Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00031/И |
Дугаар | 31 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 31
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 18-65 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 57 настай, Ээжүү зүмбэ овгийн Доржийн Төмөрхуягийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 7-28 тоотод оршин суух, Борнууд овгийн Лувсанцэрэнгийн Баярсайханд холбогдох
200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Төмөрхуяг, хариуцагч Л.Баярсайхан, нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Төмөрхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 2010 оны хавар Л.Баярсайханаар 5 ханатай гэрийн тооно, баганы сийлбэрийг гүйцээлгэн засварлаж, наалгахаар 90000 төгрөгийн хамт өгсөн. Түүнээс хойш Л.Баярсайхантай тааралдахад хийж байгаа гэж хэлдэг байсан. 2015 оны зун тооно, баганаа авахаар олон удаа утсаар залгаж, гэрт нь очсон. Байнга зугтаад байхаар нь арга буюу гражинд нь орж тооно баганаа авч өөр хүнээр сийлбэрийг нь хийлгэсэн. Иймд Л.Баярсайханаас 200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Баярсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Борхүү багшийн утсыг олох гэж нилээн юм болсон. Борхүү багштай 2017 оны 01 дүгээр сарын 19-нд утсаар ярихад бичиг хийгээд явуулсан. Та хоёрын асуудлыг мэдэхгүй өөрсдөө шийд гэж хэлсэн. Насаа эгч уулзсан гэсэн. Би бичиг хийгээд явуулсан. Гэрчээр очих боломжгүй гэсэн. Д.Төмөрхуяг хүргэн Идэрээтэйгээ ирээд авч явсан. Би тоононы 4 ширхэг далбаа, хоролтой нь хамт будааны уутанд хийж өгсөн. Цолмон гэх хүүхэдтэй ярихад далбаа, хоролыг авчирахад нь үнэ хөлсийг нь 500000 төгрөгөөр хийсэн гэж хэлсэн гэжээ.
Нэхэмжлэгч Д.Төмөрхуяг болон хариуцагч Л.Баярсайхан нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:Д.Төмөрхуяг миний бие нь сайн дураараа эвлэрлийн гэрээг Л.Баярсайхантай байгуулж нэхэмжилж буй 200000 төгрөгийг 150000 төгрөг болгон багасгаж, үүнийг хариуцагч Л.Баярсайхан хүлээн зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар бид хоорондоо харилцан тохиролцож энэ хүү эвлэрлийн гэрээг байгууллаа. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Төмөрхуяг нь хариуцагч Л.Баярсайханд холбогдуулан 200000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Төмөрхуяг нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 200000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 50000 төгрөгөөр багасгаж, 150000 төгрөг болгосныг хариуцагч Л.Баярсайхан хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар Д.Төмөрхуягийн нэхэмжлэлтэй, Л.Баярсайханаас 200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.Баярсайханаас 3325 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 3325 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6650 төгрөгөөс 3325 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА