Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/2021/0070/З Дэвжих хөгжил

 

 

Г.Ш-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Г.Ш, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд У.З нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 110/ШШ2021/0065 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Ш-ын давж заалдах гомдлоор Г.Ш-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 110/ШШ2021/0065 дугаар шийдвэрээр: “... Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 23 дугаар зүйлийн 23.2.3, 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ш-аас Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Ш давж заалдах гомдолдоо: “... миний бие намайг Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилсон шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд намайг албан тушаал бууруулсан тушаалтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Албан тушаал бууруулах тухай тушаалд хэдий “... шатлан дэвших хугацаа хангаагүй” гэж бичсэн байгаа боловч тус үндэслэл нь намайг албан тушаал бууруулах үндэслэл болохгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах 3 үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд дээрх үндэслэлээс өөр үндэслэлээр албан тушаал бууруулах боломжгүй. Б/13 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3 дахь хэсгийг үндэслэл болгосон бөгөөд энэ нь “Хуульд заасан бусад үндэслэл” гэсэн зохицуулалт байгаа. Хэрэв хариуцагч тал энэ заалтын дагуу албан тушаал бууруулж байгаа тохиолдолд ямар хуулийн зүйл, заалтын дагуу албан бууруулж байгаагаа хамт хэрэглэх ёстой. Гэтэл Б/13 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 45.1.3 дахь заалтыг барьсан атлаа бусад үндэслэл гэсэн нь юуг үндэслэл болгоод байгаа нь тодорхойгүй байхад шүүх анхаарч үзээгүй, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шатлан дэвших хугацаа хангаагүй гэдэг маань Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан албан тушаал бууруулах үндэслэлд хамаарахгүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсгийг зөрчсөн тохиолдолд албан тушаал бууруулахаар тусгайлан зохицуулсан зохицуулалт байхгүй байхад дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Г.Ш-ыг “Төрийн албаны шатлан дэвших хугацаа хангаагүй, хууль эрх зүйн туслах үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” гэх үндэслэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн хэлтэст эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

             Хэрэгт авагдсан баримтаар Г.Ш нь анх Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар тус газрын Хууль эрх зүйн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар мөн хэлтсийн даргаар жинхлэн томилогдоход төрийн албанд нийт хугацаа нь 3 жил 10 сар 26 хоног ажилласан туршлагатай байсан нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий актаар Г.Ш-ыг “төрийн албаны шатлан дэвших хугацааг хангаагүй” буюу Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т төрийн албанд 8-аас доошгүй жил ... ажилласан байх, 26 дугаар зүйлийн 26.3-т ажилласан жил тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан бол хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болохоор тус тус заасныг зөрчиж томилсон гэж үзэж, Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлснийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Тэрээр дээрх хуульд заасан төрийн албанд томилогдох шалгуур болох төрийн албанд ажилласан хугацаанд төрийн алба эрхлээгүй чөлөө авсан болон цэргийн алба хаасан хугацааг оруулж тооцохгүй талаар дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан чадахуйн зарчимд нийцсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... Хууль эрх зүйн даргын албан тушаалд томилсон тушаалтай маргаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шатлан дэвших хугацаа хангаагүй гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан албан тушаал бууруулах үндэслэлд хамаарахгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Төрийн албаны хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэжээ. 

Нэхэмжлэгч Г.Ш нь Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилогдохдоо маргаан бүхий актад дурдсан төрийн албанд шатлан дэвших шаардлага буюу төрийн алба хаасан хугацааны 50 хувийг ч хангаагүй байсан нь тогтоогдож байхад Увс аймгийн Тамгын газрын дарга нь түүнийг тухайн албан тушаалаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй. Харин түүнийг албан тушаал бууруулж өөр албан тушаалд томилсны улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордоогүй, эрх,  хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 110/ШШ2021/0065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Ш-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                                              Н.ХОНИНХҮҮ

                        ШҮҮГЧ                                                                              С.МӨНХЖАРГАЛ