Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 64

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Цуурайт гол ХХК,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 5 дугаар баг, 3-3 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, Шунхлай овгийн Сумъяагийн Ганхуяг нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 106626118 төгрөг гаргуулах, зээлийн барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн, хариуцагч С.Ганхуяг, Цуурайт гол ХХК-ийн захирал С.Чадраабал, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкыг төлөөлж Өвөрхангай салбарын захирал Ж.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цуурайт гол ХХК нь тус банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1110011357 тоот зээлийн гэрээгээр 100000000 төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар 2 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Цуурайт гол ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ганхуяг нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг сар бүр хэтрүүлэн төлж байгаа бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй 222 хоног хэтрээд байна. Банкны зүгээс зээлдэгч Цуурайт гол ХХК-д зээлийн төлбөрөө төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, мөн зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2 удаа сунган зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй зээлийн гэрээний үүргээ зөрчин зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч Цуурайт гол ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ганхуяг нараас үндсэн зээлийн үлдэгдэл 90884313.32 төгрөг, зээлийн хүү 15708761 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33043 төгрөг нийт 106626118 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй, барьцаат зээлийн гэрээний 3.5 Зээлдэгч гэрээний үүргээ бүрэн болон хэсэгчилэн биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг дуусгавар болгох ба зээлийн нийт төлбөр, банкинд учирсан хохирол холбогдох зардлыг зээлдэгчийн бусад эд хөрөнгөөс бүрэн төлүүлнэ гэсэн заалтын дагуу зээлдэгч Цуурайт гол ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ганхуяг нараас зээлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гончигсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний нөхцлийг 2 удаа өөрчилсөн. Харилцагчид зээлээ төлөх боломжит хугацаа олгосон. Хариуцагч өөрөө манай захиралтай болон надтай уулзаж надад төлөх боломж байна хугацаа өгөөч шүүхэд хандахаа түр хүлээж байгаарай гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Харилцагчийн хүсэлтийн дагуу манайх нилээн хугацаа өгсөн. Харилцагчийн зүгээс орох ёстой байсан орлого нь саатаж хугацаа алдсан байж магадгүй. Эхнээсээ бүх зүйл харилцагчийн хүсэлтийн дагуу явагдсан. Нотлох баримтаар гаргаж өгсөн Сэдбазарын материал байгаа. Сэдбазар Хаан банкнаас зээл авсан. Үнэхээр төлөх байсан юм бол Сэдбазараас орж ирсэн мөнгийг манай дансанд оруулах боломжтой байсан. Зээлийн дансыг нь хаагаагүй, орлого хийх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Цуурайт гол ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ганхуяг нараас үндсэн зээлийн үлдэгдэл 90884313.32 төгрөг, зээлийн хүү 15708761 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33043 төгрөг нийт 106626118 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Цуурайт гол ХХК-ийн захирал С.Чадраабал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Цуурайт гол ХХК нь 25 айлын 5 давхар 3 дахь орон сууцны барилгаа 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ашиглалтанд оруулсан боловч борлуулж дуусаагүйн улмаас хөрөнгө оруулагч, банк зэрэг газруудад ихээхэн хэмжээний зээлийн өртэйн улмаас танай шүүхээр 10 гаруй удаа маргаан таслуулж байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шийдвэрлэгдэж төлөгдсөн өр зээл одоогоор үгүй байна. Бид анх 2014 онд авсан зээлийг 2014 оны 12 дугаар сард эхний удаа сунгасан. Тэр үед барилгын ажил 2-3 сар сунгах магадлалтай гэсэн үндэслэл байсан. Барилга маань 1 дүгээр сарын 19-нд улсын комисс хүлээн авч 2 дугаар сарын 10-ны үеэр эхний зээлүүд гарч эхэлсэн. Зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сунгахад 78000000 төгрөгийн зээл хэвийн зээл байсан гэж үзэж байгаа. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг дахин сунгахдаа харилцан тохиролцоод сунгасан. Сүүлдээ шүүх дээрээ тулна гэж тооцоогүй байсан. Бид 2015 оны 12 дугаар сарын 31-нд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан хэдий ч үнэндээ он гарч 1 дүгээр сард гэрээ гарсан. Хуулга ньхэрэгт байгаа. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын ипотекийн зээл зогссон. Манайхаас 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлийн хүүг төлөөд явж байсан. Зээлийн гэрээний хоёр дахь сунгалтаар эхний 6 сард хүүг төлөхөөр гэрээ хийсэн байсан. Банкны зүгээс 2 дугаар сарын 30-ны өдөр орж ирсэн мөнгийг эхний сунгасан зээлд авах боломжтой байсан ч аваагүй. Хаан банкны зүгээс барьцаанд байсан 1000 мкв байрнаас сугалж бодно гэж үзээд Сэдбазарын зээл олгогдсон. Энэ хүний орлогыг Хас банк бодохдоо хувийн орлогыг нь тооцоогүй байсан. 2014 оны 12 дугаар сарын манай албан тоотыг харах хэрэгтэй. Зээлийн гэрээг 12 дугаар сарын 31-ний өдөр хоёулаа сунгасан. Энэ нь банк үзүүлэлтээ эерэг гаргахын тулд гаргаж байгаа үзүүлэлт юм. Бизнесийн зээлийн нөхцөл эргээд аж ахуйн нэгжид хүндрэл учруулж байна. Энэ хоёр зээлийг 2015 оны 8 дугаар сард тэглэчихсэн байх байсан. Зээлийн хүүг 212 хоногоор тооцоод байгаа түүнийг яаж шийдэхийг мэдэхгүй байна. Гараар бичиж өгсөн тодорхойлолтоор барьцаанд байгаа 2 байрыг зарах бичсэн байгаа. Барьцаанд байгаа байрнуудаа борлуулах талаар банкны зүгээс ч манайхаас ч нилээн хичээсэн. 2014 оны 9 дүгээр сараас эхлээд улсын хэмжээнд ипотекийн зээлийн олголт зогсоод 2015 оны 9 дүгээр сараас дахин зогссон байгаа. Одоо ч Хужирт сумын төвд барьж байгаа 9 айлын орон сууцнууд байгаа. 500000000 гаруй төгрөгийн хөрөнгө дарагдаад явж байгаа. Нөхцөл байдал ийм л байна. 2 жилийн хугацаанд зээлээ төлөөгүй. Тухай бүрт нь хүсэлт явуулж байсан. Зээлийн гэрээг 1 дүгээр сарын 4-нд сунгасан байгаа. Банк бусад байгууллагыг бодвол зээлийн хүү нь бага байдаг. Эдийн засагчдаа байгууллага нь хариуцлага тооцох гээд байдаг бол миний хувьд үндсэн зээл 90000000 төгрөгийг зөвшөөрөх боломж байна. Манайх энэ банктай олон жил хамтарч ажилласан. Урьд нь манайх 5 давхар 3 барилга барьж ашиглалтанд оруулаад зээлийн мөнгөө төлөөд болж байсан. Сүүлд ипотекийн зээл зогссон, урьдчилгаа 30 хувь байж байгаад 10 хувь болно гэж хүлээлгэсэн. Банк 106626118 төгрөгөө нэхэмжилнэ гэвэл боломжгүй байна гэв.

Хариуцагч С.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Хүүг бууруулах талаар ямар арга хэмжээ байдаг тэр болгоныг бодолцож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Цуурайт гол ХХК, С.Ганхуяг нараас Зээлийн гэрээний үүрэг болох 106626118 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Хас банк нь зээлдэгч Цуурайт гол ХХК, С.Ганхуяг нартай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 100000000 төгрөгийн зээлийг 24 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай, зээлийн барьцаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 38 дугаар байрны 21 тоот 52.19 мкв талбайтай орон сууц, Арвайхээр сумын 5 дугаар баг 38 дугаар байрны 01 тоот 52.19 мкв талбайтай орон сууц, 40 тн чингэлэг, барилгын тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө зэргийг барьцааж 1110011357 дугаар зээлийн гэрээ, 1110011357-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ, 1110011357 дугаар барьцааны гэрээг байгуулсан нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Хас банк, Цуурайт гол ХХК, С.Ганхуяг нар нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа хугацааг 18 сар гэснийг 10 сар гэж, зээлийн дансны дугаарыг 1110011357 гэж бичигдснийг 1110013866 гэж өөрчилж мөн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн хугацааг 2017 оны 12 сар хүртэл хугацааг сунгаж, 2016 оны 06 дугаар сар үндсэн төлбөрөөс чөлөөлж, бусад саруудад үндсэн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хүүний хамт төлүүлэх, зээлийн үндсэн үлдэгдэл дээр хуримтлагдсан хүү нэмэгдсэн дүн болох 90884313,32 дүнгээр шинээр данс үүсгэж, зээлийн жилийн хүү 24 хувь болгон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулжээ.

Хариуцагч нар нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хийгээгүйгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээр шаардах эрхтэй. Хариуцагч С.Ганхуяг нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Цуурайт гол ХХК, С.Ганхуяг нараас үндсэн зээл 90884313.32 төгрөг, зээлийн хүү 15708761 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33043 төгрөг нийт 106626118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Y-1018005064 дугаартай эд хөрөнгийн өмчлөх эрхийн 00211806 тоот гэрчилгээтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 38 дугаар байрны 21 тоот 52.19 мкв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Y-1018003454 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн 000211810 тоот гэрчилгээтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 38 дугаар байрны 01 тоот 52.19 мкв талбайтай орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Цуурайт гол ХХК, С.Ганхуяг нараас 106626118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Y-1018005064 дугаартай эд хөрөнгийн өмчлөх эрхийн 00211806 тоот гэрчилгээтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 38 дугаар байрны 21 тоот 52.19 мкв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Y-1018003454 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн 000211810 тоот гэрчилгээтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 38 дугаар байрны 01 тоот 52.19 мкв талбайтай орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Цуурайт гол ХХК, С.Ганхуяг нараас 691081 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 691081 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА