Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 052

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өлгий сумын 2 дугаар багийн оршин суугч Д.Е-ийн нэхэмжлэлтэй;

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох;

            “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.  

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч Х.З, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаартай “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолын 1 дэх заалтаар тус аймгийн дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдэж, улмаар уг тогтоолын хавсралтын 3 дахь хэсэгт зааснаар намайг соёлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшүүлсэн шийдвэр гарсан юм.

Дараа нь бүтцийн өөрчлөлтөөр Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай тушаалаар соёл, урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Миний бие ажилласан дээрх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, өөрийн ажилдаа хянамгай байж, тухайн байгууллагын дотоод журам, ажлын цагийг чанд баримталдаг, аливаа өгсөн үүрэг даалгаврыг шуурхай болоод чанартай гүйцэтгэдэг ажилдаа эзэн ёсоор сэтгэлээрээ ханддаг, зоримог шийдмэг арга барилаар зүтгэлтэй, санаачилгатай хуулийн хүрээнд чанартай, үнэнч шударгаар ажиллаж ирсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа хийх үүрэгтэй. Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас маргаан бүхий тушаалд тусгагдсан үндэслэлүүдээр ажлаас халах шийдвэр гаргах болсон тухай надад мэдэгдэж тайлбар аваагүй. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлын талаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид мэдэгдэж, түүнээс тайлбар, санал авч, тус саналыг шийдвэр гаргахдаа харгалзан үзэх ёстой.

Өөрөөр хэлбэл,  дарааллын хувьд сонсох ажиллагааг хэрэгжүүлсний дараа шийдвэр гаргах ёстой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар намайг ажлаас чөлөөлөх талаар надад мэдэгдэж, үүнд тайлбар авсны дараа ямар шийдвэр гаргахаа шийдвэрлэх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн  27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах, 7 дахь хэсэгт зааснаар сонсон ажиллагааны үед гарсан саналыг тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй боловч тус ажиллагаануудыг хийгээгүй юм.

Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан уг асуудлыг шийдвэрлэхээс өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Д.Е надад мэдэгдэж, ил тод байдлыг хангах, тайлбар авах, нотлох баримт бүрдүүлэх боломж олгох, мэдэгдэх, сонсгох үйл ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ноцтой байдлаар зөрчсөний улмаас миний хуульд заасан эрх ашгийг хамгаалах боломжийг хязгаарласан болно. Намайг ажлаас чөлөөлөх тухай надад урьдчилан мэдэгдээгүй, ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн  5.2-д “...төрийн захиргааны албан хаагч нь энэхүү дүрмийн 4.1.2-т заасан эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө”, “...5.2.1-д Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах”, “... 5.2.2-т харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөнөөр хангах, 5.2.3-д хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх”, ... 5.2.4-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлыг төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх”, “...5.2.5-т төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албан бус зорилгоор ашиглахгүй байх” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч би Төрийн албаны тухай хууль болон энэхүү дүрэмд заасан ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь, ажлын байрны тодорхойлолт, түүнчлэн үр дүнгийн гэрээний дагуу өөрийнхөө хийж гүйцэтгэх ажлаа цаг тухайд нь чанартай биелүүлж, дээд шатны албан тушаалтны шийдвэрийг зохих ёсоор, зөвхөн хуульд нийцүүлэх замаар албан үүргээ хэрэгжүүлсэн юм. Дээрх хууль, журам, дүрмийг зөрчсөнийг гагцхүү хөндлөнгийн баримтуудаар заавал тогтоосон байхыг шаарддаг бөгөөд надад холбогдуулж ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой  ямар нэгэн зөрчлийг илрүүлсэн асуудал байхгүй, би тийм зөрчил гаргаагүй болохыг хариуцлагатайгаар хэлмээр байна.

Хариуцагчаас хуульд заасан захирах, захирагдах ёс гэдгийг доод албан тушаалтантай шууд байдлаар харилцах буюу загнаж зандрахыг захирах, харин түүний хууль бус шаардлагыг хүлээж авалгүй эсэргүүцсэн хэлбэрийг захирагдах ёс мэтээр ойлгосон харагдаж байна. Захирах, захирагдах ёсны онцлог нь зөвхөн Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хүрээнд хэрэгждэг байх ба хуулийн хэллэгийг шууд утгаар нь хар үгээр ойлгох нь өрөөсгөл юм. Харин хуулийн 13.1.4 дэх хэсэгт заасан харьяа дээд шатны албан тушаалтан хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргийнхээ хувьд үүргээ хангалттай биелүүлсэн бөгөөд биелүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй.

Мөн Д.Е 2017 онд хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, ажлын шаардлага тавихад хүлээн авахгүй гэж маргаан бүхий актад тусгасныг огт хүлээн зөвшөөрөхгүй, би тийм зүйл гаргаагүй, нэгэнт л тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч учраас Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны зарчмыг баримталж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийнхээ дагуу ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн болохыг дурдаж байна.

Хариуцагчаас намайг 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр “F”  үнэлгээ авсан гэж маргаан бүхий тушаалын 1 дэх хэсэгт тусгажээ. 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр “F” үнэлгээ авсан талаар өнөөдрийг хүртэл надад мэдэгдээгүй. Төрийн жинхэнэ албан хаагч би Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын 2.1-т “...Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй...” гэж заасны дагуу гэрээний биелэлт буюу илтгэх хуудсаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр менежер Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад хүргүүлсэн. Энэ үед манай байгууллагын бүх албан хаагчдын гэрээний биелэлтийг хүлээн авсан хэдий ч гэрээний биелэлтийг дүгнээгүй, өөрөөр хэлбэл 6.1 дэх хэсэгт заасан “...менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ...” гэх ажиллагаа явагдаагүй болно.

Мөн журмын 5.3-т “...Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд тусгагдсан байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээний хэрэгжилтийг хагас жил тутам, харин энэхүү журмын 2 дугаар хавсралтын Илтгэх хуудсаар бүтэн жилээр тус тус  гаргаж, менежерт тайлагнана...”, 2.2-т заасан “...менежер нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах эрхтэй...”, 8.1-т заасан “...менежер гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсан, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө өгөөгүй тохиолдолд холбогдох тал байгууллагынхаа дээд шатны удирдах албан тушаалтан болон Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдол гаргаж болно. Гомдол хүлээн авсан этгээд ирүүлсэн гомдлын дагуу шалтгааныг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Холбогдох зөвлөл шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно...” гэсэн заалтуудаас үзвэл хэрэв тухайн албан тушаалтан үр дүнгийн гэрээний биелэлтээ илтгэх хуудсаар гаргаж өгөөгүй, тайлагнаагүй, дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд гэрээг дүгнэх эрх бүхий этгээд менежер нь 2017 оны бүтэн жилийн гэрээний биелэлт гаргаж өгөхийг төрийн жинхэнэ албан хаагчаас шаардах, эсхүл энэ талаар холбогдох байгууллагад хандах эрх хэмжээтэй байсан атлаа зохих арга хэмжээг авч ажиллаагүй.

“2017 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн” нөхцөл байдал бий болоогүй буюу би албан үүргээ хангалтгүй биелүүлээгүй тухай тайлбарлаж, үндэслэл дэвшүүлж байна. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж заасан бөгөөд хуулийн 19.3 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтоохоор заасан. Иймд намайг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж  үзэхийн тулд Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон журмын дагуу миний ажлын үр дүнг дүгнэж, тус дүгнэлтээр “хангалтгүй” гэх үр дүн гарсан байх ёстой юм. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын үр дүнг үнэлэх журмыг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Журам батлах тухай“ 134 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан. Хариуцагчаас миний ажлын үр дүнг журмын дагуу үнэлж, дүгнэх ёстой бөгөөд миний ажлыг тус журмын дагуу дүгнэж “хангалтгүй” болохыг тогтоосон зүйл байхгүй юм.

Миний бие үр дүнгийн  гэрээний биелэлтийг хугацаанд гаргаж өгсөн боловч албан ёсоор журмын дагуу дүгнээгүй, дүгнэсэн гэх талаар надад огт мэдэгдэж байгаагүй. Мөн тайлагнах талаар шахаж шаардсан удаа байхгүй. Түүнчлэн 2018 оны г                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  эрээний төслөө хугацаандаа буюу мөн оны 1 дүгээр сард тус газрын мэргэжил арга, зүйн нэгжийн дарга А.Еркегүлд хүргүүлэхэд “...үр дүнгийн гэрээний тусгай ажил үүрэгтэй холбоотой хэсгийг удирдлагын зүгээс тусгайлан бэлтгэж, боловсруулан гаргаж өгсний дараа гэрээг нэгмөсөн хүлээж авна...” гэсэн. Үүнээс хойш 14 хоногийн дараа 2018 оны үр дүнгийн гэрээний тусгай ажил үүргийг хэзээ гаргаж өгөх талаар асууж шаардахад, бидэнд боловсруулж, байна, хүлээж байгаарай гэх хариултыг өгсөн бөгөөд удирдлагын зүгээс удаа дараа ч биш нэг ч удаа шаардаж байгаагүй болно.

Газрын дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахад Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон. Хуулийн тус заалтад мөн уг хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзсан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж болох тухай заасан. Маргаан бүхий захиргааны актад хуулийн дээрх заалтыг үндэслэх болсон бодит нөхцөл байдлыг 2017 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэж тусгажээ. Гэвч төрийн жинхэнэ албан хаагч үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлэх нь түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах бодит нөхцөл байдал болж чадахгүй юм.

Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтад төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болох талаар заасан ч зөрчлийн шинж байдал, түүнийг анх эсвэл давтан үйлдсэнийг харгалзсан хуулийн тус хэсэгт заасан гурван төрлийн сахилгын шийтгэлийн аль тохирохыг нь сонгож гаргахыг заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...төрийн жинхэнэ албан хаагч удаа дараа буюу 2 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” нөхцөлд төрийн албанаас халах тухай заасан нь ажлаас халах сахилгын шийтгэлийг сонгох урьдчилсан нөхцөлийг тогтоосон явдал. Тэрээр Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас намайг албан үүргээ биелүүлээгүй зөрчлийг удаа дараа гаргасан гэж дүгнэсэн зүйл байхгүй болно.

Нэмж хэлэхэд миний бие одоо 10 сартай хүүхэдтэй бөгөөд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “...Ажил олгогч жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно...” гэснийг шууд зөрчсөн.

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр намайг ажлаас халсан. Үүнд:

1. Ажил хийгээгүй, мөн удаа дараа шаардсан, үр дүнгийн гэрээ “F” үнэлгээтэй үнэлэгдсэн гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа бэ гэвэл би тухайн үед 6 сартай жирэмсэн байсан ба надад тухайн үед албан  ёсоор ажлын шаардлага тавьж байгаагүй.

 2.  2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэхдээ би байхгүй байсан. Надад албан ёсны танилцуулаагүй, мэдээгүй байсан.

2017 оны 10,11  дугаар саруудын төлөвлөгөөний дагуу дагуу ажиллаагүй гэж хэлсэн. Би төлөвлөгөөний дагуу хийсэн бүх ажлаа баталгаажуулаад өгсөн байсан. Би 3 дугаар сард декрет аваад явсан. Декретний  хугацаа 7 дугаар сард дууссан болохоор залгуулаад 8 дугаар сард ээлжийн амралтаа аваад амраад, 8 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон. Миний бие декретний  амралттай байх хугацаанд миний орон тоонд Ермек гэдэг хүнийг авч ажиллуулсан ба тэр хүнийг ажлаас чөлөөлөхгүйгээр бид хоёрыг давхар ажиллуулсан. Би ямар нэгэн ажил хийх гэсэн боловч дээрээс ирсэн алба тоотыг Ермек гэдэг хүнд өгдөг. Надад ажил хийх ямар нэгэн боломж олгоогүй. Ажил хийх ширээ, сандал, компьютерийг Ермек гэдэг хүнд өгсөн байсан. Би ажилдаа эргэж ороход энэ бүх эд зүйлийг эргүүлж өгөөгүй. Ажиллах хугацаанд дарамттай байсан. Надад ажил хийх боломж олгоогүй. Ажлаас халсан тушаалыг хууль бус гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас шүүхэд ирүүлсэн  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Боловсрол, соёл, урлагийн газрын соёл, урлагийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Е нь 2017 онд хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдах албан тушаалтнаас удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй буюу ажил олгогчоос тавьсан хуульд нийцсэн шаардлагыг биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удаа дараа албан ажлын шаардлага тавихад хүлээн авахгүй, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй, хугацаат ажлыг заасан хугацаанд удирдлагад тайлагнахгүй, 2016, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр “F” үнэлгээ авсан.

2018 оны үр дүнгийн гэрээг хуульд заасан хугацаанд байгуулах талаар удирдлагын зүгээс удаа дараа шаардсан боловч үр дүнгийн гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгуулаагүй татгалзсан нөхцөл байдал, тэрээр урьд нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар 2 удаа сахилгын арга хэмжээ тооцуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан юм.

Ажил олгогчоос мэргэжилтэн Д.Ет сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 13 дугаар зүйлийн 1.4, 19 дүгээр зүйлийн 19.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын Нэгдүгээр зүйлийн 1.1, 1.2, Хоёрдугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-ийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 5.3, Зургадугаар зүйлийн 6.4, 6.4.5 дахь заалт, тус байгууллагын Удирдлагын нэгжийн зөвлөлийн болон хамт олны удаа дараагийн хурлын тэмдэглэл, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарын Боловсрол, соёл, урлагийн газрын даргатай хийсэн уулзалтын тэмдэглэлийг тус тус үндэслэсэн юм.

Ажил олгогчоос мэргэжилтэн Д.Ет 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б/05 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Мэргэжилтэн Д.Е нь тухайн үед ажил олгогчоос ногдуулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрч байсан юм.

Ажил олгогчоос мэргэжилтэн Д.Ет 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б/10 тоот тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Д.Е нь тухайн үед мөн адилхан ногдуулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрч байсан юм.

Манай байгууллагын бүтэц орон тоо нь 25 хүний ажлын байртай. 2 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд: 1.Төрийн захиргааны удирдлагын нэгж, 2. Мэргэжил арга зүйн нэгж гэсэн 2 нэгжтэй. Төрийн захиргааны удирдлагын нэгж нь бусад үйлчилгээний албан тушаалтныг хариуцдаг. Мэргэжил арга зүйн нэгж нь бүх сургалт хариуцаж, мэргэжил арга зүйгээр хангаж ажилладаг. Ажлаас халагдсан гэх соёл урлагийн бодол хариуцсан мэргэжилтэн Д.Е нь мэргэжил арга зүйн нэгжид харьяалагдана. Удирдлагаараа А.Еркегүл харьяалагдаж ажилладаг байсан. Би Боловсрол соёл урлагийн газрын даргын ажилд 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр томилогдсон. Төрийн жинхэнэ албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн дагуу ажил олгогчтойгоо үр дүнгийн гэрээ байгуулж, түүний дагуу жилийн төлөвлөгөөгөө гаргаж, төлөвлөгөөгөө сар, улирлаар нь батлуулж ажиллах үүрэг хүлээдэг.

Тухайн ажлын чиг үүргийг ажлын байрны тодорхойлолтод тодорхой зааж, чиглүүлж өгсөн байдаг. 2016 онд орж ирснээс хойш бүх мэргэжилтэн, бусад албан тушаалтнуудын дунд энэ тэнцүү ажиллахыг өөрийнхөө зорилго болгон ажилласан. 2016 оны ажлын үр дүнгийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын дотор багтаан дүгнэсэн. Үр дүнгийн гэрээг дүгнэсний дараа, тухайн сард багтаан төрийн жинхэнэ албан хаагч нартай үр дүнгийн гэрээг шинээр  байгуулсан. Бусад төрийн албан хаагчид хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж дахин байгуулсан. Нэхэмжлэгч Д.Е нь Баян-Өлгий аймгийн Боловсрол соёл урлагийн газрын соёл урлагийн бодол хариуцдаг мэргэжилтнээр ажиллаж байсан. Шалгалтаа өгч, тангараг өгсөн нь үнэн.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нь нотлогдож байгаа. Төрийн албан хаагч ажил олгогчийн зүгээс ажлын шаардлага болгож буй ажлуудыг долоо хоног, сар, улирлаар нь төлөвлөгөө гарган ажилладаг ба уг ажлын тайлан, гүйцэтгэлийг хурлаа хийж тухайн сар, өдөртөө хийсэн ажил болон хийх ажлын талаар шаардлага тавьж,  дутагдалтай ажилтнуудад үүрэг даалгавар өгч үндсэн ажлаа зохион байгуулж ирсэн. Соёл урлагийн мэргэжилтний хийж гүйцэтгэж байсан ажил нь маш их дутагдал байсан.

2017 он гарсны дараа бүх сумдын Соёлын төвийн эрхлэгч нарыг дуудсан байсан. Тухайн үед би соёлын төвийн эрхлэгч нарыг ирснийг мэдээгүй. Надад Д. Еркеш ирээд бүх сумуудын Соёлын төвийн эрхлэгч нар ирсэн байгаа, та ороод үг хэлж өгнө үү гэхэд би Д.Ет чи төрийн жинхэнэ албан тушаалтан байна, чиний ажлын байрны тодорхойлолт 2013 онд батлагдсан байгаа. Би ажилласан хугацаанаас хойш ажлын байрны тодорхойлолт ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй. Төрийн жинхэнэ албан тушаалтан үүргээ өөрөө биелүүлэх ёстой.

Бүх сумуудын Соёлын төвийн эрхлэгч нарыг яагаад дуудсан тухай асуусан,  удирдамжаа батлуулаагүй, урьдчилж танилцуулаагүй мөн сургалтын хөтөлбөр байхгүй байсан учраас Д.Еийг дагуулж ороод Соёлын төвийн эрхлэгч нараас уучлалт гуйсан. Нэгэнт удирдамж болон сургалтын хөтөлбөрийг батлуулаагүй байж хүмүүсийг дуудсан байсан учраас  Соёлын төвийн эрхлэгч нарыг буцааж байсан. Энэ нь соёл урлагийн бодлого хариуцаж байгаа мэргэжилтний хариуцлагагүй явдал гэж бодож байгаа. Д.Ет би удаа дараа шаардлага тавьж, танилцуулж байсан.

Энэ үндэслэлээр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болон 03 дугаар сарын 03-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж байсан. Д.Е сануулах арга хэмжээ авсан Б/05 тоот тушаалыг тухайн үед хүлээн зөвшөөрч байсан. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 тоот тушаалыг мөн нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд урьдчилж гаргаж өгсөн байгаа. 2017 оны 03 дугаар сарын 03-наас хойш жирэмсний амралтад явсан. Жирэмсний амралтад явсны дараа  тухайн ажлын байранд аймгийн Номын сангийн эрхлэгчээс чөлөөлөгдсөн Ж.Ермекийг ажлын байрны шаардлага хангасан учраас түр хугацаагаар авч ажиллуулсан.

Энэ хугацаанд соёлын ажил маш сайн явагдсан. 2017 оны 07 дугаар сард нэхэмжлэгчийн жирэмсний амралтын хугацаа дууссан учраас ээлжийн амралт авах тухай хүсэлт  гаргасны дагуу ээлжийн амралтыг нь олгосон. Дараагаар нь ээлжийн амралтаас орж ирсний дараа аймгийн Засаг даргаас батлуулсан бүтэц орон тоонд соёлын өвийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоо байсан учраас нэхэмжлэгчийн орон тоонд ажиллаж байсан Т.Ермекийг соёлын өвийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалтны орон тоонд шилжүүлж, Д.Еийг өмнө ажиллаж байсан ажилд нь томилсон. Д.Еийг өөрийн ажилд нь томилж, Т.Ермекийг соёлын өвийн бодлого хариуцсан мэргэжилтэнд томилсноос болж Д.Е нэг ч өдөр цалингаараа хохироогүй. Нэхэмжлэгч ажил хийх ширээ, сандал, компьютергүй үлдсэн байгаа гэж тайлбарлаж байна. Ажил олгогч тухайн ажилтныг ажлын байраар хангах үүрэгтэй. Д.Е ажилд орсны дараа 8 мэргэжилтэн хамт суудаг өрөөнд ажил хийх ширээ, сандлыг нь гаргаж өгөөд суулгаад өөрөө ашиглаж байсан байгууллагын нөөтбүүкийг авч ирээд ажлаа хийж байсан.

Манай байгууллага дотоод сүлжээтэй учраас мэргэжилтнүүдийн дунд канон, принтерийг бүрэн ашиглах боломжтой. Д.Е ганцаараа принтер, канонгүй биш зөндөө олон мэргэжилтэн, албан тушаалтнууд уг канонийг дундаа ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч ажлаас халагдах хүртэл ширээ сандал, канон, принтергүй ажлаа босоогоор хийж байсан тухай тайлбар нь өрөөсгөл ойлголт байна. Үүнийг шүүх зөвөөр ойлгох хэрэгтэй.

2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Доод тал нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэж гараар бичсэн тэмдэглэлийг зохиомлоор бичсэн тэмдэглэл гэж бодож байгаа. Яагаад гэвэл үр дүнгийн гэрээ дээд талдаа тамга тэмдэгтэй мэргэжилтний  гарын үсэг байгаа учраас үр дүнгийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Уг үр дүнгийн гэрээг дүгнэхдээ миний бие өөрийнхөө хувийн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэл хийсэн ба уг тэмдэглэлийн дэвтрийн холбогдох хэсгийг нотлох баримт болгож, шүүхэд хүргүүлсэн байгаа. 11 дүгээр сарын дундуур мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээ дүгнэсэн гэсэн асуудал байхгүй. 12 дугаар сарын 28-ны өдөр гэхэд үр дүнгийн гэрээгээ байгуулаад дуусна гэж нийт мэргэжилтнүүдэд зар тарааж, чиглэл өгсөн. 12 дугаар сарын 28-ны өдөр бүх мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээг сонсох хэлбэрийн дагуу дүгнэж, өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ хүн бүрийг дүгнэж,  тэмдэглэл хийсэн тухай тэмдэглэлийн дэвтрээ мөн шүүхэд нотлох баримт болгож хүргүүлсэн байгаа. Тухайн үед Д.Е ирээд үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй. Янз бүрийн шалтгаан хэлсэн. Д.Ет ажлын ямар нэгэн шаардлага хэлэхэд маш их эмзэг байдлаар хүлээж авдаг. Намайг дарамталж байна гэж ойлгодог.

Төрийн алба хаагч дээд шатны албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Би бүх мэргэжилтнүүдэд адилхан шаардлага тавьдаг. Бүх мэргэжилтнүүд уг шаардлагыг биелүүлэхийг хүсдэг. Ганцхан Д.Ет шаардлага тавьж, дарамталсан тухай асуудал байхгүй. Тийм учраас үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхээр өгсөн мэргэжилтнүүдийн илтгэх хуудсыг хүлээн авч үр дүнгийн гэрээг нь дүгнэж, гарын үсэг зураад баталгаажуулсан. Энэ хугацаанд Д.Е үр дүнгийн гэрээгээ өгөөгүй. 2018 оны 01 сард үр дүнгийн гэрээгээ батлуулахаар ирсэн. Надад миний бичсэн юм энэ гэж хэлсэн. Тэгээд би уг гэрээг аваад үлдсэн. Би Д.Ет чиний үр дүнгийн гэрээ шаардлага хангахааргүй байна, одоо яах бэ гэж хэлсэн. Тэгээд би мэргэжил арга зүйн нэгжийн даргыг дуудаад, үр дүнгийн гэрээгээ батлуулаагүй Д.Е ганцаараа үлдсэн байна, таны нэгжид ажилладаг тул та өөрөө сонсож,  дүгнээд надад танилцуулаарай гэж хэлсэн. Ажил хийгээгүй хүн юугаа дүгнүүлэх бэ. Өмнө үр дүнгийн гэрээ батлуулсан мэргэжилтнүүд хэд хэдэн хавтастай ирж хийсэн ажлынхаа талаар тайлбарлаж өгсөн. Д.Е хийсэн ажлын талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй.

Д.Ет “F” үнэлгээтэй гарсан байгаа, та гарын үсгээ зураарай гэж хэлэхэд гарын үсгээ зурахаас татгалзсан. Мэргэжил арга зүйн нэгжийн дарга сууж байхад энэ талаар хэлэлцээд “F”  үнэлгээтэй гэдгийг  хэлээд гарын үсэг зурахыг хэлсэн боловч мөн гарын үсгээ зураагүй. Мэргэжил арга зүйн нэгжийн дарга “...гарын үсгээ зурахгүй бол тайлбар бичиж өгөөрэй..” гэхэд Д.Е сууж байгаад гараад явсан.

Төрийн жинхэнэ албан тушаалтан ажлын байрны тодорхойлолтыг үндэслээд үр дүнгийн гэрээгээ батлуулж, ажлын төлөвлөгөөг долоо хоног, сар, улирлаар нь батлуулдаг. Д.Е өөрөө түүнийгээ шахаж шаардахгүйгээр хийж байгаагүй. Байнга шахаж, шаардуулж байдаг. Ажил хийхийг шаардсан хүнийг намайг дарамталж байна гэж ойлгодог. Сүүлдээ би өөрөө шаардахаа больсон. Нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байгаагаар миний хийх ёстой ажлыг Т.Ермект өгсөн байгаа гэж хэлж байна. Зарим нэг ажлыг Т. Ермект өгсөн үнэн.  Яагаад гэвэл Баян-Өлгий аймгийн соёлын бодлого хариуцсан ажил унасан байдалд хүрсэн. Соёл урлагтай холбоотой тайлан, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт зэрэг олон судалгаа, мөн олон төрлийн статистик мэдээг аймгийн хэмжээнд соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн гаргах ёстой.  Энэ бүх асуудлыг соёл урлагийн бодол хариуцсан мэргэжилтэн бие дааж хийх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхыны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

Хэргийн оролцогч нартай мэтгэлцэх шатанд хэргийн үйл баримт ойлгомжтой болсон.  2018 оны  02 дугаар сарын 23-ний өдрийн тушаалыг гаргахаас өмнө буюу 02 дугаар сарын 05-ний өдрийн нэгжийн зөвлөлийн хуралдааныг явуулсан. Энэ зөвлөлийн хуралдаанд Д.Еийг ажлаас халах талаар сонсох ажиллагааг хийсэн гэж байна. Сонсох ажиллагаа хийх тухай хуулийн зохицуулалт  байгаа. Захиргааны ерөнхий хуулиар  ажлаас гаргах шалтгаан нөхцөл байдлыг тогтоосон байх ёстой. Дараа нь оролцогчийн өөрийг нь сонссон байх ёстой.  Хуульд заасан сонсох ажиллагаа огт явагдаагүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар бол надад бол мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа. Ажлаас халах нөхцөл шалтгаан нь бүрдсэн байсан бол нөхцөл байдлыг эхлээд тогтоогоод дараа нь нэхэмжлэгчээс тайлбар авах замаар сонсох ажиллагааг нотлох баримт бүрдүүлэх, сонсох замаар заавал хуулийн дагуу явуулах ёстой байсан ч хуулийн зохицуулалт, процессын дагуу явагдаагүй учраас сонсох ажиллагаа явагдаагүй гэж үзэж байна. Сонсох ажиллагаа явагдаагүй нь хууль бус тушаал гаргахад  нөлөөлсөн.  Маргааны гол шалтгаан нь бол үр дүнгийн гэрээг дүгнэсэн, дүгнүүлээгүй, өгөөгүй, өгөхөөс татгалзсан, өөрөө аваад явсан зэрэг  хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд дурдагдсан нэг үндэслэл  бол 2017 онд хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан, цаг хугацаандаа ажлаа хийгээгүй гэдэг байдал нь зөвхөн  үр дүнгийн гэрээтэй холбоотой байна. Энэ үндэслэл нь өөрөө 2017 оны үр дүнгийн гэрээнд “F” үнэлгээ авсан гэх үндэслэл. Тушаалын агуулгаас харахад 2-3 үндэслэл болохооргүй харагдаж байна. Мөн шүүхийн зүгээс тодруулах үүргийнхээ дагуу хариуцагч талд албан бичиг хүргүүлж асуудлыг тодруулсан байдаг.  Үүнд зөрчлүүд нь яг ямар ямар зөрчил гаргасан вэ, зөрчлийг хэрхэн тогтоосон вэ гэдэг байдлыг тодруулсан. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад Засгийн газрын 1995 оны  97 дугаар тогтоолоор батлагдсан  журмыг баримталсан байх ёстой. Энэ журмын 4-т  сахилгын шийтгэл ногдуулахад заавал шалгаж тогтооно гэсэн. Энэ тухай баримтыг зөрчил гаргасан албан хаагчдад танилцуулсан байх гэж заасан байна. Мөн журмын дагуу нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдийг нэг бүрчлэн тогтоосон байх ёстой. Нэгжийн дарга нь эсвэл  комиссын бүрэлдэхүүнээрээ  тодорхой зөрчил гаргасан байна гэдгийг нотлох ёстой.  Боловсрол, соёл, урлагийн газрын даргын шүүхэд ирүүлсэн  2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 148 дугаартай тайлбарт ерөнхийдөө  тусгасан байдаг.

       Тайлбарт дурдсан хамгийн эхний зөрчил нь бол 2016-2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт,   гүйцэтгэлүүдээр  хангалтгүй буюу  “F” үнэлгээ авсан  гэжээ.

        Мөн Д.Еийг ажлаас халахдаа маргаан бүхий тушаалд 2016  оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлийг тусгаагүй тул энэ хэрэгт огт хамааралгүй. Дээрээс нь 2016 оны гэрээний биелэлтийн зөвшөөрсөн хэсэг дээр Д.Еийн гарын үсэг байхгүй байна. Хэрэв Д.Е гарын үсэг зураагүй татгалзсан байвал үүнийг баримтжуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, өөрт нь үлдэх нэг хувьд буюу гэрээний зөвшөөрсөн хэсэг дээрээ Д.Е нь зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурахаас татгалзсан гэдгийг гарын баримтаар нотолж бэхжүүлэх ёстой байсан. Гэтэл ийм зүйл байхгүй тул үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.

        Хоёр дахь үндэслэл бол 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн гэх боловч ярилцлага хийх замаар дүгнээгүй байна. Хавтаст хэрэгт  2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг  дүгнэсэн илтгэх хуудас  байхгүй. Дүгнэсэн, дүгнээгүй эсэх нь, нь гарын үсэг зурсан, зураагүй эсэх нь  ерөөсөө тодорхой бус байгаа учраас мөн адил  2017 онд үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл нь тогтоогдохгүй гэж үзэж байна. Нэгжийн дарга А.Еркегүлийн мэдүүлэг дээр  2016-2017 оны аль он байсныг сайн санахгүй байна, би дүгнэсэн гэсэн ба журмаараа  менежер нь өөрөө дүгнэх  ёстой тул нэгжийн даргын дүгнэснийг шууд баталгаажуулж байгаа нь өөрөө учир дутагдалтай.

               Хоёр дахь зөрчлийн тухайд  148 дугаар албан тоотод тодорхой тусгасан байсан. Д.Еийн хувьд 2017 оны эхний 2 сард ажилласан,  3 дугаар сараас хойш 7 дугаар сар хүртэл жирэмсний амралттай байсан. 07 дугаар сарын 16-аас, бараг 9 сар хүртэл ээлжийн амралтаа үргэлжлүүлэн авсан байсан. 2017 оны 9 дүгээр сар хүртэл хийсэн ажлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байгаа. 3 дугаар сар хүртэлх тушаалуудаас үзэхэд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь өөрөө хууль бус юм. Өмнө нь  9 дүгээр сард төлөвлөгөөгөө гаргаагүй гэж хариуцагчийн зүгээс ямар нэгэн асуудал хөндөж тавиагүй. 10-11 дүгээр саруудад төлөвлөгөөгөө гаргаад ажилласан, жилийн төлөвлөгөөг хариуцагч Боловсрол Соёл урлагийн газрын дарга Х.З өөрөө баталж өгсөн байна.

             Дуу хөгжмийн багшийн мэргэжилгүй, багшлах эрхгүйгээс багш нарт зөвлөгөө өгөх чадваргүй, багш нараас бичгээр болон амаар гомдол ирсэн гэсэн тайлбарыг хариуцагч хэлж байгаа боловч энэ талаарх нотлох баримт байхгүй байна. Зөвхөн нэг удаа уулзалт болсон, тэр уулзалтын үеэр багш нартай уулзаад санал бодлыг нь солилцсон асуудал байна. Нэхэмжлэгч Д.Еийн зүгээс ажил байдлын тодорхойлолтод мэргэжлийн хувьд юу гэж тусгагдсан вэ гэж асуусан. Тэгэхэд нь дээд боловсролтой, соёл урлагийн мэргэжилтэй гэж тусгагдсан гэсэн. Үүнээс харахад соёл урлагийн мэргэжилтэй байсан тохиолдолд соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтэн заавал дуу хөгжмийн багш байх ёстой юу,  үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө.

           Хэрэв Ермекийн талаар ярьж байгаа бол соёлын өв хариуцсан мэргэжилтэн бол мөн адил музейн чиглэлээр, аялал жуулчлалын чиглэлээр давхар мэргэшсэн байх ёстой юм уу гэсэн асуудал яригдана. Нэхэмжлэгчийн хувьд соёл урлагийн мэргэжлээр төгссөн гэсэн нотлох баримтаа өгсөн, дээд боловсролтой гэдэг дипломоо өгсөн. Соёл урлагийн мэргэжлээр төгссөн хэн ч бай ер нь соёл урлагийн чиглэлээр цогц үйлчилгээг  аль ч байгууллагад хүргэх чадвартай болж, эзэмшиж төгсдөг учраас заавал хөгжмийн мэргэжилтэй байх ёстой гэдэг нь үндэслэлгүй,  багшлах эрх нь бол энэ үндэслэлд хамаарахгүй. Багш нарын гомдлын хувьд бол уулзалтад оролцсон багш нарын зүгээс бүгд гарын үсэг зурсан байдаг. Түүнээс биш Д.Еийн ажил нь ийм, тийм гэдэг байдлаар бүгд гарын үсэг зурсан асуудал биш гэж ойлгосон.

   Саналаа илэрхийлсэн багш нарын хувьд 1 дүгээр бага сургуулийн хөгжмийн багш Ердигүл нь   хөгжмийн кабинетгүй гэсэн боловч харин гэрчийн мэдүүлэг дээрээ Д.Е надад алдаа дутагдлын талаар зөвлөгөө өгч байсан. Түүний мэргэжлийн ур  чадварын хувьд бол би мэдэхгүй гэж мэдүүлсэн. Үмиткерийн зүгээс урамшуулал байхгүй гэсэн  саналууд хэлсэн байдаг. Харин Отгонтуяа гэгч 2 дугаар бүрэн дунд сургуулийн багш “ мэргэжил арга зүйчгүй “гэж хэлсэн боловч гэрчийн мэдүүлэг дээр “шинээр орсон, туршлагагүй, түүнээс биш чадваргүй гэснийг би мэдэхгүй” гэсэн тайлбар өгсөн.

 Дундговьд болсон уралдаанд хүн оролцуулаагүй гэдэг  байдлын хувьд  2 дугаар бүрэн дунд сургуулийн багш гэрчийн мэдүүлэг өгсөн, эцэг эхчүүд өөрсдөө зардлаа төлөөд очих тохиолдолд оролцох боломжгүй гэсэн. Манай аймгийн хувьд онцлогтой 90 хувь нь казах үндэстэн байдаг учраас 2 дугаар бүрэн дунд сургуулиас л хүүхэд оролцох боломжтой. Тэгэхээр бусад сургуультай ярих шаардлага байхгүй гэж  бодож байна. Нэгэнт зардлаа өөрсдөө гаргах учраас хүчээр хүн явуулах боломж байхгүй юм. Д.Еийн зүгээс хүн оролцуулах боломжгүй болсон гэсэн тайлбаруудыг бидэнд утсаараа мэдэгдэж байсан гэсэн тайлбарыг хэлсэн. Дундговь аймагт зохион байгуулсан уралдаанд хүн оролцуулаагүй гэдэг зөрчил нь өөрөө нотлогдохгүй байна.

Мөн статистикийн мэдээг хугацаанд хүргээгүй гэдэг нь зөвхөн Д.Етэй холбоогүй гэдэг нь нотлогдсон. 2018 оны үр дүнгийн гэрээг байгуулаагүй гэдэг шалтгааныг хэлсэн. Ажлаас чөлөөлөх, халах тушаалд Төрийн албаны зөвлөлийн 134 дугаар тогтоолыг бүхэлдээ цогцоор баримталсан нь харагдаж байгаа. Гэтэл 2012 оны 134 дүгээр тогтоолын хавсралтыг  харахад талуудын хүлээх үүрэг байдаг. Хэрэв төрийн захиргааны жинхэнэ албан хаагч нь үр дүнгийн гэрээгээ өгөөгүй тохиолдолд бол менежер нь албан хаагчдад шаардлага тавих эрхтэй байдаг байна. Шүүх хуралдаанд хариуцагч шаардлагыг удаа дараа тавьсан, ерөөсөө хүргүүлээгүй гэсэн байдлаар тайлбарлаж байгаа. Д.Еийн  хувьд хүргүүлье гэсэн боловч  нэгжийн дарга А.Еркегүлийн зүгээс би чиний ажлыг ийм  байдлаар тусгаж өгнө гэж хугацаа хожимдуулсан гэсэн асуудлыг тавьсан. Аль аль тал нь буруутай байна гэж үзэхэд, журмаараа бол гэрээний төслөө менежерт өгөөгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд ногдуулах хариуцлагын үндэслэл болно гэсэн зохицуулалт нь байгаа.

Уг журмын 4-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл нь байгаа ч төрийн жинхэнэ албан хаагч нь тухайн жилийн гэрээний биелэлтээ тайлагнаагүй,  гэрээний төслөө бичгээр өгөөгүй тохиолдолд энэ журмын 8-д зааснаар дээд шатны удирдах албан тушаалтан буюу Төрийн албаны зөвлөлд Боловсрол соёлын урлагийн газрын даргын зүгээс хандах боломжтой байсан.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьездийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

 Уг маргааныг Төрийн албаны хуулиар зохицуулж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “ Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж төрийн хууль бусдын хэмжээнд санан сахиж албан үүргээ үнэн шударга биелүүлэхийг тангараглая. Тангаргаас   няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөсөн албан тушаалтан. Ажилласны төлөө төрөөс цалин, хөлс,  баталгаагаар хангагдаж байгаа.

Төрийн албан хаагчийг  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар бусад хуулийг дээдлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, харьяа дээд шатны байгууллагын үүргийг биелүүлэх, иргэн ёсоор төрийн ашиг сонирхлын бүрэн эрхийн хүрээнд ажиллахаар хуульчилсан байгаа. Нэхэмжлэгч Д.Ет 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан байна. Уг авагдсан сахилгын арга хэмжээнд маргаагүй байгаа. Сахилгын арга  хэмжээ авч байгаа үндэслэл нь дандаа үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Сахилгын арга хэмжээ авсан тушаалууд нь   хэрэгжсэн.  Халах сахилгын арга хэмжээг 2016-2017 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй хангалтгүй үнэлгээ авсан,  2018 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй зэрэг зөрчлүүдийг үндэслэн авсан байгаа.

 Нэхэмжлэгч би гарын үсэг зураагүй, ярилцлагад ороогүй, юмаа бичиж өгөөгүй, оролцсон хуралд би оролцоогүй гэж шүүх хурал дээр худал мэдүүлж байна,  үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Журмаар гарын үсэг зуруулж авъя гэхээр нь гарын үсэг зурж өгөхгүй байгаа хүнийг яах ёстой юм бэ, хүчээр зуруулах ёстой юм уу. Тэгэхээр нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, ярилцлагад ороогүй, гарын үсэг зурдаггүй хүн байна.

Соёлын бодлого хариуцсан мэргэжилтэн ажлын байрын тодорхойлолтоо өөрөө авч явсан, нэг жилийн хугацаанд ямар ажил хийж байгаа нь мэдэгддэггүй хүн гэж ойлголоо.  Дотор нь харандаагаар нэг юм бичсэн үр дүнгийн гэрээг өнөөдөр гаргаж өгч байна. Сарын төлөвлөгөө нь байхгүй, улирлын төлөвлөгөө байхгүй, тайлангаа бичиж өгдөггүй хүн яаж ажилладаг юм. Хуралд болохоор тайлбараа хэлэхгүй, гарын үсэг зурдаггүй, тэгээд орон тоо бөглөөд сууж байх ёстой юм уу. Төрийн албаны төрийн байгууллагын эрх ашиг гэж байна шүү дээ. Амралт, декрет өгөөд, ямар нэг цалин хөлс дутуу өгсөн талаар маргаан байхгүй байна. Тийм учраас сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал зөв гэж бодож байна. Бодит байдалд А.Еркегүлийн гэрчийн мэдүүлэг байна шүү дээ асуудлыг ярьсан байна, хуралдааны тэмдэглэл байна.  

Хүүхэдтэй гэж байлгаад байх хэцүү улсын эрх ашиг байна. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дээр  тушаал дээр баримталсан  захирагдах, захирагдах ёс гэж байгаа. Захирагдаж тайлангаа гаргаж өгөөд, хурал болгон дээр шаардуулахгүйгээр өөрөө манлайлж байх ёстой. Өчнөөн мэргэжилтнүүд материалаа өгч болж байхад, яагаад энэ хүн өгдөггүй, ганцхан энэ хүнд хурал хийдэг. Тийм учраас тэр захирах, захирагдах ёс зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлэхийг ажилтнаас шаардаж байна. Биелүүлэхгүй байхаар нь 13.1.5-ийг баримталсан.  Дараагийн асуудал бол  би компьютер ч, ширээ, сандал ч байхгүй ажиллаад ирсэн гэж үнэмшилгүй юм ярьж байна. Хийсэн ажил байхгүй учраас нотлох баримт байхгүй . Би ийм даалгаврыг ингэж биелүүлсэн, энэ дээр ингэж ажилласан, ийм семинар сургалт зохион байгуулсан гэж хийсэн ажлаа хавтас хэрэгтэй  оруулах хэрэгтэй шүү дээ. Энэхүү гаргаж байгаа нийтлэг зөрчлүүд дээр өмнө 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар  төрийн албанд эргэж орохгүйгээр 1 жилийн хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан  ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж бодож байна.

Энэ нь  хэрэгт цугласан нотлох баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотлох ёстой. Би 2016 онд ингэж, ийм ажил хийсэн гэж тайлангууд нь байх ёстой. Тайлангаас гадна өчнөөн төчнөөн бичгүүд байх ёстой. 09 дүгээр сарын 01-нд ажилд орсон байна, 9 сараас 2018 оны 01 дүгээр сарын 01 нь хүртэл ажилласан ажил нь байх ёстой.  Тийм учраас ажил олгогчийн мэргэжилтэн Д.Еийг ажлаас халж сахилгын шийтгэл ногдуулсан тушаал бол хууль зүйн үндэслэлтэй. Энэ хүн төрийн албанд ажиллах ёсгүй. Ерөнхий сайдын захирамж гарсан, 01 дүгээр сард төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах тухай. Хурал болгон дээр энэ хүн яригддаг,  удаа дараа  удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй гэх мэт 11 зөрчил байгаа. Д.Ет төрийн албанд ажиллах ёс суртахуун байхгүй. Мөн Н.Отгонтуяа гэдэг хүн “мэргэжлийн хүн байхгүй, биднийг удирдах чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байна” гэж ярьсан байна.  Иймд Д.Еийг  дахиад ажилд нь эргүүлэн тогтоох асуудал бол эргэлзээтэй байна. Тийм учраас ажил олгогчийн сахилгын шийтгэл үндэслэлтэй гэж үзээд хавтас хэрэгт байгаа нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Еээс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад холбогдуулан  “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Еийг хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаар “Мэргэжилтэн Д.Ед ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар[1] төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж,  албан тушаалаас нь халжээ.

Ийнхүү  халахдаа маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 13 дугаар зүйлийн 13.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3,   11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам”-ын Нэгдүгээр зүйлийн 1.1, 1.2, Хоёрдугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-ийн 2 дах хэсэг Тавдугаар зүйлийн 5.3, Зургаадугаар зүйлийн 6.4, 6.4.5 дахь хэсэг, байгууллагын удирдлагын зөвлөлийн болон хамт олны удаа дараагийн хурлын тэмдэглэл, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн багш нарын Боловсрол, соёл урлагийн газрын даргатай хийсэн уулзалтын тэмдэглэл зэргийг тус тус үндэслэл болгожээ.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлээ “...2017 онд хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдах албан тушаалтнаас удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй буюу ажил олгогчоос тавьсан хуульд нийцсэн шаардлагыг биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удаа дараа албан ажлын шаардлага тавихад хүлээн авахгүй, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй, хугацаат ажлыг заасан хугацаанд удирдлагад тайлагнахгүй, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр “F” үнэлгээ авсан, 2017 онд 2 удаа сахилгын шийтгэл авч байсан” гэж шүүхэд тайлбарласан.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд дээрх үндэслэл бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

  1. “Эрхэлсэн ажилдаа хайнга хандсан, удирдах албан тушаалтнаас өгөгдсөн үүрэг даалгаврыг болон хуульд нийцсэн шаардлагыг цаг хугацаанд биелүүлдэггүй, албан ажлын шаардлагыг хүлээж авдаггүй, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй, хугацаат ажлыг заасан хугацаанд удирдлагад тайлагнадаггүй” гэх үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “... Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “... Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” 24.3-д “...Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заажээ.

Хуулийн  заалтуудаас үзэхэд захиргааны байгууллага аливаа шийдвэрийг  гаргах  явцад тухайн шийдвэрт хамааралтай үйл баримт болон бодит нөхцөл байдлыг нотлох баримт цуглуулах замаар тогтоох үүрэгтэй байна.

Гэтэл энэхүү хэргийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгчийг  ажлаас халахад үндэслэл болгосон  дээрх зөрчил болгонд  хамааралтай  үйл  баримт болон бодит байдлыг  нотлох баримтаар тогтоосон гэж үзэх боломжгүй, тодруулбал, удирдах албан тушаалтнаас  хэзээ, хэдийд өгөгдсөн, ямар үүрэг даалгаврыг болон хуульд нийцсэн ямар шаардлагыг биелүүлээгүй,  ямар ажил үүргийг чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн, хэдийд хийж гүйцэтгэх ёстой байсан ажлыг ямар хугацаагаар хэтрүүлсэн зэрэг тодорхой тохиолдол бүрийг нарийвчлан судлаагүй ,  үйл явдал, бодит баримтаар  тогтоогоогүй  гэж үзлээ.

Маргаан бүхий захиргааны актад удирдлагын нэгжийн зөвлөлийн болон хамт олны удаа дараагийн хурлын тэмдэглэлийг үндэслэснээс гадна шүүх хуралдаанд хариуцагч талаас “... хамт олны хурал болгонд Д.Еийн асуудлыг хэлэлцдэг байсан, энэ нь ажил үүргээ хангалтгүй хийснийг нотолно” гэж тайлбарлан, тус шүүхэд нэгжийн зөвлөлийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн, 2017 оны 08 дугаар сарын 31 ний өдрийн, мөн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн багш нарын Боловсрол, соёл урлагийн газрын даргатай хийсэн уулзалт  тэмдэглэлүүдийг[2]  нотлох баримтаар гаргаж өгсөн.

Гэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 24-ний  болон 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрүүдийн тэмдэглэлд Д.Еийн талаар тусгагдсан “... ажил даалгавраа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд биелүүлээгүй”, “... багш нар Д. Еркеш мэргэжилтнийг шүүмжилсэн” зэргээс   нэхэмжлэгчийн талаарх асуудлыг ерөнхий байдлаар хэлэлцсэн гэж үзэх ба  үүнийг  бодит  баримт, нөхцөл байдлыг   нарийвчлан шинжлэн судалсны үндсэн дээр  илрүүлсэн тодорхой нэг зөрчил   гэж үзэх боломжгүй  байна.

Харин  2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлийг үндэслэж Б/05 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг , мөн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэж 2017 оны 03 дугаар сарын 03-ны Б/10 дугаар тушаалаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах  сахилгын шийтгэлийг тус тус  ногдуулсан,  дээрх хурлын тэмдэглэлүүдийг үндэслэж халах сахилгын шийтгэлийг давхар  ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл, нэг төрлийн зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзлээ.    

Иймээс “Эрхэлсэн ажилдаа хайнга хандсан, удирдах албан тушаалтнаас өгөгдсөн үүрэг даалгаврыг болон хуульд нийцсэн шаардлагыг цаг хугацаанд биелүүлдэггүй, албан ажлын шаардлагыг хүлээж авдаггүй, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй, хугацаат ажлыг заасан хугацаанд удирдлагад тайлагнадаггүй” үндэслэл нь тогтоогдохгүй байгаа тул энэ үндэслэлээр  ажлаас халах арга хэмжээ авсныг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

  1. “2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр  хангалтгүй дүн авсан, 2018 оны үр дүнгийн гэрээг байгуулаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий захиргааны актад тусгагдсан үндэслэлийн нэг болох  нэхэмжлэгчийг буруутгасан “2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр  хангалтгүй дүн авсан, 2018 оны үр дүнгийн гэрээг байгуулаагүй” гэх үндэслэл нь мөн хууль бус байна. Учир нь,

 Д.Еийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-ыг  шүүх хариуцагч талаас нотлох баримтаар удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй, Д.Еийг өөрөө авч явсан, харин Д.Е нь байгууллагын даргад өгсөн  гэж тус тус тайлбарласан.

Мөн хариуцагч шүүх хуралдаанд “ ... 2018 оны 01 сард үр дүнгийн гэрээгээ батлуулахаар ирсэн,  ...нэгжийн даргад  Д.Е ганцаараа үлдсэн байна, таны нэгжид ажилладаг тул та өөрөө сонсож,  дүгнээд надад танилцуулаарай гэж хэлсэн”, гэрч А.Еркегүл  шүүхэд “ ...Д.Е нь миний хариуцсан нэгжид харьяалагдах болохоор дарга түүний өгсөн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг надад авч ирж, энэ тайлангийн байгаа байдлыг хар, юу ч байхгүй байна гэж өгсөн. Миний бие Д.Еийг дуудаж тайланг хамгаалах талаар хэлэхэд “... би тайлангаа хамгаалахгүй, та нар тэгтэй тэргүй намайг ажлаас хална” гэж ярилцлага өгөхөөс татгалзсан. Би түүний бичсэн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг судалж үзээд бичсэн зүйл нь хангалтгүй байсан тул онооны саналын талаар даргад танилцуулсан, ярилцлагад ороогүй, “F” үнэлгээ авсан”  ,  нэхэмжлэгч  “... 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтийг байгууллагын даргад өгсөн, хэзээ дүгнэх, ярилцлага хэзээ явагдах талаар асуухад  явж бай, хугацааг нь өөрөө хэлнэ” гэсэн. Дараа нь ярилцлага аваагүй байсаар байгаад үр дүнгийн гэрээний биелэлт “хангалтгүй” гэж дүгнэснийг ажлаас халахаас өмнө мэдсэн“ гэх тайлбар, мэдүүлгийг[3] тус тус шүүхэд өгчээ.

Дээрх тайлбар, мэдүүлгүүдээс үзэхэд Д.Е нь 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг  менежер буюу байгууллагын даргад өгсөн, байгууллагын дарга танилцаж шаардлага хангахгүй гэж үзэн нэхэмжлэгчтэй  ярилцлага хийхгүйгээр нэгжийн даргад өгч үнэлүүлсэн,  нэгжийн даргын саналыг үндэслэн “F” буюу хангалтгүй гэсэн үнэлгээгээр дүгнэсэн, Д.Ет энэ талаар мэдэгдэхэд гарын үсээгүй, зөвшөөрөөгүй зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.  

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж заасан, мөн  19.3-т  заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012  оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан  хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж  дүгнэх журам”–ын /цаашид журам гэх/ 6 дугаар зүйлийн 6.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ”, 6.5-д “ Төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв менежер өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-нд тайлбарыг хавсарган төрийн жинхэнэ албан хаагчийн Хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно”, 6.7-д  “Гэрээний биелэлтийг дүгнэх "Илтгэх хуудас"-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно”, 6.8-д “Илтгэх хуудас"-ыг 3 хувь үйлдэж, менежер, төрийн жинхэнэ албан хаагч, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор  байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна”  гэж  тус тус зохицуулжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ шүүхэд  нотлохын тулд нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан, гэтэл  нэхэмжлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх  “Илтгэх хуудас”-ын  хувийг менежер буюу хариуцагч өөртөө болон байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид  тус тус авч үлдэх үүргээ биелүүлээгүй,  менежер нь төрийн албан хаагчтай ярилцлага хийгээгүй, “Илтгэх хуудас” –ыг хувийн хэрэгт хадгалаагүй  зэргээс  журмын  заалтууд  зөрчигдсөн гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа ба “Илтгэх хуудас”-ыг  шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй  тул нэхэмжлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэнд тооцох,  “F” буюу “хангалтгүй” үнэлгээ авсан  гэж шүүхээс үнэлэх боломжгүй байна.  

 Харин нэхэмжлэгчийг 2018 оны үр дүнгийн гэрээг байгуулаагүй үндэслэлээр буруутгасан хариуцагчийн үйлдэл үндэслэлтэй ба журмын 2.1-д “...төрийн жинхэнэ албан хаагч нь ... дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй”, 2.2-д “Менежер нь ...  дараа  оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Журмын дээрх заалтуудаас үзэхэд төрийн албан хаагч өөрөө биечлэн дараа оны гэрээний төслөө боловсруулж, хугацаандаа  менежерт танилцуулах үүрэгтэй ба нэхэмжлэгчийн “ ... үр дүнгийн гэрээнд тусгагдсан “тусгай ажлын үйлчилгээ”-г нэгжийн дарга А.Еркегүл гаргаж өгөхөөр болсноор түүнийг хүлээж үр дүнгийн гэрээг байгуулаагүй” гэсэн тайлбар үндэслэл муутай байна.

 Төрийн жинхэнэ албан хаагчийн  үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх, үнэлэх явцад  менежертэй хийх ярилцлагаас үндэслэлгүйгээр татгалзах, мөн дараа оны үр дүнгийн гэрээний төслөө өгөхгүй байх   тохиолдлыг журмын 8.1-д  “... төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө өгөөгүй тохиолдолд холбогдох тал байгууллагынхаа дээд шатны удирдах албан тушаалтан болон Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харъяаллын дагуу гомдол гаргаж болно. Гомдол хүлээн авсан этгээд ирүүлсэн гомдлын дагуу шалтгааныг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Холбогдох зөвлөл шаардлагай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно” гэж зохицуулжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Еийг дээрх үндэслэлүүдээр буруутгасан тохиолдолд журмын  дагуу эхлээд энэ талаар аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргаж, шалгуулан шийдвэрлүүлж, салбар зөвлөлийн саналыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах байсан гэж дүгнэлээ. 

  1. “Урьд нь 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байсан” гэх үндэслэлийн тухайд :

Нэхэмжлэгч Д.Ет эрх бүхий албан тушаалтан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар “ ...бүх соёлын төвийн эрхлэгч нарыг батлагдсан хөтөлбөргүй, удирдамжгүй, даргын зөвшөөрөлгүйгээр дураараа дуудсан” үндэслэлээр “сануулах”, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар “ ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, түүнийг давтан үйлдсэн, байгууллагын захиргаанд танилцуулалгүйгээр дур мэдэн төлбөртэй тоглолтын билет хэвлүүлэн, зар тарааж, байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ажил зохион байгуулсан” үндэслэлээр “цалингийн хэмжээг  1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах” зэрэг сахилгын  шийтгэлийг ногдуулсан болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан,  “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул сахилгын шийтгэлгүйд тооцох ба үүгээр хариуцагчийн  “2 удаа сахилгын шийтгэл авч байсан” гэсэн  үндэслэл үгүйсгэгдэж байна.

Мөн нэхэмжлэгчийг ажлаас халах үед тэрээр 9 сар 13 хоногтой хүүхэдтэй байсан нь хэрэгт авагдсан 8301000396 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээгээр[4] тогтоогдож байгаа ба хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халсан үйлдэл нь  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөн, мөн  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-т заасан тохиолдлууд тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

Иймд хуулийн дээрх  үндэслэлүүдээр хариуцагчаас  нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан” ...хууль дээдлэх..”  төрийн албаны  үндсэн зарчмыг баримтлаагүй, хууль бус шийдвэр гаргасан, үүний улмаас  нэхэмжлэгчийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолтыг[5] үндэслэн ажилгүй байсан 4 сар 9 хоногийн нөхөн олговор 2.253.254 /хоёр сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөгийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлөхийг , мөн бичилт хийхийг тус тус ажил олгогчид даалгаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.7,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дугаар зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.2.1,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсэг, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дах хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.Еийг соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх  нөхөн олговор 2.253.254 /хоёр сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөгийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, даатгалын дэвтэрт  бичилт хийхийг тус тус ажил олгогчид даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           З.ГҮЛБАРША

 

 

 


[1] Хэргийн 9 дүгээр хуудас

[2] Хэргийн 38-39, 44-46, 50-52, 56 дугаар хуудас

[3] Хэргийн 87, 189  дүгээр хуудас

[4] Хэргийн 10 дугаар хуудас

[5] Хэргийн 127 дугаар хуудас