Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/33

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга:Т.Энхжин,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч:Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: Д.Ж-, Т.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогтой Д-гийн Ж-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Т-гийн М- нарт холбогдох эрүүгийн 2027000180015 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай А- овогтой Д-гийн Ж- /РД:___/,

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогтой Т-гийн М- /РД:___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 25-ны хооронд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг “___” гэх газраас хохирогч Б.Д-гийн 1 тооны адууг хулгайлсан,

Яллагдагч Т.М- нь Д.Ж-тай  хохирогч Б.Д-гийн 1 тооны адууг хулгайлан авсныг мэдсээр байж өвлийн идшиндээ хэрэглэхээр өрөөл махыг нь авсан,

Яллагдагч Д.Ж-, Т.М- нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Б.А-ийн эзэмшлийн 1 тооны хээр зүсний байдсан адууг  хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Д.Ж- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өглөө босоход Д.Ж- ах гэрийнхээ ард адуу уячихсан байсан. Тэгээд би малдаа явчихаад үдээс хойш ирээд 4-5 цагийн үед Д.Ж- ахынх идшээ идээд манай эхнэр Т.Ж- ахынх эхнэр бид 4 байсан. Би Т.Ж- ахаас өрөөл мах хавар мөнгийг нь өгөхөөр тохиролцоод худалдаж аваад орой нь мах чанаж идээд юун адуу юм бэ гэж асуухад Д.Ж- ах хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 26-ны хавьцаа Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.А-ийн адуу таарахаар нь Д.Ж- ах бид 2 ярилцаад бугуйлдаж аваад гэртээ очиод морио хувааж авсан гэв.

Шүүгдэгч Т.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Б.Д-гийн адууг хулгайлж гэрийн гадаа уячихаад маргааш өглөө Т.М-ыг гуйж идэш хийчихээд өрөөл махыг нь Т.М-ад зарсан. Тухайн үед Т.М- нь хулгайн адуу гэж мэдэхгүй байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн “___” гэх газраас Б.А-ийн адууг хулгайлсан гэв.

Хохирогч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 25-ны хооронд Хужирт сумын 3 дугаар баг “___” гэх газраас сартай гүү алдсан. Би яг мал дээрээ байдаггүй манай малыг манай хамгийн бага дүү Н- харж байдаг. Жижиг сартай хөхөлтэй хүрэн гүү байгаа зөв талын гуян дээрээ саран дэвсгэртэй загасан тамгатай өөр содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот руу малын тэжээл татах ажлаар 7 хоног яваад 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хужирт суманд ирээд тэр шөнөдөө Хужирт сумын 3 дугаар баг “___” гэх газарт байх гэр лүүгээ шууд явсан. Тэгээд гэртээ хоночихоод маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн орчим адуугаа Орхон голын 3 салаа гарман дээрээс олоод адуугаа бүртгэж үзэхэд хээр зүстэй хязаалан байдас дутсан. Би ойр орчмын адуунуудаа хайгаад олоогүй. Миний алдсан адуу хээр зүстэй одоо хавар соёолон болох байдас байсан зөв талын гуян дээрээ ширээтэй тамгатай, буруу талын чих цуулбар имтэй өөр содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би Д- гэх айлын нийт 60 гаруй тооны адууг харж малладаг. Тэгсэн чинь саарал зүсмийн азаргатай адуунаас 22-ноос 25-ны хооронд сартай хүрэн гүүг нь хулгайд алдсан. Адуу нь алга болсон талаар мэдээд Д- ах руу утсаар ярьж хэлсэн. Уг адууг 3-4 хоног ойр орчим хайгаад олоогүй..” гэх мэдүүлэг / хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч Х.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үед хонь хариулж байгаад 15 цагийн үед М- гэрийнхээ гаднаа идшээ хийгээд байж байхад нь очсон. Тэгэхэд М- түүний эхнэр мөн Ж- эхнэртэйгээ, С- гээд манай ойролцоо байдаг ах тэр хэд мал гаргаад дуусч байхад нь очсон. Тэгээд очоод би туслалцаад махыг нь зөөж өгсөн. М- гүү гаргаж байсан. Хээр зүстэй байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч З.О-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би эрхийнхээ талаар ойлгосон би болсон асуудлын талаар мэдүүлэг өгнө. Тэрийг мэдэхгүй ямар ч байсан манай нөхөр Т.М- хэлэхдээ хээр байдсыг Д.Ж- ахтай хувааж идэх гэж байгаа юм гэж хэлсэн хэд хоногийн дараа намайг өглөө сэрэхэд манай хашаанд нэг хүрэн гүү уяатай байсан. Тэрийг болохоор нэг адуу идшинд арай хүрэхгүй байх хавар мөнгийг нь өгөхөөр талыг нь худалдаж авна гэсэн өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 33-35 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолууд /хх-ийн 3-8, 57-63 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд /хх-ийн 42-43, 78-79, 85-86 дугаар хуудас хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн Засаг даргын Д.Ж-, Т.М- нарын талаарх тодорхойлолтууд / хх-ийн 96, 115 дугаар хуудас/,

Д.Ж-, Т.М- нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97, 116 дугаар хуудас/,

Хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн ....хуудас/ зэрэг болно.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос 25-ны хооронд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг “___” гэх газраас хохирогч Б.Д-гийн 1 тооны адууг хулгайлсан,

Д.Ж- Т.М- нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Б.А-ийн эзэмшлийн 1 тооны хээр зүсний байдас адууг хулгайлсан болох нь

хохирогч Б.Д-, Б.А- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 23, 69-70 дугаар хуудас/, гэрч Б.Н-, Х.Ш-, З.О- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд / хх-ийн 28, 29, 33-35 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд /хх-ийн 42-43, 78-79 дугаар хуудас хуудас/, шүүгдэгч Д.Ж-, Т.М- нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.8  дугаар зүйлийн 1-т ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”гэж заасан ба 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орж тухай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэн бүрэлдэхүүн болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийн хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Т.М- нь Д.Ж-ыг хохирогч Б.Д-гийн 1 тооны адууг хулгайлсныг мэдсээр байж өвлийн идшиндээ хэрэглэхээр өрөөл махыг нь авсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Ж-, Т.М- нарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан Мөнгө угаах гэмт хэргийн шинжид хамаарах “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ...авсан, ашигласан” гэдэгт хөрөнгө, орлого хууль бус болохыг мэдсээр байж хууль ёсны болгох зорилгоор эргэлтэд оруулах, хувиргах зэргээр гэмт этгээдийг хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилго агуулж хэлэлцэн тохиролцсон шинжтэй идэвхитэй үйлдлээр илэрнэ.

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Т.М- нь шүүгдэгч Д.Ж-ыг хохирогч Д-гийн 1 тооны адууг хулгайлсан гэдгийг мэдсээр байж хамт адууг нядлалцан өрөөл махыг нь авч өвлийн идшиндээ хэрэглэн ашигласан зэрэг нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 Шүүгдэгч Т.Моломжацын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ...ашигласан” шинжтэй гэмт үйлдэл байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “М- нь тухай өрөөл мах нь хулгайн эд зүйл байсан гэдгийг сүүлд мэдсэн тул мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авч хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч Т.М- нь мөнгө угаах болон бусадтай бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа, шүүгдэгч Д.Ж- нь ганцаараа болон бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, тэдгээр нь дээрх үйлдлүүддээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар 1-т заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж авсан, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Т.М-, Д.Ж- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэм хэргүүдийн улмаас хохирогч Б.Д-, Б.А- нарын эд хөрөнгөд нийт 1 400 000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нар нөхөн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Т.М-ын депозит дансны хуулга баримтуудаар тогтоогдсон ба хохирогч нараас хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тэдгээрээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүх, шүүгдэгч Т.М- нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж авсан, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, шүүгдэгч Д.Ж-, Т.М- нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан, тэдний хувийн байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Ж-, Т.М- нарт тус бүрт нь 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Ж-д хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” хуулийн зохицуулалтыг шүүгдэгч Т.М-ын хувьд хэрэглэх боломжтой гэж үзсэн тул Т.М-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.М-ыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Т.М-, Д.Ж- нар нь бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн эзэмшлийн нийт 1 600 000 төгрөгийн үнэлгээ бүхий хонгор зүсмийн 1 тооны морь, зээрд зүсмийн 1 тооны морийг автомашиныг ашигласан байна.

Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх 2 тооны морийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Ж-, Т.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бугуйл 1 ширхэг, уурганы суран хуй 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  А- овогтой Д-гийн Ж-ыг ганцаараа болон бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Бор овогтой Т-гийн М-ийг бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж авсан, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Ж-, Т.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 560 /таван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Т.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Т.М-ад 560 /таван зуун жар/, Д.Ж- 560 /таван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Т.М-ыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.  

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-т зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Т.М-ыг тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, түүнчлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Т.М-ад сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бугуйл 1 ширхэг, уурганы суран хуй 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Ж-ын 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий хонгор зүсмийн 1 тооны морь, Т.М-ын 800 000 төгрөгийн үнэлгээ бүхий зээрд зүсмийн 1 тооны морийг тус тус улсын орлого болгосугай.

8. Д.Ж-, Т.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ж-, Т.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ж-, Т.М-   нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА