Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0070/З |
Дугаар | 221/МА2022/0001 |
Огноо | 2021-12-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2022/0001
“Д х ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 660 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Д х ББСБ” ХХК-ийн захирал Д.Б-ийн давж заалдах гомдлоор “Д х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 660 дугаар шийдвэрээр: “... Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-д заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 395 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Д х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Д х ББСБ” ХХК-ийн захирал Д.Б давж заалдах гомдолдоо: “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан нь нийт байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг тогтоосны нэг нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг зааж өгсөн байх ба мөн хуулийн 26 дугаар зүйлд захиргааны байгууллага нь шийдвэрээ батлан гаргахын өмнө иргэн, хуулийн этгээдэд санал, тайлбар гаргах боломж олгох буюу юуны өмнө тухайн шийдвэрийг гаргаснаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөж болзошгүй этгээдийн хүрээг тодорхойлж, тэдэнд урьдчилан заавал мэдэгдсэнээр санал, тайлбараа бичгээр эсхүл амаар гаргах бололцоог бүрдүүлэх явдал бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар сонсох ажиллагааг сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах болон бусад арга хэлбэрээр явуулахаар заасан байна.
Санхүүгийн зохицуулах хороо нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 395 дугаар тогтоолыг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүднээс “Д х ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б 90060325 дугаарын утсаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 30 минутад холбогдон банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хуралдаанд танилцуулах гэж байгаа талаар мэдэгдсэн” гэж тайлбарлах боловч “Д х ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нь хөдөө орон нутагт ажиллаж байна, уг асуудлын талаар хотод очоод тайлбар өгөх талаар саналаа хэлсэн.
Гэвч Санхүүгийн зохицуулах хорооноос бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдээс захиргааны байгууллагаас гаргах гэж буй шийдвэрийн талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй төдийгүй тайлбар, санал гаргах эрх бүхий этгээдийн бодит оролцоог хангаагүй, сонсох ажиллагаанд оролцох боломжгүй байгаа нөхцөл байдлыг мэдсээр байж түүний эзгүйд хэлбэр төдий сонсох ажиллагаа зохион явуулсан байна.
Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо нь сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу хууль бус захиргааны акт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын дагуу хянахад хэргийн үйл баримтад холбогдох хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэснээс хууль ёсны байх шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. 2.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар тогтоолоор “Д х ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг сэргээсэн боловч маргаан бүхий 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг хууль, журамд нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ:
3. Маргаан бүхий 395 дугаар тогтоолд нэхэмжлэгч ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход хүрсэн ямар бодит нөхцөл байдал байсныг тодорхой заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.” гэснийг зөрчсөн байна.
4. Хэдийгээр тогтоолд заагаагүй боловч тухайн тогтоолд баримталсан хуулийн заалт, хариуцагчийн тайлбарт дурдсан хүрээнд маргаан бүхий акт гарах болсон нөхцөл байдлыг хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар 1/ 2019 оны 1-3 дугаар улирлын ирүүлбэл зохих тайлан мэдээг ирүүлээгүй, 2/ 2019 онд төвлөрүүлбэл зохих зохицуулалт үйлчилгээний хөлс болох нийт 500,000 төгрөгийг төвлөрүүлээгүй, 3/ Хорооны 2019 оны 5 дугаар тогтоолын 2-т тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг эрхлэхдээ дахин зөрчил дутагдал гаргасан тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгосныг биелүүлээгүй гэх 3 үндэслэлээр гарсан /нэхэмжлэгч маргаагүй/ гэж үзэхэд маргаан бүхий 395 дугаар тогтоол нь тухайн бодит нөхцөлдөө тохироогүй, хууль зөрчиж гарсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна:
Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна: ...19.2.4. тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох”, 19.3-т “Энэ хуулийн 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална” гэж зохицуулсан байна.
Дээрх хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор[1] батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 7.7-д “Хороо дараах үндэслэлээр ББСБ-ын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Үүнд: ... 7.7.5. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 7.7.7.ирүүлбэл зохих санхүүгийн тайлан мэдээг хугацаанд нь удаа дараалан ирүүлээгүй, хяналт, шалгалт хийх боломжгүй болгож, тайланг 4 улирал дараалан Хороонд ирүүлээгүй;” гэж тус тус зохицуулжээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны эхний 3 улирлын тайланг дараалан хүргүүлээгүй нь тогтоогдож байх боловч уг нөхцөл байдал нь дээрх журамд заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болох “4 улирал дараалан тайлангаа ирүүлээгүй” гэсэнд хамаарахгүй байна.
4.2.Үйлчилгээний хөлс 500,0 мянган төгрөг төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:
Дээрх журмаар үйлчилгээний хөлс төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар заагаагүй байна.
4.3. Тусгай зөвшөөрлийг сэргээсэн хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 05 дугаар тогтоолд нөхцөл шаардлагыг зөрчвөл хүчингүй болгох талаар дурдсан гэх тухайд:
Энэ нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль, журамд заасан нөхцөл биш, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хууль тогтоомж мөрдөхийг сануулсан байх бөгөөд хариуцагч нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход хууль, журамд нийцүүлж гаргах үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан дээрх хууль, журмын заалтыг зөрчсөн байхад хариуцагчийн гаргасан тайлбартай холбоотой ерөнхий харилцааг зохицуулсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа болон ноцтой зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох”-оор заасныг хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ.
Санхүүгийн зохицуулах хорооноос маргаан бүхий 395 дугаар тогтоолоор дээрх журмаа зөрчиж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй шийдвэр болсон байх тул нэхэмжлэгчийн “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 19.2.4-т заасан хамгийн хатуу арга хэмжээ хэрэглэж, хариуцлага тооцсонд туйлын гомдолтой байна” гэх тайлбар, гомдлыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
3. Нэхэмжлэгч “... захиргааны байгууллагаас гаргах гэж буй шийдвэрийн талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй төдийгүй тайлбар, санал гаргах эрх бүхий этгээдийн бодит оролцоог хангаагүй, сонсох ажиллагаанд оролцох боломжгүй байгаа нөхцөл байдлыг мэдсээр байж түүний эзгүйд хэлбэр төдий сонсох ажиллагаа зохион явуулсан” гэж давж заалдах гомдол гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заажээ
Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх талаар захирал Д.Бат-Эрдэнэд мэдэгдсэн и-мэйл, мөн утсаар ярьсан тэмдэглэл зэргээс үзвэл хариуцагчийг сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 395 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Д х ББСБ” ХХК-ийн захирал Д.Б давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ