Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 52

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 4-03 тоотод оршин суух Хан хөгшин овогт Цэрэндоржийн Эрдэнэцэцэгийн Ажиллаж байсан байдлаа, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын 8-н жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар, 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10-н жилийн 1 дүгээр дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт тухайн үеийн эрх бүхий хүмүүс миний нэрийг ташаарч бичсэнээс болоод улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг, 1980 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр надад олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэг нь 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын 8-н жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар, 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10-н жилийн 1 дүгээр дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан, 1980 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон улаан хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 640 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны товчооны гишүүдийн 1980 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай тогтоол, Өвөрхангай аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай шийдвэр, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захиралын цалингийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-н жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай, 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай тушаалууд, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэлээс гишүүний 465301 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, гэрч Д.Нацагмаа, Д.Дүгэрсүрэн, В.Отгон нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Хан хөгшин овогт Цэдэндоржийн Эрдэнэцэцэгийг 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын 8-н жилийн дунд сургуульд пионерийн ахлах удирдагчаар, 1986 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10-н жилийн 1 дүгээр дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан, 1980 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон улаан хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА