| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0131/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Х.У*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х.У*******т холбогдох 2036000000157 дугаартай, 178/2020/0131/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Алаг толгой багийн 1-18 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн У*******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.У******* нь Ховд аймгийн ******* сумын Алаг толгой багийн иргэн Х.У******* нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас хуулбарлан гаргуулан авсан иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий “Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар бригадын 1989 оны 70 дугаар данс”-ны мэдээллийг багтаасан нотлох баримтад”...Оюунчимэг гэсэн хүний нэрийг У******* гэж, 1988 оны баримтыг өөр оны баримтаар орлуулан толгой хэсэгт нь Дуут сумын 2 дугаар бригад 1988...” гэж засварласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Бичиг баримтад үзлэг хийсэн... Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар бригадын 1987-1989 оны 70 дугаар дансны эх баримтаас хуулбарлан ирсэн 3 хуудас хавсралтыг Х.У*******ийн 2020 оны 01 сарын 22-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргахдаа хавсралтаар өгсөн 3 хуудас Дуут сумын 1987-1989 оны 70 дугаар дансны хуулгыг хооронд нь харьцуулан үзлэг хийв.Ховд аймгийн Архивын тасгаас 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 1416 тоот албан бичгээр ирсэн Дуут сумын 2-р бригадын 1987 оны баримтыг Х.У******* нь 2020 оны 01 сарын 22-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэнд хавсаргаж өгөхдөө “Оюунчимэг” гэх хүний нэрийг “У*******” болгон засаж, уг баримтын доод талд “Дуут сум 2-р бригад 1987 он” гээд гараар засвар оруулан бичсэн байв. Мөн Ховд аймгийн Архивын тасгаас ирсэн Дуут сумын 2-р бригад 1988 он” гэж бичээд, уг бичгийн урд хэсэгт “30”-ын тоог гараар бичиж үргэлжлүүлэн “Б.Хөдөө” гэж бичсэн байв. Архивын тасгаас ирсэн Дуут сумын 2-р бригадын 1988 оны баримтын хуулбарт “*******”, “Даваажав” гэсэн хоёр хүний нэр байсан бол Х.У*******ийн шүүхэд гаргаж өгсөн Дуут сумын 2-р бригадын 1988 оны баримтанд “*******”,”Даваажав”, “Эрдэнэцогт” , “Оюунчимэг” гэсэн хүмүүсийн нэр байв. “ Оюунчимэг” гэсэн хүний нэрийг өөрчилж “У*******” болгож засвар оруулсан байв... гэх тэмдэглэл / хэргийн 15-16-р хуудас/
Гэрч С.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Х.У******* манайд лавлагаа гаргуулах хүсэлт гаргасны дагуу 2020 оны 01 сарын 20-ны өдөр лавлагаа гаргаж өгсөн. Уг лавлагаанд 1987,1988,1989 онуудад *******гийн У******* гэсэн нэр байгаагүй. Зөвхөн аав *******, ээж Даваажав, эгч Оюунчимэг, дүү Эрдэнэцогт гэсэн хүмүүсийн баримт байсан.16 наснаас хойш гэр бүл болох хүртэл эсхүл тусдаа өөрөө өрх толгойлох хүртэл мал маллаж байсан хугацааг аав ээж, гэр бүлийн гишүүдийн лавлагааг хамт гаргаж өгдөг. Энэ нь улсад ажилласан жилд ордог ба Х.У******* шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн гэхээр нь гаргаж өгсөн. 1991 оны Улсын дээд шүүхийн тайлбар дээр ажилласан жилийг шүүхээр тогтоолгох журамд заасан байдаг... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 1416 дугаартай албан бичгээр ирүүлсэн Дуут сумын 2 дугаар бригадын 1987, 1988,1989 онуудын 70 дугаар дансны баримтууд / хэргийн 20-23-р хуудас/
Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5/212 дугаартай албан бичиг / хэргийн 7-р хуудас/
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 153/ШЗ2020/00421 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж, Х.У*******ийн шүүхэд гаргасан хүсэлт, хавсаргасан баримтууд / хэргийн 36-42-р хуудас/
Шүүгдэгч Х.У*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны үед намайг шүүхээс дуудаад иргэний хэргийн шүүх хуралдаан болоод шүүх хурал дээр шүүгч С.Оюунжаргал надаас “...таны бүрдүүлж өгсөн баримт дотор засвар орсон байна.Та өөрөө засварласан уу” гэж асуухаар нь би “ тиймээ, би өөрөө засварласан” гэж үнэнээ хэлсэн. Тэгтэл шүүгч шүүх хуралдаанаа завсарлуулаад “ та явж бай, шүүх хуралдааныг хойшлууллаа, таныг Цагдаагийн байгууллагаар шалгуулна” гэж хэлсэн. Миний 1987 онд хөдөлмөр эрхэлж байсан баримт Ховд аймгийн Архивын тасгаас шүүлгэхэд гарч ирээгүй болохоор нь би төрсөн эгчийнхээ 1987 онд хөдөлмөр эрхэлж байсан баримтын оныг нь солиод нэрийг нь солиод засвар оруулсан... гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.У******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргахдаа Ховд аймгийн Архивын тасгаас лавлагаа авахад өөрийнх нь нэрээр баримт гарч ирээгүй тул аав, ээж, эгч нарынхаа нэрээр гарч ирсэн лавлагаанд эгч Оюунчимэгийн нэрийг засварлаж У******* болгож, мөн 1989 оныг 1988 он гэж засвар оруулж шүүхэд ирүүлсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.У******* нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласнаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Х.У*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохын тулд шүүхэд гаргасан хүсэлтэндээ хавсаргасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн буюу нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.У*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Х.У******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 43-р/ тогтоогдож байна
Шүүгдэгч Х.У*******ийн хувийн байдлын талаар гэрч М.Мөнхжаргалын өгсөн...Х.У******* нь Дуут сумын дунд сургуульд сурч байгаад цаашаа сургуульд явалгүй мал дээр гарсан.Олон жилийн өмнө нөхрөөсөө салсан. Хүүхдүүдийнхээ хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй.Зан байдлын хувьд үг дуу цөөнтэй,өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар сайн биш, хөдөлмөрч, ах дүү, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн... гэх мэдүүлэг / хэргийн 44-45-р хуудас/
Гэрч Х.На*******ийн ...Х.У******* эцэг эхээс 11-үүлээ, 8 дугаар ангиа төгсөөд хөдөө мал малласан.Хүүхдүүд нь том болоод тусдаа гарсан.Х.У******* ажил эрхэлдэггүй 10-аад жил өвчтэй ээжийгээ асарсан... гэх мэдүүлэг / хэргийн 46-47-р хуудас/
Ховд аймгийн ******* сумын Алаг толгой багийн Засаг даргын... *******н У******* нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт 1-р гудамжны 18 тоотод оршин суудаг... гэх тодорхойлолт зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Х.У*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн,хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Х.У*******ийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.У*******т хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх гэх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч Х.У******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа.Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхээс: Шүүгдэгч Х.У*******ийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.У******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.У*******т тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.У******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.2, 36.6- 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Их хойд овогт *******гийн У*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Их хойд овогт *******гийн У*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Х.У*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.У*******т тайлбарласугай.
5.Эрүүгийн 2036000000157 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.У*******т үүрэг хүлээлгэсэн болон тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.У*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form