| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00079/Э |
| Дугаар | 00068 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Я.Амарзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш
Өсвөр насны шүүгдэгч Б.С нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Сд холбогдох 2032000000078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын * тоот оршин суух хаягтай. Ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шаргууд овогт Батмөнхийн С /РД:*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Өсвөр насны яллагдагч Б.С нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын гудамжинд Ч.Эийг "муухай харсан” гэх шалтгааны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Шарын гоын гудамжинд Ч.Эийг муухай харсан гэх шалтгаанаар заамдаж барилцсан үедээ шанааруу нэг удаа цохиж, нүүрлүү нь мөргөсөн. Мөн нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан. Хохирол төлбөрт 1200000 төгрөг төлсөн гэжээ...
Хохирогч Ч.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр С хажуугаар зөрж өнгөрөхдөө над руу хараад яагаад муухай хараад байгаа юм гэхээр чам руу муухай хархаар яадаг юм гэхэд юу гээд байгаа юм энэ ямар том бацаан бэ гээд надруу дайрах гэхэд нь хамт явсан Мөнхгэрэл гараас нь бариад над руу ойртуулаагүй,…Тэгээд шарын голын гудамжинд амьдардаг найз Бгийн хашаанд очоод сагс тоглож байхад С миний зүүн шанаа руу цохьсоноо хамар руу мөргөсөн дахиж ирээд миний дээд уруул орчим өшиглөсөн. Үүнээс болж миний дээд үүдэн нэг шүд хугарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугар хуудас/,
Гэрч М.Ө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...С Эийн шүдийг хугалчихсан чинь би чамайг амьдралгүй болгоно, ..гэх мэтээр харааж байсан.." гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч Эмч, цагдаагийн ахлах дэспэгч Г.Ган-Эрдэнийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “1. Ч.Эийн биед зүүн дээд 1-р шүдний бүрэн бус хугарал, баруун дээд 1-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдсон, 2. Дээрх гэмтэл нь мохоо хучин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн №90 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 22-23 хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 46 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Сгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /49 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын гудамжинд Ч.Эийг "муухай харсан” гэх шалтгааны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ч.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Шинжээчийн №90 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/, Гэрч М.Өын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/,болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Сг хохирогч Ч.Эийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын гудамжинд Ч.Эийг "муухай харсан” гэх шалтгааны улмаас түүний эрүүл мэндэд зүүн дээд 1-р шүдний бүрэн бус хугарал, баруун дээд 1-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогчид хохирол төлбөр төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шаргууд овогт Батмөнхийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Сгын торгох ялыг 5 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Б.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.