Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/31

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,   

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овогтой С-ын Б-д холбогдох эрүүгийн 2027000330021 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, "___" гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц- овогтой С-ын Б- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.23 м3 шинэс мод бэлтгэж, ___ улсын дугаартай УАЗ469 маркийн автомашинаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр Бат-Өлзий сумын төв рүү тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...С.Б-ийн мод бэлтгэсэн газар нь миний хариуцсан талбайд ордог. Мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. С.Б- нь зөвшөөрөл авч байгаагүй. Байгаль орчинд учруулсан хохирлоо төлөөд барагдуулчихвал өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Хамгийн гол нь гэм буруугаа ойлгоод дахин ийм үйлдэл битгий гаргаасай гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 54-57  дугаар хуудас/,

Гэрч Х.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...Тухайн мод ачиж явсан машин нь миний эзэмшлийн машин байгаа юм. С.Б- нь цагдаад шалгагдахаас 3 хоногийн өмнө надаас машинаа өгчих би галынхаа түлээнд яваад ирье гэхээр нь л өгөөд явуулчихсан. Надад бол гэрийн мод хийнэ гэж хэлээгүй харин түлшний мод татаад ирье гэхээр нь л өгөөд явуулчихсан юм. Тус машин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Би Бат-өлзий сумын иргэн “Х-” гэдэг хүнээс 2019 оны 10 дугаар сард байх 700 000 төгрөгөөр худалдаж авсан. Өөрийнхөө нэр дээр бол шилжүүлээгүй байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,

Гэрч Ш.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай нөхөр зан байдлын хувьд төлөв даруу, архи дарс байнга хэрэглээд байдаггүй хааяа ганц нэг уудаг. Манай гэр бүлд эд хөрөнгө гээд байх юм байхгүй хөдөө цөөн тооны мал байгаа тэрнээс өөр зүйл байхгүй. Нэг эвдэрхий мотоцикльтой. Манай том хүүхэд 6 настай Ерөнхий боловсролын сургуулийн сурагч нөгөө 3 нь 5, 3, 2 насны хүүхдүүд байдаг. Одоо Бат-Өлзий сумын төвд хамаатны ах Д- гэх айлын хашаанд амьдардаг. Энэ жил сумаас хүнсний талонд орсон. Манай нөхөр бусадтай хэрэлдэж маргалдаад байдаггүй. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Хэдэн хүүхдийнхээ төлөө л явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Г.П-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Б- нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Манай багийн амжиргааны түвшин доогуур өрхийн нэг бөгөөд хүнсний талонд хамрагддаг. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй үг дуу цөөтэй даруухан хүн байгаа юм. Эхнэр хүүхдийн хамт сумын төвд амьдардаг. Энэ жилийн мал тооллогоор 151 тооны мал тоолуулсан. С.Б-д эд хөрөнгө гээд байх юм байхгүй байгаагаас 5 ханатай гэр хэдэн тооны мал байдаг өөр зүйл байхгүй. Багийн иргэдийн дунд нэр хүнд сайтай, хүмүүст тусархуу зантай. Багаас зохион байгуулсан ажил арга хэмжээнд идэвхитэй оролцдог залуу байгаа юм. Эхнэр нь бага насны олон хүүхэдтэй болохоор ажил төрөл хийгээд байх боломжгүй байдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай

“...Өвөрхангай аймгийн Ойн сан нь 1 дүгээр мужид хамрагддаг. Энэ мод нь нойтон шинэс модны төрөлд багтах бөгөөд нэг шоометр модны суурь үнэлгээ нь 204 000 төгрөг байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу зүсмэл материалын модны ашиглалтын гарцыг итгэлцүүр 2.9-өөр тооцдог. Шинэс модны хохирлын үнэлгээ: 0.23 шоометр х 2.9=46920x2.9=136068

1. Нойтон шинэс модыг цуулж гэрийн хана хийдэг

2. Тус мод нь нойтон шинэс модны төрөлд орно

3. Тухайн модыг бэлтгэсэн гэх Бөхөн шар салхит гэх газрын ойн сан нь ОХБЦГазрын ойн санд орохгүй

4.Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 136 068 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

С.Б-ийн зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэхдээ ашигласан ___ улсын дугаартай УАЗ469 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-30 дугаар хуудас/,     

С.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө, модон иштэй сүх зэргийг хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-37 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-53 дугаар хуудас/,

Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 16 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн засаг даргын шүүгдэгч С.Б-ийн зан байдал, амьжиргааны түвшний талаарх тодорхойлолт, С.Б-ийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын хуулбар, С.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 66, 72-73 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 13, 16 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б-ийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 136 068 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 136 068*3=408 204 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь 408 204 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул С.Б-эс 408 204 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч  С.Б- нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Х.Г-гийн эзэмшлийн 1 100 000 төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ469 маркийн ___ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч Х.Г-, С.С- нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Вендо” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч С.Б-эс маркийн УАЗ469 маркийн ___ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1 100 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хууль бусаар бэлтгэсэн 60 000 төгрөгийн үнэлгээ бүхий 72 ширхэг унины цуудас мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүхээс дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 10 000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүхийг улсын орлого болгож, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц- овогтой С-ын Б-ийг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар С.Б-ийг 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар С.Б-д оногдуулсан 320  /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар шүүгдэгч Б-эс ойн санд учруулсан хохирол 408 204 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Б-эс гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1 100 000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 10 000 төгрөгийн үнэлгээ бүхий модон иштэй сүх, хууль бусаар бэлтгэсэн 60 000 төгрөгийн үнэлгээ бүхий 72 ширхэг унины цуудас модыг тус тус улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                         Б.САРАНТУЯА