Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 46

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 3 дугаар баг, Өндөрхөмөг гэх газар оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, Эрдэнэбилэг овгийн Намдагийн Батдолгорын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Батдолгор, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Батдолгор шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх-Орон нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Батдолгор Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

Н.Батдолгор нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх-Орон нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 717 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх-Орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1982 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 19, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11, 1985 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15, 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 26 тоот хурлын тогтоолууд, гэрч Д.Бямбасүрэн, С.Даваадулам, П.Пунцагцэрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн нэрийг Намдагийн Батдулам гэж бичсэн ба уг дэвтрийг олгосон хүний гарын үсэг, он, сар, өдөр тодорхойгүй байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарЭрдэнэбилэг овгийн Намдагийн Батдолгорыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх-Орон нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА