Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 053

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц  сумын 4 дүгээр багийн оршин суугч Ө.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны даргалагчид холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 14 дугаартай “Хурлын дарга Ө.Сыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга:

 Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хууль бусаар зохион байгуулж, Хурлын дарга Ө.С намайг огцруулах тухай 14 дугаартай тогтоол гаргасныг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Уг тогтоолын үндэслэлд ...тус сумын Хурлын даргаар ажиллаж буй Ө.С нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  тогтоолоор зарлагдсан ээлжит 5 дугаар хуралдааныг удирдахгүй, цаг хугацаа алдагдуулах, хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин, хувийн болон улс төрийн ашиг сонирхолд хэт автагдан сум орон нутаг, төрийн ажилд байнга саад хийх, зөвхөн нэг асуудлаар удаа дараа хөөцөлдөж Хурлын ажлыг зогсонги байдалд оруулан, хурлаа удирдан зохион байгуулах чадамжгүй тул Хурлын даргад итгэл үзүүлэх үгүй эсэхэд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 52.6 хувийн саналаар Хурлын даргын ажлыг хангалтгүй гэж тооцсон хэмээн тусгажээ.

Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдуулахаар зарлаж, хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар авч хэлэлцэж батлан, мэдэгдэх хуудсыг бүх төлөөлөгчдөд тараасан. Хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “...анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга удирдана”, 23.7-д “...сумын Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.4-т “...Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус заасан.  Сумын Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн ба уг хуралдааныг Хурлын дарга Ө.С би удирдан явуулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.7 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн бөгөөд хуралдаан ямар нэгэн хийсвэр маягаар явагдаагүй болохыг хамгийн түрүүнд дурдах нь зүйтэй байна.

Ээлжит хуралдаанаар ...сумын Засаг даргын 2017 онд гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх, 2018 оны төсвийн төслийг батлах, орон нутгийн хөгжлийн сангаас 2017 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсох, сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны төлөвлөгөөг батлах гэх мэт асуудлуудыг хэлэлцэхээр баталсан байсан боловч сумын Засаг даргаас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг танилцуулж, уг хуралдаанаар С.Бекетийг сумын Засаг даргаас огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэх тухай төлөөлөгчдөөс санал оруулж, улмаар хуралдаанд оролцсон 11 төлөөлөгч буюу олонхийн саналаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасантай нийцсэн болно.

Төлөөлөгчдийн гаргасан саналын хүрээнд сумын Засаг даргыг огцруулсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа Хурлын төлөөлөгчдөөс Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулахад дэмжигдээгүй тул хуралдаанд оролцож буй 11 төлөөлөгч завсарлага авах тухай хүсэлт гаргаж, тэрээр завсарласан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ээлжит 5 дугаар хуралдааны үргэлжлэл явагдана гэдгийг 3 хоногийн өмнө Хурлын бүх төлөөлөгчид болон сумын Засаг даргад мэдэгдсэн боловч төлөөлөгчдийн ихэнх нь хуралдаанд ирээгүй, 11 төлөөлөгч ирсэн тул олонхи бүрдсэн гэж зарим асуудлыг хэлэлцсэн хэдий ч сумын Засаг дарга хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн төрийн сангийн төлөөлөгч буюу холбогдох ажилтнууд төсвийн төслийг хуралдаанд оруулж ирээгүй байсан тул зайлшгүй завсарлага авах шаардлага үүсэж, хуралдааныг нээлттэй орхисон юм.

Хурлын дарга Ө.С би аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.С танаа гэх 1-01/36 дугаартай албан бичгийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн орой ирж, маргааш өглөө 10:00 цагаас аймгийн Засаг даргатай ажил хэргийн шугамаар уулзсан болно.

Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14:00, 15:00 цагийн орчимд тус сумын Хурлын 10 төлөөлөгч хууль бус хуралдааныг хуралдуулж, “Хурлын дарга Ө.Сыг огцруулах тухай” 14 дугаартай тогтоол гаргаж, Хурлын даргын албан өрөөний хаалгыг эвдэн орж, улмаар цоожийг нь өөрчилж, тамга, тэмдгийг хууль бусаар авсан үйлдэл гаргасан байна.

“ Хурлын дарга Ө.Сыг огцруулах тухай” 14 дугаартай тогтоолд Хурлын төлөөлөгчдийн ирцийг 11 төлөөлөгч хэмээн 52 хувийн ирцтэй гэдэг нь ор үндэсгүй бөгөөд зөвхөн 10 төлөөлөгч оролцсон, уг тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “..сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 22 дугаар зүйлийн 22.1.2-т “...тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 23.7-т “...сумын Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, 25 дугаар зүйлийн 25.1-т “...Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална”, гэснийг тус тус зөрчсөн. Тэрээр 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа Ө.С би Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 4 жилийн хугацаатай сонгогдсон. Хурлын даргын 2017 оны хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг тухайн Хуралд тайлагнаж, “хангалттай” гэсэн үнэлгээ авсан болохыг дурдаж байна.

Хуульд зааснаар 21 төлөөлөгчийн 11 төлөөлөгч буюу 52,6 хувийн ирцтэй тохиолдолд хуралдаан хүчинтэй болох байсан боловч 10 төлөөлөгч буюу 47,4 хувийн ирцтэй хуралдаж, тогтоол гаргасан нь хуульд нийцээгүй, хуралдаан зохион байгуулах талаар  бусад төлөөлөгч нарт хуралдаанд оролцох талаар ямар мэдэгдэл танилцуулга хийгээгүй.  Би аймагт ажлаар  явахаас өмнө Хурлын нарийн бичгийн дарга Ц.Зайкенд 5 дугаар хуралдааны үргэлжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 09:00 цагаас үргэлжлүүлэхийг намын бүлгүүдэд болон сумын Засаг дарга, Хурлын төлөөлөгчдөд мэдэгдээрэй гэж үүрэг даалгавар өгсөн хэдий ч намайг явсныг далимдуулан ирц бүрдээгүй 10 төлөөлөгчийн хийсэн хуралдаанд оролцож, хууль бус ажиллагааг зохион байгуулсан.

Иймд Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны “Хурлын дарга Ө.Сыг огцруулах тухай” 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгох, тус сумын Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч түүний төлөөлөгчөөс  гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Ө.Сын хууль зөрчсөн асуудлыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэхүү хуралдаан нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарласан хуралдааны үргэлжлэл байсан юм. Уг 05 дугаар хуралдаан нь анх эхлэхдээ 19 төлөөлөгчийн бүрэлдэхүүний ирцтэй байсан. Тухайн үед Хурлын дарга Ө.С нь хуралдааныг албан ёсоор эхлүүлэн удирдаж байгаад хуралдаанаа санаатайгаар орхин гарч гацаанд оруулж байсан. Иймд тухайн хуралдаан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчтэй ба тухайн хуралдаанд 11 төлөөлөгч биечлэн оролцсон, энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т заасныг зөрчөөгүй болохыг нотолж байна.

Ө.С нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор зарлагдсан ээлжит хуралдааныг удирдахгүй, цаг хугацаа алдагдуулах, хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүй орхин гарах, төрийн ажилд байнга саад хийх, зөвхөн нэг асуудлаар удаа дараа хөөцөлдөн үймүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулан гаргасан шийдвэрүүдийг ёсчилж баталгаажуулаагүй байдал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд саад хийх, Хурлын байгууллагын тамгыг булаан авах зэрэг төрийн албаны ажилд ёс зүйгүй хандан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1.б, 19 дүгээр зүйлийн 19.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Ө.Сыг  үүрэгт ажлаас огцруулан энэ тухай 14 дугаартай тогтоол гаргасан юм. Ө.Сын аймгийн Засаг даргын 03 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/361 дугаартай албан бичиг нь Хурлын нарийн бичгийн даргын бичиг хэрэгт бүртгэлгүй, тухайн үед ямар ажлаар хаашаа явж байгаагаа мэдэгдээгүй байна. Ө.Сад итгэл үзүүлэх эсэх асуудлыг тусган ээлжит 5 дугаар хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах тухай саналыг 2 намын бүлгээс биечлэн албан тоотыг бүртгүүлэн Хурлын дарга Ө.Сад мэдэгдсэн. Энэ нь ээлжит хуралдаан болохоос 1 хоногийн өмнө 21 төлөөлөгчид холбогдох тооцоо судалгааны хамт тараасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.23 дах хэсэгт заасантай нийцэж байгаа юм.

Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага учраас ямар ч асуудлыг хуралдаанаар хэлэлцэх ёстой. Ээлжит 5 дугаар хуралдааны үргэлжлэл 02 дугаар сар, 03 дугаар сард хийгдээгүй, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуралдаан болох талаар Хурлын нарийн бичгийн дарга бүх төлөөлөгч нарт мэдэгдсэн байгаа. Х.Бахытжан төлөөлөгчийн хувьд тухайн өдрийн хуралдааны ирцэд бүртгүүлж, аймаг руу явсан байдаг, түүний эсрэг санал өгсөнд тооцсон.

Ингээд хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхийн саналаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “б” заалтаар  Хурлын дарга Ө.Сыг огцруулсан байдаг Иймд нэхэмжлэгч Ө.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эхэлсэн хуралдааны үргэлжлэл нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үргэлжилсэн ба хууль бус явагдсан хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн байгаа. Анх хуралдаан яагаад нээлттэй орхигдсон бэ гэдгийг нэхэмжлэгч тодорхой тайлбарлаж хэлсэн. Нэмж хэлэхэд тухайн өдрийн хуралдаанд сумын Засаг дарга С.Бекет оролцож, тус сумын Засаг даргын хувьд жилийн ажлыг тайлагнах ёстой байсан боловч хуралдаанд оролцохоос татгалзсан байгаа. Ээлжит хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үргэлжлүүлэхэд мөн адил сумын Засаг дарга оролцохоос татгалзсан байх ба уг хуралдааныг хойшлуулсан хэд хэдэн шалтгаан байсан. Үүнд, Засаг дарга тайлан тавихаас татгалзсан, сумын төсвийн гүйцэтгэлийн тайлан батлах, төсвийг өргөн мэдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх боломжгүй байдалд хүрсэн. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сумын Засаг дарга тайлангаа тавиагүй учраас түүнийг ажлаас нь огцруулах шийдвэр гаргасан байх ба Засаг даргын хувьд огцруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Тэгэхээр тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар төсвийг хугацаандаа батлах үүднээс Засаг даргыг огцруулсан шийдвэрийг өөрсдөө хүчингүй болгож, Засаг даргад албан ёсоор хандсан. Харин сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга биш сумын Засаг дарга нь ажлаа хийгээгүй ирсэн гэдгийг хэлмээр байна. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд Хурлын даргаар ажиллаж байсан Ө.Сыг огцруулах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Ө.С нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын албан тоотыг хүлээж авч аймаг руу явсан талаар сая тайлбарлаж хэлсэн. Аймгийн Засаг дарга тухайн өдрийн албан тоотод ард иргэдээс сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай холбогдох бичиг баримтыг авч ирж, биечлэн уулзаарай гэсэн агуулгатай зүйл дурдсан байдаг. Нэгэнт аймгийн Засаг даргаас үүрэг даалгавар өгч дуудаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч сумын Хурлын даргын хувьд очихоос татгалзах эрх байхгүй. Харин сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааны үргэлжлэл 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр болох талаар төлөөлөгч нарт мэдэгдэхийг Хурлын ажлын алба буюу нарийн бичгийн дарга Ц.Зайкенд үүрэг болгосон байх боловч  нэхэмжлэгчийг байхгүй үед нь хуралдаан хийсэн асуудал байгаа. Гэрч Ц.Зайкен нь Хурлын дарга Ө.Сыг огцруулсан хуралдаанд төлөөлөгч Х.Бахытхан байгаагүй гэж,  мөн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болох ээлжит 5 дугаар хуралдааны товыг төлөөлөгч нарт албан ёсоор мэдэгдээгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэрэгт гэрчээр асуугдсан гэрч н.Хуантхан нь “03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны товыг надад мэдэгдээгүй, албан шаардлага болон мэдэгдлийг надад огт танилцуулаагүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэрч Уранбадамын хувьд “03 дугаар сарын 27-ны өдөр болсон хуралдааны товыг урьдчилан мэдэгдээгүй, хуралдаан болсны дараа мэдэгдэх хуудаст гуйж байгаад гарын үсэг зуруулж авсан” гэсэн байгаа. Харин тухайн өдрийн хуралдаанд 11 төлөөлөгч бус 10 төлөөлөгч оролцсон нь тогтоогдож байгаа бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “... сумын Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно ...” гэж заасан.

Гэрч сумын Хурлын төлөөлөгч Х.Бахытхан мэдүүлэг өгөхдөө “миний бие хуралдаан болох өдөр өглөө очиход хуралдааны танхимд 5-6 төлөөлөгч байсан ба хуралдааны танхимд  ороогүй” гэсэн байдаг. Нэгэнт тухайн өдрийн хуралдаанд Х.Бахытхан нь оролцоогүй учраас уг хуралдаанд оролцсон 10 төлөөлөгч дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “... Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй ...” гэж заасан боловч уг хуулийн 24.3-т “...Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй ...” гэжээ. Сумын Засаг дарга С.Бекетийн хувьд мэдэгдэл өгсөн хэдий ч тухайн өдрийн хуралдаанаар Ө.Сыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах санал тавиагүй, огцруулах тухай санал оруулсан гэхэд, тооцоо, судалгаа, лавлагаа нь байгаагүй болно. Үүгээрээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн байна. Харин тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс дээрх хуулийн 24.3-т заасан шаардлагыг хангаж мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч үүнийг Хурлын дарга Ө.Сад албан ёсоор танилцуулж, гардуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар огт тогтоогдохгүй байна. Нөгөө талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь зөвхөн Ө.Сыг огцруулахыг дэмжиж буй төлөөлөгч нарт мэдэгдсэн асуудал байгаа. Тийм учраас Ө.Сыг огцруулсан 14 тоот тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “... сумын ... ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно...”, 23.7-д “... сумын Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно ...”, 25.1-д “... Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 14 дугаартай тогтоолоор “ажлыг  нь хангалтгүй” гэж тооцож, тухайн хуралдаанд оролцсон гэх төлөөлөгчдийн 52.6 хувийн саналаар сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Сыг албан тушаалаас нь огцруулж[1], 15 дугаар тогтоолоор  Хурлын даргаар К.Рыг сонгосон[2] байна.

Хурлын даргын ажлыг “хангалтгүй” гэж үзсэн уг үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад “сумын Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг удирдахгүй, цаг хугацаа алдагдуулах, хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин, хувийн болон улс төрийн ашиг сонирхолд хэт автагдан сум орон нутаг, төрийн ажилд байнга саад хийх, зөвхөн нэг асуудлаар удаа дараа хөөцөлдөж, Хурлын ажлыг зогсонги байдалд оруулан Хурлаа удирдан зохион байгуулах чадамжгүй” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй  болгохыг хүссэн  үндэслэлээ “Сумын Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эхэлсэн ба 11 төлөөлөгч завсарлага авах тухай хүсэлт гаргаснаар хуралдаан завсарлаж, 01 дүгээр сарын 17-ны өдөр үргэлжилсэн боловч төлөөлөгчдийн ихэнх нь, мөн сумын Засаг дарга болон хуралдаанд оролцох төрийн сангийн төлөөлөгч, холбогдох ажилтнууд хуралдаанд ирээгүй тул зайлшгүй завсарлах шаардлага үүсэж, мөн өдрийн хуралдаан нээлттэй үлдсэн, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг  даргатай уулзах ажлаар эзгүй байх үед сумын Хурлын 10 төлөөлөгч хуралдаан хийж, Хурлын даргыг огцруулах шийдвэр гаргасан нь хууль бус, 21 төлөөлөгчийн 10 төлөөлөгч буюу 47.4 хувийн ирцтэй хуралдаж, тогтоол гаргасан нь хуульд нийцэхгүй” гэж тодорхойлж, маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор сумын Хурлын  ээлжит 5 дугаар хуралдааныг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар  товлон зарлаж, тус хуралдаанаар нэгдүгээрт, сумын Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх, хоёрдугаарт, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэх, гуравдугаарт, сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл, орон нутгийн орлогын бүрдэлт, 2018 оны төсвийн төслийг батлах, орон нутгийг хөгжүүлэх сангийн  хөрөнгийн 2018 онд хэрэгжүүлэх ажлын төслийг батлах, дөрөвдүгээрт, сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн тайлан илтгэл сонсох, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах зэрэг 4 үндсэн асуудлыг  хэлэлцэхээр тогтоосон  байна.

Алтанцөгц сумын Хурал нь нийт 21 төлөөлөгчтэй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд сумын Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан нь товлосон хугацаанд нийт 19  төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлсэн  байх боловч тодорхой шалтгаанаар мөн өдөр хуралдаан завсарлаж, маргааш нь буюу  2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үргэлжилсэн хуралдаан нь зарим төлөөлөгч нар “завсарлага авсан” гэх шалтгаанаар мөн завсарлаж, хуралдаанаар хэлэлцэхээр тогтоосон дээрх асуудлууд  хэлэлцэгдээгүй байна.

Эдгээр хуралдааныг сумын Хурлын дарга Ө. Самат удирдсан байх боловч 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үргэлжилсэн гэх хуралдаанд “шүүхээс дуудаж байна, шүүх  рүү явлаа” гэсэн шалтгаан хэлж, Хурлын дарга Ө.С оролцоогүй , мөн Хурлын даргын хамт 11 төлөөлөгч оролцоогүй байна. Ингэснээр тус хуралдааныг 10 төлөөлөгчийн оролцоотойгоор хийж, хуралдааныг төлөөлөгч К.Р удирдан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны төсөв болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, бусад асуудлыг хэлэлцээгүй байх ба тухайн хуралдаан нь мөн нээлттэй үлдсэн байжээ. Үүний дараа тус хуралдаан нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үргэлжлэх тухай товыг Хурлын дарга Ө.С нь Хурлын нарийн бичгийн даргад мэдэгдсэн  байх ба Хурлын ажлын албанаас нийт төлөөлөгч нарт 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болох хуралдааны товыг мэдэгдсэнээр  мөн өдрийн хуралдаанд сумын Хурлын 11 төлөөлөгч оролцож, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан сумын Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдааныг мөн нээлттэй үлдээжээ.

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх
 хугацаанд сумын Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг үргэлжлүүлэн хийгээгүй байх ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр  сумын Хурлын дарга болон Тэргүүлэгчдэд хандаж, тодорхой үндэслэл зааж, “сумын Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах”, сумын Хурлын дарга Ө.Сад “итгэл үзүүлэх эсэх” асуудлыг хэлэлцүүлэх тухай санал гаргаж, нээлттэй үлдсэн сумын Хурлын 5 дугаар ээлжит хуралдааныг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахыг мэдэгдсэн байх ба  уг мэдэгдлийн дагуу сумын Хурлын 10 төлөөлөгчөөс мөн өдөр  ээлжит 5 дугаар хуралдааныг үргэлжлүүлэн хийж, тус хуралдаанд оролцсон гэх төлөөлөгчдийн олонхийн саналаар сумын Хурлын даргын ажлыг “хангалтгүй” гэж үзэж, нэхэмжлэгч Ө.Сыг уг албан тушаалаас нь огцруулахаар 14 дугаартай тогтоол гаргасан нь дараах байдлаар хууль бус байна.

Нэгдүгээрт

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” нь Хурлын  Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд сумын Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан нь дээрх байдлаар 2018 оны 01 дүгээр сарын 03, 04, 05, 17-ны өдрүүдэд хийгдэж, нээлттэй үлдсэн, хуралдаан нь хэзээ үргэлжлэх талаар тодорхой хугацааг товлоогүй,  2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулахаар Ардчилсан намын гишүүн төлөөлөгчдөөс сумын Хурлын дарга, Тэргүүлэгчдэд бичгээр мэдэгдсэн гэх боловч мөн өдөр сумын Хурлын ээлжит 5 дугаар хуралдааны үргэлжлэлийг хийх талаар Хурлын хуралдааныг товлон зарлах, бэлтгэл ажлыг хангах эрх бүхий этгээдээс ээлжит 5 дугаар хуралдааныг хуралдуулах талаар шийдвэр гаргаагүй байхад сумын Хурлын зарим төлөөлөгч болох хуралдааныг үргэлжлүүлэхийг шаардсан төлөөлөгч нараас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуралдаан хийсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасантай нийцээгүй  байна.

Хоёрдугаарт

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар ...“Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”, 12.1.4-т зааснаар ...“Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах” бүрэн эрхийг Хурлын төлөөлөгч эдлэх боловч  Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах энэхүү асуудлыг хуулиар  дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.

               Хурлын төлөөлөгч нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, ингэхдээ 24.3 дахь заалтын дагуу тухайн саналдаа холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах үүрэгтэй ба энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтаас үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрх бүхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан этгээдүүд нь хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан дээрх шаардлагыг хангасан санал гаргасан тохиолдолд л хуралдаанаар хэлэлцэхээр зохицуулагдсан.

   Дээрх байдлаар Ардчилсан намын бүлгийн гишүүд болох төлөөлөгчдөөс “Хурлын даргын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх буюу итгэл үзүүлэх эсэх”  тухай санал гаргахдаа  уг саналд холбогдох судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл зэргийг хавсаргаж өгөөгүй байна. Түүнчлэн  гэрч Хурлын нарийн бичгийн дарга Ц.Зайкенээс  уг саналтай Хурлын дарга Ө.С танилцсан, бусад төлөөлөгч нарт мөн танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан гэх боловч энэ талаарх 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэх хүлээн авсан төлөөлөгчдийн гарын үсэг” гэх баримтад[3] төлөөлөгч С.Есболат, нэхэмжлэгч Ө.С, М.Өмирхан, А.Шаймурат, Х.Хуантхан нар гарын үсэг зураагүй,  төлөөлөгч Т.Оюун, М.Нуртуган, Д.Сьез нарт утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэгдсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч Ө.С нь шүүх хуралдааны явцад “уг саналтай танилцаагүй” гэж тайлбарлаж маргасан бол, гэрч А.Шаймурат нь  “уг саналын талаар мэдэгдэж танилцуулж байгаагүй” гэж, гэрч Н.Уранбадам нь дээрх баримтад гарын үсэг зурсан  гэж мэдүүлэхдээ “Хурлын нарийн бичгийн дарга Ц.Зайкен нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуралдаантай гэж танилцуулж, баримтад гарын үсэг зурахыг хүссэн үүнээс өөр мөн өдөр хуралдаан хийх тухай төлөөлөгч нарын албан шаардлага, мэдэгдэл зэрэг баримт танилцуулаагүй” гэж, гэрч М.Нуртуган нь 2018 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд би сумын төвд байсан, багшаар ажилладаг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болох хуралдааны талаар, мөн хуралдаан хийхийг шаардсан төлөөлөгч нарын мэдэгдлийг танилцуулаагүй” гэж тус тус мэдүүлжээ. Эдгээр нөхцөл байдлаас  үзэхэд төлөөлөгч нар хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдээлэлтэй болох, түүнд судалгаа хийх, үүнтэй холбогдуулан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж хуралдаанд үндэслэл бүхий тайлбар, санал дүгнэлт гаргах, ард түмний төлөөлөл болохын хувьд асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг Хурлын төлөөлөгчдөд бодитоор олгоогүй гэж үзэх үндэслэл болно.

Гуравдугаарт

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар  ”тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” нь Хурлын даргын нийтлэг бүрэн  эрхэд хамаарч байгаа, мөн  23 дугаар зүйлийн 23.6-д “...бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасан.

Хариуцагчаас нээлттэй үлдсэн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг үргэлжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хууль ёсоор хийсэн, тухайн өдөр хуралдааныг үргэлжлүүлэн хийж, “Хурлын даргын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх буюу итгэл үзүүлэх эсэх”  асуудлыг хэлэлцэх талаар Ардчилсан намын бүлгийн гишүүд болох төлөөлөгчдөөс Хурлын даргад санал, мэдэгдэл хүргүүлсэн гэж маргасан боловч дээрх байдлаар Хурлын хуралдааныг товлон зарлах, бэлтгэл ажлыг хангах эрх бүхий этгээдээс ээлжит 5 дугаар хуралдааныг 2018 оны  03 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулах талаар шийдвэр гаргаагүй, мөн өдөр Хурлын дарга Ө.С нь сумын Хурлын үйл ажиллагаатай холбоотой иргэд, төлөөлөгчдөөс аймгийн Засаг даргад гаргасан өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар Баян-Өлгий аймгийн Засаг даргатай уулзах ажилтай байсан нь  аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/361 дугаартай албан бичгээр, тухайн өдөр ажлын байрандаа байгаагүй нь гэрч Хурлын нарийн бичгийн дарга Ц.Зайкен, сумын Хурлын төлөөлөгч Х.Бахытхан, Н.Уранбадам, Ж.Маралхан нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Ийнхүү сумын Хурлын дарга Ө. Саматыг ажлын байрандаа байгаагүй, Баян-Өлгий аймгийн Засаг даргатай уулзах албаны ажилтай байсан 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр түүнийг оролцуулахгүйгээр хуралдаан хийснийг хуулийн 22.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн тухайн хуралдаанаар Хурлын даргад “итгэл үзүүлэх эсэх” асуудлыг хэлэлцүүлсэн мөртлөө Хурлын даргыг хуралдаанд байлцуулаагүй, Хурлын дарга өөртэй нь холбоотой асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцож, асуулт тавьж хариулт авах, өөрийн үзэл бодлоо илэрхийлж хуралдаанд үндэслэл бүхий тайлбар, санал дүгнэлт гаргах, ард түмний төлөөлөл буюу Хурлын төлөөлөгч болохын хувьд асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй нь хууль бус  байна.

Нөгөө талаар сумын Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны  05 дугаартай “Тэргүүлэгч гишүүдийг сонгох тухай” тогтоолоор[4] төлөөлөгч К.Р нь  сумын Хурлын долоон Тэргүүлэгчийн нэгээр сонгогдож, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  хуралдааны  15 дугаартай “Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор[5] Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаж, оронд нь төлөөлөгч Е.Нурболатыг Тэргүүлэгчээр сонгон шийдвэрлэж байжээ.  Сумын Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааныг төлөөлөгч К.Р удирдан явуулсан байх ба хуралдааны тэмдэглэл, хуралдаанаас гаргасан шийдвэрийн дарааллаас үзэхэд эхлээд сумын Хурлын даргын ажлыг дүгнэх, итгэл үзүүлэх асуудлыг, дараа нь Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох, өөрчлөх асуудлыг хэлэлцүүлснээр төлөөлөгч К.Р нь сумын Хурлын Тэргүүлэгчээр сонгогдсон байна. Үүнээс үзэхэд сумын Хурлын төлөөлөгч К.Р нь сумын Хурлын Тэргүүлэгч биш байхад 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааныг удирдсан нь, тус хуралдааныг төлөөлөгч К.Р удирдахыг хуралдаанд оролцсон гэх төлөөлөгч нараас санал болгосон нь бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдах талаарх хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасныг мөн зөрчсөн гэж дүгнэлээ.

             Дөрөвдүгээрт

             Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д …сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэж заасан ба Алтанцөгц сумын Хурлын нийт 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч оролцсон тохиолдолд тухайн хуралдаан хүчинтэйд тооцогдохоор байна.

         Хариуцагч талаас сумын Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд төлөөлөгч бөгөөд сумын Засаг дарга С.Бекет, Засаг даргын орлогч Х.Бахытхан, төлөөлөгч Ж.Маралхан,  А. Харахад, К.Р, А.Байганат, н.Еркемурат, Ж.Берикбол, Ж.Атейхан, Е.Нурболат, н.Мягмарсүрэн нар оролцож, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 52.6 хувийн саналаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж тайлбарласан бол нэхэмжлэгчээс тус хуралдаанд төлөөлөгч К.Бахытхан оролцоогүй, 10 төлөөлөгчийг оролцуулж хийсэн тухайн хуралдаан хүчинтэйд тооцогдохгүй гэж маргажээ.

           Төлөөлөгч Х.Бахытхан нь уг хуралдаанд оролцсон эсэх талаар гэрч сумын Засаг дарга С.Бекетээс “хуралдаан эхлэхэд 11 төлөөлөгчийн ирцтэй байсан, асуудал хэлэлцэхээс өмнө төлөөлөгч Х.Бахытхан нь хуралдаанаас чөлөө авч явсан, хуралдааны танхимд 10 төлөөлөгч үлдэж, ...сумын Хурлын даргыг огцруулах, шинээр Хурлын дарга томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн” гэж, гэрч Ж.Маралханаас “ хуралдаанд нийт 11 төлөөлөгч оролцсон. Хурал эхлэх үед төлөөлөгч К.Бахытхан нь сумын Засаг дарга С.Бекетээс хамаатны хүн өвчтэй байна, Улаанбаатарын чиглэлийн онгоцонд суулгах хүндэтгэн үзэх шалтгаантай гэж чөлөө авч явсан, хуралдааны танхимд үлдсэн 10 төлөөлөгч “сумын Хурлын даргыг огцруулах, шинээр Хурлын дарга томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн” гэж, гэрч А.Байганатаас “Анх хуралдаан эхлэхэд Х.Бахытхан төлөөлөгч байсан, түүнтэй нийлээд 11 төлөөлөгч ирснээр хуралдааныг ирц бүрдэж эхэлсэн. Хуралдаан эхэлсний дараагаар төлөөлөгч Х.Бахытханыг эхнэр нь ирж  дуудсан ба хамаатны хүүхэд хүнд өвчтэй байна гэж Засаг даргаас чөлөө аваад явсан. Төлөөлөгч Х.Бахытхан хуралдаан эхлэхэд байсан учраас хуралдааны ирц бүрдсэн гэж үзэж, 10 төлөөлөгч асуудлыг хэлэлцсэн” гэж, гэрч А.Харахадаас “11 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлсэн. Нэг цагийн дараа төлөөлөгч Х.Бахытханы эхнэр ирээд Х.Бахытхан болон Засаг дарга С.Бекет нарыг дуудсан. Х.Бахытхан нь сумын Засаг даргаас “хамаатны хүн хүнд өвчтэй байна, явахгүй бол болохгүй боллоо, хуралдаанд сууж чадахгүй байна” гэж чөлөө авсан байна. Х.Бахытхан нь “та нарын шийдвэрийг би дэмжиж дагана, намайг хуралдаанд оролцсоноор тооцоорой” гэсэн. Тэгээд хуралдааныг үргэлжлүүлэн хийж, асуудлуудыг шийдвэрлэсэн” гэж, гэрч сумын Хурлын нарийн бичгийн даргаас Ц.Зайкенээс “Хурлын зааланд нийт 11 төлөөлөгч орж ирсэн, Тэгээд төлөөлөгч К.Бахытхан нь хүн өвчтэй байна, эмнэлэгт хүний бие муудлаа гэсэн шалтгаанаа хэлээд гараад явсан. Тухайн хуралдаанаар асуудал хэлэлцэх үед байгаагүй, үлдсэн 10 төлөөлөгч хэлэлцэж шийдвэрлэсэн” гэж тус тус мэдүүлсэн бол гэрч Х.Бахытханаас “2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сумын Хурлын ээлжит 5 дугаар хуралдааны үргэлжлэл болно гэдгийг Хурлын нарийн бичгийн дарга Ц.Зайкен надад мэдэгдсэн. Энэ өдөр  би хүндэтгэн үзэх шалтгааны улмаас аймагт очих шаардлагатай байсан. Манай хамаатан хүндээр өвдсөн учраас түүнийг аймагт очиж онгоцонд суулгах ажилтай байсан тул хуралдаанд оролцоогүй. Гэхдээ би явахаас өмнө хуралдааны танхимд очиход 5-6 төлөөлөгч  байсан ба хуралдааны танхимд ороогүй, сумын Засаг дарга С.Бекетийг дуудаж, хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ танхимын гадаа мэдэгдээд явсан. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд нэр бүхий 10 төлөөлөгч оролцож, Хурлын дарга Ө.Сыг огцруулсан гэдгийг би дараа нь сонссон юм. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд хэлэлцэх асуудлаар урьдчилан санал хэлээгүй, хуралдаанд оролцоогүй, хуралдааны танхимд ч ороогүй юм” гэжээ. Гэрч нарын эдгээр мэдүүлгээс үзэхэд төлөөлөгч Х.Бахытхан нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үргэлжилсэн гэх сумын Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанд оролцсон гэж үзэхээргүй байна. Хуулийн 23.8-д хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж заасан ба төлөөлөгч Х.Бахытхан нь тухайн өдрийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцоогүй нь, төлөөлөгчийн хувьд хуулийн 12.1.2-т зааснаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон байх тул Хурлын даргыг огцруулахаар шийдвэрлэсэн тухайн өдрийн хуралдаанд төлөөлөгчийн олонхи оролцоогүй, хуулийн 23.7-д заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлтэй байна гэж үзлээ.

       Тавдугаарт

       Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар тус тус батална гэж заасан. Маргаан бүхий захиргааны актад  хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 52.6 хувийн саналаар Хурлын даргын ажлыг “хангалтгүй” гэж тооцож огцруулахаар тусгагдсан байх боловч уг шийдвэрийг хуулийн 25.1-д зааснаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан шийдвэр гэж үзэхгүй юм. Учир нь мөн зүйлд заасан хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн санал гэдгийг тухайн хуралдаанд   хуулийн 23.7-д зааснаар  нийт төлөөлөгч эсхүл нийт төлөөлөгчийн олонхи оролцож, эдгээрээс олонхи нь энэ хэргийн хувьд Хурлын даргыг огцруулахыг дэмжиж саналаа өгсөн тохиолдлыг ойлгоно. Иймд маргаан бүхий захиргааны актыг хуулийн 25.1-д заасан журмаар баталсан шийдвэр гэж үзэхгүй буюу хуулийн уг зохицуулалттай нийцэж гараагүй шийдвэр гэж үзэхээр байна.

                Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлөөлөгч Х.Бахытханыг эсрэг санал өгснөөр тооцсон гэж тайлбарласан боловч хуулийн 23.9-д зааснаар хэрэв тухайн төлөөлөгч нь хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулахаар байна. Гэтэл төлөөлөгч Х.Бахытхан нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцоогүй нь тогтоогдсон, энэ тохиолдлыг хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан гэж үзэхгүй тул төлөөлөгч Х.Бахытханыг тухайн өдрийн хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар эсрэг санал өгсөнд тооцсон гэх хариуцагч талын маргаан хууль бус байна.

            Дээрх байдлаар   Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааны үргэлжлэлийг хийх талаар Хурлын хуралдааныг товлон зарлах, бэлтгэл ажлыг хангах эрх бүхий этгээдээс шийдвэр гаргаагүй, хуралдаанаар хэлэлцэх асуудалд товлогдоогүй, Хурлын төлөөлөгчдөд урьдчилан тараагдаагүй “Хурлын даргын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх буюу итгэл үзүүлэх эсэх” асуудлыг Хурлын даргын эзгүй үед нийт төлөөлөгчдийн олонхи хүрэхгүй төлөөлөгчдийн ирцтэйгээр хуралдаан хийж хэлэлцэж, улмаар Хурлын даргыг огцруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зарчмуудтай, дээр дурдсан хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй,  нэхэмжлэгчийн улс төрийн алба хаах эрх, Хурлын даргын хувьд хуулиар олгогдсон нийтлэг бүрэн эрхийг зөрчсөн гэж үзлээ.

            Иймд дээрх үндэслэлүүдээр Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 14 дугаартай “Хурлын дарга Ө.Сыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Сыг тус сумын Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1,12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн  22.1.2, 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1  дэх хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны “Хурлын дарга Ө.Сыг огцруулах тухай” 14 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Сыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн                 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.РИЗА                                  

 

 

 

 


[1]Хэргийн 7-р хуудас

[2]Хэргийн 79-р хуудас

[3] Хэргийн 92 дугаар хуудас

[4] Хэргийн 95 дугаар хуудас

[5] Хэргийн 122 дугаар хуудас