| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0023/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/27 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/27
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Р.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Р-ын О-т холбогдох эрүүгийн 2027000110012 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг, "___" гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогтой Р-ын О- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Р.О- нь 2020 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Өвтийн амны “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.68 шоо.метр шинэс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай УА3469 маркийн автомашинаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр Бат-Өлзий сумын төв рүү тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Би одоогоор Бат-Өлзий сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Энэ ажлыг хийгээд 26 жил болж байна. Би сумын нутаг дэвсгэрт “___” гэх газраас “___” гэх газар хүртэлх газрыг хариуцан ажилладаг. Би саяхан мэдсэн О- нь шинэс мод бэлтгэсэн байсан. Р.О- нь мод бэлтгэсэн газрын ойр хавиар нутагладаг юм. Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар биш байгаа юм. Харин тусгай хамгаалалттай орчны бүсэд хамаарна. Байгаль орчинд учирсан хохиролыг төлчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 дугаар хуудас/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Намайг нутгийн хүмүүс Д- гэж дууддаг миний жинхэнэ нэр бол Д- юм. Би Р.О-тай тохиролцоод 2019 оны 10 дугаар сард тухайн машиныг 300 000 төгрөгөөр худалдсан. Тэр машин бол О-ын эзэмшлийн машин юм. Би 2018 онд нутгийн хүн болох М-гээс тухайн автомашиныг худалдаж авсан юм. Тэгээд би өөрөө унаж байгаад Р.О-т зарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,
Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Р.О- нь ерөнхийдөө сургууль соёлд сураагүй өөрийн гэсэн өмч хөрөнгө гээд байх юм бол байхгүй хэдэн цөөн тооны ямаатай, энэ жилийн мал тооллогоор 200 ямаа тоолуулсан эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Р.О- нь манай багийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн нэг нь байгаа юм. Хүнсний талонд хамрагддаг өрх эхнэр Д- нь хүүхдүүдээ хараад гэртээ ажилгүй байдаг. Р.О- нь зуны улиралд хөдөө гарч айлуудын мал хуйг харж өгдөг. Зан байдлын талаар бол ерөнхийдөө архи дарс нэг их уугаад байдаггүй, даруухан дуу цөөнтэй, төлөв даруу зантай хүний үгээр байдаг чих зөөлөнтэй хүн байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд, хураан авсан тэмдэглэлүүд, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, модны үнэлгээ, хөрөөний үнэлгээ, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 31-52 дугаар хуудас/,
Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 12, 15 дугаар хуудас/,
Автомашины үнэлгээ, шүүгдэгч Р.О-ын Хаан банк дахь дансы хуулга, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019+ оны тоологын хуулбар /хх-ийн 28, 95-99, 100-101 дүгээр хуудас/
Шүүгдэгч Р.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ дугаар багийн засаг даргын шүүгдэгч Р.О-ын зан байдал, амьжиргааны түвшний талаарх тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Р.О- нь 2020 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Өвтийн амны “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 12, 15 дугаар хуудас/, гэрч Б.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Р.О-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.О-ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Р.О- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 249 696 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 249 696*3=749 088 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь 749 088 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Р.О-аас 749 088 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Р.О- нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай УАЗ469 маркийн автомашиныг ашигласан байна.
Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж автомашиныг үнэ болох 800 000 төгрөгөөс шүүгдэгчийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 749 088 төгрөгийн хохирлыг төлж үлдсэн 50 912 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
Мөн хууль бусаар бэлтгэсэн 100 000 төгрөгийн үнэлгээ бүхий 14 ширхэг шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулах талаар санал гаргасан боловч тэрээр нэн ядуу өрхөд хамаардаг, мөн шүүгдэгч нь мөнгө хэрэг болсон тул зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтэсэн гэж тайлбарладаг тул шүүхээс шүүгдэгч Р.О-т гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.О-ын цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас нийт 40 цагийг хасч биечлэн эдлэх ялыг 210 цагаар тогтоох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг улсын орлого болгож, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогтой Р-ын О-ыг зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Р.О-ыг 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Р.О-т оногдуулсан 250 / хоёр зуун тавин / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар прокурорын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 08 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.О-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ___ улсын дугаартай УАЗ469 маркийн тээврийн хэрэгслийг хурааж автомашиныг үнэ болох 800 000 төгрөгөөс шүүгдэгчийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 749 088 төгрөгийн хохирлыг төлж үлдсэн 50 912 төгрөгийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, хууль бусаар бэлтгэсэн 100 000 төгрөгийн үнэлгээ бүхий 14 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Р.О-ын цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас нийт 40 цагийг хасч биечлэн эдлэх ялыг 210 /хоёр зуун арав/ цагаар тогтоосугай.
6. Р.О-т авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Р.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА