| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0033/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/38 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/38
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Э.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боовон овогтой Эмээлийн М-д холбогдох эрүүгийн 2027000000029 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, ___ тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б- овогтой Э-ийн М- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, ___ тоотод С.М-ийг үг хэл, амаар доромжилсон гэх шалтгаанаар зүүн бугалганы дотор дээд хэсэгт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М- мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед айлд юм хийчихээд гэртээ ирээд байж байтал хохирогч С.М- нь надаар сүлжүүлсэн сураа авах гэж гэрт нэг пивотой орж ирсэн. Тэгээд пиво уучихаад дэлгүүр орж дахин 2 пиво авч ирээд уусан. Хохирогч С.М- нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нэг алгадсан. Тэгээд би гадаа гараад зогсож байсан хохирогч С.М- араас гарч ирээд намайг алгадахаар нь би гартаа таарснаараа цохисон. Гэтэл хүйтэн мэсээр биед нь хүрсэн байсан гэв.
Хохирогч С.М-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн орчим ажлаа тараад би дээд өргөн чөлөөнд байх Э.М-гийн гэрт очсон. Тухайн үед очихдоо Э.М-гөөс сур авах гэж очсон. Тэгээд Э.М- ахыг ганц пиво уух уу гэж асуухад тэгье гэхээр нь би “Орхон хан” дэлгүүрээс 2 литр 500 граммын “Сэнгүр" нэртэй пиво 1 ширхэгийг авсан. Тухайн пиво-ийг Э.М- бид хоёр хувааж уусан. Дараа нь тухайн дэлгүүрээс дахиж 2 литр 500 граммын “Сэнгүр” нэртэй пиво 1 ширхэгийг авсан. Пиво ууж байхдаа би хүнтэй утсаар ярьж байхад Э.М- нь хажуугаас ирээд үгний зөрөөгүй толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд гэрийн зүүн талд байх жижиг авдраас хутга авчих шиг харагдсан. Тэгээд гэрээс гараад явчихлаар нь би араас гарахад гэрийнхээ ард байх гэр рүү орчихсон байсан. Би араас нь ороод та яагаад өшиглөж байгаа юм бэ гэхэд юм ярилгүй надтай зөрөөд буцаад гараад явчихсан. Тэгээд би тухайн гэрт байж байгаад С.М-гийн араас гарахад гэрийнхээ үүдэн дээр зогсож байсан. Тэгтэл С.М- би чамайг ална гээд над руу дайраад байсан. Салгахад гарын суганы зүүн талд нойтон байсан ба үзэхэд цус гарчихсан байсан. Тэгээд би хойд гэр рүү орж танай хаягийг мэдэхгүй байна. Хаягаа хэл цагдаа дуудмаар байна гэж хэлсэн. Тэгээд хаягийг нь аваад би өөрөө цагдаа дуудсан. Тэгтэл Э.М- нь хашаа даваад зугтчихсан. Хаашаа явсныг нь мэдээгүй. Цагдаа нар ирээд намайг эмнэлэг аваад явсан. 1 удаа хутгаар зүүн гарны суганы дотор хэсэг рүү ширвэх шиг болсон. Эмнэлэг дээр очоод эмч шарх чинь гүн байна гээд 3 оёдол тавьсан. Э.М- нь надтай харилцахгүй утсаар удаан ярилаа гэсний улмаас нь над руу дайрч хутгалах болсон гэж би ойлгосон. Би Э.М-тэй маргалдаж, зодолдсон асуудал байхгүй. Харин яагаад намайг хутгалж байгаа юм бэ гэхэд Э.М- нь юм дуугарахгүй байсан. Э.М- ах бид хоёр 2 ширхэг 2 литр 500 граммын пиво уусан. Би их согтоогүй. Харин Э.М- нь намайг эхэлж орж ирэхэд ахынх нь дотор муу байна гэж байсан. Бид хоёр байсан. Хойд талын гэрт 2 хүн байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн шар иштэй хутга С.М-гийн өөрийнх нь хутга. Гэр дотроосоо жижиг авдраас гаргаж авч байсан юм. Нэхэмжлэх гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Гэрч Д.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчим манай гэр дотор Э.М- нь танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэр 2 согтуу байсан ба хоорондоо маргалдаж байсан. Тэгээд манай нөхөр хөөгөөд гаргасан. Дараа нь манай хаалгыг хүн нүдээд байхаар нь онгойлгоход Э.М- нь би хүн хутгалчихлаа гэж хэлчихээд яваад өгсөн. Түүний дараа нөгөө хутгалуулсан гэх хүн нь орж ирээд Э.М-г асуухаар нь гараад явчихсан талаар хэлсэн. Манайд орж ирэхдээ суганы орчим өвдөөд байна гэж байсан. Өөр юм хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагт би “___” дэлгүүрийн галлагааг хийчихээд гэр рүүгээ явж байхад М-, М- хоёр хамт явж байсан. Тэгээд би гэртээ байж байхад 19 цагийн орчим Хархорин сумын Эрдэнэтолгой баг ___ тоотод байх манай хашаанд Э.М- нь М-тэй хамт гэртээ архи уугаад байх шиг байсан. Би тухайн үед гэрт нь ороогүй. Гэрийн гадаа нь дугуй засаж байсан. Тэгтэл 20 цагийн орчим гэр дотор Э.М-, С.М- хоёр хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд 22 цагийн орчим хоёр биенийгээ ална хядна гээд зууралдчихсан манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь манай гэр хэрүүлийн газар биш гээд би тэд нарыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгтэл манай урд хашааг эхлээд С.М- даваад араас нь Э.М- нь давж байгаа харагдсан. Удалгүй манай хаалгыг нүдээд байхаар нь онгойлгоход Э.М- нь хаалгаар шагайгаад би С.М-ийг хутгалчихлаа гэж хэлчихээд хашаа даваад гараад явчихсан. Тэгээд дараа нь манайд С.М- орж ирээд Э.М- хааччихав гэхээр нь хашаа даваад явчихсан талаар хэлсэн. Түүний дараа С.М- нь Э.М- намайг хутгалчихлаа гээд сугаа өргөж үзүүлсэн. Цагдаа дуудаад өгөөч гэхээр нь дуудлага өгөх гэтэл миний утас нэгжгүй байсан тул С.М- өөрөө дуудлага өгч байсан. Тэгээд цагдаа нар ирээд С.М-ийг үзүүлэх гээд эмнэлэг рүү аваад явсан. Манай хашаанд М-гийн гэр байдаг юм. Э.М- нь харахад төлөв даруу харагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрээр цагдаагийн алба хаагчид ирж Э.М-г сурж байсан. Удалгүй тухайн өдөр Э.М- над руу утастаж С.М- гэгчийг хутгалсан талаар мэдсэн. Тэгэхээр нь би Э.М- чи яах гэж зугтаад байгаа юм. Чиний хутгалсан гэх С.М- ажлаа хийгээд зүгээр явж байсан. Тухайн асуудлаа цагдаа дээр очиж шийдүүлэх талаар хэлэхэд Э.М- нь тэр даруй ирж тухайн оройдоо цагдаа дээр очиж учир байдлаа цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №156 тоот:
“...1. С.М-ийн биед зүүн бугалганы дотор дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.М-гийн талаарх Өвөрхангай аймгийн Хархорин сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, хохирол төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49, 50, 51, 53, 55, 64 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, ___ тоотод С.М-ийг үг хэл, амаар доромжилсон гэх шалтгаанаар зүүн бугалганы дотор дээд хэсэгт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч С.М-ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, гэрч Д.Г-, Д.М-, Э.Э- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 10-11, 12-14, 16 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №156 тоот: “...1. С.М-ийн биед зүүн бугалганы дотор дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.М-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.М- нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч С.М-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.М- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зохицуулсан.
Хэргийн хохирогч С.М-ийн биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч хохирогч С.М- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Э.М-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй эвхдэг хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүхийн Тамгын газарт шилжүүлэхийг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогтой Э-ийн М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.М-г 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Э.М-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Э.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй эвхдэг хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.М- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА