Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 050

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өлгий сумын   8 дугаар багийн оршин суугч М.Ны нэхэмжлэлтэй;

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох;

            “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч К.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Мейрамханы Нуржан нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа халагдсан. Ажил олгогчийн ажлаас халах тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/00470 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 466 дугаар захирамж болон 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон юм.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс татгалзсан учраас албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан юм. Тэгтэл хариуцагч К.Б нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болж 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч намайг ажилд томилсон тухай Б/18 дугаар тушаал гаргаж, үүнийг М.Н надад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн байна. Ингэснээр М.Н би ажлаа хүлээж авахаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очсон боловч ажлыг минь хүлээлгэж өгөөгүй, мөн ажил хийлгээгүй. Тэгсээр байгаад 7 хоногийн дараа буюу хариуцагч К.Б нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б/20 дугаар тушаал гаргаж ажлаас минь чөлөөлчихсөн. М.Н миний бие уг маргаан бүхий тушаалын үндэслэлийг хариуцагчаас асууж тодруулахад “чиний орон тоо цомхотголд орсон учраас чамайг ажлаас чөлөөлж байгаа юм” гэж хариулж, өөр тайлбар хэлээгүй болно.

Хуульд зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Мөн хуульд зааснаар захиргааны байгууллага буюу албан тушаалтан захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процессийг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг заавал татан оролцуулах зэрэг ажиллагаануудыг хийсэн байхыг хууль шаардаад байгаа. Гэвч хариуцагч эдгээр ажиллагаануудын нэгийг нь ч хийгээгүй байдаг. Ингэснээр хариуцагч холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн тангараг өргөсөн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах ёстой. Нэгэнт хариуцагчаас шинээр акт гаргасан учраас үүний хууль зүйн үндэслэлийг хянуулах шаардлага гараад байна.

М.Н миний бие маргаан бүхий актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар буюу хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч тэд “...уг асуудлыг аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэсэн хариуг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр өгсөн.

Иймд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн аливаа гаргасан шийдвэрийг Монгол улсын иргэн болгон биелүүлэх ёстой. Харамсалтай нь урьд нь М.Ныг ажилд эгүүлэн томилсон гурван шатны шүүхийн шийдвэр одоо хүртэл биелэгдээгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан юм. Хамгийн гол асуудал бол К.Б дарга ч гэсэн би ч гэсэн удаан жил удирдах албан тушаалтан хийгээд явж байгаа хүмүүс юм. Гэтэл мөрөөр ажлаа хийгээд явж байгаа, орон тоо нь байсаар байтал өөрийнхөө хүүхэд шиг хүүхдийг ажлаас халж, бохир улс төрд татан оролцуулж байгаад маш их гомдолтой байна. Залуучуудыг бид байнга дэмжиж явах ёстой. Шүүхээс гаргасан аливаа шийдвэрийг хэн боловч үг дуугүй биелүүлж сурах ёстой. Шат шатны шүүхийн шийдвэрийг К.Б дарга үл хүндэтгэж улмаар 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/18 тоот тушаал гаргаж М.Ныг ажилд томилсон байна. Энэ дүр эсгэсэн шүүхийн шийдвэр үл тоомсорлосон, уландаа гишгэсэн, доромжилсон хэрэг гэж үзэж байна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг хэзээ гаргасан бэ гэвэл хариуцагч он, сар нь тодорхой бус мэдэгдэх хуудсыг М.Нд гардуулсан байгаа. Уг мэдэгдэх хуудаст “... аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдлийн дагуу таныг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа эгүүлэн томилсон шийдвэр гарсан...” гэж дурдсан байна.

Хэрэв 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарсан байвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоёр удаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж албан бичиг өгсөн байхад яагаад М.Ныг ажилд томилсон шийдвэр гаргасан гэж уг албан тоотын хариуг өгөөгүй юм вэ, орон тоо нь хасагдсан байвал тэр талаар яагаад дурдаагүй юм вэ гэдэг асуудал байгаа. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тушаал гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр эсгэж, М.Нд мэдэгдэх хуудас өгч дуудсан ба уг мэдэгдэх хуудсыг бид  2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагт хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэх тушаалыг 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байгаа.

Уг тушаалыг байгууллагын бичиг хэргээс нь авсан. Хэрэв тушаалыг гаргасан гэж үзвэл тухайн өдөр яагаад М.Нд ажлыг хүлээлгэж өгөөгүй юм бэ, албан хэрэгцээний эд зүйлсийг яагаад хүлээлгэж өгөөгүй юм вэ, яагаад хөдөлмөрийн гэрээ хийгээгүй юм вэ, ажилд томилсон байвал комисс гаргаад ажлаа хүлээлцүүлж  өгөх ёстой байсан. К.Б нь энэхүү үйлдлээр М.Ныг залхаан цээрлүүлээд өглөө ир, үдээс хойш ир гэж байлгаж байгаад 03 дугаар сарын 14-ний өдөр дахиад ажлаас нь гаргасан байгаа.

 Орон тоо байхгүй гэсэн тайлбар хэлж, хууль дүрэм мэддэг хүмүүс болоод, сонсгоод ажлаас нь халсан байдаг. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 тоот тушаалд тус шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Тэгээд бид шийдэж өгөх байх гэж Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөлөөс таны эрх зөрчигдсөн учраас хуулийн байгууллагаар хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг албан бичгээр өгсөн байгаа. Хариуцагч бүхэл бүтэн шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэсэн тушаал гаргасан байгаа.

Шинжээчийн орон тоонд томилох талаар санал хэлсэн нь үнэн, үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ нэхэмжлэгч М.Н нь шинжээч хийх мэргэжил эзэмшээгүй, маргааш нэг барилга унавал М.Н асуудалд орно. Шинжээчээр маш нарийн мэргэжлийн хүн ажиллах ёстой. Гэтэл хариуцагч М.Ныг шинжээчээр томилно гэж гал руу түлхэж байгаа юм.

Тэгснээс К.Б дарга нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан орон тоог хэвээр авч үлдээх ёстой байсан. Танай намын бодлого, мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ажилгүй хүнийг ажилтай болох талаар тусгагдсан. Гэтэл ажилтай хүнийг ажилгүй болгож, өөр  албан тушаалд томилно гэж мэргэжлийн бус хүнийг гал руу түлхэж байна. М.Н тухайн албан тушаалыг хэзээ ч хийж чадахгүй, шинжээч маш нарийн ажил хийдэг ба М.Н тийм мэргэжил эзэмшээгүй учраас тухай албан тушаалыг эрхлэхээс татгалзсан.

Иймд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч М.Ны ажлын байр нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаар тушаалын дагуу хасагдсан учраас түүнд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох үйл ажиллагаа явуулах зарчмаар мэдэгдэх хуудас өгч, сонсох үйл ажиллагааг явуулсан юм. М.Ны ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын чиг үүрэг нь аймгийн ерөнхий архитекторын ажлын байранд тусгагдсан. Нэхэмжлэгчид ажлын байр нь хасагдсаныг мэдэгдэх үед түүнд лаборантын ажлын байранд ажиллах  талаар санал болгоход тэрээр хүлээн зөвшөөрөөгүй байгаа.

 Би М.Ныг ажлаас чөлөөлөхдөө Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг баримталсан. Төсвийн тухайн хуульд төсвийн шууд захирагч цалингийн сан, орон тоо, бүтцэд багтааж үйл ажиллагаа явуулах талаар заасан байгаа. Тийм учраас өмнөх шийдвэрт цомхотгол гэж явуулсан ба шүүх дээр нэгэнт цомхотгосон гэхээс илүүтэйгээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэг утгаар 3 шатны шүүхээс М.Ныг эгүүлэн томилсон.

 Түүнийг ажилд эгүүлэн томилох тушаал гаргаж мэдэгдэх хуудас өгсөн боловч энэ хүн өөрөө тухайн үед Өлгийд байгаагүй, утсаа хүртэл аваагүй юм. Тэгээд бид М.Ны эцэг М.Мы өөрт нь мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Тухайн орон тоо хасагдсан гэдгийг бид мэдэгдэх хуудсаар мэдэгдэж байсан. Тийм учраас орон тоо хасагдсаныг мэдэгдээгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй гэж хэлмээр байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн,  үүн дээр ямар нэгэн улс төрийн холбоо байхгүй, хууль журмын дагуу шийдвэрлэсэн асуудал байгаа. Өмнө нь орон тоо нь цомхотгогдсон бол энэ удаа орон тоо нь бүр мөсөн хасагдсан байгаа. Орон тоог хасах талаар дээд шатны байгууллагад хандсан асуудал байхгүй, энэ талаарх баримтыг шүүхийн журмаар холбогдох байгууллагаас нь авсан байх гэж бодож байна. Нэгэнт орон тоо нь хасагдсан тул ажилд авах, цалин хөлс олгох боломжгүй юм.

Шүүхийн шийдвэр  нэгэнт гарсан учраас завсраар нь өөрчлөх боломжгүй учраас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Тэтгэмжтэй холбоотой асуудлаар тайлбар хэлэхэд, өмнө нь М.Ныг ажлаас чөлөөлөхдөө тэтгэмжийг олгож байсан ба энэ удаа би тэтгэмжийн асуудлыг дурдаагүй юм. Учир нь, тэтгэмжийг нэг аваад, дараа цалин хөлсийг нөхөж авах асуудал гарсан учраас энэ удаад би тэтгэмжийг дурдаагүй. Хэрэв тэтгэмжийг авах үндэслэл бүрдсэн тохиолдолд надад олгохоос татгалзах зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч М.Н нь түүний ажиллаж байсан орон тоо хасагдсан талаар өөрөө сайн ойлгоод явсан.

Нэхэмжлэгчид лаборантын ажлыг санал болгосон. Лаборант, шинжээч гэдэг нь өөр өөр мэргэжил байгаа. Лаборантын хийсэн зүйлийг шинжээч тусдаа шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг. Лаборантыг бид нар тусдаа байнга сургалтад явуулж байгаа. М.Н нь тухайн албан тушаалд томилогдож сургалтад хамрагдах боломжтой байсан. Харамсалтай нь өөрөө уг албан тушаалыг эрхлэхээс татгалзсан байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг шинжлэн судлуулах ажиллагаа хийгдсэний дараа дараах дүгнэлтийг гаргаж байна. М.Н нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үүрэгт ажлаас хууль бусаар халагдаж, 3 шатны шүүхийн эцсийн шийдвэрээр ажилд эгүүлэн орохоор болсон байдаг. Гэтэл ажил олгогч шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлсэн үү гэдэгт бид нар маргаж байгаа. Учир нь, ажил олгогчоос 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болоод тушаал гаргасан байдаг. Энэ тушаалыг агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэрийг баримтлан нэхэмжлэгчийг зураг төсөл, магадалгаа хариуцсан ажилд эгүүлэн тогтоосон байна.

Гэвч энэ шийдвэрийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутад гардуулсан байдаг. Тийм учраас 20 дугаар сарын 02-ны өдрийн тушаал тухайн үед гарсан уу гэдэг нь эргэлзээтэй болж байна. Яагаад эргэлзээтэй вэ гэвэл энэ үед шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Үүнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр удаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт албан шаардлага хүргүүлсэн боловч бид нар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй, төсөв байхгүй гэсэн хариу өгч байсан.

Хэрэв 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ийм шийдвэр гарч байсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ талаар зайлшгүй мэдэгдэж, тушаалыг хүргүүлэх ёстой байсан. Хоёрдугаарт, 2017 оны 12 дугаар сард дээд шатны байгууллагаас бүтэц баталсан тухай 183 тоот тушаал ирсэн байна, энэ дээр маргаан бүхий орон тоо хасагдсан байна гэх хариуг өгч байх ёстой. Тийм хариу өгөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилсэн ба энэ хугацаанд хариуцагч байгууллагаас миний дээр дурдсан асуудалтай холбогдуулан тайлбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ерөөсөө мэдэгдэж байгаагүй юм.

Харин бид өөрсдөө 03 дугаар сарын 07-ны өдөр 02 дугаар сарын 05-ны өдөр тушаал гарсныг мэдсэн ба М.Н нь ажилдаа орохоор очиход ажлын газрыг хүлээлгэж өгөөгүй, албан өрөөнд ороогүй, ширээн дээр суугаагүй, маргааш, үдээс хойш, нөгөө өдөр ир гэж явуулсаар байгаад ажлын 5 хоногийн дараа 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий актыг гаргасан байдаг. Маргаан бүхий актаас үзэхэд, Төрийн тухайн хуулийн зохих заалтыг баримталсан ба энэ дээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримталсан байх бөгөөд хуулийн энэхүү заалтад хэд хэдэн урьдчилсан нөхцөл байгаа. Эдгээр урьдчилсан нөхцөлүүдийн алийг нь авч үзсэн бэ гэж хариуцагчаас асуухад нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр буюу орон тоон нь цомхотголд орсон учраас чөлөөлөх тухай заалтыг баримталсан гэсэн тайлбарыг өгч байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан хэрхэн шийдвэрлэх ёстой вэ гэсэн агуулгатай зохицуулалт байгаа. Энэ дээр бас л хэд хэдэн нөхцөлүүд байгаа. Хамгийн түрүүнд хангагдах ёстой урьдчилсан нөхцөл бол цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах юм. Энэ дээр хариуцагчаас ямар тайлбар өгч байгаа вэ гэвэл лаборантын ажлыг санал болгосон боловч М.Н өөрөө зөвшөөрөөгүй, тушаалыг аваад явсан гэж байна. Гэхдээ ажил олгогч хуульд заасан ажлыг санал болгоогүй гэж үзэж байна.

Учир нь, Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтад “... цалин хөлсийг бууруулахгүйгээр ...” гэж заасан байх ба М.Н нь ТЗ-5 зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар цалинжиж байсан ба ажил олгогч уг ажилд дүйцэх хэмжээний ажлыг санал болгоогүй, мэргэжил, мэргэшлийн дагуу гэж заасан ба лаборант, шинжээчийн хийдэг ажил бол М.Ны хийх ёстой, ажлын байрны тодорхойлолт болон эзэмшсэн боловсролд тохирсон ажил биш  гэж үзэж байна.

Шинжээч бол мэдээж аливаа байгууллагын тоосго, бетон, төмөрт шинжилгээ хийдэг албан тушаалтан гэж бодож байгаа юм. Шинжээч ямар ажил хийдэг талаарх ажил үүргийн хуваарь хэрэгт авагдаагүй ч гэсэн бид нар тийм бодолтой байгаа юм. М.Ны хувьд барилгын инженерийн чиглэлээр төгссөн ба энэ ажлыг хийх боломжгүй байгаа. Тийм учраас ажил олгогч мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажилтай болох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан байдаг.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “...Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй ...” гэжээ. Тэгэхээр дээрх хоёр хуулийн зохицуулалтаас үзэхэд, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлд яг ийм утгатай зохицуулалт давхар явж байгаа. Эдгээр хуулиудын урьдчилсан нөхцөлөөс үзэхэд, адил чанарын ажлыг ажил олгогч заавал олж өгөх үүрэгтэй байхаар заасан боловч энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна.

Өмнө нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар М.Ныг нэг удаа ажлаас чөлөөлж байсан, ингэхдээ 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон учраас энэ удаад олгох боломжгүй гэх тайлбар өгсөн ба үүнийг гэрч Б.Шолпан давхар гэрчилж байгаа юм. Гэвч хариуцагч байгууллагаас сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад М.Наас 3 сарын тэтгэлгийг гаргуулан авсан байгаа ба уг шүүхийн шийдвэр өнөөдөр байдлаар хуулийн хүчин төгөлдөр байна. Харин ажил олгогч энэ дээр ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар хандсан гэж бид нар үзэж байгаа. 3 сарын тэтгэмжийг нэгэнт олгосон бол яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж үүнийг буцааж авсан бэ гэдгийг ойлгохгүй байна.

Ажил олгогч нэхэмжлэгчид хуулиар олгосон баталгааг эдлүүлэхгүйгээр, ажилгүй байлгах сонирхолтой байна гэсэн дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүй байна. Тэгэхээр ажил олгогчоос М.Нтай ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй гэх боловч цаана нь хувийн сонирхол байсан нь эндээс тод харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт “... энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх ...” гэсэн баталгаагаар хангагдахаар заасан байдаг.  Тэгэхээр энэхүү баталгааг М.Н нь өнөөдөр хүртэл эдэлж чадахгүй байгаа. Харин лаборантын ажлыг санал болгосон нь дээрх хуулийн шаардлагыг ажил олгогч хангаагүй гэж үзэж байна.

Тухайлбал, хуульч хүнээр барилга бариулахаар шийдвэр гаргасантай адилхан байна. Хуульч хүн хэрхэн барилга барих вэ, хариуцагч яг энэ чиг асуудал гаргаж байгаа юм. Тийм учраас өмнөх шүүхийн шийдвэр өнөөдөр хүртэл бодитой биелэгдээгүй гэж үзэж байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйл тус тус зөрчигдсөн гэж үзээд шүүхэд хандсан байгаа. Ажил олгогчоос ажилтныг цомхотголд оруулж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлын байр нь цөөрсөн, цомхотголд орсон бол энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг.

Гэтэл ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй, хууль дээдлэх зарчим ноцтой зөрчигдсөн нь энэ байдлаас харагдаж байна. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 тоо тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх сэргээгдэх вэ гэсэн асуудал гарч байгаа. Ажил олгогч буюу хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг хэлбэрэлтгүй биелүүлээд ижил түвшний ТЗ-5 зэрэглэлийн 1 дүгээр шатлалын дэс түшмэлд хамаарах ажлыг санал болгох ёстой байсан боловч энэ ажлыг олж өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгосноор хуулийн энэ заалтын дагуу хариуцагч ажил олж өгөх ёстой гэсэн байдлаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгож болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Наас  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргасан “аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар[1] нэхэмжлэгч М.Ныг орон сууц, нийтийн аж ахуй, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.8 дах заалт, 40 дүгээр зүйлийн 40.2.5 дах заалт, Төсвийн тухай 16 дугаар зүйлийн 16.5.3, ГЗБГЗЗГ-ын даргын А/186 дугаар тушаалыг тус тус үндэслэжээ.

Нэхэмжлэгч тал “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 дугаартай шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй, маргаан бүхий орон тоо хасагдсан  талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед мэдэгдээгүй, албан тушаалаас чөлөөлөх үед Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийг тус тус зөрчсөн, адил чанарын ажлыг ажил олгогч заавал олж өгөх үүрэгтэй байхаар хуульд заасан боловч энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна” гэж маргажээ.

Анх хариуцагч нь нэхэмжлэгч М.Ныг маргаан бүхий албан тушаалаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар  чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан,  уг шийдвэр хүчин төгөлдөр болсноор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, улмаар нэхэмжлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа   2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 04/170 дугаар тогтоолоор дуусгавар болсон  зэрэг нь   хэрэгт авагдсан тус шүүхийн шийдвэр[2], шийдвэр гүйцэтгэх баримт бичгүүдээр[3] тус тус тогтоогдож байна.    

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад   аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц орон тоонд багтсан нэхэмжлэгчийн эрхэлж байсан орон сууц, нийтийн аж ахуй, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын  бүтэц, орон тоог батлах тухай Б/186 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар[4] хасагдсан байх ба уг тушаалыг үндэслэн хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээг зохицуулсан,  23.2.6-т “Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах”-аар   заасан, үүний дагуу  Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог эрх бүхий албан тушаалтан шинээр батлахад   маргаан бүхий албан тушаалын орон тоо хасагдсан, уг тушаалыг үндэслэл болгож нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн тул  хууль бусаар ажлаас халсан  гэж үзэх боломжгүй.

Төрийн албаны тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.4-т “ Төрийн жинхэнэ албан хаагч ... бүтцийн өөрчлөлтөд орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн албанаас чөлөөлнө”, 27 дугаар зүйлийн 27.2.4-т  “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдсан, үүний дагуу түүнийг үүрэгт албанаас чөлөөлсөн  хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн, түүнчлэн анх албан тушаалын орон тоо  нь хасагдсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, өөр ажил  санал болгосон зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулсан нь  хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хурлын  тэмдэглэл[5], гэрч М.Ахөрнек, М.Шолпан нарын мэдүүлгээр[6] тус тус тогтоогджээ.

Нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг тус тус зөрчиж, адил чанарын өөр ажилтай болгох үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. 

Учир нь, нэхэмжлэгчийн хашиж байсан албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарагддаг,  төрийн жинхэнэ албан хаагчийн  орон тоо мөн бөгөөд хэрэв энэхүү орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хангагдах  баталгааг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т нарийвчлан зохицуулсан.

Харин  Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т  заасан “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасан нь  хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн  харилцааг зохицуулсан заалт тул төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд хамааралгүй гэж үзлээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5-т заасан “Энэ хуулийн 103.4-т зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэсэн нь зөвхөн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах явцад хийгдэх  ажиллагаа тул захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад маргаан бүхий орон тоо хасагдсан  байхад дээрх  зүйл, заалтыг баримтлаагүй гэж хариуцагчийг буруутган, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг  шийдвэрлэх  тул нэхэмжлэгчийн гаргасан   аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн  албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн үйлдэл нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан заалтад  нийцсэн, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй  байх тул  хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Наас аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад  холбогдуулан гаргасан “Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 7 дугаар хуудас

[2] Хэргийн 57-68 дугаар хуудас

[3] Хэргийн 85-114 дүгээр хуудас

[4] Хэргийн 26 дугаар хуудас, ар тал

[5] Хэргийн 23-25 дугаар хуудас

[6] Хэргийн 41-46 дугаар хуудас