Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00126

 

О.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01683 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

     2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2030 дугаар магадлалтай      

О.Д-ийн нэхэмжлэлтэй,

“О” ХХК-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.800.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д-, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч О.Д-ийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ж.Ариунаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие “О” ХХК-ийн уурхайн талбарт Аюулгүй байдал гэнэтийн ослын удирдлагын хэлтэст гэнэтийн ослын багийн ажилтнаар ажиллаж байгаад халагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонсын НR0007/17 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 и заалт, ажил гүйцэтгэх ба сахилгын тухай журмын 3.1.6 болон 3.3.2.3 е заалтуудыг үндэслэн гарсан байх ба тушаах хэсгийн 1-д ажилтан О.Д- нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бараа материал багаж тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрөл-ийг худал бөглөн удирдлагын өмнөөс гарын үсэг зурж, залилан мэхэлсэн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэжээ. Би тушаалд дурьдсан шиг ноцтой зөрчил гаргаагүй. Хэн нэгнийг залилан мэхэлсэн зүйл байхгүй. Ажлын гүйцэтгэл ба сахилгын журмын тухай журам нь ямар журам байдаг талаар ойлголт байхгүй, надад танилцуулаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай гэнэтийн ослын багийн ахлах ажилтан н.Өнөрсайхан дотоод сүлжээгээр сайтын аюулгүй байдлын албаны ахлах Б.Батбаяраас зөвшөөрөл авсны дагуу галын хорны хоосон савнуудыг сайтаас гаргасан. Ахлах ажилтан н.Өнөрсайхан аюулгүй байдлын албаны ахлах Б.Батбаяр руу гэнэтийн ослын үед хариу үзүүлэх багийн гал унтраах ажиллагаанд ашигладаг бодисыг ашиглаж дууссаны дараа хуванцар савыг буцаах, шаардлага хангахгүй савнуудыг устгалд оруулах тул галын хорны хоосон савнуудыг сайтаас тээвэрлэж гаргах зөвшөөрөл өгнө үү гэсэн хүсэлтийг явуулж, хамгаалалтын албаны ахлах ажилтан Б.Батбаяр зөвшөөрч, зохих журмын дагуу нэвтрүүлнэ үү, аюулгүй байдлаа хангаж ажиллах мөн батлан даагчаар намайг ажиллахыг даалгасан. Энэ зөвшөөрөл өгөгдсөний дараа миний бие аюулгүй байдал дээр очиж бөглөх ёстой маягтыг бөглөөд, эрх олгосны дагуу гарын үсгийг зураад сав тээвэрлэх машиныг оруулж, савнуудыг ачуулаад буцаагаад сайтаас гаргасан. Ийм л үйл явдал болсон. Миний ажлын байрны тодорхойлолтоор миний шууд харъяалагдах албан тушаалтан нь гэнэтийн ослын багийн ахлах ажилтан н.Өнөрсайхан. Энэ албан тушаал дээр байсан тул түүний олгосон зөвшөөрлийн дагуу мөн асууж лавласны дагуу би ажилласан. Би өөрийн дур зоргоор ажиллаагүй бөгөөд гэнэтийн ослын багийн ажилтны хувьд өөрийн албанд ашиглагдсан савыг аюулгүй байдлыг хангаж гаргах үүрэгтэй байсан. Үүнийхээ дагуу ажилласан. Анх 2225/16 тушаалаар гэнэтийн ослын багийн ажилтнаар хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл туршилтын хугацаагаар байгуулж, сарын 1230 ам.доллартай тэнцэх хэмжээний үндсэн цалинтайгаар ажиллуулж уурхайн талбарт ажилласан нэмэгдлийг зохих журмаар тооцон олгосон. Хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажилд орох тушаал гаргах журамтай. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулах тушаалаараа шууд ажилд авчихсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 10.2.1.и. Компанийн аливаа бодлого, дүрэм, журам, стандарт (Үүнд: Компанийн Дотоод журам, "Кэмпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм, Мансууруулах бодис ба Согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам, Ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам, Ажилд авах болон Сонгон шалгаруулах журам, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох журам, Бидний ажлын арга барил, Бизнесийн ёс зүйн стандарт, Мэдээллийн нууцлалын стандарт, удирдамж, Цахим эх үүсвэрүүдийг зөв зохистой ашиглах “О” ХХК-ийн стандарт, Мэдээллийн аюулгүй байдлын стандарт гэх мэт)-д Ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар эсхүл зөрчил гаргасан даруй ажлын талбай, төслийн талбар болон тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрээс явуулахаар заасан зөрчил гаргасан гэж заасан. Эдгээр олон дүрэм журмуудын яг ямар журмын ямар заалтыг үндэслэн ажлаас халсан нь тодорхойгүй. Хуулиараа ноцтой зөрчил гэдэгт тодорхой зөрчлүүд хамаардаг болохоос ажилтны үйлдэл бүрийг ноцтой зөрчил гэж үзэхгүй. Тиймээс Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 и заалтыг баримталж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Ажил гүйцэтгэх ба сахилгын тухай журмыг танилцуулаагүй, ажилд ороод зөвхөн хөдөлмөрийн гэрээнд л гарын үсэг зурсан. Дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, сахилгын зөрчил болон бусад журамтай танилцаж гарын үсэг зурсан зүйлгүй. Ажлаас халах үндэслэл болж байгаа 10.2.1.и, Ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам. Гэтэл өнөөдөр шүүхэд авчирсан журам нь Ажлын гүйцэтгэл ба сахилгын журам болоод нэр нь өөрчлөгдчихсөн. Үүнийг 2013 онд хөдөлмөрийн дотоод журмаас салган авч баталсан гэж тайлбарлаж байна. Хэрвээ 2013 оноос өнөөг хүртэл энэ журам үйлчилж байгаа юм бол хөдөлмөрийн гэрээ байгуулах үед яагаад өөр нэртэй байгаа юм. Тэгэхээр алиныг нь авч хэрэгжүүлэх талаар бүрхэг байгаа нь ажлаас халах тушаалын үндэслэл болоод байгаа 10.2.1.и, Ажлын гүйцэтгэл ба сахилгын тухай журмын 3.1.6 болон 3.1.2.3.е заалтуудыг баримталж байгаа нь үндэслэлгүй гэж үзнэ. Нөгөө талаас ажлаас халсан тушаалд удирдлагын өмнөөс гарын үсэг зурж ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн. Яаж тогтоосон талаар нотлох баримт байхгүй. Ярилцлагын тэмдэглэлээр тогтоосон гэж үзсэн. Гэтэл тухайн ярилцлагад хэн оролцсон, юуг нотлох гэж байгаа нь тодорхой бус, тэмдэглэлтэй танилцуулаагүй. Ярилцлагын тэмдэглэл нь англиар бичээд доор нь орчуулчихсан. Албан ёсны бус асуулт хариулт хаана явагдаад байгаа нь тодорхойгүй. Ярилцлагаа эхлэхээс өмнө худал ярьж болохгүй хэрэв худал ярьсан нь тогтоогдвол ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл оногдуулна. Энэ ярилцлагыг өгсөн талаар хэнд ч хэзээ ч хэлж болохгүй гэж сануулсан. Хэдий гадаадын хөрөнгө оруулалтай компани ч гэсэн ажилтныхаа гэм бурууг тогтоохдоо дарамтын шинж чанартай байгааг анхаарах нь зүйтэй байх. Ярилцлага авсан болон гэрчээр байлцсан хүмүүс хэн болох нь тодорхойгүй, ямар асуултад хэрхэн хариулж байгаа нь тодорхой бус. Англи, Монгол руу хэн орчуулаад байгаа болон үнэн зөвийг хэн гэрчлээд байгаа нь тодорхой бус. Тэгэхээр энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Энэ ярилцлагаар залилангийн зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул Стивен Жонс гүйцэтгэх захирлын НR0007/17 дугаар ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан гэнэтийн ослын багийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү. Хэрэгт авагдсан Имэйл шуудангийн баримтад Б.Батбаяраас н.Өнөрсайхан гал унтраах хөөсний хуванцар савыг сайтаас гаргах зөвшөөрлийг хүссэн н.Батбаатар нь зөвшөөрсөн баримт байгаа. Энэ зөвшөөрлийн үндсэн дээр О.Д- нь галын хорны савнуудыг гаргасан бөгөөд н.Өнөрсайханы гарын үсгийн ард өөрийнхөө гарын үсгийг зурсан. Хүний гарын үсэг дуурайлган зурсан болон бусдыг залилан хууран мэхэлсэн ямар ч үйлдэл хийгээгүй. Энэ 200 литрын багтаамжтай, жижиг тагтай хуванцар савыг голоор нь тайраад сайтын хашаанд цэцэг тарьчихсан байдаг. Бусад савнууд сайтын хашааны хаа сайгүй байж байдаг юм. “О” ХХК нь тухайн савнуудыг хортой гэж үзээд байна, гэтэл үнэхээр хортой сав бол нэн даруй устгана. Сайтын хашаагаар дүүрэн хог болгохгүй гэжээ.

 

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батдолгор, өмгөөлөгч Т.Навчаа нарын тайлбарт: О.Д- нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр компанийн эд хөрөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор уурхайн талбараас гаргахаар Бараа материал, багаж тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрөл-ийг худал бөглөн удирдлагын өмнөөс гарын үсэг зурж залилан мэхэлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Иймээс “О” ХХК нь нэхэмжлэгч О.Д-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр цуцалсан. “О” ХХК-д дагаж мөрдөж байгаа 200 гаруй дүрэм журмуудаас хөдөлмөрийн гэрээний 10.2.1.и заалтад тодорхой хэдэн журмыг нэрлэсэн. Эдгээр журмуудад заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд шууд ажлаас халах арга хэмжээ авахаар заасан. О.Д-той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан байгууллагын дотоод дүрэм журмуудтай танилцах үүрэгтэйг заасан. Компанийн хүний нөөцийн ажилтан хөтөлсөн ярилцлагын тэмдэглэлтэй О.Д- танилцаад өөрийн хэлсэн зүйлийнхээ үнэн гэдгийг баталж, гарын үсгээ зурсан. Тиймээс тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангана. Байгууллага ажилтныхаа гаргасан зөрчлийг хэрхэн илрүүлж, тогтоох тухайгаа дотоод журмаараа зохицуулсан. Тийнхүү журамдаа заасан арга хэлбэрээр зөрчлийг шалган тогтоосон. Ажлаас халсан тушаалд О.Д- нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бараа материал, багаж тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрөл-ийг худал бөглөн удирдлагын өмнөөс гарын үсэг зурж хууран мэхэлсэн ноцтой зөрчил гаргасан. Бараа материал тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрөл-ийн баталсан хэсгийн О.Өнөрсайхан гээд араас нь зурсан гарын үсэг нь О.Д-ийн гарын үсэгтэй ижил, н.Өнөрсайханы гарын үсэг биш байгаа. Гарах зөвшөөрлийг хариуцсан албаны менежерийн зөвшөөрөл аюулгүй байдлын албанд очиж байж аюулгүй байдлын алба тоо ширхэгийг нь үзэж шалгаад зөвшөөрлийн баримтад гарын үсэг зурснаар гаргадаг журамтай. О.Д- нь ажлын байрны тодорхойлолттой танилцаад гарын үсэг зурсан. Хэргийн 31 дүгээр хуудсын ар талд байгаа баримтаар тогтоогдоно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01683 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Д-ийг “О” ХХК-ийн Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтсийн гэнэтийн ослын багийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стивен Жонсын НR0007/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ”О” ХХК-иас 15.852.880 төгрөг олговорт тооцон гаргуулан нэхэмжлэгч О.Д-ид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 15.852.880 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 01 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг “О” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2030 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч О.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2030 дугаар магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 2016 оны 12 сарын 27-ны өдрийн О.Д-той хийсэн гэх ярилцлагын тэмдэглэлийг давж заалдах шатны шүүх гол нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсгийг ноцтой зөрчсөн. Учир нь дээрх хурлын тэмдэглэлд ярилцлага хийсэн хүн хэн байгаа нь тодорхойгүй, эхний хуудсан дээр монголоор бичсэн оролцогчийн тухай мэдээлэл байхгүй байхад яаж “уг ярилцлагад н.Солонго оролцсон талаар тэмдэглэлийн удиртгал хэсэгт бичигдсэн байгаагаас үзвэл ... ” гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Нөгөө талаар уг ярилцлагын тэмдэглэл нь Англи хэл дээр бичигдэж, дор нь Монголоор хариуцагч байгууллага өөрсдөө орчуулан бичсэн байдаг ба дээрх Англи, Монгол орчуулга үнэн зөв эсэх шууд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэж байна. Дээрх ярилцлагын тэмдэглэл, тэмдэглэл доторх мэдээллээр О.Д-ийг ноцтой зөрчил гаргасан гэж шүүх дүгнэсэн ба үүнээс өөр нотлох баримт байхгүй байна. “Бараа материал, тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрөл”-ийн хуудсанд О.Д- нь ахлах ажилтан н.Өнөрсайханы зөвшөөрлийн дагуу зурагдсан ба өөрийн хүсэл зоригоор зөвшөөрөлгүй үйлдэл хийсэн гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд үнэн юм. Хариуцагчийн О.Д-той байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “ноцтой зөрчил” гэж тооцон, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд нэхэмжлэгчийн үйлдэл хамаарахгүй байна. Нөгөө талаар, хөдөлмөрийн гэрээн дэх “ноцтой зөрчил”-д хамруулах талаарх ерөнхий зохицуулалт нь ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдах, ажил хөдөлмөргүй цалин хөлсгүй болгох үр дагавар үүсгэхтэй харьцуулахад дэндүү олон бөгөөд ажилтны бараг үйлдэл бүрийг “ноцтой зөрчил”-д тооцохоор байгаа нь хөдөлмөрлөх эрхийн талаарх хууль тогтоомжийн үзэл баримтлалд нийцэхгүй байгаа ба байгууллагын дүрэм журмуудыг зөрчсөн үйлдэл бүр нь хүнийг ажилгүй болгох хэмжээний “ноцтой зөрчил” болохгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой зорчил” нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр ажил олгогчийн ашиг сонирхол нөлөөлөхүйц сөрөг үр дагавар үүсгэх, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш байхаар байна. Харин дээр дурдсан үр дагаварт хүрсэн эсэхийг хариуцагч тал юм ярьдаггүй ба нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Иймээс О.Д-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1-ийн “и” зүйл заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” гэсэн хуулийн зүйл заалттай нийцэхгүй байх тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Ажил олгогчийн өөрийн баталж мөрдүүлж буй, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Ажлын гүйцэтгэл ба менежмент ба хөдөлмөрийн сахилгын журам”-ын 2.3.2, 3.3.2.3, 3.3.2.4, 3.2.1.1 зүйл заалтуудыг ажил олгогч зөрчсөн, журмын дагуу ажиллагаа хийгээгүй ба хэргийн материалд ийм нотлох баримт байхгүй байна. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан НК0007/17 дугаар тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй гэж бид мэтгэлцсэн ба хэрэгт байгаа баримтуудын хүрээнд хариуцагч байгууллагын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож бүртгэгдсэн Стивен Жонс тушаал гаргасан эрх бүхий этгээд мөн эсэх, Стивен Жонсн нь бусдад хөдөлмөрийн гэрээ цуцлах эрхээ шилжүүлэх эрхтэй эсэхийг нотолсон баримт байхгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан НЯ0007/17 дугаар тушаалд гарын үсэг зурах эрх бүхий этгээд зураагүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан тул уг тушаалыг шүүхээс хүчингүй болгох шаардлагагүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 2030 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, О.Д- нь компанийн эд хөрөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор уурхайн талбараас бараа гаргах зөвшөөрлийг худал бөглөсөн, залилан мэхэлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасныг тогтоосон тул ажлаас халсан нь үндэстэй гэж маргажээ.

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2225/16 тоот тушаалаар О.Д- нь “О” ХХК-ийн Аюулгүй байдал гэнэтийн ослын удирдлагын хэлтэст Гэнэтийн ослын багийн ажилтны албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн HR 0007/17 тоот тушаалаар ажилтан О.Д-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 и заалт, Ажлын гүйцэтгэл ба сахилгын журмын 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.3.2.3 е заалтуудыг баримтлан түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бараа материал, багаж тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрлийг худал бөглөн удирдлагын өмнөөс гарын үсэг зурж залилан мэхэлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Ажил олгогч нь ажилтан О.Д-ийг ажлаас халах үндэслэл болж буй 2016 оны 11 сарын 20-ны өдөр “Бараа материал тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрөл”-ийн хуудас дээр “баталсан хэлтсийн менежер” хэсэгт О.Өнөрсайхан гэсний доод талд О.Д- гарын үсгээ зурж, ашиглагдсан галын хорны хуванцар савыг “О” ХХК-иас гаргасан үйлдлийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн эсэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх хоёр өөрөөр дүгнэж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэж заасан зөрчил гарсан тохиолдолд ноцтойд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хөдөлмөрийн гэрээний 10.2.1”и” хэсэгт “Компанийн аливаа бодлого, дүрэм, журам, стандарт (Үүнд: Компанийн Дотоод журам, "Кэмпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм, Мансууруулах бодис ба Согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах журам, Ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам, Ажилд авах болон Сонгон шалгаруулах журам, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох журам, Бидний ажлын арга барил, Бизнесийн ёс зүйн стандарт, Мэдээллийн нууцлалын стандарт, удирдамж, Цахим эх үүсвэрүүдийг зөв зохистой ашиглах “О” ХХК-ийн стандарт, Мэдээллийн аюулгүй байдлын стандарт гэх мэт)-д ноцтой зөрчил гэж тооцсон, ажлаас халах арга хэмжээ авахаар эсхүл зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь ажилтны ямар үйлдэл, зөрчлийг ноцтой гэж үзэх тухайгаа хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах, ажилтан энэ талаар гэрээ байгуулахдаа мэдсэн байхыг шаарддаг.

Хариуцагч ажилтан О.Д-той хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ямар зөрчлийг гэрээнд заасан ноцтой зөрчил гэж тооцох тухай 10.2.1”и” хэсэгт тохирсон гэх боловч “Компанийн аливаа бодлого, дүрэм, журам, стандарт”-аар нэрлэгдсэн журмуудыг, тухайн журамд аль зөрчлийг “ноцтой” гэж үзэх тухайгаа ажилтанд танилцуулсан, ажилтан дээрх журам, стандарттай танилцсан тухай баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч энэ тухайгаа баримтаар нотлоогүй байна.  

Дээрхээс дүгнэхэд 2016 оны 11 сарын 20-ны өдөр хуванцар савыг “О” ХХК-иас гаргасан, Бараа материал тоног төхөөрөмж, машин техник гаргах зөвшөөрлийн хуудас дээр баталсан хэлтсийн менежер хэсэгт О.Өнөрсайхан гэсний доод талд О.Д- гарын үсгээ зурсан нь сахилгын зөрчил мөн боловч  үүнийг ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д нийцэхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгов.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2030 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01683 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч О.Д- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН