Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 47

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Сант сумын 1 дүгээр багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Боржигон овгийн Галсангийн Ариунаагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чойсүрэнжав, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Ариунаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чойсүрэнжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ хүний хүргэн нь байгаа юм. Хадам ээж маань өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй шүүхээр тогтоолго гэсэн. Хөдөө цас ихтэй ирж очиж чадахгүй учраас би итгэмжлэлээр оролцож байна. Хадам ээж 1979 оноос одоо хүртэл мал маллаж байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Ариунаа Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

Г.Ариунаа нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 718, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 731 тоот лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 1983 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот хурлын тогтоол, хүсэлт гаргагчид 1979 оны 12 дугаар сарын 14, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч Б.Тогооч, С.Намжилмаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаартус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБоржигон овгийн Галсангийн Ариунааг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Сант сумын Мандах нэгдэлд ногоочноор ажиллаж байсанболохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА