Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Төртулах

             Улсын яллагч                                Я.Амарзаяа

                         Шүүгдэгч                                              Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Жд холбогдох 2032000000077 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, * өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Мандал сумын * тоотод оршин суух хаягтай. Ам бүл 2 хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан Боржигон овогт Дондогийн Ж */

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн бэрх” дэлгүүрийн урд Г.Хтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Г.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж  мэдүүлэхдээ: ... 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би архи уусан байсан. Тэгээд 16 цагийн орчим Мандал сумын 3 дугаар багт байрлах “Дөрвөн бэрх” дэлгүүр лүү алхаж явсан чинь урдаас Г.Х хүрээд ирсэн. Х над руу дөхөөд ирхээр нь би араас нь хоолойг нь боогоод унагаасан юм. Х унахдаа дух хэсгээрээ цементен талбай мөргөөд урагшаагаа унасан, намайг ална, хядна гээд байхаар нь боогоод унагаасан юм...” Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Хохирогч Г.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ“..2020 оны 05 дугаар сарын 24-ний орой 18 цагийн орчим Мандал сум 3 баг Шарын голын гудманд байрлах “Дөрвөн бэрх" дэлгүүрийн үүдэн дээр очсон чинь миний хуурай ах болох А ах намайг зоддог Жтай хамт зогсож байсан. ..тухайн үед А ахтай юм ярьж байхад хажуу талаас Д.Ж бид хоёрын яриаг тасалдуулаад юм яриад байхаар нь би Д.Жд хандан “би ахтай юм ярьж байна чи цаанаа байж бай” гэж хэлсэн. Тэгсэн чинь Д.Ж миний хоолойг ар талаас боогоод ухаан алдуулаад би урагшаагаа дух хэсгээрээ унасан байсан, ...эмнэлэгт очоод оёо тавиулахад толгойн хэсгээр өвдөөд ухаан орж эхэлсэн ...би Д.Жаас 400000 төгрөг нэхэмжилж байгаа, ...гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

  Гэрч Ц.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Жтай тааралдаад “Дөрвөн бэрх” дэлгүүр лүү алхаад дэлгүүр лүү орох гэж байсан чинь манай дүү болох Х “...А ахаа би таныг авч явна...” гэж хэлсэн. Тэгсэн чинь хажуунаас Ж Г.Хт хандан “би Аийг авч явна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ж Г.Хын хойд талд нь гараад хоолойноос нь боохоор нь би тэр хоёрыг тоглож байгаа юм байх гэж бодоод салгаагүй. Тэгээд Г.Х урагшаагаа дэлгүүрийн үүдний хэсгийн цементен талбай дээр нүүрэн хэсгээрээ унасан. ...Г.Х халамцуу байсан. Өөрийгөө авч явах чадвартай харагдаж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Д.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “..2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн орчим өөрийн найз Аптансүхтэй хамт 1 шил 0.75 Хараа архи хувааж уусан. ...үдээс хойш 16 цагийн орчим Мандал сум 3 дугаар багт байрлах “Дөрвөн бэрх” дэлгүүр лүү алхаж явсан чинь урдаас Г.Х ирсэн. ...Х над руу дөхөөд ирхээр нь би араас нь хоолойг нь боогоод унагаасан юм. Х унахдаа дух хэсгээрээ цементен талбай мөргөөд урагшаагаа унасан. ...намайг ална хядна гээд байхаар нь боогоод унагаасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл “...хохирогч Г.Хын баруун шанааны орчим үүссэн зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи дотор үүссэн цус хуралт нь унах үед үүсэх боломжтой гэмтлүүд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “ 1. Г.Хын биед духанд шарх, дух, хамрын нуруу, баруун шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи дотор хэсэгт цус хуралт, дух, хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон, 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн 87 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 37 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Жы ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /45 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн бэрх” дэлгүүрийн урд Г.Хтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Г.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Г.Хын мэдүүлсэн "... Д.Ж миний хоолойг ар талаас боогоод ухаан алдуулаад би урагшаагаа дух хэсгээрээ унасан байсан. ..эмнэлэгт очоод оёо тавиулахад толгойн хэсгээр өвдөөд ухаан орж эхэлсэн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-16 дугаар хуудас/, Гэрч Ц.Аийн мэдүүлсэн "...Ж Г.Хын хойд талд нь гараад хоолойноос нь боохоор нь би тэр хоёрыг тоглож байгаа юм байх гэж бодоод салгаагүй. Тэгээд Г.Х урагшаагаа дэлгүүрийн үүдний хэсгийн цементен талбай дээр нүүрэн хэсгээрээ унасан. ..Г.Х халамцуу байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэний 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №87 дугаартай дүгнэлт / ХХ-ийн 23-24 дугаар хуудас/, Д.Жы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Жыг хохирогч Г.Хын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн бэрх” дэлгүүрийн урд Г.Хтай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Г.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна. Мөн шүүгдэгч Д.Жы үйлдсэн хэрэгт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын үзлэгийн үеэр бэхжүүлж авсан 1 ширхэг хуурцаг /CD/-г уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Дондогийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Д.Жы торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Д.Ж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдаж, хэргийн газрын үзлэгийн үеэр бэхжүүлж авсан 1 ширхэг хуурцаг /CD/-г уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.