Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Н.С,

Өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бо овгийн Н-ийн Сэд холбогдох 2028000000115 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ...-ний өдөр ............ аймгийн ......... суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой мэргэжилгүй, “............” ХХК-д туслах ажилтан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .............................. тоотод оршин суух, урьд нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-т зааснаар 8 сарын хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Бо овгийн Н-ийн С, регистрийн дугаар .................,

Шүүгдэгч Н овогтой С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг ............ ............. тоотод эхнэр Б.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Сийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа 18 цагт тараад эрт харьсан. Манай эхнэр айлын хүмүүстэй пиво уусан байсан. Айлын хүнтэй нийлж нэг пиво, нэг шил архи уусан. Маргаан болоод эхнэрийг цохьсон тэр нь үнэн.

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би С гэдэг хүнтэй гэр бүл болж хамтран амьдраад 3 жил болж байна. Дундаасаа хүүхэд төрүүлээгүй, би өөрийнхөө 3 хүүхэдтэй ам бүл 5-лаа амьдардаг. 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би ажилдаа яваагүй амарсан байсан. Тэгээд хажуу айлын хүнтэйгээ нийлж пиво уугаад нэлээн согтсон байсан чинь орой 18 цагийн үед С ажлаа тараад ирсэн. Тэгээд намайг архи уулаа гэж уурлаад байсан. Тэгээд С өөрөө ч бас айл руу орж хамт архи уугаад байсан. Би гэртээ ороод унтаж байгаад сэрсэн чинь С ороод ирсэн. Тэгээд намайг архи уулаа гээд элдвээр хэлэхээр нь би өмнөөс нь хэрэлдсэн. Тэгж байгаад С миний нүүр рүү гараа раа 2-3 удаа цохьсон. Тэгсэн чинь хамт байсан Аз салгасан. Тэгээд байж байтал манай хамаатны хүн болох Э ирсэн. Тэгээд бид нарт архи дарс уухаа больцгоо гэж ярьж байгаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний нүд хавдаад хөхөрсөн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, би нөхөртэйгөө эвлэрсэн. /хх-ийн 06-07-р хуудас/

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө 21 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал манай нөхрийн ахын хүүхэд болох Аз над руу утсаар яриад Аг нөхөр нь зодсон байна гэрт нь хүрээд ирээч гэхээр нь би .................... тоотод А, С нарын гэрт нь очсон. Тэгэхэд Агийн зүүн нүд нь хавдчихсан архи уусан согтуу, нөхөр С нь бас согтуу байж байсан. Аз тэнд бас хамт байсан. Тэгээд би Агаас юунаас болж зодоон болсон талаар асуусан чинь А С намайг хэл амаар доромжлоод хэрүүл болоод намайг зодсон гэж хэлж байсан. С нь болохоор миний буруу дахиж тэгэхгүй гээд сууж байсан. Тэгээд бид нар ярилцаж байгаад би цагдаад дуудлага өгсөн. Яг зодуулахад нь бол би хамт байгаагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна... Миний мэдэхээр өмнө нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ А, С хоёр хоёулаа согтуу нөхөр нь эхнэрээ зодсон гээд Агийн дух нь шалбарчихсан цус гарчихсан байж байсан. Тухайн үед тэр хоёр хэлж яриад өнгөрсөн. Түүнээс өөрөөр бол зодуулж байсныг нь харж байгаагүй. /хх-ийн 10-11-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №352 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Агийн биед зүүн нүдний дээд болон доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 13-р хуудас/

Шүүгдэгч Н.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Атай 2017 оноос гэр бүл болж хамтран амьдарч байгаа. Агийн 3 хүүхэдтэй, дундаасаа хүүхэд төрүүлээгүй, гэрлэлтийн баталгаа хийгдээгүй. 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би ажилдаа яваад 18 цаг болж байхад ажлаа тараад гэртээ очсон. Тэгэхэд манай эхнэр хажуу айлын хүмүүстэй архи, пиво уугаад согтоод айлд унтаж байсан. Тэгээд би айлын хүмүүстэй нийлж архи, пиво уугаад согтоод тасарчихсан юу болсноо санахгүй байна, нэг сэргэхэд цагдаагийн машинд суучихсан явж байсан. /хх-ийн 20-21-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/

Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 580 дугаартай тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/

“Дарханговь” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н овогтой С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр ................................. тоотод эхнэр Б.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны №352 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Агийн биед зүүн нүдний дээд болон доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 13-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, би нөхөртэйгөө эвлэрсэн.” /хх-ийн 06-07-р хуудас/  гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Н.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.С нь хувийн байдлын ...................................................... зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналтай, уг ялын саналыг шүүгдэгч зөвшөөрсөн гэх санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Манай үйлчлүүлэгч Н.Сийн хувьд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Хувийн байдлын хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Туслах ажил хийж эхнэр, 3 хүүхдээ тэжээж, банкны зээлээ төлдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь прокурорын саналын хүрээнд, хувийн байдлыг нь харгалзан шийдвэрлэж өгнө үү гэх саналыг гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр шүүгдэгч Н.Сэд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй, одоо гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.     

Шүүх шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сэд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Н.С нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.         

Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Бо овгийн Н-ийн Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сэд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Н.С нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5.Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА