Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхтайваны Э.Н-д холбогдох эрүүгийн 2038000020195 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Н-,

Шүүгдэгч Э.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 22-23-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Ч-ын зүүн нүдэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 22-23-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Ч-ын зүүн нүдэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000020195 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 3-р баг Яргисын багийн төвд шинэ жилийн үйл ажиллагаа болсон би тэр үйл ажиллагаанд өөрийн эхнэр Баярмаагийн хамт очсон. Г- гэдэг залуу таныг гараад ир гэж байна гэхээр нь хэн юм гэсэн чинь надад хэлэхгүй байсан. Тэгээд би гараад очтол 2 манай нутгийн залуу Б-, Э.Н-, Л- нар байсан. Тэгсэн Б- гэх залуу надад хандан чи миний ахыг зодож, дээрэлхсэн байна гэсэн. Тэгсэн Б-гийн эхнэр Б-д хандан наад хүнийг чинь зүгээр байж байхад Бадага ах өөрөө л цохиод өдөөд суугаад байсан гэж хэлсэн. Тэгээд бригадын төвийн хашаанаас гараад явж байтал Б- миний нүүр лүү мөргөөд Э.Н- намайг цохисон. Тэгэхэд нь манай эхнэр тэр хүмүүсийг больцгоо гээд салцгаасан. НямЭрдэнэ аль гараараа цохисныг нь мэдэхгүй байна миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

Гэрч Б.Б-н өгсөн “...Б- манай нөхрийг чи эр хүн юм болвол хоёулаа ийшээ яваад уулзъя гээд мөрөн дээрээс татсан чинь манай нөхөр тавь гэж хэлээд голын зах тал руугаа явсан. Тэгэхээр нь би Б-гийн эхнэртэй хамт араас нь явсан. ...Э.Н- манай нөхрийн зүүн талын нүд рүү нь баруун гараараа цохисон....” гэх мэдүүлэг/хх-ийн 15-р хуудас/

Гэрч С.Б-н өгсөн “...Тухайн үед би О.Ч-ыг цохиж чадахгүй мөсөн дээр хальтраад байсан. Тэгсэн намайг толгой руу цохиж авахаар нь Э.Н- ороод салгах гэсэн чинь О.Ч- Э.Н-г цохьчихсон юм. Тэгээд босоод ирэхэд О.Ч-ын зүүн нүд хөхөрчихсөн байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид нарыг салгаад явцгаасан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-р хуудас/

Шүүгдэгч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллгааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн Шинэ жил болоод багийн төвд арга хэмжээ зохион явагдсан. Тухайн үед 1 цагийн үед бүжиг болж байхад гадаа Б-гийн ах Б-г О.Ч- цохьсон гээд хүмүүс яриад байсан...Тэгээд О.Ч- гарч ирээд Б-тай уулзаж байгаад тэр хоёр голын зах руу явсан араас нь хүмүүс дагаад явсан. Тэгсэн тэр хоёр хэрэлдээд О.Ч- дээлээ тайлж тавиад зодоон болсон. Тухайн үед О.Ч- Б-г унагаагаад дээрээс нь цохиж байхад нь би очиж салгасан. Тэгсэн чинь та нар нийлж, хамжих юм бол хутаглана, зугтах юм бол буудна шүү гэж хэлсэн. Тэр хоёрыг салгаад зогсож байхад О.Ч- миний толгой руу цохиод байсан. Тэгээд миний уур хүрээд зөрүүлээд цохьсон...гэх мэдүүлэг /ххийн 26-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай: О.Ч-ын биед гэмтэл учирсан байна. О.Ч-ын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, няцралт хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. О.Ч-ын биед учирсан 3 гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 40-р тал/

Шинчээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...мөргөлтийн улмаас О.Ч-ын хамранд зулгаралт үүсэх боломжтой. Нүдний хөхрөлт бүхий гэмтэлд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/ Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-59- р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Н- нь 2019 оны 12 дугаар сарын 22-23-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Ч-ын зүүн нүдэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Энэ үйлдэл нь Хохирогч О.Ч-ын мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал, гэрч Б.Баярмаагийн мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, гэрч С.Буянбатын мэдүүлэг /хх-ийн 31-р тал/, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.Н-, хохирогч О.Ч- нар нь согтууруулах ундааны хэрэглэж, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал, тэдний хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.НямЭрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р тал/-аар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.Н- нь хохирогч О.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд 310.000 төгрөгийн хохирлыг төлсөн тухай эвлэрийн гэрээ хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 2038000020195 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Эы Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эгийн Э.Нийг таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 2038000020195 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР