад седуксин /тайвшруулах унтуулах үйлчилгээтэй/ хийхэд өвчтөн тайвширч 1 цаг орчим унтсан. Түүний дараагаар би 01 цагийн үед орж үзэхэд талийгаач бие засчихаад орж ирсэн ба “Цээжин дээр өвдөж байгаа зүйл бүр хүчтэй өвдөж, амьсгал давчдаад байна” гэхээр нь би даралтыг нь үзэхэд зүүн даралт нь 160/110, баруун даралт нь 170/120-той байсан. Тэгэхээр нь би дахиад эх баригч эмчтэй ярьж энэ талаар танилцуулахад “Даралтын аппарат чинь зөв үзэж байгаа юм уу” гэхээр нь өөр хүний даралтыг үзэхэд зүгээр хэвийн ажиллаж байсан. Би эх баригч эмчийг ирээд үзээд өгөөч гэхэд “Даралт нь уг нь гайгүй байсан, яасан юм бол, чи ямар ч байсан ношбатай натрыг 0.9 хувиар дуслаар хийчих” гэхээр нь би шингэн хийсэн. Тэгээд орж гараад талийгаачаас “Бие чинь яаж байна” гэхэд “Өвдөлт нь зүгээр болчихлоо” гээд 3 цаг унтаж амарсан. Тэгээд өглөө 06 цагийн тариа хийхээр орж “Яаж байна” гэж асуухад “Өрцөн дээр өвдөж байсан зовиур алга болчихлоо. Харин толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд би 08 цаг 20 минутанд ээлж хүлээлцэхээс өмнө талийгаач ухаан алдчихсан байсан ба тэр үед би эмч нарыг дуудаж эмч нар яаралтай эрчимт эмчилгээний  арга хэмжээ авсан боловч талийгаач нас барсан. Сувилагчийн ажлын байрны тодорхойлолтонд сувилагч өвчтний онош тогтоох үүрэгтэй эмнэлгийн ажилтан биш юм. Би эх баригч эмч рүү өөрийнхөө 99423788 дугаарын утаснаас 88281001 дугаарын угас руу залгаж дуудлага хийсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Н.О / шинжээч эмч /-ын “Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуудлага авч Хяргас суманд очсон. Тус сумын Эрүүл мэндийн төвд Хайрхан багийн иргэн О гэгч жирэмсэн эх эмчлэгдэж байгаад нас барсан байсан ба талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор бүрэлдэхүүнтэй шинжилгээг явуулсан. Шинжилгээгээр талийгаач нь тархины ховдолд болон тархины эдэд цус харвасны улмаас тархи хавагнан гавлын дотоод даралт ихсэж амьсгал зүрх, судасны төв дарангуйлагдаж нас барсан байсан. Талийгаач нь 36-37 хоногтой жирэмсэн байсан ба жирэмсний гаралтай артерийн даралт ихсэх эмгэгтэй байсан. Жирэмсний гаралтай артерийн даралт ихсэлт эмгэг нь зөвхөн жирэмсэн үед артерийн даралт ихсэх байдлаар илэрдэг. Харин жирэмслэлт төгссөний дараа артерийн даралтын хувьд эргээд хэвийн байдалд ордог юм. Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн 09 тоот өвчний түүхэнд артерийн даралтыг бууруулах эмчилгээ бичигдэж, эмчилгээ хийгдсэн байсан. Харин дээрхи эмчилгээнд артерийн даралт буулгүй улмаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө талийгаач О.Огийн артерийн даралт ихсэж даралт харвасан байгаа нь эмчилгээний хувьд дутагдалтай юм. Өвчний түүхэнд бичигдсэн эмчилгээ нь үр дүнгээ өгөөгүй учраас дараагийн арга хэмжээг авах ёстой байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Ш-гийн “Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажилладаг. Миний хувьд мэргэжлээрээ 21 дэх жилдээ ажиллаж байна. 36-37 долоо хоногтой жирэмсний хожуу үеийн хорлдоготой жирэмсэн эмэгтэйд, өөрөөр хэлбэл манас таталттай, жирэмсний гаралтай артерийн даралт ихсэх эмгэгтэй эхэд эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч тусламж үзүүлнэ. Эх баригч эмч нар нь анхан шатны тусламж үзүүлээд дараагийн шатны буюу нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө тусламжийг авах ёстой. Жирэмсний хожуу үеийн хордлого нь 22 долоо хоногтойгоос эхлэн “Даралт ихсэх, хавагнах, шээсэнд уураг илрэх” гэсэн шинж тэмдгээр илэрхийг жирэмсний хожуу хордлого гэнэ. Хожуу үеийн хордлого нь хөнгөн болон хүнд гэж ангилагдах бөгөөд хүнд хордлого нь хүндэрч манас таталт болдог. Манас таталт нь таталтаар илэрдэг. Явцын хувьд хөнгөнөөс хүнд, хүндээс манас таталт үүсдэг. Хөнгөн тохиолдолд артерийн даралт бууруулах эмчилгээг хийнэ. Хүндрээд ирвэл таталт бууруулах эмчилгээ, тэгээд даралт бууруулах эмчилгээг хийнэ. Амь насыг нь аврах боломжтой юу гэвэл боломжтой. Талийгаачийн хувьд хамгийн гол нь тухайн үед оношоо тогтоож чадаагүй, хордлогын хөнгөн хэлбэртэй гэж үзсэн байдаг. Хөнгөн хэлбэрт тохирсон эмчилгээг хийж чадсан байсан. Тухайн үед эмчийн хяналтанд бус сувилагчийн хяналтанд байсан нь өвчний түүхээс харагддаг. Сумын эрүүл мэндийн төвийн эх баригч эмч ажлын байрныхаа тодорхойлолтонд зааснаар л тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Талийгаач Од Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, эх баригч эмч, сувилагч нар зохих түвшинд тусламж, үйлчилгээг үзүүлээгүй, стандартаас доогуур түвшинд үзүүлсэн. Үүнийг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №42 тоот тушаалд нарийвчлан заасан байдаг.  Дээрх тохиолдол нь тухайн тушаалд зааснаас доогуур түвшинд эмчилгээ, үйлчилгээг үзүүлсэн” гэх мэдүүлэг,

Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №06 дугаартай Шүүх эмнэлэгийн шинжилгээний №6 дугаартай: “Талийгаач О.Огийн тархинд цус харвасны улмаас тархи хавагнан, тархи үхжиж, гавлын дотоод даралт ихсэж, амьсгал зүрх судасны төв дарангуйлагдаж нас барсан байна. Талийгаач нь 36-37 долоо хоногтой жирэмсэн байсан ба манас таталттай, жирэмсний гаралтай артерийн даралт ихсэх эмгэгтэй байжээ. Дээрх жирэмсний гаралтай артерийн даралт ихсэлт нь манас татаж, тархинд цус харваж хүндэрч үхэлд нөлөөлсөн байна. Ургийн бүтэлт, амьгүй ураг. Талийгаач О.Од Хяргас сумын ЭМТ-ын эх баригч эмч нь эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийсэн боловч эмчилгээний хувьд дутагдалтай байна. Дүгнэлт гаргасан : Шинжээч эмч О.Пунцаг, Н.Одбаяр, эмгэг судлалын эмч Б.Баттүвшин” гэх акт / шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 30-32 х/ ,     

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017.08.02-ны өдрийн 846 тоот /хавтаст хэргийн материалаар хийгдсэн/ шүүх эмнэлгийн : “Шинжээчийн 2017.01.17-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач О.О нь жирэмсний хожуу хордлого манас таталт даралт ихсэлтийн улмаас их, бага тархины эд, ховдол болон зөөлөн бүрхүүлийн дотор цус харваж нас баржээ. Увс аймгийн Хяргас сумын эх баригч, бага эмч М.А нь О.Од манас таталтын урьдал хөнгөн хэлбэр гэж онош тавьж, эмчилгээ бичжээ. Ирэх үеийн зовиураас: Толгой өвдөнө, шилэн хүзүү хөшнө, ууц, нуруу, дал, мөрөөр хатгаж өвдөнө. Үзлэгээр: ...артерийн даралт баруунд 150/90, зүүнд 160/100, аюулхай орчим тэмтэрхэд эмзэглэлтэй гэсэн ба хэвтэх үед шээсний ерөнхий шинжилгээ хийгдээгүй, үзлэгийг бүрэн хийж тэмдэглэл хөтлөөгүй, их эмч болон нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваагүй, онош бүрэн тавигдаагүй байна. Тухайн эмнэлгийн байгууллагын нөхцөлд хийгдвэл зохих шинжилгээг бүрэн хийгээгүй байна. Тогтоосон оноштой хийсэн эмчилгээ нь тохирч байгаа боловч О.Од онош бүрэн тавигдаагүй тул хийгдсэн эмчилгээ нь үр дүнгүй болжээ. Өвчтөнд эмнэлгийн тусламжийг зохих хугацаанд нь үзүүлсэн боловч оношийг бүрэн тогтоогоогүй байна. Хяргас сумын эх баригч бага эмч М.А нь Монгол Улсын стандарт сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5082:2005-н 7.7.1-д заасан: Эмч бүрэн үзлэг хийж эрүүл мэндийн картанд хөтөлнө. 7.7.5-д: Жирэмсний хүндрэлтэй эхчүүдийг илрүүлж, нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд төрөх шаардлагатай эхчүүдийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлнэ гэсэн заалт болон хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний заалтуудыг зөрчжээ. Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Лхагвасүрэнд өвчтөн О.Ог хэвтсэн талаар мэдэгдээгүй байна. Хяргас сумын сувилагч Б.Цэвэлмаа нь өвчтөнд хийвэл зохих эмчилгээг хийжээ. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Т.Амартүвшин, Т.Номинцэцэг, М.Золжаргал” гэх шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 171-174х/, 

Мобиком корпорациас 2017 оны 01 дүгээр 26-ны өдөр гаргасан 99423788 дугаарын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр 03-ны хоорондох хугацаанд гадагш ярьсан болон илгээсэн мессежний жагсаалтад “ 2017 оны 01 дүгээр 02-ны 23:12:14, 23:18:57, 2017-01-03-ны 00:10:09, 00:02:05 цагуудад 88280110 дугаарт залгасан яриа  , Юнител ХХК-аас 2017.01.27-ны өдөр гаргасан 88280110 дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагаа/ 1-р хх-ийн 105-106, 112-113х / зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр М.А нь жирэмсэн эх О.Од үзлэг хийж эмнэлэгт хэвтүүлэхдээ оношийг бүрэн тавиагүй, зохих шинжилгээг хийлгээгүй, их эмч болон нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваагүй, мэдэгдээгүй, түүнчлэн өвчтний биеийн байдал хүндэрч байгаа, эмчилгээний үр дүнд даралт буурахгүй байгаа талаар удаа дараа сувилагчаас мэдэгдэж байхад ирээгүй, яаралтай тусламж үзүүлээгүй нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул  түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүхээс М.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, анхан шатны шүүхээс тогтоосон  хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх  бөгөөд хохирогч Б.Б нь “...М.Аийг уучилж эвлэрч байгаа, цаашид гомдол саналгүй болсон “ тухай хүсэлтээ тус шүүх хуралдаанд ирүүлсэн тул дээрх байдлыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан  хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэх боломжтой байна.

Шүүгдэгч М.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг баримтлан М.Ат оногдуулсан хорих ялыг  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар харин 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор тус тус хуульчилжээ.Эдгээр хуулиудын зохицуулалтаас үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан 2015 оны Эрүүгийн хуулийн зохицуулалт нь шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд М.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.А-т эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч М.А-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

5. М.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, мөн 39 хоног цагдан хоригдсоныг тус тус дурьдсугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

Н.МӨНХЖАРГАЛ