Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 250

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг, 27 байрны 09 тоотод оршин суух, ажилгүй, Боржигон овогт Бямбаагийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй “Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг 2017 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Нарантуяа, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь анх 1985 оны 08 сарын 17-ны өдөр Эрүүлийг хамгаалах газрын харъяа Яслиудыг удирдах системийн 8-р яслид сувилагч-хүмүүжүүлэгчээр 1988 оны 08 сарын 15-ныг хүртэл ажилласан юм. Одоо тэтгэвэртээ гарах болтол хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, дэвтэр маань олдохгүй байна. Аймгийн архиваар шүүлгэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр зарим тушаал олдохгүй байна. Тухайн үедээ хөдөлмөрийн дэвтэр байгаа эсэхийг мэдээгүй байсан. Иймээс намайг 1985 оны 08 сарын 17-ноос 1988 оны 08 сарын 15-ныг хүртэл 8-р яслид сувилагч- хүмүүжүүлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичиг баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь 1985 оны 08 сарын 17-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ныг хүртэл Эрүүлийг хамгаалах газрын харъяа 8-р яслид сувилагч-хүмүүжүүлэгчээр ажилласан байсан тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь 1985 оны 08 сарын 17-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ныг хүртэл Эрүүлийг хамгаалах газрын харъяа 8-р яслид сувилагч-хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Л.Урантогос, Ш.Лхагвасүрэн нарын мэдүүлэг, 1985 оны 08 сарын 24-ний өдрийн 73 тоот “Ажилд томилох, ээлжийн амралт олгуулах, тэтгэмжтэй чөлөө олгох, цалингийн зөрүү олгох тухай”, 1986 оны 02 сарын 14-ний өдрийн 12 тоот, 1987 оны 02 сарын 10-ны өдрийн  А/07 тоот, 1988 оны 02 сарын 11-ний өдрийн А/07 тоот “Ээлжийн амралтын хуваарийг батлах тухай”, 1988 оны 04 сарын 23-ны өдрийн Б/29 тоот “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх… тухай”, 1988 оны 08 сарын 12-ны өдрийн Б/63 тоот Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалуудын хуулбар зэргээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь 1985 оны 08 сарын 17-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ныг хүртэл Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа 8-р яслид сувилагч-хүмүүжүүлэгчээр ажилласан байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бямбаагийн Нарантуяаг 1985 оны 08 сарын 17-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ныг хүртэл Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа 8-р цэцэрлэгт сувилагч-хүмүүжүүлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хя нан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.БАЙГАЛМАА