Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Х.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т-т холбогдох эрүүгийн 2038002370189 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Х.Т-,

Шүүгдэгч Х.Т- нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас 7.07 метр куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи эдийн засагт 424.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Т- нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас 7.07 метр куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи эдийн засагт 424.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038002370189 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Албан ажпын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1-р багийн нутаг дэвсгэр Алаг-Эрдэнэ сум, Түнэл сумын нутгийн зааг болох газраар эргүүл шалгалт хийж ажиллахад 2020 оны 03 сард Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас Түнэл сумын иргэн Х.Т- нь зохих зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэж хууль зөрчиж экологид хохирол учруулсан байсан. Малын хашаа сэлбэх модны зөвшөөрөл нь Түнэл сумын 4-р багийн байгаль хамгаалагчаас авсан байсан. Уг мод бэлтгэх зөвшөөрөл нь Түнэл сумын 4-р багийн Халуун усны ам гэх газраас бэлтгэхээр заасан байсан. Тэгтэл иргэн Х.Т- нь Алаг-Эрдэнэ сумын нутгаас бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мод бэлтгэх эрхийн бичгийг Түнэл сумын байгаль хамгаалагч Бат-Эрдэнэ гэх хүнээс авсан байсан. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гоожин байсан. Уг гоожин дээр Түнэл сумын нутаг 4-р багийн Халуун усны ам гэх газрыг зааж өгсөн. Мөн цэвэрлэгээний зориулалтаар болон малын хашаа сэлбэх гэж зориулалтыг бичиж өгсөн байсан. Иргэн Х.Т- нь Түнэл сумын авсан гоожингийн дагуу харьяалах нутаг дэвсгэр болох Халуун усны амнаас мод бэлтгээгүй Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн зөрчил гаргасан” гэх мэдүүлэг, /хх-ийн 24- 25-р хуудас/

Гэрч П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагтай хил залгадаг Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасаг болон 1 дүгээр багийн даргын хамт хяналт шалгалтаар явахад Түнэл сумтай хил залгадаг Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх зөрчил гарсныг илрүүлж хэмжилт хийж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хаваржааны хашааны мод сэлгэх гээд өөрийн төрсөн хүү болох Х.Т-аар Алаг-Эрдэнэ сумын 1-р багийн нутаг “Бага хавчиг” гэх газраас хуурай мод бэлтгүүлж одоо байгаа Түнэл сумын 4-р багийн “Халуун усны ам” гэх газарт 3 тэвш Бонго Пронтер машинаар буулгуулсан юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-31 -р хуудас/

Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Х.Т-т Пронтер маркийн :... улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019 оны 05 дугаар сард 10.000.000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед 5 сая төгрөгийг бэлнээр авсан. Одоо үлдсэн 5 сая төгрөгийг энэ жилийн хаврын ноолууран дээр өгөхөөр тохиролцсон юм. Одоо хөдөөний айлууд ямаагаа самнаж эхлэхээр үлдэгдэл мөнгийг Х.Т- өгнө гэсэн. Х.Т- үлдэгдэл мөнгийг өгөхөөр албан ёсоор машины эзэмшигчийн нэрийг сольж өгөхөөр тохиролцсон” гэх мэдүүлэг, /ххийн 38-р хуудас/

Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн инженер Г.Баттуяагийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай: “...Хөвсгөл аймгийн АлагЭрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 57 ширхэг, 4.25 метрийн дундаж урттай хэрэглээний хуурай мод байв. Уг модлны байгаль экологид учруулах хохирлын хэмжээ 424.200 төгрөг болж байна...гэх дүгнэлт, хавсралт /ххийн 45-46-р тал/

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн: “...Иргэн Х.Т-ын ойн санд учруулсан нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 424.200 төгрөг, ойн санд учруулсан нөхөн төлбөр 1.272.600 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-ийн 52-р тал/

Шүүгдэгч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас малын хашаа барихаар 11 ширхэг босоо мод огтолж унагаасан. Бусад мод нь унанги мод байсан. Уг модыг би ганцаараа бэлтгэсэн.../хх-ийн 73-р тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/ Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 9-16-р тал/ Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум сумдын ойн ангийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/10 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-р тал/ Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-64-р тал/

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Т- нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Бага хавчиг гэх газраас 7.07 метр куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи эдийн засагт 424.200 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Т- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7.07 м.куб хэмжээтэй шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, Байгал орчин, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Х.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, энэ талаарх хууль тогтоомжийг таниулах урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Т- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Х.Т-т Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Х.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас ойн экологи-эдийн засагт 424.200 төгрөгийн хохирол учирсан байна. Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна.

Шүүгдэгч нь экологи-эдийн засгийн хохирол, нөхөн төлбөрт 424.200x3=1.272.600 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн талаар эвлэрлийн гэрээ /хх-ийн 84/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хэрэгт битүүмжлэгдэн Б.Дэлгэрдалайд хариуцуулсан 7.07 метр куб хэмжээний хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Мөн битүүмжлэгдсэн Х.Т-ын эзэмшлийн Пронтер маркийн :... улсын дугаартай автомашиныг хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр Х.Т-т буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт Х-гийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хариад овогт Х-гийн Тыг зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 7.07 метр куб хэмжээний хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Х.Тын эзэмшлийн Пронтер маркийн Х улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн 2038002370189 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР