Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 00071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 О.Нандинцэцэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Ч.Мөнгөнцэцэг, Д.Уранчимэг

              Хохирогч                                           О.Г

                         Шүүгдэгч                                               Д.Б, Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.  

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.С нарт холбогдох 2032000000068 дугаартай тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, * өдөр * дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын *тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2018 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Тайж, овогт Дамбадаржаагийн Б /*/,

 

Монгол улсын иргэн, *ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын *тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, СарТ овогт Төмөрбаатарын С, /*/

 

 

        Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Тайж овогт Дамбадаржаагийн Б нь 2020 оны 03 дугаар сарын 26- ний өдрөөс 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын 104 тоот өөрийн гэртээ О.Гг “Архи уугаад гэртээ ирлээ” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

СарТ овогт Төмөрбаатарын С нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: : 2020 оны 03 сарын 26-нд Г согтуу ирсэн. Морь байхаар нь юу морь вэ гэхэд мэдэхгүй байна гэсэн.  Нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд 03 сарын 27-ны өглөө айлд юм хийчихээд орой гэртээ очиход Г толгой нь өвдөөд байна гэхээр нь түргэн дуудаж үзүүлсэн. Тэгээд 04 сарын 02-ны өдөр вагоноор хот руу авч яваад хагалгаанд оруулаад 17-нд гарч ирсэн. Тэнд эмчилгээнд хэвтэж байгаад гэртээ байсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагт Г гэртээ согтуу ирхэд Б ах, найз Э бид гурав байсан. Г согтуу дээл өмсчихсөн морь уначихсан хөл дээрээ тогтож чадахгүй орж ирсэн. Нөхөр нь унт гэхэд байсгээд гүйж гараад архиа хайгаад байсан юм шиг байна лээ. Б ах Гг түлхээд хоёр гурван удаа бөгс рүү нь өшиглөчихсөн. Тэрнээс хойш хоёр гурван хоногийн дараа халуураад түргэн дуудсан. Б ахын хэлсэн бүгд үнэн. Би худлаа хэлсэндээ гэмшиж байна гэжээ.

         Хохирогч О.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Д, Т, Ду буюу Ц гэх тэр бид 4 Тын гэрт архи ууж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд маргааш өглөө нь гэртээ ирчихсэн орон дотроо хэвтэж байсан. Миний толгой руу цохьсон бололтой толгой маш их өвдөж байсан. Баруун нүд хөхөрч хавдаад юм харж болохгүй болчихсон байсан. Тэр үед морины эзэн ирээд ах нь морио авъя гээд аваад явсан. Тэгээд би цагдаа дээр дуудагдаж ирж мэдүүлэг өгчхөөд буцаад харьж хэвтсэн. Үүнээс хойш 2 өдөр халуурч толгой өвдөөд унтаж чадахгүй байсан тул эмнэлэг дуудаж сүүлдээ хот руу явж хагалгаанд орсон. ...Зодуулсны нөгөөдөр нь манай найз Т.С надад тэр шөнө чамайг гаднаас нэлээн согтуу орж ирэхэд Б чамайг зөндөө зодсон. Би чамайг салгаж авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

Гэрч Т.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн үед ирэхдээ морь уначихсан бас дээл өмсчихсөн байсан. Гг гаднаас орж ирэхэд нөхөр Б нь унт гэхэд үгэнд орохгүй гарч ороод яваад байхаар нь Б Гг 2-3 удаа бөгс, хөл рүү нь өшиглөсөн. Гг газар унахаар Б энд тэндгүй өшиглөөд аймаар зодсон. Тэгэхээр нь би салгасан. Маргааш өглөө нь Гг цагдаа дээр хутганы хэргээр нь дуудсан. Гг босоход нь харахад баруун нүд нь хөхрөөд хавдсан юм харж болохгүй байна гээд явсан. Маргаашнаас нь Г халуураад босож чадахгүй ёолоод байсан тул шөнө би эмнэлэг рүү 99310927 дугаарын утсаар утасдаж түргэн дуудсан. ...Эхлээд орж ирэхээр нь хөл, бөгс рүү нь хэд хэд өшиглөсөн. Тэгээд газар унасны дараа энд тэндгүй өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна 7 хоногийн өмнө гэрээсээ цагдаа руу явлаа гэж гараад шөнө 01 цагийн орчим гаднаас согтуу морьтой ирсэн. Орж ирэхдээ Монгол архитай орж ирээд бид нарыг босгож ууя гээд байсан. Бид нар архи уугаагүй эрүүл байсан. Г гаднаас ундааны савтай архи барьж ирж уугаад нөхрийгөө хэл амаар доромжлоод байхаар нь нөхөр Б нь Гг хөлөөрөө өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Т.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ганцаараа чармай нүцгэн орондоо юм нөмөрчихсөн хэвтэж байсан. Халуураад үхэх гээд хэвтэж байна ус аваад ир гэхээр нь ус авчирч өгсөн. Нүүр амыг нь анзаарч хараагүй ээ. 2 хоногийн дараа дээлээ асуух гээд очиход Сараа гэх зах дээр архи уудаг нэг хүүхэн ирчихсэн сууж байсан. Морьтой ирдэг шөнө нь нөхөр нь зодсон, нөхрөө цагдаад өг гэхээр өгөхгүй байх юм гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Гэрч Т.С нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулан гэрчээр өгсөн мэдүүлэгтээ“...Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 7 хоногийн өмнө намайг Х ахын гэрт Х ах, манай найз Огийн хамт байхад шөнө 1 цагийн орчим гадаа нохой хуцаад байхаар нь Х ах гэрээс гартал өөдөөс нь Г дээл өмсчихсөн зогсож байсан. Тэгээд Х ах Гг оруулж унТсан. Маргааш өглөө нь босоход хашааны хаалга нь эвдэрчихсэн, хашаанд нь шардуу зүстэй морь байсан. Өглөө нь босоод Х ах Гг хаагуур явсан, хэний морь байсан юм бэ гэж асуухад хэлэхгүй байсан. Урьд шөнө нь Г гаднаас дээлтэй согтуу орж ирэхдээ нэг нүд нь бага зэрэг хавдчихсан байсан. Хэн зодсон юм гэж асуухаар уначихсан гэж гээд байсан. Намайг байх хугацаанд Г нөхөр болон хэн нэгэнтэй муудаж, маргалдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/

              Гэрч    Т.Сгаас 2019 оны 04 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийг сануулан дахин гэрчээр  өгсөн мэдүүлэгтээ"...Би 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Алтанцөгц байцаагчид мэдүүлэг өгсөн. Тухайн үед мэдүүлэг өгөхөд Г, Б 2 Гг гаднаас орж ирэхдээ нүд нь хавдаад гэмтсэн орж ирсэн, Б Гг зодсон талаар битгий хэлээрэй гэж гуйгаад байсан тул би тэгж найзийгаа бодоод худал мэдүүлэг өгсөн. Үнэн хэрэг дээрээ би он сарыг нь сайн санахгүй байна. Г Төрмөнхийг хутгалсан хэргээс хойш 3-4 хоногийн дараа, 2020 оны 03 дугаар сарын сүүлээр намайг Хайлаастын 104 тоот Бын гэрт байхад нилээн оройхон 23-24 цагийн орчим Г гаднаас хөл дээрээ тогтож чадахгүй болчихсон нилээн согтуу орж ирсэн. Тухайн үед ирэхдээ морь уначихсан, бас дээл өмсчихсөн байсан. Гг гаднаас орж ирэхэд нь нөхөр Б нь унт гэхэд үгэнд нь орохгүй гарч ороод яваад байхаар нь Б Гг 2-3 удаа бөгс рүү нь өшиглөсөн. Гг газар унахаар нь Б энд тэндгүй өшиглөөд аймар зодсон. Тэгэхээр нь би салгасан. Маргааш өглөө нь Гг цагдаа дээр хутганы хэргээр нь дуудсан. Гг босоход нь харахад баруун нүд нь хөхрөөд хавдсан юм харж болохгүй байна гээд явсан." гэх дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

                Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн

                  1. О.Ггийн биед гавлын баруун талын зулай, чамархайг хамарсан цус харвалт, субарахнойдал зайнууд цус харвалт, баруун хажуу ховдол дарагдаж шахагдсан, тархи доргилт гэмтэл тогтоогдсон.

                   2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

                   3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                   4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх №73 дугаартай дүгнэлт /XX-ийн 21-22 хуудас/,

Хохирогч О.Ггийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 83-92 дугаар хуудас/.

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Д.Бын Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 44 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 48 дугаар хуудас/, 2018 оны 12 дугаар 06-ны №152 дугаартай ял шийтгэгдсэн тогтоол /ХХ-ийн 51-53 дугаар хуудас/, Т.Сгийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3-р багийн  Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 64 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Дамбадаржаагийн Б нь 2020 оны 03 дугаар сарын 26- ний өдрөөс 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын 104 тоот өөрийн гэртээ О.Гг “Архи уугаад гэртээ ирлээ” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,  СарТ овогт Төмөрбаатарын С нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч О.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/, Гэрч Т.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд /ХХ-ийн 16-17, 4-5 дугаар хуудас/, Гэрч Д.Бат-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, Гэрч Т.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20  дугаар хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №73 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 21-22 дугаа хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Быг хохирогч О.Ггийн эрүүл мэндэд  хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар, шүүгдэгч Т.Сг гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б нь 2020 оны 03 дугаар сарын 26-ний өдрөөс 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын 104 тоот өөрийн гэртээ О.Гг “Архи уугаад гэртээ ирлээ” гэх шалтгааны улмаас зодож, түүний биед гавлын баруун талын зулай, чамархайг хамарсан цус харвалт, субарахнойдал зайнууд цус харвалт, баруун хажуу ховдол дарагдаж шахагдсан, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, Т.С нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, зан харьцааны дутагдал гаргасан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч Д.Б, Т.С нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Быг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 01 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэргийн улмаас хохирогч О.Ггийн биед хүнд хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгч Д.Баас нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн тул хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Б, Т.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж овогт Дамбадаржаагын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч СарТ овогт Төмөрбаатарын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  Д.Быг 01 /нэг/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан 01 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Т.С торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Д.Б, Т.С нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Д.Бын эдлэх ялыг нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Т.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.                    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.