| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0131/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2036000000158 дугаартай, 178/2020/0128/Э/ индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 12 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 13-12 тоотод амьдрах, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эхнэр Т.Ц*******гийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Цалинчийнхан овогт Төмөрөөгийн Ц*******гийн /1973 оны 03 сарын 04-нд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 06 сарын 13-ны орой манай нөхөр Х.******* надтай хэрүүл маргаан үүсгэж байгаад миний дух руу цохиход нь би орон дээр унасан. Тэгтэл миний толгой руу цохиж байгаад хаалга түгжчихээд намайг гаргахгүй байсан.Миний толгой, нуруу руу цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 507 дугаартай, шинжээчийн ... Т.Ц*******гийн биед зулайн орой хэсгийн sulcus /ховил/ дагасан цус, хамар ясны баруун талын зөрсөн хугарал,2 нүдний дээд болон доод зовхи, алиманд цус хуралт, нүүрний хаван хавдар, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад зулгаралт, 2 мөрөнд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Т.Ц*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Т.Ц*******гийн биед учирсан гэмтлүүд нь“Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 18-19-р хуудас/
Шүүгдэгч Х.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 06 сарын 13-ны орой гэртээ байж байгаад балны хэрэг болоод эхнэрээсээ бал асуусан чинь цүнхэнд байгаа гэсэн. Тэгэхээр нь цүнхийг нь уудлаад үзтэл дотроос нь бэлгэвч гарч ирэхээр нь уур хүрээд эхнэртээ “ чи дандаа бүжгэнд явж шөнө оройн цагаар залуучууд залгаад янз бүрийн юм яриад байдаг” гэж хэлээд гар луу нь цохиход эхнэр өмнөөс хэрэлдэхээр нь толгой хэсэгт нь цохисон.... гэх мэдүүлэг / хэргийн 25-26-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаас үзэхэд: Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн 13-12 тоотод өөрийн гэртээ байхдаа эхнэрийнхээ цүнхнээс бал авах гэж байтал цүнхнээс нь бэлгэвч гарч ирэхэд уурлан эхнэрийнхээ гар, толгой хэсэгт нь цохиж түүний биед ... зулайн орой хэсгийн sulcus /ховил/ дагасан цус, хамар ясны баруун талын зөрсөн хугарал,2 нүдний дээд болон доод зовхи, алиманд цус хуралт, нүүрний хаван хавдар, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад зулгаралт, 2 мөрөнд тус бүр цус хуралт... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Т.Ц*******г нь шүүгдэгч Х.*******ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр болох нь хэргийн 31 дүгээр хуудас дахь ******* овогт *******гийн *******, Цалинчийнхан овогт Төмөрөөгийн Ц*******г нарын 2000 оны 10 сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2001 оны 09 сарын 24-ний өдөр гэрлэлтийг бүртгэсэн “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”-гаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Х.******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Т.Ц*******гийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Т.Ц*******гийн ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.Бид хоёр эвлэрсэн... /хэргийн 14-р/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хуудас-29/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.*******ын хувийн байдлын талаар гэрч Н.Гэрэлмаагийн өгсөн... Х.******* нь эцэг эхээс арван гурвуулаа, айлын 3 дахь хүүхэд.Зан аашийн хувьд тайван дөлгөөн,хүнд их тусархуу,ажилч хичээнгүй хүн...гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ,6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 сар хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ... дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн, гаргуулах хохирол төлбөргүй.Улсын яллагчийн санал болгож байгаа 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгөөр торгохыг ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү ...гэх дүгнэлт тайлбар гаргаж байна гэв.
Шүүхээс: Шүүгдэгч Х.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн дүгнэлт тайлбар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Х.*******т дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний, дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 480000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 сар хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2036000000158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.2, 36.2 ,36.6- 36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 480000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацааанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 сар хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн 2036000000158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарласугай.
7.Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
8.Шүүгдэгч Х.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС