Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 57

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 8-5 тоотод оршин суух Боржигон овогт Сүхийн Рэнчинхандын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 134-19 тоотод оршин суух Боржигон овогт Баасандоржийн Гантулгаас 7100000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

С.Рэнчинханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Гантулга нь Сүхбаатар аймгийн нутагт хадлан бэлдэн худалдан борлуулдаг бөгөөд 2016 оны зун уг ажилдаа гарахдаа ахиухан өвс бэлдэх хэрэгтэй учир нэг трактор нэмж авах ба эхний өвс борлуулалт хийх хүртэл миний хүү Энхболдыг хөрөнгө оруулалт хийхийг хүссэн. Мал өвөлжилт, төл хүлээн авах хаврын улиралд өвс тэжээлээр дутагдахгүй байлгахын тулд 40-50 боодол өвсний хөнгөлттэй тусламж үзүүлнэ гээд трактор авахад 5000000 төгрөг, түлш авахад 1500000 төгрөг, хувийн бэлтгэлд 200000 төгрөг 1 эр хонь / 150000 төгрөг/-ийг зээлүүлсэн. Б.Гантулга нь 1700000 төгрөг ба хонины үнэ 1500000 төгрөгийг хичээл эхлэхээс өмнө банкны 50000000 төгрөгийн хүүгийн хамт 11-12 дугаар сард төлнө гэсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Ханкны зээлийн хүүнд 250000 төгрөгийг төлсөн. Иймд Б.Гантулгаас 7100000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Рэнчинханд шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие Б.Гантулгаас 7100000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас 6900000 төгрөгийг авахаар 200000 төгрөгийг авахгүй байхаар эвлэрч тохирсон болно. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Хариуцагч ДБ.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 6900000 төгрөгийг С.Рэнчинхандад төлөхөөр 200000 төгрөгийг төлөхгүй байхаар эвлэрч тохирсон болно. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  С.Рэнчинханд нь Б.Гантулгаас 7100000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч 6900000 төгрөгийг гаргуулахаар эвлэрч тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

  Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75, 123 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 6900000 төгрөгийг авахаар  зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гантулгаас 64275 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын / Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 64275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Рэнчинхандад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ЭНХМАА