Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/40

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга:Т.Энхжин,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш, Д.Дашцэрэн, Б.Эрдэнэбат,Ю.Батболд,

Иргэдийн төлөөлөгч: М.Х-,

Шүүгдэгч: Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х- овогтой Д-н Х-, М- овогтой Ц-ын Д-, З- овогтой Г-ын Б-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогтой Д-н Х-д холбогдох эрүүгийн 1927001990065 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4,  125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын   03-ны өдрийн 25 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж ялыг дүйцүүлэн 05 жил 07 сар 09 хоногийн хорих ял болгож сулласан, хэрэг хариуцах чадвартай, Х- овогтой Д-н Х- /РД:___/

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам ээжийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 6 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 407 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ялыг дүйцүүлэн 1 жил 02 сар 13 хоногийн хорих ял болгож хасч сулласан, хэрэг хариуцах чадвартай, М- овогтой Ц-ын Д- /РД:___/,

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, ___ тоотод оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар ял хойшлогдож байсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, З- овогтой Г-ын Б- /РД:___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Х-, Г.Б-, Ц.Д- нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг ___ тоотод оршин суух иргэн Ё.Н-ын гэрт нэвтэрч "Ямандаг", "Дамдинчойжоо" нэртэй 2 ширхэг бурханыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүч хэрэглэж дээрэмдсэн,

Шүүгдэгч Д.Х- нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний орчимд хохирогч Ө.Т-ыг албан үүргээ гүйцэтгэж явахад нүүрэн тус газарт нь газ цацаж хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Д.Х- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 06 дугаар сарын үед Ц.Д- надад манай найз Р-д ааваас нь өв залгамжилж ирсэн бурхан байдаг гэж ярьж байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Ц.Д-, Г.Б- бид 3 тухайн бурхныг хулгай хийх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирсэн. Тухайн шөнө 03 цагийн үед Г.Б- бид айлын 2 хашааны хойноос давж ороод гэрийн хаалга татсан боловч цоожтой онгойхгүй болохоор нь хатавчаар нь гараа хийгээд цоожинд нь хүрэхгүй болохоор буцаад хашаа давж гараад хураалттай байсан модноос тохой хүрэхгүй мод аваад Г.Б- гэрийн бүслүүрийг тасална гээд шил хайсан. Тэгээд би хатавчаар гараа хийсэн боловч цоожийг онгойлгож чадаагүй. Г.Б- гэрийн бүслүүрийг шилээр таслаад нүх гарахаар нь хатавчийг нь цоолохоор нь би гараа хийгээд цоожийг онгойлгосон. Ц.Д- бол гадаа машиндаа байсан. Тухайн үед гэрт ороход гэрэл ассан байсан. Зүүн талын орон дээр нэг хүн баруун талын орон дээр гурван хүн унтаж байсан. Би хаалганаас нэг алхмын зайтай, зүүн талын орноос 2 метрийн зайтай, баруун талын орноос 3 метрийн зайтай байсан. Тэгээд Г.Б- миний зүүн талаар гүйгээд хойморт байсан бурхныг аваад иртэл би гараа эсгээд цус дуссан. Ийм нөхцөл байдал болж байхад айлын хүмүүсээс нэг ч хүн босож ирээгүй. Баруун орон дээр унтаж байсан 3 хүний нэг нь өндийж босоход хамт унтаж байсан эгч нь буцаад хэвт гээд татсан. Тэгээд Г.Б- бид хоёр гараад зугтаасан. Тухайн үед барьж орсон модоо гэрийн ард байсан амбаарын доогуур шийдчихээд машиндаа суугаад явсан. Гэрт болсон үйлдэл 10 секунд хүрэхгүй маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Тухайн айлаас гарч зугтаагаад “Өгий” нуурын замаар яваад Дундговь аймагт очиж байж байгаад 10 гаран хоногийн дараа хот орсон. Тэгээд Г.Б- урт цагаан дээр бурхныг зарах гэж байгаад баригдсан байсан. Ц.Д-тэй уулзаад Г.Б-ийг бурхан зарах гэж явж байгаад баригдсан гэж сонсоод Ц.Д- бид 2 Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтэст бурхныг буцааж өгье гээд ярилцсан. Үүнийг Ц.Д-гийн эхнэр Э.Э- сонссон, мэдүүлэг дээрээ дурдсан байдаг. Тэгээд Ц.Д- Дундговь аймаг руу хувийн ажлаар явчихаад 2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой ирчихсэн уулзъя гэхээр нь би Бөхийн өргөө рүү хар өнгийн приус маркийн машинтай явж очсон. Тухайн машинд 2 хүн сууж явсан ба Ц- гэх залууг Сансрын колонк дээр байна Бөхийн өргөө рүү хүргээд өг гэж дуудаад хүргүүлсэн юм. Тэгээд Бөхийн өргөөн дээр ирээд машинаас буугаад Ц.Д- рүү залгахад “Чансуу” гэх хоолны газрын үүдэнд байна гэхээр нь тэр газар луу нь алхаж байтал араас нэг хүн мөрнөөс татахаар нь эргээд харахад бөгс рүү өшиглөөд газар өвдөглүүлсэн. Тухайн үед надад гаазны хоосон сав байсан учраас айлгах зорилгоор гаргахад намайг 2 хүн ирээд барьсан. Ө.Т- гэх цагдаа эхлээд ганцаараа ирсэн байсан. Би цагдаагийн ажилтан гэж мэдээгүй. Надад цагдаагийн ажилтан гээд үнэмлэхээ үзүүлсэн бол би биед нь халдахгүй байсан. Намайг өшиглөөд газар өвдөглүүлээд суулгаснаас үүссэн сорив одоо байдаг. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр хорих ангийн байцаагч нарт зургаар баталгаажуулж авч байсан. Энэ талаар хавтаст хэрэгт тусгуулах талаар цагдаад хүсэлт өгч байсан боловч хавтаст хэрэгт тусгагдаагүй байсан гэв.

Шүүгдэгч Г.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 6 дугаар сарын сүүлээр Д.Х-, Ц.Д-, бид 3 уулзаад Өвөрхангай аймгийн Хархорин суманд бурхан байдаг гэдгийг Р- гэж хүнээс сонссон.  2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед бид 3 Улаанбаатар хотоос гараад “Өгий” нуурын замаар яваад Хархорин суманд ирсэн. Шөнө 3 цагийн үед тухайн айлын хашааг Д.Х- бид 2 давж ортол гэрийн хаалга цоожтой байсан. Тэгээд хашаанаас гараад архины шилний хагархай олж түүгээрээ гэрийн бүслүүрийг нь зүсээд хатавчны модыг авах гэтэл хөшиг нь тээглээд байсан. Тэгэхээр нь хөшгийг нь бас шилээр зүсээд Д.Х- ах гараа хийгээд гэрийн цоожийг нь онгойлгосон. Тэгээд би гэрийн зүүн талаар гүйж ороод бурхныг нь аваад Д.Х- ах дээр очиход намайг тосож авсан. Тэгээд Д.Х- дотроос нь нэг юм авсан. Би аль нь бурхан гэдгийг нь мэдээгүй. 2 жааз шиг юм нэг хайрцагтай юм байсан. Тэгээд бид хоёр хашааг нь давж гараад машиндаа суугаад зугтаасан. Тэгээд “Өгий” нуурын замаар яваад Дундговь аймаг орсон. Би тухайн шилийг хаанаас авсан талаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр хорих ангид байхдаа хүсэлт өгч, шилээ хаана хаяснаа хэргийн газар очиж зааж өгсөн боловч энэ талаар хэрэгт зураг нь байдаг боловч шилний талаар тодотгож хавтаст хэрэгт тусгагдаагүй байсан гэв.

Шүүгдэгч Ц.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Ц.Х-тэй 2007 онд танилцаж байсан тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2018 онд уулзсан. Би Р-тай алтанд хамт яваад танилцаж байсан. 2008 онд Р-гийн 2 найзтай Норовлин сум руу алтанд явж байхдаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2 адилхан бурхан байдаг. 1 бурхныг нь зах зээлийн үед банканд тавиад алдсан. Нэг нь байгаа гэж сонссон. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Д.Х-, Г.Б- бид 3 ярилцаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө тухайн бурхныг авсан. Р- гэж захиалагч байхгүй. Зүгээр надад хэлж байсан ийм зүйл болсон талаар тэрээр мэдээгүй гэв.

Хохирогч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 08 дугаар сарын 24-ний шөнө гэртээ ээж Ё.Н-гийнд хүү Н.Б-, дүү С- нарын хамт унтаж байсан юм. Тэгтэл шөнө ээж гэрийн гадаа хаалга тожигноод байх юм гэхээр нь би сэрээд харахад хатавчаар гар орж ирээд замган түгжээг онгойлгож, хар маск зүүсэн махлагдуу залуу орж ирэхэд би юу вэ гээд хэлэхийн завдалгүй тухайн махлаг залуугийн араас туранхай залуу гүйж орж ирэхэд тухайн махлаг дуу залуу над руу хутга далайсан байсан бөгөөд би тухайн агшинд юу ч дугарч чадалгүй шоконд орсон. Тэгтэл гүйж орж ирсэн хүн нь гэрийн зүүн талаар хойморт байх гуутай бурхныг аваад хаалганы орчим шалан дээр тавиад бурхны гууг баруун гараараа шилийг хагалсан. Туранхай багтай залуу гуун дотроос зүүн гарын шуун дээрээ эхлээд хүрэл бурхныг аваад шууд гүйгээд гарсан. Араас хутга тулгаж байсан махлаг дуу залуу нь гараад явсан. Тэдгээр хүмүүсийн хөлийн чимээ гэрийн баруун талаар гүйж байгаа чимээ гарсан. Тэр хооронд би болон гэрт байсан хүү, дүү, эмээ нар юу ч дуугараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 172-179 дүгээр хуудас/,

Гэрч Ё.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэртээ охин Д-, Д-ын хүү Б-, ач охин С- нарын хамт хоносон. Миний хөл өвддөг учир хагалгаанд орсон болохоор хөл өвдөөд шөнө хөлөө бариад гэрлээ асаагаад сууж байтал гэрийн үүдэнд тор хийсэн чимээ гараад би эхлээд муур юм байх гэж бодсон юм. Тэгээд би муур юм байхдаа гэж бодоод амандаа үглэсэн чинь Д- сэрсэн юм. Тэгсэн хатавчаар хүний гар орж ирээд шууд замган түгжээг нээгээд хоёр хүн яаруу орж ирсэн. Би эхлээд архи дарс уусан хүмүүс ирээд ороод ирэв үү гэтэл хоёр залуу орж ирээд эхэлж орж ирсэн махлаг дуу залуу нь цаашаа охин, ач хүү, ач охин унтаж байсан орны урд баруун гартаа хутга бариад далайгаад зогсчихсон, нөгөө арай өндөр туранхайдуу залуу нь бөхийж миний хажуугаар гараад гуутай бурхныг аваад буцаж үүдний дэргэд очоод газар гууг тавьж  хагалаад дотор нь байсан бурхныг аваад гарсан юм. Би өөрөө боогоод баринтаглачихдаг болохоор сэвтчихвий гэж айдаг. "Дамдинчойжоо" бурхан нь авч явахад сэв сууж магадгүй юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 184-187 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Гэнэт шөнө сэрсэн чинь намайг гэрийн баруун талын орон дээр эгч Д-, дүү Б- нарын хамт унтаж байхад гаднаас нэг масктай хүн гүйж орж ирээд гэрийн зүүн талаар явж хойморт байх бор модон гуутай бурхныг тэвэрч аваад зуухны урд шалан дээр тавьж баруун гараараа бурхны гууг хагалсан. Би юу вэ гэж хэлээд  өндийтөл  эгч хажуугаас татаад хөөе гэхэд орны урд хэсэгт баруун гартаа мөнгөлөг өнгөтэй төмөр хутга барьчихсан махлагдуу дунд зэргийн нуруутай залуу ална шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 189-191 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй  гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Намайг унтаж байхад ээж орноосоо боссон. Тэр үед би сэрчихсэн юм. Тэгтэл тэр хүмүүс гэрийн хаалгаар гэрт орж ирээд бурхан аваад шилийг нь гараараа цохиж хагалаад гэрээс бурхан аваад гарсан. Харин нөгөө цуг явсан хүн нь болохоор бид нарын өмнөөс хутга барьчихсан ална шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 193-194 дүгээр хуудас/,

Гэрч Э.З-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Шөнийн 03 цаг 30 минутанд ___ гэх дугаараас нэг охин уйлчихсан 102-ын утас руу залгасан юм. Ярьж чадахгүй байж байгаад ээж нь байх гэж бодож байна. Д- гэх хүнд утсаа өгсөн. Тэр хэлэхдээ ___ тоотод унтаж байхад манай гэрт хутгатай 2 хүн орж ирсэн. Тэгээд хутга тулгаж байгаад манай бурханыг аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд шил нь хагарчихсан гуу байсан. Тэрний хажууд 2-3 ширхэг цус дусчихсан байсан. Зүүн талын орны урд талд гутлын улны мөр мэт хэлбэртэй шавар байсан, хаалганы бариул дээр цус болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203-204 дүгээр хуудас/,

Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...___ дугаартай “Ниссан Адван” маркийн машиныг би өөрийн эгч Г-ийн нийгмийн даатгал дээр Банк бус санхүүгийн байгууллагаар худалдан авч  байсан. Хамтран амьдарч байгаа Д- бид хоёрын унаж хэрэглэдэг автомашин байгаа юм. Харин ___ улсын дугаартай болон “Тоёота Сай” маркийн автомашиныг 2019 оны 07 дугаар сард худалдаж авсан. Миний автомашин байгаа юм. Тухайн автомашиныг мөн Д- бид хоёр унаж хэрэглэдэг. Надтай хамтран амьдарч байгаа Д- нь 2019 оны 08 дугаар сард хэдний өдөр гэдгийг би хэлж мэдэхгүй байна ямар байсан Дундговь аймаг явна  гэж хэлээд ___ дугаартай  "Ниссан Адван" маркийн автомашиныг унаж явсан Улаанбаатар хотоос хөдөө явахдаа хэнтэй явж байгаагаа надад хэлж яриагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 207-208 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин суманд Н.Н-ын гэрт үл таних 2 этгээд уулгалан довтолж орж алтан шармал Ямандаг, Дамдинчойжоо бурхан алдагдсан хэргийг үйлдсэн Д.Х- гэгчийн араас нь дагаад явж байтал эргэж хараад нүд рүү газдаж оргон зугтахыг завдсан юм. Миний Самсунг-Ж7 маркийн гар утасны дэлгэц хагарч утас ажиллагаагүй болсон. Хууль ёсны шаардлага биелүүлэхээс зайлсхийсэн, мөн миний амь бие, эрүүл мэндэд халдсанд гомдолтой байна. Өөрт учирсан гар утасны хохирлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 80-85 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Т-ын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

“...Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг ___ тоотод оршин суух Ё.Н-ын гэрээс 2019 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Ямандаг, Дамдинчойжоо гэсэн нэртэй 2 ширхэг бурхан дээрэмдсэн хэрэг гарсан улмаар уг хэргийг үйлдсэн Г.Б-, Ц.Д- нарыг эхэлж барьсан дараа нь Х- Баянзүрх дүүргийн Бөхийн өргөө орчим явж байсан гэсэн мэдээллийн дагуу хэлтсийн алба хаагч нарын хамт уг газар дээр очиж ажиллаж байх явцад хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслээс Х-тэй адилхан хүн гарч ирээд явж байхад нь араас нь Х- гэж дуудаж цагдаагаас гэж хэлээд гараас нь барьж авах үед шууд халааснаасаа газ гаргаж ирээд шууд миний нүүр хэсэг рүү цацаж улмаар цааш зугтаахаар нь түүний араас гүйж хамт явсан. М- болон жолооч нарыг нэрээр нь дуудаж Х-ийг барьсан. Х- зугтаж байх үед цагдаа байна наад хүнийг бариад аваарай гэж би орилсон. Би нүдэндээ газдуулсан байсан учир эргэн тойрондоо байсан хүмүүс миний “цагдаа байна наад хүнийг бариад аваарай” гэж хэлсэн үгийг сонссон эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч П.П-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Бөхийн өргөө орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс Ямандаг, Дамдинчойжоо бурхан дээрэмдсэн Д- овогтой Х- явж байна нэх мэдээллийн дагуу хэлтсийн алба хаагчид болох цагдаагийн хошууч З-, Т-, цагдаагийн ахмад М- нарын хамт Бөхийн өргөөний ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт хяналт тавин ажиллаж байхад цагдаагийн ахмад М- өөрийн ___ дугаарын утаснаас над руу залгаж Х-ийг барьчихлаа яаралтай Бөхийн өргөөний баруун талд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд З- бид хоёр хэлсэн газарт очиход хэргийн сэжигтэн Д-н Х-ийг ард нь гавлачихсан хүзүү хэсэг нь цус болчихсон байсан ба тухайн этгээд нь цагдаагийн хошууч Т-, цагдаагийн ахмад М- нарын шаардлагыг эсэргүүцэн Т- руу нулимс асгаруулагч цацан өөрийнхөө хоолойг зүсэх үед нь Т-, М- нар таслан зогсоож гарыг нь ард нь гавлан аюулгүй болгосон байсан. Энэ үед З- түргэн тусламжийн эмнэлгийн машин дуудсан ба би ___ дугаарын утаснаас цагдаагийн 102 дугаарын утас руу ярьж болсон асуудлын талаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 86-87 дугаар хуудас/,

Гэрч Н.З-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тэгээд П- бид хоёр гүйж очиход сэжигтэн Д.Х-ийг гарыг нь ард нь гавалсан, хувцасны энгэр хэсэг нь цус болсон, ойр орчимд гүрээгээ зүссэн притка байхаар нь яаралтай тусламжийн 102, 103-т залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 88-89 дугаар хуудас/,

Гэрч Ж.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Д.Х- нь миний аав Ж-ын төрсөн дүү Д- гэж хүний том хүү нь байгаа юм. Би Х-тэй хамгийн сүүлд 2 жилийн өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган суманд уулзаж байсан. Учир нь Х- миний аавтай золгох гэж очсон юм. Х-ийг бага байхад манай аавын дүү Д- нь тухайн үеийн Архангай аймгийн Цэцэрлэг хотоос нүүж Булган аймгийн Рашаант суманд очсон. Х- зуны амралтаараа Архангай аймагт ирээд  буцдаг байсан тухайн үедээ бол даруухан төлөв томоотой хүүхэд шиг санагдаж байсан. Хамгийн сүүлд одоогоос 2 жилийн өмнө уулзахад тэгж их зан төрх өөрчлөгдсөн шинжгүй, даруухан хэвээрээ байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 219 дүгээр хуудас/,

Гэрч Н.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Д- гэх найзтайгаа хамт хорооллоос Шар хадны эцэст байдаг Д-гийн гэрт очих гээд миний приус 20 маркийн ___ улсын дугаартай авто машинаар явж байсан чинь Х- Д- гэх манай найз руу залгаад Сансрын колонк дээр явж байна ойрхон явж байвал Бөхийн өргөө дээр хүргээд өгөөч гэж хэлсэн тэгэхээр хүргэж өгөхөөр болоод Сансрын колонк дээрээс очиж аваад Бөхийн өргөө хүртэл яваад бөхийн өргөөний урд талын хаалган дээр буулгасан. Тухайн үед Х-г буулгах үед миний машины хажууд нэг өндөр гонж өмссөн залуу зогсож байсан би царайг сайн харж чадаагүй тэр залуу Х-гийн араас очоод шилэн хүзүүнээс нь барьж аваад унагаах шиг болсон тэгсэн нэмэгдээд хаанаас ч юм 2 залуу нэмж гарч ирээд бужигналдаад эхэлсэн тэгэхээр нь болохоо больж байгаа юм байна гэж бодоод хөдлөөд бөхийн өргөөний зүүн талд байдаг дугуй цагаан өнгийн байрнуудын тэнд очиж түр зогсож байгаад буцаж Х-г буулгасан газар очиж үзсэн бүгд байхгүй хоосон байсан. Тухайн үед Х-г араас нь нэг залуу барьж авах үед газарт нэг утас унах шиг болсон тэр байна уу гэж хархад юу ч байхгүй байсан тэгэхээр нь бид хоёр Шар хадны эцэст байдаг Д-гийн гэрт нь очсон өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 159-160 дугаар хуудас/,            

Яллагдагч Д.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Т- цагдаагийн ажилтантай цуг явж байсан хүмүүс тэр үед ирээд миний нүүр дээр гуталтай хөлөөрөө гишгэсэн. Тэр суудал нь намайг доромжлоод байгаа юм шиг санагдаад би хувцасны карманд явсан иртэй /притекээр/ өөрийнхөө хоолойг зүсчихсэн тэр үед миний ухаан санаа орж гараад байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 105 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 57/10 дугаартай дүгнэлт “...Д.Х-ийн цус нь хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх №1 гэрийн шал, №2 хаалганы мод, №3 нөхөн үзлэгээр блокон хашааны дээрээс авсан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх мэдүүлэг /2 дугаар  хх-ийн 106-109 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дүгээр хх-ийн 38-53 дугаар хуудас/,

Хохирогч Б.Д-ид бурхан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 134 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн үнэлгээ /2 дугаар хх-ийн 31-47 дугаар хуудас/,

Ё.Н-ийн хүсэлт /1 дүгээр хх-ийн 165 дугаар хуудас/,

Д.Х-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 53-55 дугаар хуудас/,

Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Э-ын хүсэлт /3 дугаар хх-ийн 177 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас /3 дугаар хх-ийн 179-180, 183 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Т-ын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлт /5 дугаар хх-ийн 68 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 70-74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн тус шүүхэд гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт /5 дугаар хх-ийн 63 дугаар хуудас/,

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын Г.Б-ийн тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, Г.Б-ийн депозит дансны хуулга, Г.Б-ийн хүсэлт /3 дугаар хх-ийн 65-66, 198, 213-214, 229-232 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Х-, Г.Б-, Ц.Д- нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг ___ тоотод оршин суух иргэн Ё.Н-ын гэрт нэвтэрч "Ямандаг", "Дамдинчойжоо" нэртэй 2 ширхэг бурхныг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүч хэрэглэж дээрэмдсэн болох нь

Хохирогч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 172-179 дүгээр хуудас/, гэрч Ё.Н-, насанд хүрээгүй гэрч Б.С-, Н.Б-, гэрч Э.З- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 184-187, 189-191, 192-197, 203-204 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 39-47 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Х-, Г.Б-, Ц.Д- нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.Х- нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний орчимд хохирогч Ө.Т-ыг албан үүргээ гүйцэтгэж явахад нүүрэн тус газарт нь газ цацаж хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь

Хохирогч Ө.Т-ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 80-85, 5 дугаар хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч П.П-, Н.З- нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /4 дүгээр хх-ийн 86-89 дүгээр хуудас/, Д.Х-ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан, эсхүл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэсэн “Дээрэмдэх” гэмт хэргийн хэлбэрийн хоёр шинжийг тодорхойлсон.

Гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж авах гэсэн шунахай зорилго агуулж, өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, эс хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон эхэлсэн үеэс дээрмийн гэмт хэрэг төгсдөг.

Шүүгдэгч Ц.Д-, Д.Х-, Г.Б- болон тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт “Ямандаг”, “Дамдинчойжоо” нэртэй 2 бурхныг дээрэмдэх санаа зорилго байгаагүй, хулгайлах зорилготой байсан, шүүгдэгч Д.Х- нь мод барьж хохирогчийн гэрт орсон, хутга байгаагүй гэж тайлбарладаг боловч

Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Д-ийн “...Тэгтэл шөнө ээж гэрийн гадаа хаалга тожигноод байх юм гэхээр нь би сэрээд харахад хатавчаар гар орж ирээд замган түгжээг онгойлгож, хар маск зүүсэн махлагдуу залуу орж ирэхэд би юу вэ гээд хэлэхийн завдалгүй тухайн махлаг залуугийн араас туранхай залуу гүйж орж ирэхэд тухайн махлаг дуу залуу над руу хутга далайсан байсан бөгөөд би тухайн агшинд юу ч дуу гарч чадалгүй шоконд орсон. Тэгтэл гүйж орж ирсэн хүн нь гэрийн зүүн талаар хойморт байх гуутай бурхныг аваад хаалганы орчим шалан дээр тавиад бурхны гууг баруун гараараа шилийг хагалсан. Туранхай багтай залуу гуун дотроос зүүн гарын шуун дээрээ эхлээд хүрэл бурхныг аваад шууд гүйгээд гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 172-179 дүгээр хуудас/,

гэрч Ё.Н-ийн “...Тэгсэн хатавчаар хүний гар орж ирээд шууд замган түгжээг нээгээд хоёр хүн яаруу орж ирсэн. Би эхлээд архи дарс уусан хүмүүс ирээд ороод ирэв үү гэтэл хоёр залуу орж ирээд эхэлж орж ирсэн махлаг дуу залуу нь цаашаа охин, ач хүү, ач охин унтаж байсан орны урд баруун гартаа хутга бариад далайгаад зогсчихсон, нөгөө арай өндөр туранхайдуу залуу нь бөхийж миний хажуугаар гараад гуутай бурхныг аваад буцаж үүдний дэргэд очоод газар гууг тавьж хагалаад дотор нь байсан бурхныг аваад гарсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 184-187 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.С-ийн: “...Би юу вэ гэж хэлээд өндийтөл эгч хажуугаас татаад хөөе гэхэд орны урд хэсэгт баруун гартаа мөнгөлөг өнгөтэй төмөр хутга барьчихсан махлагдуу дунд зэргийн нуруутай залуу ална шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 189-191 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Н.Б-ийн “...Тэгтэл тэр хүмүүс гэрийн хаалгаар гэрт орж ирээд бурхан аваад шилийг нь гараараа цохиж хагалаад гэрээс бурхан аваад гарсан. Харин нөгөө цуг явсан хүн нь болохоор бид нарын өмнөөс хутга барьчихсан ална шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээр /1 дүгээр хх-ийн 193-194 дүгээр хуудас/ үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг шууд батлах үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар тодорхойлсон байдаг.   

Шүүгдэгч Ц.Д- нь “...бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй, би хохирогчийн гэрт нэвтрэн бурхныг аваагүй...” гэж тайлбарладаг боловч шүүгдэгч нар нь бурхныг авахаар урьдаас ярилцаж тохиролцон Улаанбаатар хотоос Хархорин суманд ирсэн, тэрээр гадаа машиндаа хүлээж байсан, Г.Б-, Д.Х- нар нь бурхныг авч гарч ирэхэд хамт зугтсан зэрэг идэвхтэй үйлдлээрээ гэмт хэрэгт нэгдсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Д-, Д.Х-, Г.Б- нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан “бүлэглэн, илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос тэднийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгодог.

Хохирогч Ө.Т- нь Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүлийн цагдаагийн албаны 6 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой, хэрэг гарах тухайн цаг хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг ___ тоотод оршин суух иргэн Ё.Н-ын гэрт нэвтэрч "Ямандаг", "Дамдинчойжоо" нэртэй 2 ширхэг бурхныг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэх Д.Х-ийг дагаж дайчлан баривчлах явцад шүүгдэгч Д.Х- нь газыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийн нүүрэн тус газар нь цацаж эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Д.Х-ийн уг гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулалагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарыг бүлэглэн, илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.Х-ийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас хохирогч Б.Д-ийн эд хөрөнгөд 1 000 000 төгрөгийн, хохирогч Ө.Т-ын эд хөрөнгөд 300 000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нар нөхөн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба хохирогч нараас хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.

Энэ хэргийн шүүгдэгч нар нь урьд хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол баримтууд авагдсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “...Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүх, шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарт 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Х-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-д бүлэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэгт 08 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ иргэн Э.Э-ийн эзэмшлийн ___ улсын дугаартай Ниссан Адван маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч Э.Э-ийн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нараас ___ улсын дугаартай Ниссан Адван маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4 000 000 төгрөгийг хувь тэнцүү буюу 1 333 000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 91 хоног, Ц.Д-гийн цагдан хоригдсон 34 хоног, Д.Х-ийн цагдан хоригдсон 98 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан иштэй ажлын хэсэг нь 15 см урттай хутга 1 ширхэг, Sputnat нэртэй претка 2 ширхэг, тал претка 1 ширхэг, NATO гэх нэртэй шар өнгийн газ 1 ширхэг, 56 см урттай мод, хар өнгийн хуванцар буу 1 ширхэг, блокон хашааны эмтэрсэн хэсэг 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч нарт шүүхээс хорих ял оногдуулсан тул тэдэнд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байр нь засвартай хүн хүлээж авахгүй байгаа тул улсын яллагчийн саналыг харг- тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нь “...хохирогчоор Б.Д-ийг тогтоосон нь хууль зөрчсөн...” гэж тайлбарладаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч нь хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болохоор хуульчилсан. “Ямандаг”, “Дамдинчойжоо” гэх бурхануудыг эзэмшигч Ё.Н- хувийн шалтгаанаар охин Д-ийг хохирогчоор тогтоолгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргасныг мөрдөгчөөс хангаж шийдвэрлэн Б.Д- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцсоныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овогтой Д-н Х-, ММ- овогтой Ц-ын Д-, З- овогтой Г-ын Б- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн  чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х- овогтой Д-н Х-ийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгч Д.Х-, Ц.Д-,  Г.Б- нарт 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Х-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар оногдуулсан 08 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 09 /ес/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Д-,  Г.Б- нарт оногдуулсан 08 жилийн хугацаагаар, Д.Х-д оногдуулсан 09 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Б-ийн цагдан хоригдсон 91 хоног, Ц.Д-гийн цагдан хоригдсон 34 хоног, Д.Х-ийн цагдан хоригдсон 98 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б-, Д.Х-, Ц.Д- нараас гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан ___ улсын дугаартай Ниссан Aдван маркийн автомашины үнэ болох 4 000 000 төгрөгийг хувь тэнцүү буюу 1 333 000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан иштэй ажлын хэсэг нь 15 см урттай хутга 1 ширхэг, Sputnat нэртэй претка 2 ширхэг, тал претка 1 ширхэг, NATO гэх нэртэй шар өнгийн газ 1 ширхэг, 56 см урттай мод, хар өнгийн хуванцар буу 1 ширхэг, блокон хашааны эмтэрсэн хэсэг 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Д.Х-, Ц.Д-, Г.Б- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тогтоол хүчин төгөлдөр болтол Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хорьсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Х-, Ц.Д-, Г.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.САРАНТУЯА

               ШҮҮГЧИД                         Ц.ДАГИЙМАА

                                                    Э.ДУЛМАА