Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0431/З |
Дугаар | 221/МА2022/0029 |
Огноо | 2021-12-31 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2022/0029
2021 оны 12 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2022/0029 | УлаанБ хот |
Л.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 602 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж
Гуравдагч этгээд Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2021/0431/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Э нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан Л.Э-ийн гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Л.Э нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэл гаргасан.
3.2. Гэвч тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 602 дугаар шийдвэрээр “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг албан даргын тушаалаас Л.Э-ийг чөлөөлж, Ш.Б-ыг томилсон хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3.3. “Ажлаас чөлөөлөх тухай” Б/73 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар санал гаргах боломж олгоно” гэх заалтыг зөрчиж хууль ёсны ашиг, сонирхол маань хөндөгдөж болзошгүй байхад тайлбар, санал гаргах боломж олгоогүй шууд ажлаас халсан, хуулийн 26.2-т зааснаар бүрэн эрхийн хугацаа нь 2017 онд дууссан Ш.Б-ыг дахин томилох шийдвэр гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон миний эрхийг зөрчсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нар гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Л.Э нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3.2. Маргаан бүхий Б/73 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 270 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга Л.Э-ийг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 270 дугаар шийдвэрээр “... Ш.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Б-ыг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 351 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.
3.4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т тус тус захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр хуульчилсан тул хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/73 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Э-ийг мөн хорооны Засаг даргын албан тушаалаас чөлөөлж, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар Ш.Б-ыг тус дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар томилсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
3.5. Нэхэмжлэгчээс “... хариуцагч нь маргаан бүхий Б/73 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй шууд ажлаас халсан” гэж гомдолдоо дурдах боловч энэ тохиолдолд ийнхүү нэхэмжлэгчид мэдэгдсэн ч хариуцагчаас гаргах шийдвэр, түүний үр дагавар өөрчлөгдөхгүй, энэ нь шийдэлд нөлөөлөхөөргүй байх тул энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй.
3.6. Мөн Улсын дээд шүүхийн 351 дүгээр тогтоолоор нэгэнт Ш.Б-ыг Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоохоор эцэслэн шийдвэрлэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д “Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй” гэж зааснаар энэхүү тогтоол нь эцсийн шийдвэр байх тул “...бүрэн эрхийн хугацаа нь 2017 онд дууссан Ш.Б-ыг дахин томилох шийдвэр гаргасан нь холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН