Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 056

 

              Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн У.сумын 3 дугаар багийн оршин суугч Ж.А, Ү.А нарын нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: У.сумын Засаг даргад холбогдох;

             “У.сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар захирамжийг үндэслэн Ү.Мд 640  м2 газрыг эзэмшүүлэхээр олгосон  2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0067921 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.А, Ж.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ш,  гуравдагч этгээд Ү.М, түүний өмгөөлөгч С.Алтай, орчуулагч Ж.Ахмарал, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч  Ү.А, Ж.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, Ү.А нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өөрчилсөн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын иргэн Ү.А, Ж.А нар бид У.сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүрэн” гэдэг газарт байнга өвөлждөг юм. Энэхүү газрыг олон жилийн турш эзэмшиж ирсэн юм. Гэтэл У.сумын Засаг дарга 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 26 тоот захирамж гарган одоогийн бидний өвөлжиж байгаа газрыг иргэн Ү.М гэгчид эзэмшүүлснийг 2018 оны 02 дугаар сард бидний дунд маргаан гарсан үед олж мэдлээ. Одоо бид Ү.Мтай  нэг өвөлжөөнд хамт амьдарч байгаа учраас өдөр бүр газрын маргаан гарч байна. Ү.М нь “энэ газраас яв” гэж тухайн өвөлжөөнөөс хөөж байнаДээрээс нь Ү.М нь бусдын 500-600 малыг бидний өвөлжөөнд авч ирж малладаг, заримдаа малын тоо 1000 хүрдэг тал бий. Тэгсэн мөртөө намайг тухайн газраас хөөж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Энэхүү маргаантай асуудлаар У.сумын Засаг дарга О.Н болон Д.Тунгат нарт хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй байна. Ингээд дээд шатны Засаг дарга буюу Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан юм. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Болат нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бидэнд  өгсөн хариу тоотод уг маргааныг хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн юм.

Иймд У.сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 тоот захирамжаар олгосон гэх 0067921 дугаартай иргэн Ү.Мд газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ж.Аы итгэмжлэгдсэн  төлөөлөгч Т.Шайахмет    шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Энэхүү газрын маргаан гарсан шалтгааны талаар тайлбарлахад, “Хүрэн” гэдэг газарт байгаа өвөлжөөнд миний эгч Ж.А, түүний нөхөр Үдике нар нь 50-60 жил оршин сууж, малаа маллан амьдарч ирсэн байгаа. Өөрсдийн газар гэж бодоод явж байсан. Гэтэл сумын удирдлагууд тухайн газрыг Ү.Мд эзэмшүүлэн гэрчилгээ олгосноос болж өнөөдөр ийм маргаан үүсэж байгаа. Харин Ү.Мд олгосон гэрчилгээ нь хуурамч, хууль бус болох нь тогтоогдож байгаа тул түүнийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Ганцхан Ү.Мд гэрчилгээ олгож, давуу тал олгохыг зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээд Ү.М нь 100 хүрэхгүй малтай, нэхэмжлэгч Ү.Аы хувьд 400-аад малтай юм. Ү.М нь өөрийн мал дээр нэмж бусдын тавиул мал авснаас болж, бэлчээр хүрэлцэхгүй маргаан гарч эдгээр хүмүүс бие биеийнхээ  малыг хөөж, тууж байгаа юм. Ү.Мы хувьд зээл авах үүднээс хуурамч гэрчилгээ бичүүлж авсан байх ба түүний авсан зээлийг сүүлд ээж нь болох Ж.А тэтгэврийн мөнгөнөөс төлж өгсөн байдаг. Гэвч Ү.М нь тухайн маргаан бүхий газарт 50-60 жил амьдарсан өөрийн ээж болон дүүг тухайн өвөлжөөнөөс хөөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн гуравдагч  этгээд нь тухайн өвөлжөөг бусдад худалдах санаатай гэж бодож байна. Тухайн үеийн удирдлагууд маргаан бүхий өвөлжөөг Ү.М, Ү.А нарын эцэг, эхэд нь эзэмшүүлэхгүйгээр ганцхан Ү.Мд эзэмшүүлж, гэрчилгээ олгосон нь буруу гэж үзэж байна. Тийм учраас Ү.Мы нэр дээр байгаа гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч У.сумын Засаг дарга О.Н шүүхэд ирүүлсэн  тайлбартаа:

Тус сумын 3 дугаар багийн “Хүрэн” гэдэг газарт ах дүүс болох Ү.А, Ү.М нарын бэлчээрийн маргаан гаргасан өргөдлийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр газрын маргааныг шийдвэрлэх ажлын хэсгийг газар дээр нь очиж шийдвэрлүүлэхээр явуулсан бөгөөд уг ажлын хэсэг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7, 52.10 дахь заалтын дагуу шийдвэр гаргаж, ах дүү нарыг хоорондоо эвлэрүүлэн газрын маргааныг шийдвэрлэсэн болно. Мөн тухайн өдөр Ү.А, Ү.М нарыг эвлэрүүлсэн боловч Ү.А нь сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг хүсэж шүүхэд өргөдөл гаргасан байна.  Иргэн Ү.М нь сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 тоот шийдвэрээр 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрчилгээ авсан тул газар эзэмших  гэрчилгээг ор үндэслэлгүй хүчингүй болгох эрх Засаг даргад байхгүй юм. Иймд газрын гэрчилгээг хүчингүй болгох нь үндэслэлгүй болно  гэжээ.

Гуравдагч этгээд Ү.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.А миний төрсөн ээж юм. Эцэг Үдикегээс буюу эх Ж.Ааас Мерзетхан, Аленхан, Мадетхан бид гурав юм. Ү.А бид хоёр У.сумын 3 дугаар багт тус тусдаа гэр бүлийн хэрэгцээний газартай, хашаа, хороо, өвлийн сууц, амбаар савтай, мөн өөрийн мал хөрөнгөтэй, эхнэр хүүхэдтэй хоёр газарт амьдраад 20 жил болж байгаа ба миний одоо амьдарч байгаа гэр бүлийн хамтын хэрэгцээнд авсан газрыг маань У.сумын Засаг дарга Х.Болат нь зохих баримт өргөдөл материалыг бүрдүүлэн надаас авч 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 26 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн юм. Энэ захирамжийг үндэслэж би 2007 оны 01 дүгээр сарын 09-ний  0067921 тоот газар эзэмших гэрчилгээ авсан. Харин нэхэмжлэгч ээж Ж.А нь өөрийн нэр дээр эзэмшсэн газаргүй бөгөөд байлаа гэхэд түүнийгээ нотолж чадалгүй иргэний болон захиргааны шүүхэд миний энэ газрыг авах, захирамжийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа юм. Дүү Ү.А нь “Шаазгайт” гэдэг газарт газар эзэмшээд мал хөрөнгөө өсгөн арвижуулаад, хүүхдүүдээ болон ээж Ж.Аыг асарч амьдраад 20 гаруй жил болж байна. Нэхэмжлэгч талын хэлж байгаа “...Ү.М нь зээл авахын тулд хуурамч гэрчилгээ бичүүлж авсан” гэх тайлбар нь худал зүйл байгаа, одоо тэгж хамаагүй гэрчилгээ олгоно гэсэн ойлголт байхгүй. Одоогийн энэ газрыг эзэмших гэрчилгээг анх би нэр дээрээ авсан бөгөөд аавыг нас барсны дараа ээж, дүү бид ярилцаж байгаад газрыг миний эзэмшилд бичүүлэхээр болж ээжийн зөвшөөрснөөр би захирамж гаргуулан гэрчилгээ авсан. Дээрээс нь би бусдын 500-600 малыг маллаж байгаагүй,  бусдын 100-аад хонь малыг малладаг байсан ба сумын удирдлагуудаас ч гэсэн мал маллаж, өөрийн хэрэгцээнд зарцуулах мөнгийг олж авах нь зүйтэй гэж хэлж байсан. Тийм учраас би 3 сар гаруй хугацаанд бусдын малыг хөлсөөр маллаж байсан ба энэ жил маргаан гарсан учраас бусдаас мал аваагүй. Тухайн газрыг анх надад эзэмшүүлсэн ба миний эцэг, эх, ах, дүүст хамтран эзэмшүүлээгүй байна. Үүнээс болж өнөөдөр ийм маргаан гарсан гэж үзэж байгаа ба Ү.А бид хоёр хоёулаа үр хүүхдүүдтэй цаашид тэдний аж амьдралыг бодож, маргааныг зогсоож, эв нэгдэлтэй байх нь зүйтэй гэж үзэж байна. Гэрчилгээг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ асуудлаар  шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдэд 2007 онд гэрчилгээ олгосон,мөн Ү.Мд одоогийн маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн талаар Ү.М өөрөө нэхэмжлэгч Ү.А болон ээж Ж.А нарт хэлж мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү тайлбарыг нэхэмжлэгч няцааж чадахгүй байна. Тухайн үед нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч нэхэмжлэл гаргахгүй явж байгаад сүүлд мал нь өсөөд,  бэлчээр хүрэлцэхгүй болсон үед нэхэмжлэл гаргасан нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Дээрээс нь Ү.Ад “Үш булаг” гэдэг газраас 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Одоогийн маргаан бүхий газар нь Ү.Мы эзэмшилд байгаа бөгөөд тэнд байгаа эд хөрөнгийн эзэмшигч Ү.М мөн гэж үзэж байна. Газрын даамал Д.Тунгатын өгсөн мэдүүлэг нь хэрэгт хамааралгүй, Ү.Ад нэгэнт “Үш булаг” гэдэг газраас газар эзэмшүүлсэн байх тул хууль ёсны гэрчилгээгээр эзэмшиж байгаа Ү.Мы газартай булаацалдаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Мөн гуравдагч этгээд Ү.Мы хувьд Ү.А болон түүний малыг хөөж, туусан асуудал байхгүй, хоорондоо эвлэрч цаашид хамтран амьдарвал надад татгалзах зүйл байхгүй гэж мэдүүлж байна. Хэрэв шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд Ү.А нь Ү.Мтай эвлэрэн маргаан бүхий өвөлжөөнд хамтран суух эсхүл тухайн газраас нүүж явах нь зүйтэй гэдгийг хэлмээр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.А, Ү.А нар нь тус шүүхэд У.сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 26 дугаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     захирамжийг хүчингүй болгох тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад уг захирамжийг үндэслэн Ү.Мд газар эзэмшүүлэхээр олгосон 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0067921 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

            У.сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар  захирамжаар[1] тус сумын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын урьд эзэмшиж байсан газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Ү.Мд “Хүрэн” гэх газраас 640  м2  газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  0067921 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээ[2]  олгосон байна.

Энэхүү сумын Засаг даргын  26 дугаар захирамж нь хавсралтгүй, өөрөөр хэлбэл хэчнээн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хаанаас, ямар зориулалт, хугацаагаар, хэчнээн хэмжээтэй газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаагаас гадна  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ү.М  өмнө нь  энэхүү маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрийн дагуу хүчин төгөлдөр гэрчилгээ, гэрээгээр  буюу хуульд зааснаар эзэмшиж байсан нь тогтоогдохгүй  байгаа  тул уг захирамжийг үндэслэн Ү.Мд газар эзэмших  эрхийн гэрчилгээ олгосон нь бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Түүнчлэн гуравдагч этгээд Ү.Мд дээрх гэрчилгээгээр эзэмшүүлсэн У.сумын 3 дугаар багийн “Хүрэн” гэх газарт нэхэмжлэгч Ү.А болон  гуравдагч этгээд Ү.М нь эх Ж.А, эцэг Б.Үдике нарын хамт 40-өөд жил өвөлжиж, суурьшин амьдарч байгаа,  уг газарт нэхэмжлэгч  Ж.Аы хүү Ү.Аы хамт амьдардаг 1 өрөө хуучин байшин, амбаар,  Ү.Мы амьдардаг 3 өрөө  байшин байдаг, Ү.М нь  Ж.А, Ү.А нарын  амбаарт 2003-2007 он хүртэл  амьдарч байгаад Казахстан улсад нүүсэн  ах болох Ү.Мерзетханы тухайн газарт байсан  байшингийн суурин дээр 2007 онд шинээр 3 өрөө байшин барьсан, мөн тухайн газарт байрлаж байгаа 1992 оны хувьчлалаар олгогдсон малын чулуун хашааг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь  хамтран ашигладаг болох нь тус тус гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[3] тогтоогдсон, мөн энэхүү үйл баримтыг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч байгаа буюу маргахгүй байна. 

            Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж төрөөс газрын талаар баримтлах зарчмыг тодорхойлсон, мөн  31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр  давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.5-д ”Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг  сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус заасан.

            Гэтэл  гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан хянахгүйгээр дээрх байдлаар нэхэмжлэгч Ж.А, Ү.А нарын үл хөдлөх эд хөрөнгө болох байшин, амбаар  болон Ж.А, Ү.А,  Ү.М нарын хамтран ашигладаг  малын чулуун хашаа  байршиж байгаа,  өөрөөр хэлбэл бусдын бодитойгоор он удаан жил өөрийн мэдэлд байлгаж эзэмшиж, ашиглаж байгаа  газрыг бүхэлд нь оролцуулан зөвхөн Ү.Мд  газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон  нь хууль бус ,  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3 –т заасантай нийцээгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.

            Гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг эх Ж.А,  дүү Ү.А нарын зөвшөөрлөөр  авсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгэж байгаагаас гадна гуравдагч этгээдээс тайлбараа нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн маргаан бүхий газрын нэгж талбарын хувийн хэрэгт газар эзэмших тухай хүсэлт, хүсэлтэд хавсаргах хуульд заасан холбогдох баримт бичгүүд болон энэхүү үйл баримтыг нотлох баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

            Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа боловч  нэхэмжлэгч нар нь тухайн газрын маргааны талаар  аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хариуг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч[5], улмаар шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  гуравдагч этгээд Ү.Мд олгогдсон 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0067921 дугаартай  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн  31.3 дах хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Ү.Мд олгогдсон 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0067921 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЕРКЕШ

 


[1] Хэргийн 44-р хуудас

[2] Хэргийн 36-р хуудас

[3] Хэргийн 8,10,11,71,76,80-81,108,112-113-р хуудас

[4] Хэргийн 50,56,57,80-81-р хуудас

[5] Хэргийн 4-р хуудас