| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0147/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0147/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.О
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгч Н.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улуснай овгийн Н.Г холбогдох 2039000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Г нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Схувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ц.Сөгсөн:... Би 2020 оны 02 дугаар сарын 22-нд дөрвөн өөр орны дөрвөн жуулчинтай Улаанбаатараас Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд орших Хар зүрхний хөх нуур, Өмнөдэлгэр сумын Балданбэрээвин хийд, Батширээт суманд байх Рашаан хад, Биндэрийн овоо, Өглөгчийн хэрэм зэрэг газруудаар яваад 02 дугаар сарын 28-нд буцах гэтэл шинэ төрлийн корона вирустэй холбоотойгоор хөл хорионд орсон юмаа. Бид нар Батширээт сумын иргэн Баяраагийнд байрласан юмаа. Тэгээд 03 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчимд Баяраагийнд тэдний хөрш болох Н.Год нүүр болон толгой тус газраа цохиулж биедээ гэмтэл авсан. Би гомдолтой байгаа, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...Би зодуулсанаас болж Улаанбаатар хотод очоод Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Би энэ үзүүлсэн зардлаа тухайн этгээдээс нөхөн төлүүлж авмаар байна. Би мөн ЭМЖЖ хувийн эмнэлэг, Баянзүрх дүүргийн чих хамар хоолойн тасагт тус тус үзүүлж эмчлүүлсэн. Нийт эмчилгээ эм тариатайгаа 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгний зардал гарсан. Би зардлуудаа нөхөн төлүүлж авмаар байна..гэх мэдүүлэг /хх-ийн 06, 09 хуу/
Гэрч Б.Баттулгын өгсөн:..Цагаан сарын дараа 2 сарын сүүлээр манай гэрт Улаанбаатар хотоос жуулчид ирсэн юмаа. Нийт 4 жуулчин, 1 жолооч, 1 тайлбарлагч, 1 менежер гэх гэх хүмүүс ирээд манай гэрт 5 хоносон. 2020 оны 03 дугаар 1-ний орой манай хажуу хөрш болох Н.Гынд зочид ирээд ууж идэцгээсэн. Тэгээд оройхон ирсэн зочид нь буцсан. Тэгээд удалгүй Н.Г эхнэр Чулуунбатын хамтаар манай гэрт орж ирсэн. Тэгээд жуулчдын машины жолоочтой уулзаад машин татаад гаргаад өгөөч гэсэн. Тэгээд жолооч тэгье гээд гарах гэтэл хөтөч, тайлбарлагч С би жолоочоо хаашаа явуулахаа мэддэг юм, надтай ярилц гэж хэлтэл Н.Г уурлаад гарч явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Н.Г гаднаас орж ирээд Сг нүүрэнд нь гараараа цохиод унагачихсан. Тэгээд буцаад гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд Н.Г Сг түлхэж унагаачихаад яваад өгсөн. Ийм л юм болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч Б.Баярсайханы өгсөн:...2020 оны 03 дугаар сарын 01-ний орой манай гэрт миний дүү Баттулга, бэр Цэнгэлбаяр, гадаадын 4 жуулчин, жолооч, менежер хөтөч гэх 10 хүн байсан юмаа. Орой 20 цагийн орчимд манай хөрш болох Н.Г эхнэрийн хамт согтуу орж ирсэн. Тэгээд жуулчдын машиныг гуйсан. Тэгээд би дээд давхар луу гарсан. Удалгүй хөтөч С орилоод унасан доороос Баттулга, Цэнгэлбаяр нар болиоч ээ гэх дуунаар буугаад үзэхэд Н.Г Сг цохиод унагаасан байсан. Тэгээд Н.Г гарч яваад буцаж орж ирээд их ууртайгаар С рүү дахиж дайраад түлхээд унагаасан...Н.Г жолоочоос нь машиныг нь гуйгаад цасанд суусан машин гаргаад өгөөч гэсэн юм байна лээ. Тэр үед С би машинаа мэддэг юмаа гэж хэлсэн байна лээ. Тэрэнд уурлаж цохьсон байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Н.Цэнгэлбаярын өгсөн:.... 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт миний нөхөр Баттулга, ах Баярсайхан, гадаадын 4 жуулчин, хөтөч С, менежер, жолооч нарын 10 хүн байсан. Орой 20 цагийн орчимд манай хөрш Н.Г эхнэрийн хамт орж ирсэн. Н.Г жолоочоос машин татаад өг гээд ярьж байтал хөтөч С би машинаа мэддэг юм, энэ хүмүүсийг би хариуцан яваа юмаа. Та надтай ярь гэж хэлсэн. Тэгтэл Н.Г уурлаад гарсан. Удалгүй буцаж орж ирээд Сг нүүрэнд нь гараараа цохиод унагасан. Тэгээд бид нар болиулахад гарч яваад буцаж орж ирээд Сг түлхээд унагаасан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаартай дүгнэлт
Н.Гын яллагдагчаар өгсөн:...хүний биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...Ер нь бол найзынхаа машиныг цаснаас татуулах гээд жолоочоос нь гуйсан юм, тэгсэн С машинаа өгөхгүй гэсэн. Тэгээд энэ асуудлаас болоод Сэлэнгэ бид хоёр маргалдсан, би уурандаа эхлээд нүүр лүү гараараа мангасдаад түлхсэн, тэгсэн С буйдан дээгүүр унаад өгсөн, би шууд гарсан. Тэгсэн С араас гарч ирээд манай эхнэрийг хөгшин авгай энэ тэр гээд хэл амаар доромжлоод байхаар нь би буцаж ороод нүүр лүү нь нэг удаа алгадаад авсан. Ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/
Н.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуу/
Н.Гын нотариатор батлуусан иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 46 хуу/
Н.Гын 2019 оны мал тооллогын А дансны хуулбар /хх-ийн 43-44хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47-48 хуу/
Төрийн банкны депозит дансны харилцагийн монгол хуулга /хх-ийн 55 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Год холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Г нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр багт оршин суух Б.Баярсайханы гэрт хохирогч Ц.Сэлэнгийг автомашинаараа найзынх нь цасанд суусан автомашиныг чирж өгөхөөс татгалзлаа гэх шалтгаанаар согтуугаар маргалдаж түүний нүүрэнд гараараа цохих, түлхэж унагаар зэргээр зодож хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Сэлэнгэ, гэрч Б.Баттулга, Б.Баярсайхан, Н.Цэнгэлбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Г нь хохирогч Ц.Сэлэнгийг зодсоны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Н.Гын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Ц.Сэлэнгэ нь эмчилгээний зардалд 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлэг өгсөн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул нэхэмжиллийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Г нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө хохирогч Ц.С102100191641 дугаарын дансанд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Оюунцэцэг гэх хүний дансаар дамжуулан хохиролд тооцож 330.000 төгрөгийн шилжүүлсэн баримт /хх-ийн 55 хуу/ байгаа гэж мэдүүлэг өгсөн боловч уг дансыг хохирогч Ц.Сданс болохыг нотлосон баримтгүй, Н.Г нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр буюу тухайн гүйлгээ хийгдсэнээс хойш яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дээрх байдлаар мөнгө шилжүүлсэн талаар дурдаагүй, “би хохирлыг нь төлж барагдуулна” гэж мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд уг гүйлгээг тухайн хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна.
Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Улуснай овгийн Нямаагийн Н.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Хохирогч Ц.С эмчилгээний зардалд тооцож нэхэмжилсэн 330.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ