Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1191

 

                                     

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Шүүгдэгч Г.О , түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.О холбогдох эрүүгийн 1906 06811 1054 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехнигч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 138 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, гавъяа шагналгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Г.О .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Г.О  нь 2018 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн А.Фатимаагаас Солонгос улсын виз гаргаж өгнө гэж итгүүлэн Хаан банкны 5028700629 тоот дансаар 13 удаагийн шилжүүлгээр 2.145.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О  мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний зээл гарна гэж хэлсэн. Хэрвээ гарахгүй бол компаниараа зээл гаргуулахаар гэрээ хийсэн байгаа.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Фатимаагийн өгсөн мэдүүлэг /хх-9-10, 12-15, 55, 80-81/, гэрч Г.Нацагийн өгсөн мэдүүлэг /хх-20/, гэрч А.Батхишигийн өгсөн мэдүүлэг /хх-21-22/, “Хаан” банкы депозит дансны хуулга /хх-23-26/, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хаан банкны салбарын захирал Х.Батнасангын гаргасан 241 дугаартай тушаал /хх-35/, 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “Хаан” банкны салбарын захирал Х.Батнасангийн гаргасан 78 дугаартай тушаал /хх-36/, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-65-67/, Г.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-76-77/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол /хх-87-90/, шүүгдэгч Г.О ын ял шалгах хуудас /хх-51/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаагийн зүгээс шинээр хохирлын 300.000 төгрөгийг хохирогч А.Фатимаагийн дансанд шилжүүлсэн баримт /хх-114/ баримт зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.О  нь 2018 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн А.Фатимаагаас Солонгос улсын виз гаргаж өгнө гэж итгүүлэн “Хаан” банкны 5028700629 тоот дансаар 13 удаагийн шилжүүлгээр 2.145.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Фатимаагийн өгсөн: “Би 2018 оны 8 дугаагр сард /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ Увс аймгийн Улаангом суманд Г.О  гэдэг хүнтэй танилцсан. Тухайн үед би өөрийн найз Сарантуяагаар дамжуулж Г.О тай танилцаж байсан юм. Г.О  надтай анх танилцахдаа “Би Улаанбаатар хотод гэрэлтүүлгийн компанид ажилладаг, мөн би Бүгд Найрамдах Солонгос улс руу ажиллахаар явж байгаа хүмүүсд виз гаргаж өгдөг. би өөрөө Солонгос улсад очиж ажил хийж байгаад ирсэн, надад найдвартай виз гаргаж өгдөг таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. Тэр үед би Г.О д “Би бас Солонгос улсад очиж ажиллах сонирхолтой байгаа” гэж хэлэхэд Г.О  “Тэгвэл би чамд Солонгос улсын виз гаргаж өгье. Шаардлагатай зүйл гарвал би чамд хэлнэ” гэж хэлсэн. Г.О  нь 2018 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот руу буцаж явсан. Тэрнээс хойш би Г.О тай утсаар болон фэйсбүүкийн чатаар харилцдаг байсан. Г.О  нь Улаанбаатао хотод очсоныхоо дараа буюу 2018 оны 9 дүгээр сард надтай утсаар холбогдож “Би чиний Солонгос улс руу явах визииг чинь гаргуулахаар хөөцөлдөж байна, виз гаргуулахад надад мөнгөний хэрэгцээ гараад байна, чи над руу мөнгө шилжүүлэх шаардлагатай” гэж хэлсэн. Би Г.О ын хэлсэн үгэнд нь итгээд Г.О ын надад хэлсэн “Хаан” банкны 5028700629 дугаарын данс руу мөнгө шаардлагатай байна гэж ярих бүрд нь 10.000-1.000.000 төгрөгний хооронд мөнгийг шилжүүлж байсан. Би Т.Отгонжаргалыг надад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж бодож байсан учраас 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 50.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 20.000 төгрөг, мөн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний 30.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 70000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 10.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 350.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018.10.15-ны өдөр 25000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30.000 төгрөг, мөн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 20.000 төгрөг буюу нийт 1.645.000 төгрөгийг өөрийнхөө “Хаан” банкны 5822111188 дугаарык данснаас Г.О ын хэлсэн “Хаан” банкны 5028700629 дугаарын данс руу шилжүүлсэн. Мөн би 2018 оны 10 дугаар сарын дундуур /хэдний өдөр гэдгийг нь санахгуй байна. өөрийн найз В.Нямсүрэнгээс 500.000 төгрөг зээлж аваад Г.О ын хэлсэн ХААН банкны 5028700629 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгийн В.Нямсүрэнгийн нөхөр Аптангэрэлийн 5819191931 дугаарын данснаас шилжүүлж байсан. Би Г.О ын хэлсэний дагуу өөрийн болон бусдын данснаас нийт 2.145.000 төгрөгийг “Хаан” банкны 5028700629 дугаарын данс руу шилжүүлсэн. Г.О  нь над руу утсаар ярьж “Виз хөөцөлдөж байна, мөнгө шаардлагатай” гэж хэлэх бүрт нь түүний хэлсэн мөнгийг шилжүүлж байсан юм. Намайг мөнгө шилжүүлж байх үед буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны үед Г.О  надтай утсаар ярихдаа “Виз гаргуулахад чиний гадаад паспортын хуулбар хэрэгтэй байна. Чи паспортныхоо хуулбарыг, цалингийн тодорхойлолтын хамт над руу явуулаад өг” гэж хэлсэн. Тэгээд би гадаад. паспортныхоо хуулбарыг, цалингийн тодорхойлолтын хамт Г.О ын надад хэлсэн “ооди офоо” гэх нэртэй фэйсбүүк хаягийн чатаар нь явуулсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын эхээр Г.О  надтай дахин утсаар холбогдож “Чиний Солонгос улс руу явах виз бэлэн болсон, чи Улаанбаатар хотод ирж визээ авах хэрэгтэй байна" гэж хэлэхээр нь би Улаанбаатар хот руу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр онгоцоор явсан. Би Улаанбаатар хотод очоод Г.О тай уулзахад Г.О  “Чиний виз хойшилчихлоо, виз чинь 2019 оны 1 дүгээр сард гарахаар болсон” гэж хэлсэн. Г.О  нь надад “Виз чинь гарсан” гэж хэлсэн учраас тухайн үед би Улаанбаатар хот руу явахдаа ажпаасаа 6 сарын чөлөө аваад явсан. Г.О  нь намайг очиход “Чиний виз 2019 рны 1 дүгээр сард гарахаар болсон” гэж хэлсэн бөгөөд би нэгэнт ажлаасаа чөлөө авчихсан учраас Улаанбаатар хотод түр хугацаанд оршин суусан. Энэ хугацаандаа би Солонгос хэлний дамжаанд суусан. Би виз гарахыг хүлээгээд Улаанбаатар хотод хэсэг хугацаанд байсан боловч виз гарахгүй удаашраад байсан учраас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд буцаж ирсэн. Намайг Улаанбаатар хотод байх хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Г.О  нь заримдаа надтай уулзаж, заримдаа надтай утсаар холбогдож “Би чиний визийг хурдан гаргуулахаар хөөцөлдөж байна, виз хөөцөлдөхөд мөнгөний хэрэгцээ гараад байна, чи надад мөнгө өгөх шаардлагатай байна" гэж хэлэх бүрт нь Г.О ын шаардсан мөнгийг өгч байсан. Улмаар би Увс аймгийн Улаангом суманд ирсэн цагаас хойш Г.О тай утсаар болон фэйсбүүкийн. чаатаар холбогдож “Миний Солонгос улс руу явах виз гарч байгаа юу” гэж асууж, шаардахад Г.О  тэр болгонд “Би хөөцөлдөж байгаа, виз чинь удахгүй гарна” гэж намайг хуурч, залилдаг байсан. Г.О  нь надаас мөнгө авчихаад миний Солонгос улс руу явах визийг гаргаж өгөхгүй байсан учраас би 2019 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод дахин очсон. Тэгээд Г.О тай уулзаж “Миний Солонгос улс руу явах виз юу болсон бэ, чи виз гаргаж өгч чадахгүй бол би мөнгөө буцааж авна” гэж шаардахад Г.О  нь “Би чиний мөнгийг буцааж өгнө, одоо надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Удалгүй би буцаад Увс аймгийн Улаангом суманд ирсэн ба тэр цагаас хойш ГОтгонжаргалаас мөнгөө буцааж авахыг шаардахад Г.О  “Надад одоо мөнгө байхгүй, цалин буухаар өгнө. Удахгүй өгнө" гэх мэт шалтаг хэлээд өнөөдрийг хүртэл миний мөнгийг буцааж өгөөгүй. Г.О  нь надад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж залилаад надаас нийт 2.145.000 төгрөг авсан. “Виз чинь гарсан" гэж худал хэлээд намайг ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хот руу явахад хүргэж залилсан. Тийм болохоор би Г.О ыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би бэлэн 2.145.000 төгрөгийг Г.О ын хэлсэн “Хаан” банкны 5028700629 дугаарын данс руу шилжуүлсэн. Мөн Г.О  нь 2018 оны 10 дугаар сарын эхээр надтай утсаар холбогдоход “Чиний Солонгос улс руу явах виз бэлэн болсон, чи Улаанбаатар хотод ирж визээ авах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би ажлаасаа 6 сарын чөлөө аваад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу онгоцоор явсан. Г.О  надад худал хэлснээс болж би 5 сарын хугацаанд ажилгүй байсан. Би сард 950.000 төгрөгний цалин авдаг. Тэгэхээр надад ажилгүй байсан хугацаанд 4.750.000 төгрөгний хохирол учирч байна. Мөн би Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хот руу 2 удаа явж ирсэн. Нэг удаа онгоцоор 3 удаа автобусаар явсан. Онгоцний зардал 200.000 төгрөг, автобусны нэг удаагын зардал 69.000 төгрөг байдаг. Мөн замын хоол, цайны мөнгө гардаг. Тийм болохоор надад замын зардалд ниит 467.000 төгрөгний хохирол учирсан. Мөн Улаанбаатар хотод айлд амьдарч, унаагаар явж, сургаптанд суухад надаас ойролцоогоор 1.000.000 төгрөгний зардал гарсан. Г.О ын надад учруулсан хохирол, зардлуудыг нийтэд нь тооцох юм бол энэ хугацаанд надад нийт 8.362.000 /найман сая гурван зуун жаран хоёр мянган/ төгрөгний хохирол учирсан байна. Би надад учирсан хохирол болох 8.362.000 төгрөгний хохирлыг Г.О аар нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Би ажлаас чөлөөлөгдсөн болон ажилд буцаж орсон тушаалуудынхаа хуулбар, мөн мөнгө шилжүүлсэн дансны хуулбараа өргөдөлд хавсаргасан. Надад одоо онгоцоор явсан тийз, автобусаар зорчсон тодорхойлолт зэрэг баримтууд байна. Би дээрх баримтуудаа гаргаж өгнө.” /хх-9-10, 12-15, 55, 80-81/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Нацагийн өгсөн: “Би А.Фатимаагийн ээж нь байгаа юм. Манай охин А.Фатимаа нь Увс аймгийн Улаангом хотод “Хаан” банкинд теллерээр ажилладаг юм. Миний санаж байгаагаар 2018 оны 10 дугаар сарын дундуур намар манай охин А.Фатимаа Увс аймгаас Солонгос улс руу явна гэж “Хаан” банкны теллерийн ажлаасаа 6 сарын чөлөө авч Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед надад хэлж байснаар нэг танил эрэгтэй хүн нь хувиараа амран Солонгос улс руу явах виз гаргаж өгнө гэсэн учраас хотод орж ирсэн тухайгаа хэлж байсан. Тэгээд манай охин А.Фатимаа нь виз нь өнөөдөр, маргааш гарах гэж байгаа гэсээр ойролцоогоо 1 сар орчим хотод байгаад сүүлдээ виз нь худлаа болчихлоо, бүтэхгүй юм байна гээд буцаад Увс аймаг руугаа явсан. Манай охин А.Фатимаа нь Улаанбаатар хотод байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 35А байрны 25 тоотод өөрийн төрсөн эгч Батхишигийн гэрт амьдарч байсан. Миний хувьд мөн өөрийн том охин Батхишигийндээ амьдардаг юм...” /хх-20/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Батхишигийн өгсөн: ” Би А.Фатимаагийн төрсөн эгч нь байгаа юм. Манай дүү А.Фатимаа нь 2018 оны намар Увс аймгийн “Хаан” банканд ажилладаг мөртлөө Солонгос улс руу явна гэж ажлаасаа 6 сарын чөлөө авч Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд надад хэлснээр манай дүүг Г.О  гэх залуу “Солонгос улс руу виз гаргаж өгнө, сургуульд сурангаа ажиллах боломж байгаа” гэснээр хотод ирсэн гэж байсан. Миний хувьд А.Фатимааг хотод ирээд удаагүй байхад нь ямар хүнээр зуучлуулаад байгаа болохыг мэдмээр санагдаад хамт Г.О  гэх залуутай биечлэн уулзсан. Тэгэхэд надад Отгонжаргал гэх залуу “найдвартай виз гаргах боломжтой байгаа, би өмнө Солонгос гарч байсан” гэж хэлж байсан бөгөөд би Г.О аас чи ямар аргаар Солонгосын виз гаргаж өгөх гэж байгаа юм бэ, танил тал байгаа эсэхийг нь асуухад тодорхой хариулт хэлж чадахгүй байгаад байсан. Миний хувьд тэр залууг ерөнхийдөө бүтэл муу хүн байна гэж дотроо дүгнэлт өгсөн. Миний хувьд гадаад улс руу явах виз гаргуулах талаар мэддэг учраас Г.О  гэх залуу нь худал ярьж байгаа нь илт байгаад байсан. Иймд би дүүгээ нэгэнт ажлаасаа 6 сарын чөлөө аваад хотод ирсэн учраас би өөрөө хөөцөлдөж дүүдээ зохих журмын дагуу Солонгосын виз мэдүүлж өгсөн боловч виз нь гараагүй...” /хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.О ын яллагдагчаар өгсөн: “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар 1906068111054 дугаартай тогтоолтой уншиж танилцлаа. Надад асууж тодруулах эуйл байхгуй байиа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 6 дугаар сард Уас аймагт танидаг хүндээ машин хүргэж өгөх гэж очоод өөрийн танил Сарантуяагаар дамжуулан А.Фатимаатай анх танилцсан. Тэгээд би өөрөө Улаанбаатар хот руу орж ирээд 8 сарын үед А.Фатимаатай утсаар холбогдож “найзад нь “Солонгос улс руу виз гаргаж өгдөг таньдаг хүн байна” гэж хэлэхэд А.Фатимаа надад хандан Солонгос улсын виз хөөцөлдөөд өгөөч, мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлсэн. Миний жувьд Солонгосын визийг гаргаж өгнө гэж хэлээд А.Фатимаагийн хаан банкны 5822111188 тоот данснаас 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 50.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 20.000 төгрөг, 30.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 70.000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 10.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 350.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 20.000 төгрөгийг шилжүүлж авсан. Харин 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Хаан” банкны 5800509589 тоот данснаас А.Фатимаа надад 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би нийт Фатимаагаас 13 удаагийн гүйлгээгээр нийт 2.145.000 төгрөгийг Солонгосын виз гаргаж өгнө гэж хэлж авсан. /хх-76-77/ гэх мэдүүлэг,

 

“Хаан банк”-ны депозит дансны хуулга /хх-23-26/,

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хаан” банкны салбарын захирал Х.Батнасангын гаргасан 241 дугаартай тушаал /хх-35/,

2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “Хаан” банкны салбарын захирал Х.Батнасангын гаргасан 78 дугаартай тушаал /хх-36/,

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-65-67/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол /хх-87-90/,

Хохирол төлсөн баримт /хх-114/ зэргээр тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Г.О ын ял шалгах хуудас /хх-51/,

 

Хохирогч А.Фатимаа нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.О ыг үг, үйлдэлд хууртагдан, түүнд 2.145.000 төгрөг өгснөө тодорхой мэдүүлдэг ба мөрдөн байцаалтад Г.О  нь “Солонгос улс руу виз гаргаж өгдөг хүн байна” гэх зэргээр хуурч мэхлэх аргаар хохирогч 2.145.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.О ын үйлдэл нь хуурч мэхлэх аргаар бусдад 2.145.000 төгрөгийг залилж авахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр түүний эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Г.О  нь 2018 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн А.Фатимаагаас Солонгос улсын виз гаргаж өгнө гэж итгүүлэн Хаан банкны 5028700629 тоот дансаар 13 удаагийн шилжүүлгээр 2.145.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.О д ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчид шүүхийн шатанд 300.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

            Шүүгдэгч Г.О  нь хохирогчид 2.145.000 төгрөгийн хохирол учруулсанаас 300.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 1.845.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Фатимаад олгохоор тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Г.О  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Г.О ыг 17.3 дугаар зүйлийн 1-д заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Г.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.О  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.О аас 1.845.000 төгрөгийг гаргуулж, хохирогч

А.Фатимаад олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                      Э.ЧИНГИС