Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2020/0094/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.О

Улсын яллагч                                               Ж.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Б

Шүүгдэгч                                                       А.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.М холбогдох 2039000820065 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.М нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвд 93-44 УБЦ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ явган зорчигч иргэн Д.Т мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч  Д.Тийн өгсөн:..  Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 11 цаг 14 минутын үед өөрийн нөхөр Ганболдын хамт Бэрх хотын төвд байдаг цэвэр усны худагны баруун хойно хойд зүгт барилгын шавар зөөдөг тэргэн дээр гагнуурын аппарат аваад Сүхээндээ гэх айлынх руу явж байсан. Шороон замаас дөнгөж гараад очих гэж байгаа Сүхээндээ гэх айлынх руугаа чиглээд явж байсан, нэг мэдсэн би газар уначихсан хэвтэж байсан. Тэр үед бид хойноосоо салхитай байсан болохоор урдаас ирж яваа машины дуу сонсогдоогүй. Тэр үед би миний нөхөр Ганболд Сүхээндээгийнд очиж эмнэлэг болон цагдаагийн байгууллага дуудсан...Миний зүүн талын эгэм хоёр хэсэг газар хугарсан. Толгойн дагзны зүүн хэсэгт цүлхэн үүссэн. Толгойны зүүн талын цүлхэн үүссэн судас нь хагарах юм бол цус харвалт өгнө гэж эмч хэлсэн...Цаашид хэвтэж эмчлүүлэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ... Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот явж толгой тархины зураг авахуулахдаа Маас 690.000 төгрөг авсан. Эрүүл мэндээрээ хохирсондоо их гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч авч байгаа зардлыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/

Гэрч Э.Баяржавхлангийн өгсөн:... М, Нямзориг бид гурав Бэрх тосгоны төвд архи, пиво уусан. Бид 3 Бэрх сум руу буцаж очоод Энхтүвшин, Батбаяр нарыг хайсан чинь олдоогүй. Тэгээд баруун жар, зүүн жар гэдэг гудамжнуудын голын шороон замаар хойд зүгт явж байсан. Би хойд талынх нь суудал дээр хойшоо налаад сууж байсан. Тэгтэл гэнэт зам дээр хүн харагдах шиг болсон чинь осол болсон. Тэгээд М зогсоод бид хэд машинаасаа буугаад харсан чинь хүн мөргүүлсэн хэвтэж байсан.... Мын машин байсан. М өөрөө машинаа барьж явсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

Гэрч Ц.Ганболдын өгсөн:... Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Бэрх хотын сургуулийн дотуур байранд байдаг гэрээсээ 11 цагийн үед эхнэр Д.Ттай хамт найз Сүхээндээгийн гагнуурын аппаратыг хүргэж өгөхөөр усны тэргэн дээр ачиж жаран гэр хорооллын зүүн талаар ертөнцийн зүгээр хойшоогоо машин замын зүүн гар талаар, эхнэр болохоор миний баруун гар талд явж байтал гэнэт ард машин тулж ирээд эхнэрийг мөргөж унагасан...гэх  мэдүүлэг /хх-ийн 88 хуу/

 

 Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 84 дугаартай: 

   1. Д.Тийн биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо .

   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

   3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

   4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

   5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх  дүгнэлт /хх-ийн 40 хуу/

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай: 

   -Явган зорчигч Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт  зөрчөөгүй байна.

   -93-44 УБЦ улсын дугаартай автомашины жолооч А.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох гэсэн дүрмийн заалт зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 46 хуу/

А.Мын яллагдагчаар өгсөн:...Би Баяржавхлан, Нямзориг нарын хамт Энхтүвшин, Батбаяр хоёрын авч өгсөн Ерөөл архийг баруун жар гэх гудамжны нүүрний эгнээнд машин дотроо уугаад байж байтал Энхтүвшин, Батбаяр хоёр утсаар яриад бид хоёр Биндэр гарах гэж байна, хойно хүрээд ир гэхээр нь би машинаа жолоодоод хөдөлсөн. Тэгээд баруун жар, зүүн жар нэртэй гудамжны дундуур ертөнцийн зүгээр хойшоо явсан шороон замаар машинаа жолоодоод Жавхланбаяр, Нямзориг хоёртой юм яриад явж байсан чинь гэнэт урд талд 3 метр орчим зайтай зам дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байхаар нь би тормос гишгээд гулгаж очоод эмэгтэйг нь мөргөхөд мөргүүлсэн эмэгтэй машины хамар дээр унаад зүүн тал руу газар унасан... Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. 2019 оны 08 дугаар сард согтуу машин барьж яваад хасуулсан...Би архи уусан байсан. Бэрхийн цагдаагийн тасаг дээр ирээд драгер багаж үлээхэд 1 бүхэл гарантай гарч байсан...Би хохирогчид 11.000 төгрөгийн гар утасны нэгж авч өгсөн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ор хоногийн мөнгө 45.000 төгрөг, 1750 төгрөгөөр тариа, 68.700 төгрөгөөр өвчин намдаах лаа, наалт, 15.000 төгрөгөөр өвчин намдаах эм, лаа авч өгсөн. Бэрхийн бариач Жавдорж гэх хүнд 20.000 төгрөг өгч бариулсан. Мөн хохирогчийн өөрийнх нь өгсөн дансанд бэлнээр 690.000 төгрөгийг 3 хувааж өгсөн. Нийт 851.450 төгрөгийн тусламж үзүүлсэн...гэх мэдүүлэг гэх  мэдүүлэг /хх-ийн 54-58 хуу/

Жолоочийн согтуурлыг  драгер багажаар  шалгасан тэмдэглэл /хх-ийн 13 хуу/

А.М нь 1120667 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхтэй байх боловч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчил үйлдэж 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тухай жолоочийн лавлагаа  /хх-ийн 47 хуу/ 

 А.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 хуу/

А.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуу/

Хохирогчийн Г.Тын эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 80-83 хуу/

 

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1.000.0000 сая төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөгийг Д.Тийн ХААн банкин дахь дансанд шилжүүлсэн тухай шилжүүлгийн мэдээлэл  /хх-ийн .... хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 97-98 хуу/

 

Дээрх нотлох баримтуудыг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.М нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвд 93-44 УБЦ улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг согтууруулах ундаа хэрэглсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож байхдаа явган зорчигч хохирогч Д.Тийг мөргөж түүний эрүүл мэндэд зүүн эгэм ясны хугарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Т, гэрч Э.Баяржавхлан Ц.Ганболд  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч А.М Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөний уг зам тээврийн осол гарсан болох нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Тын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарах талаар Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

 

 Тухайн үед 93-44 УБЦ улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг А.М нь жолоодож явсан болох нь шүүгдэгч А.М болон гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдсон,  шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна. Мөн А.М нь 1120667 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхтэй байх боловч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчил үйлдэж 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь жолоочийн лавлагаа болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул А.Мыг 2020 оны 02 дугаар сарын 04-ний  өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзлээ.

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул А.Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж дүгнэв.

 

Яллагдагч А.М нь ... Би архи уусан байсан. Бэрхийн цагдаагийн тасаг дээр ирээд драгер багаж үлээхэд 1 бүхэл гарантай гарч байсан... гэж мэдүүлэг өгсөн, /хх-ийн 55 хуу/  2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Жолоочийн согтуурлыг  драгер багажаар  шалгасан тэмдэглэлд /хх-ийн 13 хуу/  А.Мын амьсгал дахь спиртын агууламж 2.31 хувь гэж  тусгагдсан байх бөгөөд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар А/138, А/131 тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 дахь хэсэгт “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль(%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байх ба А.Мын амьсгал дахь спиртийн агууламж 2.31% илэрсэн байх тул түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Мын дээрх үйлдлийг нь Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 102 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол / хх-ийн 103 хуу/ гарган яллагдагч А.Мад тээврийн хэрэгсэл жолоодоа эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч А.М /хх-ийн  104  хуу/  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч А.Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Д.Т нь эмчилгээний зардалтай холбоотойгоор нийт 360.000 төгрөгийн үнийн дүн бүхий нотлох баримт гаргаж өгч нэхэмжилсэн бөгөөд А.Маас 690.000 төгрөг эмчилгээний зардалд тооцож авсан талаар мэдүүлэг өгсөн, А.М нь үүнээс гадна 3.000.000 төгрөгийг ХААН банкны дансанд нь шилжүүлсэн тухай баримтыг шүүх хуралдааны үед гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх гэж үзлээ.

Мөн хохирогч Д.Т нь мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчид төлсөн зардлаа нэхэмжилэх талаар дурдсан байх бөгөөд мэдүүлэг өгөх үедээ өмгөөлөгч Д.Оюунцэцэгийг оролцуулжээ.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өмгөөлөгчид төлөх зардал нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар байна.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаар тогтоолоор батласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д  насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор заажээ. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Д.Тийг уг журмын 2.6.6 дахь хэсэгт заасан этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгчид төлсөн гэх зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар  хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн  Арсланбаатарын Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг  согтуурсан үедээ,  тээврийн хэрэгсэл жолоодох  эрхгүйгээр  үйлдсэн буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар  шүүгдэгч А.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,   хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.
  3. Шүүгдэгч А.Мад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЭ.ОДХҮҮ