Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 055

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн оршин суугч К.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “К.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.С, хариуцагч аймгийн Боловсрол,соёл урлагийн газрын дарга Х.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

Би Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт мэргэжилтнээр ажиллдаг бөгөөд ажил олгогчоос 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б/32 тоот тушаал гаргаж миний нэг сарын цалинг үндэслэлгүйгээр 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан юм.

Би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд нь ажил олгогчоос үүрэг даалгавар өгөөгүй, хийсвэрээр зөрчил гаргасан гэж үзсэн. Тухайлбал мэргэжилтэн Ш.Сайрангүлийн эзгүйд оронд нь ажлыг би хийх ёстой гэж үзвэл түүний хэрэгжүүлдэг мэдээллийн системд ажиллах үүргийг би  холбогдох сургалтад хамрагдаагүй учраас системд мэдээлэл оруулж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл ажил олгогч надад ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заагаагүй ажлыг хийхийг шаардсан гэж үзнэ. Мөн төрийн албан хаагчийн хувийн хэргийн материалыг бүрдүүлээгүй гэж үзсэн, хууль журамд зааснаар төрийн албан хаагчийн анкет зөвхөн нэг л хувь үйлдэгдэж энэ нь Төрийн албаны зөвлөлд байх ёстой тул төрийн албан хаагчийн хувийн хэргийг материалыг бүрдүүлээгүй зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид хуульд зааснаар төсвийн шууд захирагч бөгөөд аливаа алдаа дутагдал гаргасан тохиолдолд өөрсдөө хариуцлага хүлээдэг журамтай юм. Цэцэрлэгийн эрхлэгч нарын гаргасан зөрчилд  холбогдуулан надаас арга хэмжээ авсныг мөн хууль бус гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/32 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Хариуцагчаас нэхэмжлэгч К.Сийг статистик мэдээг хугацаандаа үнэн зөвөөр  алдаагүй байдлаар системд оруулаагүй, төрийн албан хаагчийн хувийн хэргийг бүрдүүлж өгөөгүй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчид хариуцлага тооцсон гэж тайлбарлаж байгаа. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэг, байгууллагын удирдлагын нэгжийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан шийдвэр, хөдөлмөрийн дотоод журмын 10.2-ын “Б” заалтуудыг тус тус баримталжээ. Хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “... ажилтан албан үүргээ биелүүлээгүй ...” гэсэн үндэслэлээр хариуцлага тооцсон гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна. Мөн нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4-т заасныг зөрчсөн учраас түүнд сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлалаа. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид 26.1.1-26.1.3-т заасан  сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан.

Нэгдүгээрт, нэхэмжлэгч сургуулийн өмнөх боловсролын статистик мэдээг системд оруулах, зохион байгуулах үүргийг биелүүлсэн эсэх талаар тайлбар хэлэхэд, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид  сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 дэх хэсэгт “...Сахилгын  шийтгэл  ногдуулах  үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай  баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан  байна. Зөрчил гаргасан албан хаагч  уг  баримт  материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй ...” гэж заасан байдаг. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд зөрчлийг заавал шалгаж тогтоосон байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан гэх эдгээр зөрчлүүдийг хариуцагч тогтоогоогүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Тухайн үедээ статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Ш.Сайрангүлийн эзгүй үед түүний ажлыг нэхэмжлэгч хариуцаж байсан гэж үзэхээр байгаа. Хариуцагчаас “...сургуулийн өмнөх боловсролын мэдээг системд оруулах үүргийг К.Сд өгсөн ...” гэж тайлбар өгсөн боловч өнөөдөр уг мэдүүлгээс буцаж “... би оруулах үүрэг өгөөгүй, нэхэмжлэгчид оруулах эрх нь байсан ба би системд мэдээлэл оруулах ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн ...” гэжээ. Мөн хэн нэгэн мэдээллийн системд нэвтрэх боломжгүй, эрхтэй этгээдээс өөр хүн мэдээлэл оруулах боломжгүй гэдэг нь оролцогч нарын тайлбараар нотлогдож байгаа. Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд, “... нэхэмжлэгч хэдийгээр сургалтад суугаагүй ч гэсэн өөрийн боломжоор бүх цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цуглуулаад мэдээллийн системд статистик, мэдээг оруулах үүргийг гүйцэтгэсэн байна. Мэдээллийн системийн талаарх сургалт 2017 оны 09 дүгээр сард зохион байгуулагдсан байх ба тухайн үед К.С нь аймгийн Боловсрол, соёл, урлагийн  газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаагүй юм. Харин сургалтад суугаагүй хүн уг мэдээллийг оруулах боломжгүй гэдгийг гэрч нар давхар гэрчилсэн, К.Сийн хувьд хариуцуулсан ажлыг зохих ёсоор биелүүлсэн гэдгийг хэлэх  нь зүйтэй.

Хоёрдугаарт, ажил олгогчоос нэхэмжлэгчид төрийн албан хаагчийн хувийн хэргийг бүрдүүлэх үүрэг өгсөн үү, бүрдүүлээд холбогдох албан тушаалтанд гаргаж өгөөрэй гэсэн үүрэг өгсөн үү гэдэг нь тодорхой бус байна. Харин эдгээр асуудлыг хариуцагчийн зүгээс зөрчил гэж үзэж байгаа бол үүнийг баримтжуулан тогтоосон байх ёстой боловч тогтоож чадаагүй учраас энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар мөн үндэслэлгүй гэж хэлмээр байна. Гуравдугаарт, үнэр орсон махаар хоол хийсэн гэдгийг хариуцагч янз бүрийн байдлаар тайлбарлаж байна. Гэхдээ 13 дугаар цэцэрлэгт холбоотой асуудал гарахад нэхэмжлэгч ажилд томилогдоогүй учраас энэ нь түүнд хамааралгүй, хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн хувьд ярихад, хариуцагчийн зүгээс манай байгууллага шалгалт хийхгүй, хяналт тавих ёстой гэсэн тайлбар хэлсэн боловч 2017 оны 11 дүгээр сард тухайн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж гарсан зөрчлийг тогтоосон талаарх баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй болно. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 178 тоот албан бичигт улсын байцаагчийн акт манайд байхгүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргуулж аваарай гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд, тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьсан актыг баримталсан уу, өөрсдөө очиж тогтоосон уу, тогтоосон бол зөрчлийг хэрхэн илрүүлж тогтоосныг хариуцагч тайлбарлаж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагчаас гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга:

Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа  К.С нь байгууллагын захиргаанаас удаа дараа өгсөн даалгаврыг биелүүлдэггүй, эсэргүүцдэг, байгууллагын ажлыг байнга хойш нь татахыг эрмэлздэг. Түүний удаа дараа гаргасан зөрчлийг тус байгууллагын дэргэдэх захиргааны удирдлагын нэгжийн зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, түүний үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улаанбаатар хотод түр хугацаагаар сургалтад явсан мэргэжилтэн Ш.Сайрангүлийн хариуцаж байсан сургуулийн өмнөх боловсролын статистик мэдээг мэдээллийн санд оруулахыг К.Сд үүрэг болгосон юм. Ингэхдээ урьд мэргэжлийн сургалтад суусан, мэдээллийн системийг  сайн ажиллуулж байгаа туршлагатай арга зүйч, эрхлэгчдийг дуудаж ирүүлэн хамт сууж мэдээ оруулах талаар К.Сд арга зүйн зааварчилгаа өгсөн. Гэтэл мэргэжилтэн К.Сийн гаргасан 2017 оны 11 дүгээр сарын статистик мэдээ нь маш их алдаатай байсан.

К.С нь сургуулийн өмнөх боловсрол хариуцаж байгаа мэргэжилтний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг алдаагүй гүйцэтгэх ёстой. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын эхээр  Авилгатай тэмцэх газраас хяналт шалгалт хийх ажлын хэсэг ирж ажиллах үед хүний нөөцтэй холбоотой материалуудыг татан хянаж магадгүй гэж бүх мэргэжилтэн нарт хурал хийж, төрийн албан хаагчийн хувийн хэргийн хавтас, үр дүнгийн гэрээ, төлөвлөгөө зэрэг холбогдох  бичиг баримтуудыг зохих журмын дагуу бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ үед мэргэжилтэн К.Сийн төрийн албан хаагчийн хувийн хэргийн хавтас байхгүй байсан тул түүнд хувийн хэрэгт байвал зохих бичиг баримтуудыг журмын дагуу бүрдүүлээрэй гэж үүрэг өгсөн. Гэтэл мэргэжилтэн К.С нь уг материалыг бүрдүүлж өгөөгүй, удаа дараа байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Мөн мэргэжилтэн К.Сийн хариуцаж ажиллаж буй сургуулийн өмнөх боловсролын ажил маш хангалтгүй, хүүхдийн зарим цэцэрлэг үнэр орсон махаар хоол хийдэг зэрэг зөрчлүүд гарч байгаа. Дээр дурдсан зөрчлүүдийг арилгах талаар мэргэжилтэн К.Сд удаа дараа үүрэг даалгавар өгөхөд тэрээр хүлээн авахгүй, чанаргүй биелүүлдэг зэрэг асуудлыг байнга гаргаж байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б\32 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримтлан “удаа дараа өгсөн даалгавруудыг хугацаанд нь биелүүлээгүй, өөрийн хариуцсан үүрэгт ажлаа цалгардуулж, хайхрамжгүй хандсан” гэх үндэслэлээр сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн К.Сийн нэг сарын цалинг 20 хувиар буруулах сахилгын шийтгэлийг  ногдуулжээ.

            Энэхүү тушаалын үндэслэлийг хариуцагчаас “...статистик мэдээ, мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Сайрангүлийг эзгүй байх үед түүний ажлыг хариуцсан ажлын 5 хоногийн хугацаанд боловсролын салбарын мэдээллийн системд оруулсан сургуулийн өмнөх боловсролын салбарын статистик тоо мэдээ, тайлан алдаатай байсан, уг тайланг хугацаанд нь гаргаагүй, 2017 оны 10-11 дүгээр сарын үед Авлигатай тэмцэх газраас шалгалт хийх үед өөрийнх нь төрийн албан хаагчийн хувийн хэргийн материалыг бүрдүүлэх талаар өгөгдсөн үүргийг үл биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан газрын даргаас хариуцуулсан нэмэлт ажил үүргийг хэрэгжүүлэх” чиг үүргийг зөрчсөн зэрэг нь “удаа дараа өгсөн даалгавруудыг хугацаанд биелүүлээгүй” гэж  үзэх үндэслэлд хамаарна. Мөн Өлгий сумын 13 дугаар хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүдэд өгч байгаа хоолноос хулганы баас гарсан, хүүхдийн 10 дугаар цэцэрлэг нь үнэр орсон махаар хүүхдийн хоол хийсэн зэрэг зөрчил гарсныг нэхэмжлэгч К.С нь сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний хувьд тухайн бүр хяналт тавиагүй буруутай бөгөөд энэ нь  “өөрийн хариуцсан үүрэгт ажлаа цалгардуулж, хайхрамжгүй хандсан” гэж үзэх үндэслэл болсон гэж тайлбарлажээ[1].

            Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдол нь түүнд хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох бөгөөд хариуцагчаас шүүх хуралдааны явцад сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн К.Сийн гаргасан зөрчил нь 26.1-д заасан “албан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлд хамаарна, түүнийг хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзээгүй,  гэхдээ нэхэмжлэгч хуулийн 13.1.3-т заасан эх орон, ард түмний тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13.1.4-т заасан  харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх  талаарх төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг  үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Нэгдүгээрт

            Маргаан бүхий захиргааны актын “удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

            А. “Боловсролын салбарын мэдээллийн систем”-д оруулсан сургуулийн өмнөх боловсролын салбарын статистик тоо мэдээ, тайлан алдаатай байсан, тайланг хугацаандаа гаргаагүй гэх маргааны талаар:

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баян-Өлгий аймагт төрийн болон хувийн өмчийн нийт 43 хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байх ба эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд буюу сургуулийн өмнөх боловсролын салбарт “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ийг холбогдох яамнаас 2017 оны 09 дүгээр сараас эхлэн нэвтрүүлж,ашиглах болсноор хүүхдийн цэцэрлэгүүд нь салбарын статистик  тоо мэдээг уг системд оруулж, мэдээллийн системээр  дамжуулан тайлангаа  гаргах болжээ.

            Шинэчилсэн энэхүү систем нэвтэрснээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А\171 дугаартай “Сургалт зохион байгуулах, зардал батлах тухай” тушаалаар өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт зориулагдсан боловсролын салбарын мэдээллийн системийн сургалт 2017 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан байх ба  уг програмд сургуулийн өмнөх боловсролын салбарын  статистик тоо мэдээг оруулах үүргийг тухайн хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч нар хариуцаж, харин програмд оруулсан уг мэдээлэл нь үнэн зөв алдаагүй орсон эсэхийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын статистик мэдээ мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Сайрангүл хянаж, алдаатай орсон статистик тоо мэдээг зөвтгүүлэх, мөн системээр дамжуулан сургуулийн өмнөх боловсролын салбарын статистик тоо мэдээ, тайланг гаргах үүргийг  хариуцан ажиллажээ.

            Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5\9828 дугаартай албан бичгээр өмчийн бүх  хэлбэрийн цэцэрлэгүүдэд сургуулийн өмнөх боловсролын салбарын тайлан, тоо мэдээг мэдээллийн системд үнэн зөв оруулах, хүүхэд, багш, албан хаагчдын шилжилт хөдөлгөөнийг бүртгэх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд бүрэн оруулахыг мэдэгдсэнээр энэ үеэс хүүхдийн цэцэрлэгүүд  нь сургуулийн өмнөх боловсролын салбарын тус тусын статистик тоо мэдээг нь мэдээллийн  системд бүртгэж оруулах ажлыг эхлүүлж, системд оруулсан  мэдээлэл нь алдаатай эсэхийг мэргэжилтэн Ш.Сайрангүлээр хянуулж ажиллаж байжээ.  

            Мэргэжилтэн Ш.Сайрангүл нь Үндэсний статистикийн хорооноос 2017 оны 11 дүгээр сарын 13-14 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах  “Тогтвортой хөгжил-статистик” сэдэвт үндэсний чуулганд оролцох болсноор 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод явж, мөн сарын 18-ны өдөр буцаж ирж, 20-ны өдөр ажилдаа эргэж орсон байх ба 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг оролцуулж түүний эзгүй байсан  ажлын 5 хоногийн хугацаанд ажил үүргийг нь нэхэмжлэгч К.Сд орлон гүйцэтгэхийг газрын даргаас даалгажээ. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болох бөгөөд мэргэжилтэн Ш.Сайрангүлийн эзгүй байсан хугацаанд түүний ажил үүргийг орлон гүйцэтгэсэн гэдэгт нэхэмжлэгч маргаагүй байна.

            Нэхэмжлэгч К.С нь дээр дурьдсан хугацаанд зохион байгуулагдсан мэдээллийн системийн сургалтад хамрагдаагүй байх ба системд нэвтэрч ажиллаж чадахгүй тухайгаа тухайн үед хариуцагчид мэдэгдэж,  мэргэжилтэн Ш.Сайрангүлийн ажлыг орлон гүйцэтгэсэн хугацаанд мэдээллийн системийг сайн эзэмшсэн гэх Өлгий сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Бейбитгүлийн тусламжтайгаар аймгийн төвийн хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч нарыг өөрийн ажлын байрандаа  дуудаж, тус тусын статистик тайлан мэдээг системд үнэн зөв оруулсан эсэх, системд хэчнээн төрлийн алдаатай мэдээлэл байгааг эрхлэгч Н.Бейбитгүлээр хянуулж, тухайн   алдааг зөвтгөх, үнэн зөв алдаагүй мэдээлэл оруулах шаардлага тавьж, зарим хүүхдийн цэцэрлэгүүдээс оруулсан бага тооны алдаатай тайланг зөвтгүүлж ажилласан нь, мэргэжилтэн Ш.Сайрангүл нь 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилдаа орж, системд алдаатай тайлан оруулсан үлдсэн холбогдох хүүхдийн цэцэрлэгүүдийн алдааг зөвтгүүлж, тайлант хугацаанд сургуулийн өмнөх боловсролын салбарын  алдаагүй, үнэн зөв статистик тоо мэдээ, тайланг системээр дамжуулан гаргаж, яаманд хүргүүлсэн зэрэг үйл баримтууд нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрч Ш.Сайрангүл, М.Еркежан, Ш.Зауким,Т.Бахытжан, Н.Бейбитгүл нарын мэдүүлэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/9828, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5/7288 дугаар албан бичгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 62 дугаартай тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын Дөрвийн 4.2.2-т ...эзгүй байгаа удирдах, гүйцэтгэх албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлнэ гэж заасан ба хариуцагчаас мэргэжилтэн Ш.Сайрангүлийн хариуцдаг гэх боловсролын салбарын мэдээллийн системд сургуулийн өмнөх боловсролын салбарын тоо мэдээ тайланг оруулах, хянах, системд орсон алдаатай мэдээллийг засах ажил үүрэгт хамгийн ойр хамааралтай албан хаагч нь сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн К.С байснаар түүнд уг үүргийг хариуцуулсан гэж тайлбарласан боловч боловсролын мэдээллийн системийг эзэмшүүлэх сургалтад хамрагдаагүй, бүртгэлийн системд ажиллах мэдлэг чадваргүй нэхэмжлэгч К.Сд мэдээллийн системд нэвтэрч ажиллах, цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч нартай хамт сууж сургуулийн өмнөх боловсролын салбарын статистик тоо мэдээг мэдээллийн системд оруулах үүргийг хэрэгжүүлэхийг даалгасан нь учир дутагдалтай байна.

            Энэ талаар хариуцагчаас боловсролын мэдээллийн системийн талаарх холбогдох яамнаас зохион байгуулсан сургалтад нэхэмжлэгч К.С хамрагдаагүй нь өөрийнх нь буруутай ажиллагаа бөгөөд сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний хувьд системийг эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх үүрэгтэй, уг сургалт явагдсан тухайн үед К.С нь Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан буюу сургалтад сууж мэдээллийн системийг ашиглах чадварыг эзэмших боломжтой байсан гэж маргасныг дараах байдлаар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

            Учир нь  дээрх байдлаар боловсролын салбарын мэдээллийн систем нь сургуулийн өмнөх боловсролын салбарт шинээр 2017 оны 09 дүгээр сард нэвтэрсэн байх ба энэ талаарх сургалтыг холбогдох газраас анх 2017 оны 09 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч  нарт зориулан зохион байгуулсан байна.

            Нэхэмжлэгч К.С нь сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай газрын даргын тушаалаар уг албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллах болсон байх ба  тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн  110\ШШ2017\0040 дугаартай шийдвэрээр  уг 60 дугаартай тушаал хүчингүй болсноор 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б\26 дугаартай тушаалаар сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилогджээ. Нэхэмжлэгчээс шүүхийн уг шийдвэр гарах хүртэл хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байгаад тус ажлаас чөлөөлөгдсөн, 2017 оны 09 дүгээр сард ажилгүй байсан буюу арга зүйчээр ажиллаагүйгээс уг сургалтад суух боломж байгаагүй гэж тайлбарласан ба 2017 оны 09 дүгээр сард төрийн аль нэг байгууллагад ажиллаагүй нь түүний нийгмийн даатгалын дэвтрээр  тогтоогдсон.

            Эдгээр нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд нэгдүгээрт боловсролын салбарын мэдээллийн системийн талаарх сургалтад  хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарыг хамруулсан буюу энэ нь сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэнд зориулагдаагүй, хоёрдугаарт, уг сургалт явагдсан 2017 оны 09 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд нэхэмжлэгч ажилгүй байсан тохиолдолд нэхэмжлэгч хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчийн хувьд эсхүл сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний хувьд  уг сургалтад оролцох боломжгүй буюу эрх үүсээгүй, гуравдугаарт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/9828 дугаартай албан бичгээс үзэхэд уг мэдээллийн систем нь салбарын санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн төлөвлөлтийн мэдээллийг агуулсан байх ба системд энэ талаарх тоо мэдээг бүртгэж оруулснаар салбарын статистик тайлан мэдээг системээр дамжуулж гаргахаар байна.

            Мөн уг  системд сургуулийн өмнөх боловсролын салбарын мэдээ, мэдээллийг оруулах үүргийг хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч нар хариуцдаг байх ба сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн нь салбарын статистик тайлан мэдээ  гаргах  чиг үүргийг хэрэгжүүлдэггүй, өөрөөр хэлбэл мэдээллийн системд салбарын статистик тоо мэдээг оруулах, системээр дамжуулж тайлан гаргах чиг үүргийг сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн хариуцдаггүй,  дөрөвдүгээрт боловсролын салбарын мэдээллийн системийг ажиллуулах, хэрэглэх, ашиглах талаар эрх бүхий этгээдээс журам батлагдаагүй нь Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5/7288 дугаартай албан бичгээр тогтоогдсоноор сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн уг системийг эзэмших сургалтад зайлшгүй оролцох, системд нэвтрэх эрх олж авах, хэрэглэж ашиглах үүрэгтэй байсан гэж үзэхээргүй байгаа ба энэ талаарх хариуцагчийн маргаан үндэслэлгүй байна.

            Дээр дурьдсанчлан боловсролын салбарын мэдээллийн системийг эзэмшүүлэх сургалтад хамрагдаагүй, бүртгэлийн системд ажиллах мэдлэг чадваргүй нэхэмжлэгч К.Сд мэдээллийн системд нэвтэрч ажиллах, цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч нартай хамт сууж сургуулийн өмнөх боловсролын салбарын статистик тоо мэдээг мэдээллийн системд оруулах үүргийг хэрэгжүүлэхийг даалгасан хариуцагчийн үйлдэл учир дутагдалтай байх ба нэхэмжлэгчээс мэргэжилтэн Ш.Сайрангүлийн ажил үүргийг хариуцсан ажлын 5 хоногийн хугацаанд өөр  байдлаар буюу бусдын тусламжийг авах замаар боловсролын салбарын мэдээллийн системд цэцэрлэгүүдээс оруулсан алдаатай мэдээллийг илрүүлж, холбогдох цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт уг алдааг засах талаар биечлэн уулзаж, шаардлага тавьж ажилласан нь тогтоогдсон тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 26.1-д зааснаар “албан үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэл үгүй байна.

            Мөн хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч нар нь үүргийнхээ дагуу системд салбарын тайлан тоо мэдээг бүртгэж оруулах явцад алдаатай мэдээлэл оруулсан, ингэснээр мэргэжилтэн Ш.Сайрангүл нь  ажилдаа эргэж орох үед систем дэх цэцэрлэгүүдээс оруулсан мэдээллүүд алдаатай байсан асуудал нь  нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй буюу бусдын хүлээх үүрэгтэй холбогдуулж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй,  тайлант хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн сургуулийн өмнөх боловсролын салбарын тайлан мэдээ системээр дамжиж үнэн зөвөөр гарсан нь гэрч мэргэжилтэн Ш.Сайрангүл болон Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5/7288 дугаартай албан бичгээр тогтоогдсноор салбарын тайланг хугацаандаа гаргаагүй гэх хариуцагчийн маргаан үгүйсгэгдэж байгааг дурьдах нь зүйтэй.

            Б.Төрийн албан хаагчийн хувийн хэргийг бүрдүүлээгүй гэх маргааны талаар:

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т хувийн хэрэг, тоо бүртгэл хөтлөх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын Хоёрын 8-д хувийн хэргийг бүрдүүлэх, хөтлөх, нэмэгдэл хуудас бичих, баяжуулах, хадгалах нь хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтны үндсэн үүрэг байна гэж заажээ.  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А\556 дугаартай захирамжаар батлагдсан Боловсрол, соёл урлагийн газрын бүтэц орон тоо, хариуцагчийн тайлбар, тус газрын даргын 2016 оны 58 дугаартай тушаал зэргээс үзэхэд тус байгууллага нь дотоод сүлжээ, хүний нөөц хариуцсан ажилтны орон тоотой байх ба уг ажлын байранд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Х.Серикболсын томилогдож, одоог хүртэл   ажилладаг байна.

Хариуцагчаас газрын даргын өгсөн нэмэлт үүргийг хэрэгжүүлэх талаарх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж маргасан боловч тухайн үүрэг даалгавар нь хуульд нийцсэн байх шаардлагатай юм.  Авлигатай тэмцэх газраас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт шалгалт ирсэн гэх 2017 оны 10-11 дүгээр сарын үед тус газар нь хүний нөөцийн ажилтантай байсан, төрийн албан хаагчийн хувийн хэргийг бүрдүүлэх, баяжуулах нь дээрх байдлаар хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтны үндсэн үүрэг байхад уг үүргийг нэхэмжлэгчид хэрэгжүүлэхийг даалгасан нь  хууль журмын холбогдох зохицуулалттай нийцээгүй,  улмаар уг хууль бус үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзсэн нь буруу байна. Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн  К.С нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар   дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, газрын даргын түүнд өгсөн гэх төрийн албан хаагчийн хувийн хэргийн материалыг бүрдүүлэх үүргийг биелүүлээгүйг нэхэмжлэгч хуулийн 13.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх буюу  төрийн албан хаагчийн хувийн хэргийн материалыг бүрдүүлэх үүрэг хүлээхгүй гэх  нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлтэй гэж үзлээ. Иймд хариуцагчийн энэхүү маргаан нь нэхэмжлэгчид хуулийн 26.1- д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй юм.

Хоёрдугаарт,

Маргаан бүхий захиргааны актын “өөрийн хариуцсан үүрэгт ажлаа цалгардуулж, хайхрамжгүй хандсан” гэх үндэслэлийн тухайд:

В. Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний хувьд тухай бүр хяналт тавиагүйгээс Өлгий сумын 13 дугаар хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүдэд хийж өгсөн хоолны махнаас  хулганы баас гарсан, хүүхдийн 10 дугаар цэцэрлэг нь үнэр орсон махаар хүүхдийн хоол хийсэн зэрэг зөрчил гаргасан гэх маргааны талаар:

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шалгалтаар Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэг нь хүүхдийн хоол хийхээр бусдаас хүлээн авсан гэх  63 кг үхрийн мах нь мал эмнэлгийн ариун цэвэр, гарал  үүслийн гэрчилгээгүй, шинжилгээний хариугүй, хулганы баасаар бохирлогдсон нь, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шалгалтаар хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн нярав нь махны хадгалалтад хяналт тавиагүй,  мах муудсан талаар цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт мэдэгдээгүй гэх  зөрчил гаргасан нь тус тус тогтоогдож, улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0041626 дугаартай шийтгэврийн хуудсаар Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Жанаргүлийг 100 000 төгрөгөөр, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04-03-045\36 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4-т зааснаар Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн нярав С.Сагынтайг мөн 100 000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулжээ.

Нэхэмжлэгч К.С нь тухай бүр дээрх цэцэрлэгүүдийн хүүхдийн хоол хийхэд хэрэглэж буй хүнс, малын гаралтай мах нь эрүүл ахуйн шаардлага хангах эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, ажилдаа хайхрамжгүй хандсан гэж хариуцагчаас  маргасан боловч нэхэмжлэгч цэцэрлэгүүдийн хүүхдийн хоолонд хэрэглэх  хүнсний зүйлст хэрхэн хяналт тавих ёстой байсан, энэ талаарх ямар чиг үүргийг яаж зөрчсөнийг хариуцагч тайлбарлаж чадаагүйгээс гадна энэ хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын Хоёрын 3-т зааснаар шалгаж тогтоогоогүй, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй холбоотой баримтыг нэхэмжлэгчид танилцуулаагүй буюу Өлгий сумын хүүхдийн 10,13 дугаар цэцэрлэгүүд нь дээрх төрлийн зөрчил гаргасанд нэхэмжлэгч  К.С ямар буруутай болох нь, энэ хүрээнд ямар зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч К.С нь сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалаас дээрх байдлаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр чөлөөлөгдөж, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б\26 дугаартай тушаалаар эгүүлэн томилогдсон, Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгээс  дээрх төрлийн зөрчил гаргасан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үед нэхэмжлэгч сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаагүй байх тул хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн хэрэглэдэг хүнсний зүйл, малын гаралтай маханд сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний хувьд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Тус газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг эрх бүхий этгээдээс 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр боловсруулан баталсан байх ба Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын Хоёрын 9.1-д зааснаар ажлын байрны баталгаажсан тодорхойлолт нь тухайн албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, уг албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага зэргийг агуулсан  баримт бичиг байна.

            Уг баримт бичгээс үзэхэд  сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн нь хүүхдийн цэцэрлэгүүдийн  хэрэглэх хүнсний зүйл нь  эрүүл ахуйн шаардлага хангах эсэхэд тухай бүр хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэггүй байх ба энэхүү ажлын байрны зорилго нь боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сургуулийн өмнөх боловсролд мөрдөгдөх сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж дүгнэлт гаргах, бага насны хүүхдийн сургалтын стандарт, хичээлийн хөтөлбөрийг суралцагчдад хугацаанд нь бүрэн эзэмшүүлэх ажлыг удирдлагаар ханган  хэрэгжилтийг хянах, дүгнэлт гаргах, багш нарыг хөгжүүлэх, чадваржуулах, тэдний мэргэжил, боловсролыг дээшлүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа дэмжлэг үзүүлэх, ажлыг зохион байгуулахтай холбоотой байх ба сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн нь боловсролын энэхүү зорилгыг хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй байна.

            Дээрх байдлаар хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах болсон  “өөрийн хариуцсан ажлаа цалгардуулж, хайхрамжгүй хандсан” гэж үзсэн үндэслэлээ сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө холбогдох журамд зааснаар шалгаж тогтоогоогүй, уг үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч ямар төрлийн сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй, энэ талаар хариуцагчаас үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүй байна.  Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан журмаар сахилгын шийтгэл ногдуулахын тулд мөн зүйлд заасан сахилгын зөрчлийг тухайн төрийн жинхэнэ албан хаагч бодитоор гаргасан байх, зөрчлийг эрх бүхий этгээдээс  шалгаж тогтоосон байх, сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлтэй холбоотой баримтыг  төрийн албан хаагчид урьдчилж танилцуулсан байх шаардлагатай юм.

            Гэтэл нэхэмжлэгч өөрийн хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандах замаар  хуулийн 26.1-д заасан ямар сахилгын зөрчил гаргасныг, тухайлбал хариуцагчаас шүүх хуралдааны явцад тайлбарласанчлан мөн зүйлд заасан “албан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлд хамаарах ямар төрлийн зөрчил гаргасныг шалгаж тогтоогоогүй мөртлөө сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн үйлдэл хууль бус буюу хуулийн 26.1-д заасантай нийцээгүй, 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “К.Сд сахилгын шийтгэл ногдуулах тухай”  Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.РИЗА

 


[1] Хэргийн 75 дугаар хуудаст авагдсан тайлбар, мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбар