| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0034/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/39 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/39
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогтой Д-ын О-т холбогдох эрүүгийн 2027000170026 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “___” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 4, эх, ах нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо баг, ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А- овогтой Д-ын О- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д-ын О- нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн нутаг ___ гэр хороолол хэсэгт улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлсэн цэнхэр өнгийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Ш.Б-ийг дайрч амь насыг нь хохироосон, мөн тухайн хэрэг учрал болсон газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Ээжийг нас барсан талаар нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө өөрийн дүү Н-аас мэдсэн. Тухайн үед Н- бид хоёр Улаанбаатар хотод байсан. Ээж Б- нь хоёр дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн нутаг ___ хашаанд байрлах гэртээ амьдардаг байсан. Ямар шалтгаан нөхцөлийн улмаас нас барсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан зам тээврийн осол аваарын улмаас нас барсан гэж ярьж байсан. Би гомдолтой байгаа нэхэмжлэх зүйлийн талаар дараагийн удаа мэдүүлэг өгөхдөө баримтаар нэхэмжлэх болно. Үүнд:Талийгаачийн буяны ажилд зарцуулагдсан мөнгө төгрөг болон оршуулгын зардал, бусад зардал орж байгаа. ...Надад нийт 3.400 000 мянган төгрөг дансаар шилжүүлэн өгсөн байгаа тухайн мөнгө төгрөг талийгаачийн буяны ажилд зарцуулагдсан. Цаашид миний сургалтын төлбөрийг төлнө гэж байсан. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй энэ хэргийг хурдан шуурхай хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 100-103 дугаар хуудас/,
Гэрч С.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2020 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө “___” дэлгүүрийн арын гудамжаар эмнэлэг рүү явж байтал нэг хүн доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь бид хэд согтуу хүн байна гэж бодсон. Би ард сууж явж байсан учраас буугаагүй манай нярайн эмч Ч- бууж тухайн хүнд үзлэг хийж байх шиг байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/,
Гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Эмэгтэйчүүдийн их эмч Н-г авахаар ___-д байдаг гэр лүү нь явсан. Тэгээд гэрээс нь эмчийг аваад буцаж явахад гудамжны голд нэг хүн доошоо харчихсан хэвтэж байсан хажууд нь нэг улаан малгай хэвтэж байсан. Тэгэхээр нь би буугаад согтуу хүн байх гээд гүрээний судсыг нь тэмтэрч үзэхэд цохилт мэдрэгдэхгүй байсан. Тэгээд нас барсан хүн байна гээд Н- эмч утсаараа цагдаагийн 70327102 дугаарын утсанд дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 125 дугаар хуудас/,
Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...О- 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед заланд тоглоно гэж хэлээд цэнхэр өнгийн “Даюун” гэсэн нэртэй мотоциклийг унаж яваад орой ирсэн. Хэдэн цагт ирсэн талаар мэдэхгүй байна. Л- бид хоёр унтаагүй байсан үед дүү О- өөрийнхөө мотоциклийг унаж ирсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 175-176 дугаар хуудас/,
Гэрч Н.Л-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Орой 21 цагийн орчим О- зааланд тоглоно гэхээр нь хэн хэнтэй тоглох юм гэхэд хорооныхоо ах нартай гэж хэлээд гараад явсан. Зааланд байхдаа миний фэйсбүүк чатаар видео калл хийж надтай яриад зааланд байгаагаа болон хамт тоглож байгаа хүмүүсээ харуулсан. Орой 00 цагийн үед гэртээ орж ирээд унтсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 178-179 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цагийн орчимд би хорооны хүүхдүүдийнхээ хамт “___” сургуулийн зааланд тоглох гээд явж байхдаа О- найзтайгаа тааралдсан юм. Тэгээд бид нар зааланд тоглох гэж байна чи хамт тоглох уу гэж хэлэхэд тэгье би гэртээ очоод хувцасаа аваад буцаж ирнэ гэж хэлээд явсан. Удалгүй О- бид нартай цуг зааланд 2-3 цаг тоглосон шиг санаж байна. Тэрний дараа О- намайг гэр лүү мотоциклио унаж хүргэж өгсөн. Манай гэрт О- бид хоёр гар утсаар тоглож байтал манай аав, ээж хоёр Бат-Ө- сумаас ирсэн. О- манай гэрлүү оролгүй шууд мотоциклио унаж ганцаараа гэрлүүгээ явсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 171дүгээр хуудас/,
Гэрч Э.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тухайн өдөр О- нь манай гэрт ирээд мотоциклийнхоо хаазны торосыг янзлуулах гээд ирсэн. Би тэр үед нь хүүхдээ хараад завгүй гэж хэлээд явуулсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахиад манайхаар О- ирсэн. Би тэгээд мотоциклийнх нь хаазны торосыг янзалж өгөөд өөрт илүү байсан хуучин хаазны торосыг мотоциклинд нь тавьж өгөөд явуулсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 180-181 дүгээр хуудас/,
Гэрч Ш.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Ш.Б- нь миний төрсөн дүү байгаа юм. Би Б-тэй хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 15 өдрийн 16 цагийн үед уулзсан. ...Миний дүү тогтсон ажилгүй архи их уудаг хүн байсан бөгөөд эрүүл саруул байхдаа хүртэл агсам тавиад байдаг байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 106 дугаар хуудас/,
Гэрч Н.У-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Ш.Б- нь миний нөхрийн төрсөн дүү байгаа юм. Би түүнийг 4 настай байхад нь буюу 1981 онд Б-ийн ах М-тай гэр бүл болж байсан учир түүнийг бага байхаас нь мэднэ. ...хадам аав ээж хоёрыг нас барсан цагаас хойш архи ууж хэрэглэх болсон..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/,
Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тухайн үед манай гэрт Д-, манай том охин Б- бид 3 орой унтах гээд хэвтэж байхад Д- орж ирээд унтсан /хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна/. Хэсэг хугацааны дараа араас нь Б- орж ирчихээд удалгүй гараад явчихсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108 дугаар хуудас/,
Гэрч Ц.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тухайн өдөр би өөрийн гэртээ байж байгаад 15 цагийн үед найз болох Г-гийнд очиж утсаа цэнэглэж 1 цаг орчим байж байгаад гараад гэр рүүгээ явж байтал Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дээд өргөн чөлөөнд Ө-, Б- ах хоёртой таарахад тэр 2 хар Б-гийн дэлгүүрээс архи зээлэх гэсэн юм өгөх болов уу гэж байгаад Ө- ах ороод 1 шил 0.75 литрийн “Харзтай” 1 шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи аваад гараад ирсэн. Тэгээд Ө- ахынд очъё гээд явж байтал араас Б- ирээд бид 4 Ө- ахынд очсон. Ө- ахынд очиход Ө- ахын ах гээд нэг хүн байсан ба бид 5 эхлээд 1 шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архийг хувааж ууж байхад Б- ах Г- руу залгаж дуудаад уг архийг дуусч байхад Г- орж ирсэн. Тэгээд дараагийн 0.75 литрийн “Харзтай” архийг Ө- ах, түүний ах, Б- ах Г-, Б- бид хэд хувааж уусан...." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109-110 дугаар хуудас/,
Гэрч Д.Р-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"... 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Хархорин сумын Эрдэнэтолгой багийн ____ тоотод дүү нарынхаа хамт байж байтал 16 цагийн үед Б-, Б-, Г- дүү Ө- нар г-с 2 шил 0.75 литрийн “Харзтай”, “Нутгийн буян” гэх архитай орж ирсэн. 1 шил “Нутгийн буян” нэртэй архиа дуусаж байхад Г- нэг хүн рүү утастаж, удалгүй нэг залуу гаднаас орж ирсэн. 2 шил архиа ууж дуусчихаад тухайн үл таних залуу 2500 төгрөг гаргаж ирээд, мөнгө цуглуулж дахин 1 шил 0.75 литрийн Харзтай нэртэй архи авч ууцгаасан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 112-113 дугаар хуудас/,
Гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"... 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б- ахынд байж байгаад 13 цагийн үед гараад Ө- ах, Р- ах 2 дээр очиж хэсэг байж байгаад эргээд Б- ахынд очиход Р- ах, Ө- ах, Б-, Б-, Г-, Г- нар архи уугаад сууж байсан. Тэгээд Ө- ах Б- бид 3 хар Б-гийн дэлгүүр рүү яваад Ө- ах ороод 1 шуудай нүүрс 2 шил архи бариад гараад ирсэн. Дэлгүүрээс эргээд явж байтал Г-, Б- хоёртой таараад гэрч очиж Р- ах, Ө- ах, Б-, Г-, Б- бид нар авсан архиа ууцгаасан. Тэгээд 22 цагийн үед би гэрээсээ гараад Б- ахын гэрт ороод хаалгаа түгжээд унтаж байтал хаалга нүдээд байхаар нь хаалга онгойлготол Б- согтуу орж ирэхээр нь унт гэтэл Б- хэлэхдээ би унтахгүй харилаа гэхээр нь за за тэгвэл гэртээ харь гэж гэрээс гаргачихаад хаалгаа түгжээд унтсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 114-115 дугаар хуудас/,
Гэрч Д.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Би Хархорин сумын дунд өргөн чөлөөний эцэст байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүрт ороод 2 шил Харзтай гэх архи зээлж аваад гэр лүүгээ явж байсан чинь араас Б- дуудсаар байгаад дагаж гэрт хүрч ирсэн. Тэгээд манай гэрт байсан Г- гэх залуу, манай төрсөн ах Р-, хуурай дүү Б- нартай бид 5 эхний 1 шил архийг хувааж уусан. Тэгээд би эрт унтаад өгсөн. Намайг унтахад Б- сууж л байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 116 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн үед Г-той гудамжиндаа таарсан. Бид хоёр Ө-ы гэрт очиход Ө-, Р- нар гэртээ байсан. Ө-ы гэрт байж байгаад 17 цагийн орчим Г-, Ө- бид гурав Б-гийн дэлгүүр рүү явсан. Г- бид 2 дэлгүүрийн гадаа зогсож байсан. Ө- 0.75 литрийн Харзтай нэртэй архи, 0.5 литрийн Харзтай нэртэй архи аваад гэрч ирсэн. Тэгээд дэлгүүрийн гадаа Б- гээд манай 10 жилийн нэг төгсөлтийн найз таарсан. Мөн Г- гээд дүү таарсан. Тэгээд бид 5 буцаад Ө-ы гэр очиж архиа ууцгаасан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 120-121 дүгээр хуудас/,
Гэрч Т.З-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Танина Д.О- нь манай нөхрийн төрсөн дүү байгаа юм одоо Хархорин сумын Сансар хороонд ээж болон хамаатныхаа 2 эгчтэй хамт амьдарч байна. Хархорин суманд байх “___” ХХК-ийн ачигч хийдэг. Д.О- нь хүний үгээр байдаг. Өөрийгөө хариуцах чадвар сул байдаг. Өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй тийм хүн байгаа юм..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 176 дугаар хуудас/,
Гэрч Д.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"... Д.О- нь миний төрсөн дүү байгаа юм. Бид эцэг эхээс 3-уулаа О- нь айлын отгон хүүхэд одоо болтол ээжийн хамт амьдарч байна. Зан байдлын хувьд төлөв томоотой хүүхэд бөгөөд энэ жил 18 нас хүрч байгаа. Д.О- нь Хархорин суманд байх “___” ХХК-д ачигч хийдэг..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 181 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №07 тоот:
“...1.Талийгаач Ш.Б-ийн биед үнхэлцгийн хөндий дэх цус дүүрэлт, цээжний дунд хэсэг хөхний харалдаа уутлагдсан шарх, зүүн уушгины шарх, элэгний язарсан шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт, голын эрхтнүүдийн цус хуралт, олон хавирганы хугарал (3,4.6,7) зүүн гарын шууны ясны хугарал. Дух, шанаанд зулгаралт, цээжинд цус харвалт, зулгаралт, баруун гуяа баруун шилбэ, зүүн хөл нуруунд цус хуралт зүүн хөл зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед үүсэх боломжтой. Мөргөгдөх болон дайрагдах гэмтлүүдийг ялгах боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь бүгд амь үед осол болох үед үүссэн байх боломжтой.
3. Хэрэг болсон гэх өдөр нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь шууд үхэлд хүргэнэ. Талийгаач нас бараад 4-5 цаг болсон байна.
4. Талийгаач элэг болон нойр булчирхайн архаг өрөвсөлтэй байсан байна. Энэ нь үхэлд нөлөөлөөхгүй байна.
5. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна талийгаач нь авто ослын хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн болон цус алдалтын шокоор нас баржээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 183-185 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн №05 тоот:
“...1. Улсын дугаар байхгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн /хуучин мотоцикль/ мотоциклийг жолоодож явсан Д- овогтой О- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Мотоциклийн жолооч Д.О- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1А, 3.4Г, 3.4Д 3.5А, 3.5Б, 3.5Г, 12.3 заалт "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)”, “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна.
3. Явган зорчигч Ш- овогтой Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 “явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна” гэх заалтыг удирдлага болгон хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.
4. Осол болох үед улсын дугааргүй мотоциклийн жолооч Д.О-ын регистрийн дугаараар цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шүүж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Тухайн цаг хугацаанд мотоцикль ямар хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй байна.
5. Зам тээврийн осол аваар гарахад замын нөхцөл болон цаг агаарын байдал нөлөөлсөн гэж үзэхгүй байна.
6. Осол гарахад нөлөөлсөн шалтгаан Д.О- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 197-198 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 86 тоот:
“...1. Д.О- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байна.
2. Д.О- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Д.О- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
4. Д.О- нь хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж баримт үгүй байна.
5. Д.О-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 12, 13-32 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 44-51 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 52-61 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.О-ын зам тээврийн осол болох үед жолоодож явсан мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 62-67 дугаар хуудас/,
Талийгаач Ш.Б-ийн өмнө гэмт хэрэг болон зөрчилд холбогдож байсан талаарх лавлагаанууд /2 дугаар хх-ийн 56-65 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.О-ын иргэний үнэмлэх, мэргэжлийн боловсролын үнэмлэх,% суурь боловсролын гэрчилгээний хуулбарууд, Завхан аймгийн Сонгино сумын Баян-Айраг багийн Засаг даргын тодорхойлолтууд, Завхан аймгийн Сонгино сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 72-73, 75-77, 80, 81, 86 дугаар хуудас/,
“___” ХХК-ийн тодорхойлолт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт /2 дугаар хх-ийн .....хуудас/,
Шүүгдэгч Д.О-ыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн нутаг ___ гэр хороолол хэсэгт улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн мотоцикль жолоодон явахдаа:
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс тус замаар явж байсан явган зорчигч Б-ийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас Б-ийн биед “...үнхэлцгийн хөндий дэх цус дүүрэлт, цээжний дунд хэсэг хөхний харалдаа уутлагдсан шарх, зүүн уушгины шарх, элэгний язарсан шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт, голын эрхтэнүүдийн цус хуралт, олон хавирганы хугарал (3,4.6,7) зүүн гарын шууны ясны хугарал. Дух, шанаанд зулгаралт, цээжинд цус харвалт, зулгаралт, баруун гуяа баруун шилбэ, зүүн хөл нуруунд цус хуралт зүүн хөл зулгаралт гэмтэл” авч, ...дээрх
хавсарсан гэмтлийн улмаас нас барж, амь хохирсон,
мөн шүүгдэгч нь дээрх зам тээврийн осол хэрэг гаргасны дараа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1А, 3.4Г, 3.4Д 3.5А, 3.5Б, 3.5Г "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)”, “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн жолоочийн үүргээ биелүүлээгүй зөрчиж, зам тээврийн осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 100-103 дугаар хуудас/, гэрч С.Н-, Д.Ч- нарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123, 125 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 07 тоот: “... 1.Талийгаач Ш.Б-ийн биед үнхэлцгийн хөндий дэх цус дүүрэлт, цээжний дунд хэсэг хөхний харалдаа уутлагдсан шарх, зүүн уушгины шарх, элэгний язарсан шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт, голын эрхтэнүүдийн цус хуралт, олон хавирганы хугарал (3,4.6,7) зүүн гарын шууны ясны хугарал. Дух, шанаанд зулгаралт, цээжинд цус харвалт, зулгаралт, баруун гуяа баруун шилбэ, зүүн хөл нуруунд цус хуралт зүүн хөл зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед үүсэх боломжтой. Мөргөгдөх болон дайрагдах гэмтлүүдийг ялгах боломжгүй байна Дээрх гэмтлүүд нь бүгд амь үед осол болох үед үүссэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх өдөр нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь шууд үхэлд хүргэнэ. Талийгаач нас бараад 4-5 цаг болсон байна. 4. Талийгаач элэг болон нойр булчирхайн архаг өрөвсөлтэй байсан байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй байна. 5. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна талийгаач нь авто ослын хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн болон цус алдалтын шокоор нас баржээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 183-185 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн №05 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 197-198 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугаатаасан” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.О-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэрэг гарахад явган зорчигч Ш.Б- /амь хохирогч/ нь өөрийгөө хянах, жолоодох чадваргүй, хүнд зэргийн согтолттой байх үедээ замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 “явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна” гэснийг зөрчсөн зохих буруутай байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 07 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 183-185 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн №05 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 197-198 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Гэсэн хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П- нь оршуулгын зардал бусад төлбөрт 3 454 000 төгрөгийг авсан тул төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О- нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/ баримтаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх хэдий ч хоёулаа мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн”, 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т “ Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохгүй” байхаар зохицуулсан хэдий ч шүүгдэгчийн тухайд үйлдсэн гэмт хэргийн 1 нь гэм буруугийн санаатай 1 нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, мөн тэрээр 18 настай, тодорхой эрхэлсэн ажилтай зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А- овогтой Д-ын О-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Д.О- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Д.О-ыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Д.О-ыг тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, түүнчлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Д.О-т сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар Д.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9. Д.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА