Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0151/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч Н.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэй   шүүх хуралдааны "А" танхимд хаалттай  хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 М.Долгоржав,

Улсын яллагч                                               Г.Мөнхболд,

Иргэдийн төлөөлөгч                                      Г.Нисэх,

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Х.К ,

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                               С.Нарангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Т.Ариунболд,

Шүүгдэгч                                                       Б.Э нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох 2039...... дугаартай эрүүгийн хэргийг  2020 оны 05 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн ...... сумын 5 дугаар баг Өндөрхаан дулаан 14 дүгээр гудамжны ...... тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох эхнэр С.Аг онц харгис хэрцгийгээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн ...... сумын 5 дугаар баг Дулааны 14 дүгээр гудамжны ...... тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.Аг онц харгис хэрцгийгээр зодож алсан  болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  “... Талийгаач миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү А нь 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө нөхөр болох Эт зодуулж жам бусаар нас барсан. Миний дүү 26 хан настай ид залуу байхдаа хүний гарт хэцгийгээр жам бусаар нас барсан. Ард нь бага насны 2 хүүхэд өнчин хоцорч, аав, ээж маань охин үргүй болж хоцорлоо. ...2020 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 05 цагийн орчимд хажуу айлын маань хүн надад “Агийн бие муу байна. Яаралтай эмнэлэгт очих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэр үед дүү маань өнгөрчихсөн байсан юм байна лээ. Надад гэнэт хэлж чадахгүй, тойруу замаар хэлсэн байсан. Дараа нь аймгаас хүмүүс дүү чинь нас барсан гэж надад хэлсэн. Би эмнэлэгт очиход дүүг маань эмнэлгийн моорогт хийсэн байсан. ...оршуулгын зан үйл хийхдээ дүүгээ харсан. Хараад дүү А гэж танихгүй, танигдахын аргагүй нүүрийг нь зэрэмдэглэчихсэн байсан. Эрхтнийх нь тэнд ...зүссэн болов уу гэмээр шарх, мөн хөлөөр нь тийм шархнууд байсан. Нуруу гэдэс нь тэр чигтээ хөх няц болсон байсан. Дүүг маань маш аймшигтайгаар яргалсан байсан. Адгуус хүртэл ижлээ арай ийм болгохгүй байх. Хүн ёсонд байж боломгүй харгис хандсан байсан. Э нь ер нь их ууртай, айлд очсон ч авгай хүүхдээ загнаж зандарсан дээрэлхүү зантай хүн. Бүх хүнд тийм юм уу гэхээр тийм биш. Өөрөөсөө хүч дорой хөгшин настай, эмэгтэй хүмүүст дээрэлхүү зан гаргадаг. Чадалтай эрэгтэй хүнд бол юм хэлж чадахгүй гөлөгнөөд байдаг. ...ер нь их айхтар хартай. Хүн рүү харж инээлээ гээд айлд хүртэл зодсон байсан. Ямар ч шалтгаангүй хардаад байдаг. Э.Нь нь аав Эаасаа их айдаг юм байна лээ. Нь, Х нар нь ээжийгээ амь насаа алдсаныг нүдээрээ харсан болохоор маш их айдастай байгаа. Нь орой унтаж байхдаа цочиж сэрдэг, шөнө хашгирч сэрдэг, унтаж байгаа мөртлөө уйлаад байдаг, их хэцүү байгаа. Альбомонд байсан аавынхаа зурагнуудыг хүртэл аваад шатаачихсан байна лээ. Маш их гомдолтой байна. ...талийгаач архаг хууч өвтчтэй байгаагүй. Талийгаач 24 цагаар нойргүй, ачаалалтай ажилладаг болохоор жилдээ нэг удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. ...2020 оны 03 дугаар сарын 21-ний орой Э нь хөдөө мал дээрээ байсан ба би хамт байсан. Э нь миний гар утсаар Атэй ярьж байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний орой 00 цагийн орчимд Хэнтий аймаг руу манайд аймгаас ирсэн хүмүүстэй хамт явсан. ...манайх Хэнтий аймгаас зүүн хойд зүгт 20 км зайд нутагладаг. Манайхаас Хэнтий аймгийн төвд ирэхэд машинтай 20 гаран минут яваад л ирдэг. ...оршуулгын зардалд нийт 9.934.426 төгрөг гарсан. Бүгд баримттай байгаа... ” гэсэн  мэдүүлэг  /1-р хх-ийн 28-31 тал/

  

     2. Насанд хүрээгүй хохирогч Э.Нийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би он сарыг нь одоо мэдэхгүй байна. Би тэр өдөр аав ээж дүүгийнхээ хамт хөдөө Науризын баяр тэмдэглээд байсан. Би ээж А, дүү Х нартай өөрийнхөө машинтай хөдөөнөөс аймагт ирсэн. Бид нартай хамт Нацгүл, Давлид агаа, Жансу, Бишка эгч нар хамт ирсэн. Аймагт ирээд Дайдай өвөөгийн гадаа Нацгүл, Давлид, Жансу, Бишка нар бууж үлдсэн. Би тэгээд ээж дүү нарын хамт дэлгүүр ороод хоёр ундаа зайрмаг, модтой чихэр, цэлцэгнүүр, зөв аарцны ундаа худалдаж аваад дэлгүүрээс гарсан. Ээж А утсаар яриад найз Усанболорын гэрт очсон. Усанболор эгчийн гэрийн гадаа очоод ээж машины сигналаа дарсан. Усанболор эгч гэрээсээ гүйгээд гараад ирсэн. Усанболор эгч манай машинд суусан. Бид тэгээд манай гэрт ирсэн. Гэртээ орж ирэхэд гадаа харанхуй болчихсон байсан. Ээж дүү бид хоёрыг баруун орон дээр унт гээд хэвтүүлсэн. Би тэгээд орон дээрээ хэвтэж байсан. Ээж Усанболор эгчийн хамт бие засчихаад ирье гээд гараад явсан. Би гэрлээ унтраагаад унтсан. Тэгээд унтаж байтал гэрэл асаасан. Тэгээд хэн орж ирсэн вэ гээд хаалга руу харсан чинь хүн байхгүй байсан. Тэгээд орны толгой хэсэг рүү харахад аав Э орж ирээд зогсож байсан. Аав архи уусан байсан. Аав хөдөө науризын баяр тэмдэглэж байхдаа архи уучихсан байсан. Би их нойрмог байсан нойр хүрээд унтмаар байсан. Аав ээж чинь хаана байна гээд байн байн асуугаад байсан. Тэгээд байж байтал ээж гаднаас Усанболор эгчийн хамт орж ирсэн. Аав Э ээжийн үснээс барьж байгаад хувцасны шүүгээ мөргүүлсэн, газар мөргүүлсэн, багана мөргүүлсэн, ширээ мөргүүлсэн, гэрийн хана мөргүүлсэн. Аав гараа атгаж байгаад ээжийн хамар руу май чи май чи май чи гээд зодсон. Ээжийг хэнтэй унтсан гэж хэлээд зодсон. Аав гутлаа өмсөж байгаад ээжийн ам хамар руу өшиглөсөн. Х энэ үед сэрсэн. Ээж Баяраатай хамт явж байсан гэж хэлэхэд аав ална хоолойг нь хэрчинэ гээд дайраад байсан. Тэгээд аав ээжийн хоолойг хэрчихээ болиод би чамайг шатаана гэж хэлсэн. Шатаана гээд дугуйны хаймар оруулж ирсэн. Шатаана гэж хэлсэн дугуйныхаа хаймерыг шатаагаагүй, аав чүдэнз зурах гээд байсан. Энэ үед эмээ гаднаас орж ирсэн. Манай хотын эмээ Энхчимэг, аав ээжийг зодож байхад орж ирээд болиоч дээ аллаа ш дээ гэж хэлсэн. Тэгсэн аав болихгүй ална шүү гээд эмээгийн үгэнд ороогүй. Ээж гэрийнхээ баруун талд нүүр ам нь тэр чигээрээ цус болчихсон гар нь цус болчихсон ямар ч цэвэр газар байхгүй болсон байсан. Ээж хөдлөхгүй байсан. Аав ээжийг зодож байхдаа өмдийг нь тайлсан. Бас дахиад зодсон. Тэгээд байж байхад эмч орж ирээд ээжийг аваад явсан. Тэгээд цагдаа орж ирээд ааваас яаж байгаа юм бэ гэж асуусан. Аав цагдаад наадах чинь намайг гаднаас орж ирэхэд ингээд цус нулимсандаа холилдоод хэвтэж байсан гэж худлаа хэлээд байсан. Аав ээжийг зодож байхдаа утас чинь хаана байна. Баяраатай яръя гэсэн. Аав ээжээс гар утсыг нь булааж аваад утсаар яриад хүрээд ир гөлөг минь ална шүү гээд байсан. Х бид хоёр айгаад уйлсан. Эрка эгч /Эрдэнэцэцэг/ намайг өргөөд гэртээ оруулаад хөнжил нөмрүүлээд орхисон. Тэгээд буцаж гараад ирэхдээ Хийг аваад ирсэн... Ээжийг ажлаасаа хоцроод ирэхээр яасан уддаг юм гээд зоддог байсан. Алгадаж зодож байсан. Эрэгтэй хүнтэй утсаар ярихаар эрэгтэй хүнтэй яагаад удаан яриад байгаа юм гээд зоддог байсан. Ээж нэг удаа толгой нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан...“ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 39-41 тал/

 

     3. Гэрч Б.Энхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Х сумын 5 дугаар баг Дулааны 14-...... тоотод нөхөр, хүргэн охин, зээгийн хамт амьдардаг юм. 2020 оны 03 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед манай бэр С.А өөрийн 7 настай охин Э.Нь, 5 настай хүү Х нарын хамтаар хөдөө гэрээсээ ирсэн. Ингээд бэр маань түрүүлж гэртээ орж галаа түлээд удалгүй хоёр хүүхдээ аваад гэртээ орсон. Манай хүү Б.Эын гэр нь манай хашаанд байдаг юм л даа. Ингээд би өөрийн гэртээ хэдэн цаг болж байсныг нь сайн санахгүй байна. Охин Эрдэнэцэцэг, 4 настай зээ Анхилуун нарын хамтаар унтсан. Манай нөхөр Батсүх, хүргэн Ононмөрөн нар нь хөдөө айл руу ямаа самнахаар явчихсан байсан юм. Ингээд унтаж байхад 2020 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед манай хажуу гэрт хүү маань эхнэртэйгээ хэрэлдээд агсам согтуу тавиад байхаар нь би хүүгийнхээ гэрт ороход хүү Б.Э, бэр С.А, 2 хүүхэд нь байж байсан. Хүү маань согтуу эхнэрээ зодоод байхаар нь би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан учраас гэрээс нь гарч цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд өөрийнхөө гэрт орсон. Ингээд удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн. ...би ямар шалтгааны улмаас Б.Эыг эхнэрээ зодоод байсан талаар нь мэдэхгүй. Намайг гэрт нь ороход хүү Б.Э маань бэртэй зууралдаад толгой хэсэг рүү нь цохиод байсан. Бэр ч бас өөдөөс нь ноцолдоод байсан. Сүүлд охин Э.Ниас сонсоход бэр маань хоёр охиноо унтуулчихаад гэрээсээ гараад явсан юм шиг байна лээ. Тэгээд нэг хүнтэй гэртээ ирэхэд хүү маань ирсэн байсан гэсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал /

 

    4. Гэрч Э.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчимд манай аав Батсүх, Э ахын хөдөө гэр рүү ямаа самнахаар явсан. Манай ах Э, ээж Энхчимэг, ахын эхнэр А нарын хамт аавын араас 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд орой манай ээж Энхчимэг, аав Батсүх нар орой 22 цагийн орчим гэртээ ирсэн. 2020 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн орчимд манай нөхөр Ононмөрөн манай аав Батсүхийн хамт Бэрх тосгоноос урагш айлд ямаа самнахаар явсан. 2020 оны 03 дугаар сарын 21-ний орой 22 цаг өнгөрч байхад манай бэр А эгч хөдөөнөөс ирэхээр нь би гэрт нь ороход А эгч хоёр хүүхэдтэйгээ, мөн нэг танихгүй эгч гэрт нь байж байсан. Би А эгчээс ах яасан юм бэ? Гэрт нь байсан эгчийг хэн юм бэ гэж асуухад А эгч “манай ажлын хүн байгаа юм. Бид хоёр маргааш өглөө ажилдаа хамт явах гэж байгаа юм. Э хөдөө үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь нэг их удаагүй ажлынх нь хувцсыг өгчихөөд хоёр дүүгээ үнсээд гэртээ орсон. Гэртээ ээж Энхчимэг болон охины хамт унтаж байхад гэнэт “чи хэнтэй уулзсан юм хэл” гэх Э ахын чангаар хашгирах дуу гарч хүүхэд нь уйлах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь ээж бид хоёр сэрээд юу болов гээд Э ахын гэрт ороход бэр эгч А гэрийнхээ баруун талд толгой нь хойшоо харсан байдалтай газарт дээшээ хараад хэвтэж байсан. А эгч гаднаас орж ирсэн бололтой дээгүүрээ шаргал өнгийн ноосон цамц, хул шар өнгийн өвлийн хантааз, гуталтайгаа байсан ба өмд болон дотуур хувцсыг нь өвдөг хүртэл нь шувталсан, нүүр нь цус болсон, хамраас нь цус гарсан байсан. Э ах согтуу байсан ба гэрт нь ороход архи их үнэртэж байсан. Тэгээд ээж бид хоёр яаж байгаа юм бэ гэсэн чинь “та хоёрт хамаагүй. Та хоёр гар. Ална шүү” гэхээр нь ээж “миний хүү ингэж болохгүй ээжийгээ бод эмэгтэй дүүтэй байж” гэж хэлж байх хооронд би А эгчид ойртоход А эгчийн хоолой нь хүрчигнэж дуугарч байсан. Тэгээд ээж гараад явчихсан ба би та яаж байгаа юм бэ? Хүүхдүүд чинь айчихсан байна гэхэд Э ах “чи гар чамд хамаагүй” гэж хөөгөөд байхаар нь би гэрээс нь гарсан. Тэгээд гэртээ ороход ээж цагдаа дуудах гэж байхаар нь би утсыг нь аваад эхлээд цагдаа, дараа нь түргэнд дуудлага өгсөн. Ээж бид хоёр айгаад цагдаа руу ээж нэг удаа, би нэг удаа дахиж залгасан. Тэгээд байж байсан чинь эмнэлгийн машин ирэхэд ээж “түргэн тусламж ирлээ” гээд гэрээс гарсан ба ээж ахын гэрт орсон байх. Би хүүхдээ хараад гэрээсээ гараагүй. Удалгүй ээж гэртээ орж ирэхэд ээжийн араас Э ах орж ирээд “та нарыг хэн түргэн дууд гэсэн юм” гээд ээж рүү дайраад ширээ хөмрөөд гэрийн багана, угаалгын машин, шүүгээ өшиглөсөн. Би та яагаад байгаа юм бэ гэсэн чинь над руу дайраад байж байхад нь хоёр цагдаа орж ирээд ахыг аваад гарсан. Тэгээд би Э ахын гэрт ороход эмч нар А эгчийн цээжинд массаж хийж байсан. Энэ үед А эгч гэрийнхээ баруун талд толгой нь урагшаа харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Ээж араас орж ирээд бид хоёр Э ахын хоёр хүүхдийг нэг нэгээр нь хөнжилд ороогоод гэрээс нь авч гараад гэртээ оруулсан. Тэгээд дахиж Э ахын гэрт ороогүй. ...би Атэй хамт ирсэн эмэгтэйг танихгүй. ...Э ахын том охин нь тэр хүнийг Усанболор гэж хэлж байсан. ...ах эгчээс “чи хэнтэй явсан? Хэнтэй унтсан” гэж асуугаад байсан. Тэр асуултыг нь би эхнэрийгээ өөр хүнтэй явалдсан гэж хардаж байна гэж ойлгосон. Намайг гэрт нь ороход ах А эгчийн хажууд нь зогсож байсан ба намайг орсны дараа охиноосоо “манайд хэн ирсэн? Ээж чинь хэнтэй уулзсан? Хэнтэй ярьсан бэ?” гээд асууж байсан. Мөн А эгчийн гэдэс рүү нь өшиглөх гээд дайрахаар нь ээж бид хоёр хэлж яриад болиулсан. ...манай ах А эгчийг өмнө нь зодож байсан эсэхийг нь бол мэдэхгүй байна. Харин хоёр жилийн өмнөөс “манай эхнэр өөр хүнтэй явалдаад байна. Би сална” гээд хоёр тусдаа амьдарч байсан. Тэгээд буцаж нийлснээсээ хойш дахин дахин “манай эхнэр өөр хүнтэй яваад байна” гэж аав, ээж хоёрт хэлсэн байсан... ” гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 44-46 тал/

 

 5. Гэрч Д.Усанболорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн : “... 2020 оны 03 дугаар сарын 21-ний орой 21 цаг өнгөрч байхад С.А нь өөрийн 7 настай охин Э.Нь, 5 настай хүү Х нарын хамтаар машинтайгаа манай гэрийн гадаа ирсэн. Ингээд би машинд нь суугаад цугтаа С.Агийн гэр рүү явсан. Тэгээд гэрт нь ирээд гэрийг нь галалчихаад хоёр хүүхдийг нь унтуулаад бид хоёр С.Аийн найз гэх хүнийх нь машинаар манай гэрт хүргүүлсэн. Би тэр найзыг нь танихгүй. Залуухан эрэгтэй хүн байсан. Ингээд манай гэрт 22 цаг өнгөрөөж ирээд С.А бид хоёр гэрт байсан “Соёрхол” нэртэй 0.75 литрийн шилтэй том архийг уусан. Ингээд бид архи ууж байхад Аийн хөдөө гэрээс нь эгч нь гэх хүн утастаад “нөхөр чинь аймаг руу гэртээ харина гээд байна. Сая явлаа” гэж хэлсэн. Ингээд бид хоёр фэйсбүүк орж таксины дугаар харж байгаад такси дуудаад С.Аийн гэр рүү явсан... ” гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 53-54 тал/

 

6. Гэрч Э.Ариунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр науризын баяр болох гэж байгаа гээд намайг нөхрийн хамт Алтанбагана урьсан юм. Би нөхөр хүүхдийн хамт 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгаас баруун хойш зүгт Алтанбаганы нутаглаж байгаа газар очсон. Алтанбаганы гэрээс урагш ойрхон талийгаач С.Агийн аав ээж байдаг юм байна лээ. Тэр өдөр Агийн аав, ээж нь бас баяраа тэмдэглэсэн юм байна лээ. Орой 19 цагийн үед А нь нөхөр болон өөр хэдэн хүний хамт Алтанбаганы гэрт ирсэн. А нь маргааш ажилтай гээд 20 цагийн үед 2 хүүхдээ аваад өөрийнхөө машинтай Хэнтий аймаг явсан. Нөхөр болох Э нь хөдөө үлдсэн. ...би нөхөр хүүхдийн хамт 00 цагийн орчимд Алтанбаганы гэрээс Хэнтий аймаг руу явахаар болсон. Энэ үед Э манай машинд орж ирээд суучихсан. Чи яах гэж байгаа юм бэ гэхэд Э нь “аймагт гэртээ очиж хоночихоод ирье” гэсэн. ...би 2020 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 01 цаг болох гэж байхад Хэнтий аймагт ирээд Эыг гэрийнх нь гадаа буулгасан. Э нилээн согтуу байсан. Гэхдээ хүнээр түшүүлэхгүй, хүний хэлж ярьж байгаа зүйлийг ойлгож байсан. Өөрөө машинаас буугаад үлдсэн... ” гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 68-70 тал/

 

          7.  Гэрч Э.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цаг 05 минутад Х сумын 5 дугаар баг Дулааны 14-...... тоотод нөхөр нь эхнэрээ зодоод байна гэж дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Х сумын 5 дугаар баг Дулааны 14-...... тоотод очиход эмэгтэй хүн гэрийн дотор талд баруун талдаа толгой нь урагшаа харсан нүүр нь цус болсон, өмд болон дотуур хувцсыг нь өвдөг хүртэл нь шувталсан байдалтай байж байсан. Очиход амьд байсан ба 2 удаа өнгөц амьсгалаад нас барсан. ...гэрт нь нөхөр нь гэх согтуу эрэгтэй хүн байсан. Юу ярьсныг нь би анзаараагүй. Бага насны хоёр хүүхэд гэрийн зүүн орон дээр сэрүүн байж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн... 2020 оны 03 дугаар сарын 22-ны шөнө дуудлага аваад жолоочийн хамт очсон. Гэрт ороход баруун орон дээр эрэгтэй хүн байсан. С.А болохоор гэрийн баруун хэсэгт газар толгой нь урагш харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Анх ороход С.А хоёр удаа өнгөц амьсгал авах шиг болсон. Зүрхийг чагнаж үзэхэд амьсгал зүрх судасны ажиллагаа бүрэн зогссон байсан. Амилуулах суурь тусламж үзүүлсэн боловч зүрх нь цохилоогүй. Тэгээд байж байтал дуудлагын хоёр цагдаа орж ирсэн Би тэгээд буцаад хашаанаас нь гарахад манай эмнэлгийн эмч Энхболор хашааны гадна машинаас бууж байсан. Надаас юу болсон талаар асууж байсан... Намайг гэрт ороход хоёр хүүхэд зүүн орон дээр сууж байсан. Хоёр бага насны хүүхэд байсан. Их гайхсан айсан байдалтай байсан. Намайг талийгаачийн нас барсан гэрт байхад гаднаас эмэгтэй хүн орж ирээд хоёр хүүхдийг нь аваад гарсан...  ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 48, 49-50х/

 

  8. Гэрч Г.Төрболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... би хувиараа таксинд явж байгаа. ...2020 оны 03 дугаар сарын 21-ний орой таксинд явж байхад орой 23 цагийн орчимд шиг санаж байна надад дуудлага ирсэн. “А байна. Таксинд явж байна уу” гэж асуусан. Би таксинд явж байгаа гэхэд “би гэртээ харих гэсэн юмаа. Мал эмнэлгийн урд ирээд залгаарай” гэсэн. ...тэгсэн А нь нарангийн голд байна гээд хаяг хэлсэн ба одоо тэр хаягийг нь санахгүй байна. Тэгээд баруун талдаа хаалгатай хашааны гадаа очоод дахиад Агийн гар утас руу залгасан. ...А  хашаанаас ганцаараа гарч ирээд миний машины ард суугаад “найз нь энд уугаад мөнгөгүй гараад ирсэн байна. Чи дансаа өгчих. Маргааш дансаар чинь мөнгө явуулна” гэж хэлсэн. Би дансны дугаараа өгсөн. А миний дасны дугаарыг мартаж магадгүй гээд миний дансны дугаар руу залгаж тэмдэглэж байсан. Тэгээд А гэрээ зааж Х сум 5 дугаар баг дулаанд хашааныхаа гадаа буугаад хашаа руугаа орсон. Би найз Мөнхсайхан, Хандаа нарын хамтаар яваад зүүн захын түцнээс тамхи авах гээд байж байхад Агийн гар утаснаас над руу дуудлага ирсэн. Нэг эрэгтэй хүн байсан ба “Баяраа байна. Хүрээд ир” гэж надад хэлсэн. Би юу яриад байгаа юм, би таксинд явдаг жолооч байна гэж хэлээд утсаа тасалсан. ...Агийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61-63 тал/    

9. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн  2020 оны ...... дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаартай: “...

1. Талийгаач С.Агийн цогцост хамар ясны бяцарсан хугарал, өвчүү, зүүн 3, 4, 5-р хавирга ясны хугарал, баруун чихний хөндийн үүдэвч хэсэгт язарсан шарх, дух, хамрын орой, зүүн талын чамархай, зулайн ар, хажуу хэсэг, хацар, шанаа, чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун, зүүн чихний дэлбэн баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, хамрын нуруу, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай, баруун эгэм, суганы урд шугамаар зүүн 5-р хавирганы түвшинд, баруун сарвууны гадна 4, 5-р хурууны уг хэсэгт цус хуралт, баруун талын чамархай, хацарт, зүүн талын чамархай, хацар, уруулын баруун дээд хэсэг, баруун доод хэсэг, хүзүүний баруун дээд хэсэг, баруун чихний омог, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн дээд хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг умдаг ясны зүүн дээд хэсэгт зулгаларт, зулайн зүүн дээд хэсгийн үсний халцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаачийн цусанд 2,2%, цөсөнд 2,1% спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ.

4.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач С.А нь амьсгалын зам гадны биет /цус/-ээр бөглөрөн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 109-112 тал/

10. Шинжээч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Гадны биет гэдэг нь амьсгалын дээд замаас алдаж байгаа цусыг хэлж байгаа юм. Уг цус нь талийгаачийн хамар ясны бяцарсан хугарал, хамрын хөндий, салстын гэмтлээс үүссэн байна... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119-120 тал/

    

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны ...... дүгээр сарын 10-ны өдрийн 1937 дугаартай:  “...

     1.  Шинжилгээнд ирүүлсэн №3, 4, 8 дугаартай хивсний хэсгүүд, №7 дугаартай гэрийн хөшигний хэсэг, хэргийн газрын үзлэгээр шкабнаас авсан гэх хөвөн, шкабны зүүн доод булангаас авсан гэх хөвөнд, хулдааснаас гэсэн бичигтэй хөвөн, №10 дугаартай хаалга, №9 дугаартай гал тогооны шүүгээ гэсэн хөвөн дээр цус илэрсэн.

     2. №3, 8 дугаартай хивснүүд, №7 дугартай гэрийн хөшигний хэсэг, хэргийн газрын үзлэгээр шкабнаас авсан гэх хөвөн, шкабны зүүн доод булангаас авсан гэх хөвөнд, хулдаанаас гэсэн бичигтэй хөвөн дээрх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 82-83 тал/

12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай: “... ABO системээр  А/II/ бүлгийн харъяалалтай байна... /Амь хохирогч С.А-н цусны бүлгийг тогтоох? гэсэн асуултад хариулсан хариулт/ “  гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 73 тал/

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны ...... дүгээр сарын 09-ний өдрийн 1936 дугаартай:  “... шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хос гутал дээр цус илэрсэн... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 88-89 тал/

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны ...... дүгээр сарын 09-ний өдрийн 1935 дугаартай: “... шинжилгээд ирүүлсэн сэжигтний гарын арчдас гэсэн бичигтэй цаасан уутанд марьд шингээсэн бүдэг хүрэн өнгийн зүйл дээр цус илэрсэн... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 94-95 тал/

15. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны ...... дүгээр сарын 15-ны өдрийн: “...

1. Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэц мэдрэлийн ямар нэг өвчингүй байсан.

2. Б.Э нь болсон үйл явдлыг зөв тусгаж авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

3. Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 101-103 тал/

16. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай: “.. .гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Э.Хийн сэтгэцэд өөрчлөлт орсон... ” гэсэн дүгнэлт  /2-р хх-ийн 53-54 тал/

17. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай: “...гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Э.Нийн сэтгэцэд өөрчлөлт орсон. ...Э.Нь нь болсон үйл явдлыг зөв тусгаж авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... ” гэсэн дүгнэлт  /2-р хх-ийн 60-61 тал/

18. Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 03 дугаар сарын 21-ний орой дөнгөж харуй бүрий болж байхад эхнэрээ 2 хүүхдийнхээ хамт машинтай нь хөдөө гэрээсээ аймгийн төв рүү явуулсан. Тэгээд би уг нь тэр өдөр ирнэ гэж байгаагүй юм. Тэгсэн хөдөөнөөс аймаг руу унаа явахаар нь дайгдаж ирсэн юм. Тэгээд шөнө гэртээ ирсэн. Би орж ирээд гэрлээ асаагаагүй.  Хувцсаа тайлаад хөнжилдөө ороод хэвтсэн. Тэгсэн манай эхнэр байгаагүй. Тэгээд би гайхаад гэрлээ асаасан чинь охин сэрсэн. Охиноос “ээж нь хааччихсан юм бэ?” гэж асуухад “Баяраа ахтай гарсан” гэж надад хэлсэн. Урьд нь манай эхнэр иймэрхүү асуудал гаргаад байсан. Би тэрэнд нь уучилж өнгөрөөж байсан. Тэгээд тэр орой би өөрөө уучихсан халамцуу байсан. Хүн уучлаад байхад надаас уучлалт зөндөө гуйж дахиж тэгэхгүй гэж надад зөндөө ам гарсан. Би тэр болгонд нь уучилж байсан. Тэр өдөр үнэхээр тэсгэл алдсан. Тэгээд бараг 30-40 минутын дараа эхнэр ганцаараа орж ирсэн. Би орж ирэхэд нь тэсгэлгүй алгадсан. Эхнэр орж ирэхдээ унасан бололтой хувцас нь шороо болчихсон орж ирсэн. Тэгээд би уурлаад алгадсан. Тэгээд дуугарахгүй байсан. Тэгсэн ...эхнэр татаад уначихсан. Эхнэр угаасаа татаж унадаг, жаахан бөгчим юм уу, давчдахаараа унадаг юм. Тэгээд би цээжийг нь задгайлаад салхи авахуулаад сэргээсэн. Тэгээд ч дуугарахгүй байсан. Эхнэр нилээн согтуу байсан. Би ахиад баруун гараараа нүд рүү нь цохисон. Гэхдээ гараа зангидаж цохиогүй. Тэгээд бас өшиглөсөн. Би хөл нүцгэн байсан. Би гуталтай бол хүрээгүй. Дээрээс нь толгой руу нь гараараа цохисон. Тэгээд ээж дүү хоёр орж ирэхээр нь би уурласан. Хажууд нь байж орж гарахыг нь ч мэдэхгүй байхдаа яадаг юм бэ гэж уурласан. Тэгээд ээж дүү 2 гараад цагдаа түргэн дуудсан. Тийм л юм болсон. Усанболор бол намайг байхад цуг орж ирээгүй... Хардсан. Өмнө нь зөндөө хуурч явдаг байсан... Гараараа цохисон... 2-3 удаа өшиглөсөн. Гэдэс рүү нь өшиглөсөн. Гараараа шанаа руу нь алгадаад цохисон... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 141-143 тал/

19. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-10 тал/

20. Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-14 тал/

21. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-18 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг тухайн мөчид санаа  сэтгэл нь цочрон давчдаад, эхнэртээ гомдоод гар хүрсэн, алах хүсэл зориг байгаагүй. Талийгаачийн хувьд согтуу, татаж унадаг өвчтэй. Нөхөр нь зодоод хөнгөн гэмтэл учруулсан, тэр хугацаанд татаж унаад цусандаа бөглөрөөд нас барсан процесс харагдаад байна. Эмнэлгийн буруутай ажиллагааг шалгахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан боловч шүүх хохирогчийн үхэл, шүүгдэгчийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ. Учир нь тухайн үед болсон үйл явдлыг харсан гэх гэрч нар мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Эыг эхнэрээ хардан хэнтэй уулзсан талаар асууж зодож байсан талаар гэрч Э.Эрдэнэцэцэг “...Гэртээ ээж Энхчимэг болон охины хамт унтаж байхад гэнэт “чи хэнтэй уулзсан юм хэл” гэх Э ахын чангаар хашгирах дуу гарч хүүхэд нь уйлах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь ээж бид хоёр ороход бэр эгч А гэрийнхээ баруун талд толгой нь хойшоо харсан байдалтай газарт дээшээ хараад ...өмд болон дотуур хувцсыг нь өвдөг хүртэл нь шувталсан, нүүр нь цус болсон, хамраас нь цус гарсан байсан. Э ах согтуу байсан ба гэрт нь ороход архи их үнэртэж байсан. Тэгээд ээж бид хоёр яаж байгаа юм бэ гэсэн чинь “та хоёрт хамаагүй. Та хоёр гар. Ална шүү” гэхээр нь ээж “миний хүү ингэж болохгүй ээжийгээ бод эмэгтэй дүүтэй байж” гэж хэлж байх хооронд би А эгчид ойртоход А эгчийн хоолой нь хүрчигнэж дуугарч байсан. Тэгээд ээж гараад явчихсан ба би та яаж байгаа юм бэ? Хүүхдүүд чинь айчихсан байна гэхэд Э ах “чи гар чамд хамаагүй” гэж хөөгөөд байхаар нь би гэрээс нь гарсан... Э ах орж ирээд “та нарыг хэн түргэн дууд гэсэн юм” гээд ээж рүү дайраад ширээ хөмрөөд гэрийн багана, угаалгын машин, шүүгээ өшиглөсөн... Тэгээд би Э ахын гэрт ороход эмч нар А эгчийн цээжинд массаж хийж байсан... ах эгчээс “чи хэнтэй явсан? Хэнтэй унтсан” гэж асуугаад байсан... охиноосоо “манайд хэн ирсэн? Ээж чинь хэнтэй уулзсан? Хэнтэй ярьсан бэ?” гээд асууж байсан...” гэж /1-р хх-ийн 44-46 тал/ мэдүүлсэн, гэрч Б.Энхчимэг “...2020 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед манай хажуу гэрт хүү маань эхнэртэйгээ хэрэлдээд агсам согтуу тавиад байхаар нь би хүүгийнхээ гэрт ороход хүү Б.Э, бэр С.А, 2 хүүхэд нь байж байсан. Хүү маань согтуу эхнэрээ зодоод байхаар нь би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан... Намайг гэрт нь ороход хүү Б.Э маань бэртэй зууралдаад толгой хэсэг рүү нь цохиод байсан... ” гэж /1-р хх-ийн 42-43 тал/ мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч Э.Нь “...Аав ээж чинь хаана байна гээд байн байн асуугаад байсан. Тэгээд байж байтал ээж гаднаас Усанболор эгчийн хамт орж ирсэн. Аав Э ээжийн үснээс барьж байгаад хувцасны шүүгээ мөргүүлсэн, газар мөргүүлсэн, багана мөргүүлсэн, ширээ мөргүүлсэн, гэрийн хана мөргүүлсэн. Аав гараа атгаж байгаад ээжийн хамар руу май чи май чи май чи гээд зодсон. Ээжийг хэнтэй унтсан гэж хэлээд зодсон. Аав гутлаа өмсөж байгаад ээжийн ам хамар руу өшиглөсөн. Х энэ үед сэрсэн. Ээж Баяраатай хамт явж байсан гэж хэлэхэд аав ална хоолойг нь хэрчинэ гээд дайраад байсан. Тэгээд аав ээжийн хоолойг хэрчихээ болиод би чамайг шатаана гэж хэлсэн. Шатаана гээд дугуйны хаймар оруулж ирсэн. Шатаана гэж хэлсэн дугуйныхаа хаймарыг шатаагаагүй, аав чүдэнз зурах гээд байсан. Энэ үед эмээ гаднаас орж ирсэн. Манай хотын эмээ Энхчимэг, аав ээжийг зодож байхад орж ирээд болиоч дээ аллаа ш дээ гэж хэлсэн. Тэгсэн аав болихгүй ална шүү гээд эмээгийн үгэнд ороогүй. Ээж гэрийнхээ баруун талд нүүр ам нь тэр чигээрээ цус болчихсон гар нь цус болчихсон ямар ч цэвэр газар байхгүй болсон байсан. Ээж хөдлөхгүй байсан. Аав ээжийг зодож байхдаа өмдийг нь тайлсан. Бас дахиад зодсон. Тэгээд байж байхад эмч орж ирээд ээжийг аваад явсан. Тэгээд цагдаа орж ирээд ааваас яаж байгаа юм бэ гэж асуусан. Аав цагдаад наадах чинь намайг гаднаас орж ирэхэд ингээд цус нулимсандаа холилдоод хэвтэж байсан гэж худлаа хэлээд байсан. Аав ээжийг зодож байхдаа утас чинь хаана байна. Баяраатай яръя гэсэн. Аав ээжээс гар утсыг нь булааж аваад утсаар яриад хүрээд ир гөлөг минь ална шүү гээд байсан. Х бид хоёр айгаад уйлсан... Ээжийг ажлаасаа хоцроод ирэхээр яасан уддаг юм гээд зоддог байсан. Алгадаж зодож байсан. Эрэгтэй хүнтэй утсаар ярихаар эрэгтэй хүнтэй яагаад удаан яриад байгаа юм гээд зоддог байсан. Ээж нэг удаа толгой нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байсан...“ гэж /1-р хх-ийн 39-41 тал/ тус тус мэдүүлсэн ба дээрх мэдүүлгүүдэд шүүгдэгчийн санаа  сэтгэл нь цочрон давчдах нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эхнэрээ хардсаны улмаас хүүхдүүдийг нь харж байхад хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон, түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн этгээдүүдийг эсэргүүцэж хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч Э.Эрдэнэцэцэгээс мэдүүлэг авахдаа гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлаж өгсөн атлаа мэдүүлэг өгөх эсэхийг асуулгүй шууд мэдүүлэг авсан гэж тайлбарлаж байгаа боловч мөрдөгчийн гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Э.Эрдэнэцэцэг “...Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй...” /1хх-45 хуудас/ гээд мэдүүлгээ өгсөн тул хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Мөн “Прокурорт насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаас хасч өгнө үү гэсэн миний хүсэлтийг хангасан атлаа яллах дүгнэлтдээ оруулаад яллаад  байгааг ойлгохгүй байна” гэсэн дүгнэлт хэлсэн боловч хэрэгт дээрх зөрчлийг засаад насанд хүрээгүй Э.Нийг хохирогчоор тогтоож, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулан мэдүүлэг авсан нь хуульд нийцэж байгаа ба түүний өгсөн мэдүүлэг бусад гэрч нарын мэдүүлэгтэй ноцтой зөрүүгүй байгаа тул шүүх үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нь эхнэрээ бага насны хүүхдүүдийнх нь дэргэд зодож алсны улмаас хүүхдүүд сэтгэл санааны хувьд хүндээр шаналсан болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22, 23 дугаартай: “.. .гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Э.Нь, Э.Х нарын сэтгэцэд өөрчлөлт орсон... ” тухай  /2-р хх-ийн 53-54, 60-61 тал/ дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Энэ гэмт хэргийн улмаас С.Агийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А нь оршуулгын зардалд 9.934.426 төгрөгийг  нэхэмжилсэн байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шалгаж үзэхэд 9.708.520 төгрөгийн оршуулгын зардал гарсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эаас уг зардлыг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ад олгох нь зүйтэй байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад  зааснаар шүүгдэгч Б.Эыг 15 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт  оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 78  хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар

энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон арчдас 7 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, хар саарал өнгийн оймс 1 хос, ягаан өнгийн цахилгаантай хантааз, бор шаргал өнгийн юүдэнтэй цамц, цагаан өнгийн богино ханцуйтай цамц, цэнхэр өнгийн хөхний даруулга, цэнхэр өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож, цагаан өнгийн оймс 1 хос зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 9.708.520 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ад олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ                            Д.ГАНЗОРИГ

 

 

                                        ШҮҮГЧ                                  Н.БАЯРБААТАР


 

                                                                                       Э.ОДХҮҮ