Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 104

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Н.А,

Хохирогчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бээсийнхэн овгийн Наийн А-д холбогдох 2028001500110 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин, засвар ашиглалт мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эгч, ах, дүү нарын хамт .............................. тоотод оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Б....... овгийн Н...........жийн А, регистрийн дугаар ......................,

Шүүгдэгч На овогтой А нь 2020 оны 06 дугаар 02-ны өдөр 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Цагаанбулаг ............ тоотод Б.Хүтой маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Алтанбаганыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Хү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би эхнэртэйгээ хамт яваад Дундсайханд байдаг Өн гэж дууддаг найзындаа очсон. Тэнд Өн эхнэрээр манай эхнэр дусал хийлгэсэн. Тэгж байгаад Өн манай найз надтай утсаа солих гэж байгаа юм, хоёулаа очоод ирье гэхээр нь би хамт явсан. Тэгээд хамт яваад аймгийн урд байдаг нэг айлд очсон чинь тэнд нь 3 залуу сууж байсан. Тэд нар дунд миний танил Ууганбаяр гэдэг залуу байсан, тэд нар архи ууцгааж байсан, би  хамт суугаад тэр архинаас нь бас уусан. Тэгээд архи дууссан чинь Ууганбаяр нэг шил архи аваад өгчих гэхээр нь би дэлгүүрээс 1 шил архи аваад тэр айлд очоод гэрийн эзэнд нь өгсөн. Тэгээд тэр архийг бид нар хувааж уусан. Тэгээд тэр архи талдаа орж байтал гэрийн эзэн гэх хүн гэрийнхээ зүүн хойд талд хэвтэж байгаад намайг элдэв үгээр доромжлоод манай гэрт архи уулаа явцгаа гээд уурлаад байхаар нь би зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс хориод салгасан. Тэгээд байж байтал манай эхнэр утсаар яриад байсан, тэгсэн чинь Өн эхнэрийг авна гээд явсан. Тэгээд би тэднийд байж байсан чинь гэрийн эзэн нь намайг дахиад хэл үгээр доромжлоод байхаар нь би өмнөөс нь хэрэлдэж байсан чинь хажууд сууж байсан А намайг чи ер нь яасан овоо гар вэ гээд намайг цохих гэхээр нь би цааш нь түлхсэн чинь А орны хажуу руу унасан. Тэгээд босч ирээд намайг чирээд гадаа гарсан. Тэгээд гэрийн гадаа А намайг багалзуурдаад цохиж зодоод байсан. Би тухайн үед багалзуурдуулаад ухаан балартсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь А миний дээр гарчихсан гараа раа миний толгой, нүүр рүү цохиж байхад манай эхнэр Өн нар ирж салгаад цагдаа дуудсан... Толгойн баруун талд хуйханд 2 оёдол тавиулсан, зүүн нүд хацар чигээрээ хавдсан байсан, уруул хавдсан байсан, эрүүний баруун доод талд хавдартай байсан. Би Ад зодуулснаас болж эмнэлэгт эмчлүүлсэн, эм тариа авсан баримтуудаа өгсөн байгаа. Мөн эмчийн бичиж өгсөн эмнүүдээс авч чадаагүй байгаа, эмнүүдийнх нь үнийг эмийн сангаас асууж авсан. Эдгээр бүгд нийлээд 705.463 төгрөг нэхэмжилж байгаа. Одоо толгой дүүрээд байгаа, саяхан эмнэлгээс гарсан тархины хаван доргилттой байна 3 сарын дараа давтан эмчилгээ хийлгээрэй гэсэн. Өвчин намдаах эм ууж байгаа, эмнэлгээс гарахад эмчийн бичиж өгсөн 1 сар уугаарай гэсэн эмийг нь авч чадаагүй байгаа. /хх-ийн 18-19-р хуудас/

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 02-ны Ууганбаяр, А нартай өдөр 15 цагийн үед эхэлж архи ууцгаасан. Тэгээд байж байтал Өнөболд нэг танихгүй залуутай хамт ирцгээсэн. Тэр хоёр бас нэг шил архитай очсоноо хувааж ууцгаасан. Тэгээд орой би согтоод заримдаа унтаж сэрээд байсан. Тэгж байгаад нэг унтаж байхад А найзтай хамт ирсэн залуу /зодуулсан гэх Хү/ намайг дуудаад архи шахаад байхаар нь би уухгүй гэсэн чинь намайг татаж босгоод байсан. Тэгээд би тэд нарыг одоо та нар харьцгаа би унтаж амармаар байна гэсэн чинь нөгөө залуу нь би та нарт бүгдэд чинь шил архи авч өгөх үү мөнгө байна гээд байсан. Тэгэхээр нь би уухгүй гэсэн чинь гэнэт нөгөө залуу миний нүүр рүү гараа раа нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь манай ах Г гаднаас орох таараад тэр залууг салгаад цааш нь болгосон. Тэгээд би согтуу байсан болохоор чигээрээ эргээд унтчихсан, түүнээс хойш юу болсныг мэдээгүй... Хү миний баруун нүд рүү цохисноос болж тухайн үедээ баруун нүд улайсан байсан. Одоо зүгээр болсон, өөр гэмтэл учраагүй. /хх-ийн 23-24-р хуудас/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 02-ны орой 21 цаг өнгөрч байхад би төрсөн дүү болох Отын гэрт мотоциклийн гинж засах гэж очсон. Тэдний гэрт нь А, У, От бас нэг танихгүй залуу нар архи уусан бололтой бүгдээрээ нилээд согтуу бололтой байсан. Тэгээд би гэр дотор нь мотоциклийнхоо гинжийг таслах гээд янзлаад сууж байтал тэр Хү гэдэг залуу нь Оттай муудалцаад байгаа бололтой От нь гэрийнхээ зүүн хойно газар хэвтчихсэн та нар гэрээс гар зайл гэж хэлсэн. Тэгсэн чинь Хү нь Отыг дутуу мөргөчихлөө гэх зүйл яриад байсан. Тэгж байгаад От босч яваад гэрийн баруун талд байсан орон дээр очоод хэвтчихсэн. Тэгсэн чинь Хү гэдэг нь араас нь босч очоод нүүр рүү нь цохиод дээр нь мордоод үснээс нь зулгаахаар нь би очиж салгаад байж байсан чинь А Хүг чи хаашаа юм хүн зодод гэж хэлсэн чинь өмнөөс нь Хү нь уурлаад хэрэлдсэн. Тэгээд зууралдаж байгаад хоёулаа орны завсраар унасан. Тэгсэн чинь Хү нь босоод А нуруу руу өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад та хоёр айлын гэр нураалаа гээд гэрээс гаргасан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Гэхдээ Отын хашааны гадна талд байдаг өндөр цамхгийн гэрэл асаалттай байсан. Би тэр хоёрын араас гарсан чинь тэр хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд би гэр рүүгээ явсан, түүнээс хойш юу болсныг мэдээгүй... Хү, А нар зууралдаж байгаад Хү орны булан руу унаад босоход нь баруун талын хацар хавьд нь байх жаахан халцарчихсан цус гарсан байсан, өөр гэмтэл шарх байгаагүй. /хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Отын гэрт 1 шил архи авч очсон. Тэгэхэд А, От нартай хувааж уусан. Тэгээд архи уугаад дуусч байхад А нэг хүнтэй яриад дуудаад байсан. Тэгээд удалгүй Өн гэх залуу Хүтой хамт ирсэн. Тэр хоёр 1 шил архи авч ирж хувааж уусан. Тэгээд архийг нь дуусгаад дахин дэлгүүрээс 1 шил архи авч ирж хувааж уусан. Тэгж байгаад От хэвтээд унтаж байсан. Тэгээд би гадаа гарч бие засчихаад гэрт орж ирсэн чинь От сэрчихсэн гэрийн зүүн хойд талд Хүтой муудалцаад байсан. Тухайн үед От Хүг гэрээсээ хөөсөн юм шиг байсан. Ярианаас нь тэгж ойлгосон. Тэгээд би хэрэлдэхээ боль гээд тэр хоёрын голд сууж байгаад үлдсэн архийг хувааж ууж дуусгасан. Тэгээд би гэр рүүгээ явсан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. /хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч У.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би найз Өын гэрт байхад Өнөболд манай нөхөр Хү нар хамт явчихаад утсаа авахгүй алга болчихсон. Тэгж байтал орой 21 цаг өнгөрч байхад Ө гэртээ хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нөхрөө асуусан чинь Хү айлд хүнтэй маргалдаад муудалцаад байна гэхээр нь би Ө хамт тэр айл руу явж очсон. Биднийг тэр айлд нь очиход гэрийнх нь гадаа зүүн урд талд нь манай нөхөр хажуу талаараа хэвтчихсэн А гэдэг нь дээр нь тонгойгоод гараа раа толгой руу нь цохиод байж байсан. Тэгээд би очоод салгаад цагдаа дуудсан. Тухайн үед манай нөхрийн толгойноос цус гарчихсан, нүүр нь хөхөрчихсөн байж байсан... Хүгийн толгойн хуйх язарсан, шанаа чих нь хавдсан байсан, нүд нь хавдаж хөхөрсөн байсан, хоолойд нь улайсан шарх үүссэн байсан. /хх-ийн 29-30-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №357 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Хүгийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 32-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №372 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Отын биед баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 44-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №368 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. 2. 3. 4. Н.Алтанбаганын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 48-р хуудас/

Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цагаан булагийн 1-20 тоотод байдаг Отын гэрт От, Ууганбаяр нарын хамт архи ууцгааж байсан. Тэгээд би Өнөболд гэдэг найзтайгаа гар утсаа солино гээд ярьчихсан байсан болохоор дуудсан юм. Тэгсэн Өнөболд орой 18 цаг өнгөрөөгөөд нэг танихгүй залуутай хамт /сүүлд нь танилцахад Хү гэж байсан/ очсон. Тэгээд бид нар нийлж дахин нэг шил авч хувааж уусан. Тэгж байтал От согтоод унтаад байсан. Тэгэхэд нь тэр Хү, Отт архи уулгах гэж шахаад байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаад Хү нь Оттай зууралдаад байхад нь Ганхуяг гэдэг хүн орж ирсэн байж байгаад салгасан. Тэгээд би Хүг боль гэж хэлсэн чинь Хү над руу уурлаад байхаар нь би өмнөөс нь зууралдсан чинь намайг орны хажуугийн булан руу унагаад миний дээрээс өшиглөсөн. Тэгсэн чинь Ганхуяг бас салгаад Хү бид хоёрыг хөөгөөд гадаа гаргасан. Тэгээд би гадаа гараад Хүтой зууралдаж байгаад ард нь гараад гараа раа хүзүүгээр нь боож газар унагасан. Тэгээд толгой руу нь 1 удаа дэвссэн. Тэгж байхад эхнэр нь ирж салгасан. Би хохирогч Б.Хүгийн нэхэмжилсэн 705.000 төгрөгийг Хүгийн данс руу шилжүүлж бүх хохирлыг нөхөн төлсөн, одоо Хүгийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. /хх-ийн 53-54, 56-р хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 04-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 37-39-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41-42-р хуудас/

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 584 дугаартай тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хх-ийн 74-77, 80-81-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь 2020 оны 06 дугаар 02-ны өдөр 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Цагаанбулаг 1-20 тоотод Б.Хүтой маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Хүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны №357 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Хүгийн биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 32-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл нь “...Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж байх боловч хохирогч Б.Хү мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Б.Хү миний бие өөрийн бие, эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр болох 705.000 төгрөгийг 2020.06.30-ны өдөр Аас бүрэн барагдуулж авсан болно. Одоо нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй болно.” /хх-ийн 81-р хуудас/ гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүх хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогчийн өмгөөлөгчийн хохирогч Б.Хүгийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.А нь хохирогчид 705.000 төгрөгийг гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн төлбөрт төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн бичгийн хүсэлт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Алтанбаганын хувийн байдал ..................................... гэснээр тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт 705.000 төгрөг хүлээн авсан ба одоо гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.     

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.         

Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Хүд 705.000 хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн өмгөөлөгч хохирогч Б.Хүгийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Бээсийнхэн овгийн Наийн Алтанбаганыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Н.А нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5.Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Хүд 705.000 хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн өмгөөлөгч хохирогч Б.Хүгийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ДЭЛГЭРМАА