Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0015

 

 

Т.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн  

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Т.М-г аймгийн Музейн захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс /7,403,824/-ийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах,  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 109/ШШ2021/0036 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 109/2021/0032/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 109/ШШ2021/0036 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн байна.

2. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо: “... Архангай аймгийн Музейн захирлаар ажиллаж байсан иргэн Т.М нь тухайн албан тушаалд жинхлэн томилогдоогүй байсан бөгөөд 2020 оны аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хангалтгүй үнэлгээ авсан байна. Улмаар түүнд утсаар мэдэгдэж, аймгийн Засаг дарга биечлэн уулзаж сонсох ажиллагаа явуулан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Мөн сонсох ажиллагаа явуулахдаа тухайн албан тушаалд хуулийн дагуу сонсон шалгаруулалт явуулах шаардлагатай байгааг дурджээ. Мөн Архангай аймгийн Музейн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтын захиалгыг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байна.

Т.М нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ы өдөр тухайн албан тушаалд анх томилогдохдоо сонгон шалгаруулалтад хамрагдаагүй, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй зэрэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар ямар нэг баримт авагдаагүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрт уг захиргааны маргаан бүхий акт болох аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийг “хууль тогтоомжид нийцсэн” байх шалгуурыг хангахгүй гэж үзсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдсан хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

2. Нэхэмжлэгч Т.М-н хүчингүй болгуулахыг хүссэн Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар “Аймгийн Музейн захирлын албан тушаалд төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон” гэх үндэслэлээр Т.М-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

3. Анхан шатны шүүх уг маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим”-ыг, мөн Соёлын яамтай зөвшилцөлгүй Соёлын тухай тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг зөрчсөн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

4. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... Т.М нь 2016 онд анх томилогдохдоо сонгон шалгаруулалтад хамрагдаагүй...” гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар Т.М-г томилохоос өмнө тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.1-д “... томилох эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд ... ирүүлнэ” гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэх үүргээ биелүүлж байгаагүй, 2018 онд Төрийн албаны салбар зөвлөлд захиалгыг хүргүүлсэн боловч цаг үеийн нөхцөл байдлаас сонгон шалгаруулалт явагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

Хариуцагч Засаг дарга нь Төрийн албаны тухай болон Төсвийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 25 дугаар тогтоолоор дээрх журмыг шинэчлэн баталсныг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтаар томилох шаардлага хангаагүй этгээдийг томилсон алдаагаа засах нь зөв боловч нэгэнт томилогдоод 4 жил 6 сарын хугацаанд тухайн төрийн албан тушаалын чиг үүргийг гүйцэтгэж, хөдөлмөрлөснийхөө үр дүнд цалин хөлс авч, амьдралын баталгаагаа хангаж байсан нэхэмжлэгч Т.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, нөгөө талаас төрийн алба тасралтгүй, тогтвортой байх, төрийн албанд орох адил тэгш боломжоор хангагдах зарчмын хүрээнд тухайн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч болон бусад этгээд оролцож, шаардлага хангасан этгээд томилогдох хүртэл түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх зайлшгүй шаардлага, бодит үндэслэл байхгүй байхад шууд албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

5. Мөн давж заалдах гомдолд “... Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөлгүй томилогдсон, 2020 онд үр дүнгийн гэрээгээр хангалтгүй дүгнэгдсэн” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсний дагуу маргаан бүхий Б/19 дүгээр захирамжид энэ талаар тусгаагүй, зөвхөн “сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилогдсон” гэж тухайн актыг гаргах болсон бодит нөхцөл байдлыг заасан  байх тул тус шүүх энэхүү гомдолд дурдсан асуудлыг дүгнэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 109/ШШ2021/0036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-н давж заалдах гомдлыг хангагүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                              

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН 

                               ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ