Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00054/И |
Дугаар | 54 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 54
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 229 дүгээр байр, 1-4 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Боржигон овгийн Дэнсмаагийн Өлзийсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 2-7 тоотод оршин суух, Дэнзэнбал овгийн Доржхорлоогийн Жамбалсанжидад холбогдох 370000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Жамбалсанжид нь 2015 оны 06 дугаар сард 3 ширхэг мөнгөн аяга зээлээр авсан. Би мөнгөө авах гэж олон удаа утсаар ярьж, шаардаж байсан боловч одоог хүртэл өгөхгүй иргэн намайг хохироож байна. Иймд Д.Жамбалсанжидаас 370000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Жамбалсанжид шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Өлзийсайханаас 2015 оны 06 дугаар сард 370000 төгрөгийн эд зүйлс авсан нь үнэн. Уг мөнгийг 14 хоногийн хугацаанд төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь Д.Жамбалсанжидад холбогдуулан 370000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Жамбалсанжидаас 370000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.Өлзийсайханы нэхэмжлэлтэй Жамбалсанжидаас 370000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Жамбалсанжид хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчД.Жамбалсанжидаас 5875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Өлзийсайханд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА