Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 93

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Э.П,

Шүүгдэгч: Ш.О,

Өмгөөлөгч: Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ш Од холбогдох 2028000000104 тоот нэг хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны .... дугаар сарын ......-ний өдөр ..................... аймгийн ............. суманд төрсөн, ....... настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .................................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овгийн Ш О, регистрийн дугаар:............................,

Шүүгдэгч Шатар овогтой О нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 7-р гудамж 27 тоотод Э.Пг нөхөртэйгөө хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Оыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Пгийн гэрт орж очиход утсаа оролдоод сууж байсан. Цэнгүүн гэдэг байсныг нь би Цэ гэж сонссон. Цэ гэж хүн байна уу? гэсэн чинь байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Б гэдэг хүн байна уу? гэсэн чинь байхгүй гэсэн. Эхнэр нь мөн үү гэсэн чинь биш гээд, өөрөөс нь асуухаар мэдэхгүй гээд байсан. Хаашаа явсан юм гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Би баганых нь баруун талд нь зүүн тийшээ хараад зогсож байсан. Гэтэл утсаа бариад босж ирээд ганцхан аягатай хоол байсан тэр хоолоо аваад миний хажуугаар зөрөхөд хүзүү нь улаан тод байсан. Тэгэхээр нь чиний хүзүү яасан юм гэж асуухад миний хүзүү ямар хамаатай юм гээд намайг алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохьсон. Тэгээд бид хоёр ноцолдсон. Гэрийн хоймор руу гараагүй. Мухарт бие биеэ дарж ноцолдсон. 2-3 удаа цохьсон. Намайг орж очиход өмнө хурал дээр зүүж ирсэн нүдний шилтэй байсан. Одоо нүдний шилгүй байна. Босч ирээд баганын хажууд зогсож байхад миний араас хэвтээгээрээ хөшиглөхөд миний хөлөнд нөгөө аяга тээглэсэн. Тэгэхээр нь аягаа аваад далайсан чинь бөхийсөн. Тэгэхээр нь аягаа шидсэн. Тэгээд гарч яваад хашааных нь үүдэнд гарч ирээд хоёр хүүхэдтэй хүн шүү дээ гээд хүн чанар зулгаагаад буцаж орохоор хаалгыг нь татахад цоожтой байсан. Тэр үед хүүхдийн улаан, цагаан өнгөтэй тоглоомон буугаар түгжсэн байсан. Тэгээд хаалгыг нь татсан чинь тэр тоглоомон буу нь бут үсрээд хаалга нь онгойсон. Тэгээд гэрт нь орж очоод яав гэж хэлэхэд шанаагаа тулаад сууж байсан. Тэгэхээр нь би утсаа аваад цагдаа дуудаач гэж хэлэхэд угаасаа би дуудна гэж хэлээд босоод шкафан дээрээс утсаа аваад буцаад байрандаа суусан. Тэгэхээр нь би ямар ч байсан юу ч болоогүй юм байна гэж бодоод гараад явсан. Намайг харахад нүдний шилтэй, хөмсөгнийх нь дээд талд жоохон цустай байсан. Би хэрвээ гараараа энэ хүний нүдийг цохьсон бол нүдний шил нь хагарах байсан. Би ээмэг огт аваагүй. Намайг очиход ээмэг байгаагүй. Надад өөрөө хэлэхдээ би цагдаа дуудчихсан, эмнэлэгт үзүүлэхээр цаг аваад ирчихлээ гэж хэлсэн. Нөгөөдөр нь эгч нь над руу залгаад дарамталсан. Хүүхдийн чих сэтэлсэн байна, чамайг тэр үеийн цагдаа нар бүгд мэдэж байгаа гэж хэлсэн. Толгой хагарсан гэж хэлсэн гэтэл огт хагараагүй. Хүзүүн дээр нь улаан тод байна гэж хэлээд л анх муудалцсан. Бусдаар бол би хүн зодож байгаагүй. Гэтэл мэдүүлэг өгөхдөө намайг зодож, сэгсэрч байх үед ээмэг алга болсон гэж хэлсэн байсан. Би цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хүн шоолох гэж хүзүүг нь ярьсан нь миний буруу. Гэхдээ энэ хүн намайг гүтгэж байна. Би ээмэг аваагүй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 05 дугаар сарын 21-ний орой гэртээ байж байхад энэ хүн орж ирээд чамайг Цэ гэдэг үү? гэж асуухаар нь гайхсан. Тухайн үед би хоолоо чанаад идэх гээд сууж байсан. Танай нөхрийг Ба гэдэг үү гэхээр нь тийм ээ гэж хэлсэн чинь шууд үснээс зулгаагаал цохиод эхэлсэн. Би юу ч хийж чадаагүй. Би нүүрээ дараад уйлаад л сууж байсан. Намайг зодож байгаад гараад явсан. Тэгэхээр нь үүдээ түгжчихээд сууж байсан чинь буцаж орж ирж ахиж зодчихоод цагдаагаа дуудаарай чи гэж хэлчихээд гараад явсан. Зодолдож байх хугацаанд ээмэг алга болсон. Ноцолдоод дээр доороо орсон юм байхгүй. Ээмгээ төлүүлмээр байна. 200.000 төгрөг, үнэлгээний 20.000 төгрөг, Улаанбаатар хотоос 147.000 төгрөгөөр эм авахуулсан. Улаанбаатар хотоос авсан эмний баримтыг нь авч чадаагүй. Би Ш.Оаас цаашид Улаанбаатар хот руу явж эхний ээлжинд эмчид үзүүлэх зардлыг гаргуулна. 147.000 төгрөгийн эмийг 6 сар уух ёстой. Ээмгээ тогтоосон мөнгөөр нь төлүүлнэ. Нийт 850.000 төгрөг гаргуулмаар байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр найзууд болох Сугираа гэдэг эмэгтэйтэй хамт Сэ гэдэг залуутай гурвуулаа хамт аймгийн хойд тал дээр гарч пиво ууцгаасан. Тэгж байхад С-ын найз гэх Эр гэдэг залуу очиж хамт байж байгаад гэр рүүгээ харина гээд алхаад явсан. Тэгсэн чинь түүний дараа 05 сарын 21-ний орой 19 цагийн үед би гэртээ байж байтал нэг танихгүй эмэгтэй манайд ирээд чамайг Цэ гэдэг үү гэж асуусан. Тэгэхээр нь би намайг Цэ гэдэггүй гэж хэлсэн. Тэгсэн чинь тэгвэл чи Баын эхнэр мөн биз дээ гэж хэлэхээр нь би тийм байна гэсэн чинь нөгөө эмэгтэй шууд үснээс зулгааж толгой руу цохиж нүүр рүү өшиглөөд үснээс зулгаагаад байсан. Тэгж байгаад миний хоол идэж байсан шаазан аягаар толгой руу цохиж аяга нь хагарсан. Тэгээд гэрээс гараад явчихсан. Тэгээд хүүхдээ хаалгаа түгжчих гэсэн чинь манай хүүхэд хаалганы бариуланд юм хийж түгжсэн байсан чинь эргээд хаалга татаж түгжсэн байсан пиавар зүйлийг нь хуга татаад ороод ирсэн. Тэгснээ дахиад үснээс зулгааж, толгой руу цохиж өшиглөчихөөд чи муу пизда цагдаад мэдэгдээд үзээрэй гэж хэлчихээд гараад явсан. Тухайн үед миний үснээс зулгаагаад дугтарч зодож байхад нь миний зүүн чихний монетан ээмэг алга болсон байсан. Тэр хүнийг хүнээс асууж сурагласан чинь Эр гэдэг залуугийн эхнэр Оаа гэдэг хүн гэж сонссон. Тэр хүн намайг нөхөртэйгөө ууж идээд, гэрт хонож өнжсөн байна гэж загнаад байсан. Тэр хүн намайг нөхөртэйгөө хардаж зодсон... Миний хамар, нүд хөхөрсөн, толгой дээр аягаар цохисноос болж хавдсан, язарсан, баруун гарын шуу, далны хэсэгт хөхөрсөн байна... Тэр Оаа гэх хүн намайг зодож байхад нь миний чих өвдөөд байхаар нь би ээмгээ үзсэн чинь зүүн талын чихний ээмэг алга болсон байсан. Би тэр ээмгийг 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос Мөнгөн завъяа дэлгүүрээс 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед тэр эмэгтэй намайг зодчихоод гарч яваад эргээд миний утас руу залгаж яриад чи чинь үхлээ гэж орилоод хоцорсон чинь үхээгүй байх шив дээ гэж хэлсэн. Тэгэхэд нь би өрөөсөн ээмэг алга болсон байна гэж хэлсэн чинь өмнөөс юм хэлээгүй... Би гомдолтой байна, Оаа гэх хүн намайг нөхөртэйгөө хардаад зодсон, бас миний ээмгийг алга болгосон... Миний өрөөсөн ээмэг алга болсон. Түүний үнэлгээгээр 200.000 төгрөг болсон, мөн үнэлгээ хийлгэсний хөлс 20.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулсны 8000 төгрөг, эмчийн бичиж өгсөн эм авсны 60.000 төгрөг хаалганы дотор талын төмөр бариул би 7000 төгрөгөөр авсан, мөн хаалга түгжсэн байсан пиавар хутга ирлэгч 5000 төгрөг зэргийг нэхэмжилнэ. Нийтдээ 300.000 төгрөгийг нэхэмжилнэ. /хх-ийн 13-14, 15-16-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №331 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Пгийн биед хамрын зулгаралт, баруун нүдний зовхи, баруун хацар, бугалга, сарвуу дахь цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №333 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.Оы биед баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 29-р хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр: Монетан ээмэг нийт дүн 200.000 төгрөг гэжээ. /хх-ийн 33-р хуудас/

Шүүгдэгч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 21-ний орой 18-19 цагийн үед Оюутын 7-27 тоотод байдаг Баын гэх айлд очиж эхнэрээс нь хүн асуух гэж очсон. Тэгээд гэрт нь орсон чинь нэг танихгүй эмэгтэй, 2 жижиг хүүхэд байсан. Тэгээд би тэр эмэгтэйгээс нь Цэ байна уу гэж асуусан чинь байхгүй гэсэн. Тэгвэл Б гэж хүн байна уу гэсэн чинь байхгүй гэр нь энэ байна гэсэн. Тэгээд чи эхнэр нь юм уу гэсэн чинь биш гэсэн. Тэгэхээр нь би чи юу нь юм  гэж асуусан чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд аягатай хоолоо бариад миний хажуугаар гарч явахад нь би харсан чинь тэр эмэгтэйн хүзүү нь улайчихсан байсан. Тэгэхээр нь чиний хүзүү чинь яасан юм гэсэн чинь миний хүзүү яах чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгэхээр нь чи Бгийн эхнэр мөн л юм байна шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь нэг гартаа хоолоо бариад нөгөө гараа раа миний зүүн чихэн дундуур алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд алгадсан чинь аягатай  хоолон дээр нь цохиод хоолыг нь асгасан. Тэгсэн чинь өмнөөс гараа зангидаад миний баруун нүд рүү цохьсон. Тэгээд би нүдээ дараад тонгойсон чинь миний үснээс зуураад авахаар нь өмнөөс нь ноцолдсон чинь намайг газар унагаагаад дээр гарчихаад цохиод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр хүүхний толгойн хоёр талаас үсдэж татаж байгаад хажуу тийшээ эргүүлээд доороо оруулаад нүүр рүү нь 2-3 цохичихоод босоод зогссон чинь тэр хүүхэн миний салтаа руу өшиглөсөн. Тэгээд би нилээн зогсож байгаа газар асгарсан хоолтой байсан аягыг тэр хүүхэн рүү шидсэн чинь толгойд нь оносон. Тэгээд би гараад явчихсан. Тэгээд хашааных нь гадаа гарч байгаад тэр хүүхний толгой нь хагараад цус гоожчихсон байсан. Яаж байгаа бол гэж бодоод эргээд орсон чинь гэрийнхээ хаалгыг нэг пиавар хүүхдийн тоглоом шиг юмаар түгжчихсэн байсан. Тэрийг нь татсан чинь хаалга нь нээгдсэн. Тэгээд би дотогшоо орсон чинь П хөргөгчийнхөө хажууд газар сууж байсан. Тэгэхэд нь харахад бол толгойноос нь цус гарсан зүйл байхгүй байхаар нь би хөөе чи утсаа аваад цагдаад дуудаач гэж хэлчихээд гараад явсан... Манай нөхөр 2-3 хоногийн өмнө тэр эмэгтэй болон өөр бас эмэгтэй хүмүүстэй хамт тал дээр архи уусан байсан. Тэрийг нь би хүнээс сонссон болохоор тухайн үед хэн хэн байсныг нь асуух санаатай л очсон. Тэгсэн чинь П өөрөө нэрээ нуугаад цаад хүмүүсээ нуугаад байсан. /хх-ийн 41-42-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 238 дугаартай албан бичиг /хх-ийн 47-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/

Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 80-81-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.О нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 7-р гудамж 27 тоот хашаанд байх хохирогч Э.Пгийн гэрт очиж, түүнийг гэртээ байхад нь Э.Пг нөхөртэйгөө хардан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.    

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.П-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №331 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Пгийн биед хамрын зулгаралт, баруун нүдний зовхи, баруун хацар, бугалга, сарвуу дахь цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 20-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ш.О нь санаатай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Э.П шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 1.281.100 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.П нь монетан өрөөсөн ээмэг тухайн хэрэг гарах цаг хугацаанд алга болсон гэх үндэслэлээр “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр: Монетан ээмэг нийт дүн 200.000 төгрөг... /хх-ийн 33-р хуудас/ гэх дүгнэлтийг үндэслэн түүний үнэ болох 200.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Оаа гэх хүн намайг зодож байхад нь миний чих өвдөөд байхаар нь би ээмгээ үзсэн чинь зүүн талын чихний ээмэг алга болсон байсан. Би тэр ээмгийг 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос Мөнгөн завъяа дэлгүүрээс 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан...гэх мэдүүлгийг өгчээ.

Иймд хохирогчийн мэдүүлгийг үндэслэн  тус ээмгийг худалдан авсан үнийн тал хувь буюу өрөөсөн ээмэгний үнэ 190.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь бодит байдалд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч “би уг ээмгийг аваагүй тул үнийг төлөх ёсгүй” гэж маргаж байх боловч тухайн хэргийн нөхцөлд алга болсон гэх үйл баримт хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч ээмгийг авсан эсэхээс үл хамааран, шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирол гэж үзэн тухайн хэргийн нөхцөлд алга болсон ээмэгний үнийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 

Түүнчлэн хохирогчийн нэхэмжлэлээс “Хас үнэлгээ” ХХК-наар шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр 19.000 төгрөг, Ундар эс эмийн сангаас эм авсан төлбөр 42.100 төгрөг, “Сувдбаяр Фарм” ХХК эмийн сангаас бүтээгдэхүүн авсан 25.000 төгрөг, нийт 276.100 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хохирогч нь Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх зардал 850.000 төгрөг, сүлжээний эм авч уусан гэх 147.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 8.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байх боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаарх эмнэлгийн баримт бичиг шүүхэд ирүүлээгүй, сүлжээний эм авсан гэх боловч энэ нь түүний биед учирсан гэмтэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байх тул хохирогчийн 1.005.000  төгрөгийн иргэний нэхэмжлэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ............................................................................. зэрэг хувийн байдлыг нь тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.       

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.О нь сонсголын бэрхшээлтэй, нийтэд тустай ажил хийх чадамжгүй зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, хуульд заасны дагуу 450 нэгжээр торгох ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг гаргав.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан талаархи хэрэгт авагдсан нотлох баримт, бага насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй ба хүүхдүүдээ асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх эрхийг нь зөрчихгүй байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Ш.О нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овгийн Ш Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ш.О нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 276.100 /хоёр зуун далан зургаан мянга нэг зуу/ төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.П -д олгохоор шийдвэрлэж, хохирогч Э.Пгийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 1.005.000 /нэг сая таван мянга/  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА