Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 366

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

хохирогч Д.Б-, 

шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Ц.Дэргэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Г.Өд холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г.Ө /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:

Яллагдагч Г.Ө нь 2015 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Шинэ Өргөө” хорооллын 614 дүгээр байрны 25 тоотод байрлах 78.9 метр квадрат талбай бүхий 3 өрөө байрыг иргэн Д.Б-д удахгүй төлбөрийг төлнө гэж итгүүлэн, төрсөн дүү Г.Төгсжаргалын нэр дээр шилжүүлж авч, улмаар улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан уг байрыг бусдад худалдан бусдыг залилан, их хэмжээний буюу 138.075.000 төгрөгийн хохирол,

 

Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Морингийн 6 дугаар гудамжинд иргэн Б.Эд гүний худаг 6.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж итгүүлэн 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилгаа мөнгө гэж 2.000.000 төгрөгийг залилан авч бусдад 2.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Д.Б-, А- нар хайгуул хийж хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Тухайн гэрээний үнэ хөлс 500м2 байр буюу 1.000.000.000 төгрөг байсан. А- намайг Д.Б-тай танилцуулж гэрээ байгуулахад тусалсан учраас зуучлалын үнэ хөлсөнд нийт гэрээний 10% буюу 50м2 эсхүл 100.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож байсан. Улмаар Д.Б- надад А-ын зөвшөөрөлтэйгөөр ямар ч урьдчилгаа мөнгө төлүүлэхгүйгээр байрны гэрчилгээг өгч байсан. Гэтэл тухайн гэрээний биелэлт удааширч, биелэгдээгүй учраас Д.Б- надаас байраа буцааж нэхэж эхэлсэн байдаг. Гэвч би түүний байрыг өөр хүнд худалдчихсан байсан тул түүний нэхэмжилсэн мөнгийг өгч чадаагүй. Би тухайн гэрээг цуцлагдана, улмаар гэрээний үүрэг биелэгдээгүй гэдгийг мэдээгүй.

Б.Э гэх хүнээс мөнгө авсан нь үнэн. Одоогоор би түүний мөнгийг буцааж төлсөн байгаа. Гэтэл Б.Э намайг түүний мөнгийг төлөхөөс өмнө цагдаагийн байгууллагад хандаж байсан” гэв.

 

Хохирогч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэрээ байгуулж байхдаа Нобл Эйдж ХХК-ний захиралаар ажиллаж байсан. Би уул уурхайн өрөмдлөгийн ажил хийдэг байсан ба нэгэн удаа миний өрөм эвдэрч, цаашид ажил хийхэд зардал их гарч хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон учраас би А-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж байсан. А- бид хоёр ажлын хөлсийг бэлэн мөнгөөр бус бартераар буюу 500м2 байраар тооцохоор тохиролцож байсан. А- бид хоёр гэрээ байгуулаад ажиллах гэж байсан боловч А- гэрээний үүргээ биелүүлээгүй” гэв.

 

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…6 дугаар гудамжинд худаг гаргадаг айл байсан. 2018 оны 03 дугаар сард энэ худаг гаргадаг айл хашааны гадна талд камаз машинд өрөм, тоног төхөөрөмжүүдээ ачиж байсан. Би тэр үед очоод энийг хариуцдаг хүн, эзэн нь хэн бэ гэхэд өөрийгөө Г.Ө гэж танилцуулсан хүн өөрийгөө эзэн нь гэж танилцуулсан. Би энэ Г.Ө гэх хүнд манай энэ газраас худаг гаргавал барагцаагаар хэдэн төгрөгөөр гарах вэ гэсэн. Г.Ө метр нь 120 мянган төгрөг, барагцаагаар нийтдээ 12 сая төгрөг орчим болох байх гэж хэлсэн. Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай хүүхдийн төрсөн өдөр байсан, хүүтэй хамт дэлгүүр орох гээд явж байхад Г.Ө хашааны гадаа цагаан өнгийн Ландкруйзер 100 маркийн машин унаад явж байсан. Г.Ө намайг сүрхий танимхайраад мэндэлж, чи худаг гаргах хэвээрээ юм уу, би хөдөө худаг гаргахаад явчаад ирсэн чинь урд талын худаг гаргуулна гэж ярьсан хүн худгаа гаргуулсан байна, чи худаг гаргуулах хэвээрээ бол би чамд хямдхан гаргаж өгье гэж хэлсэн. Шууд худгийг чинь 6 сая төгрөгөөр гаргаж өгье гэсэн. Хэрэв чи урьдчилгаа 2 сая төгрөг өгвөл, би ирэх долоо хоногоос техникээ авчраад худаг гаргаж өгнө, чи үлдсэн 4 сая төгрөгөө боломжоороо увуулж, цувуулаад 6 дугаар сарын 01-ний дотор өгчихөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртэйгээ яриад гайгүй хүн шиг юм байна гэж бодоод хоёр сая төгрөгийг хүнээс хүүтэй зээлдэж аваад шилжүүлсэн...” гэжээ/ 1хх-ийн 130-р тал/

 

Гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны зуны улиралд байхаа манай ах Ганхуягийн Г.Ө ирж чи цахим үнэмлэхээ өгч бай гээд аваад явсан. Сарын дараа Г.Ө ах бартераар байр авсан гэж хэлсэн. Г.Ө ах өрмийн ажил хийж өгөөд ажлын хөлс мөнгөний оронд арван ширхэг байр авахаар боллоо гэж хэлсэн. Шагналд нэг байр авсан. Чиний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гараад ирсэн байгаа гэж гэрчилгээг нь авчирсан. Тэгээд Г.Ө ах нэг хүнд машинаар зарах гэж байгаа гээд намайг дагуулаад Хан-Уул дүүргийн 19-р хороололд байдаг нотариатад дагуулж очоод орон сууц худалдах худалдан авах гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. Энэ байрны мөнгөнд “Ланд 105” билүү мөнгөлөгдүү шар билүү тийм машин авсан.” гэжээ /1хх-ийн 49-р тал/

 

Гэрч А.Лх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Г.Ө нэг хүнд өрөмийн ажлын хөлсөнд бартераар байр авч байгаа гэж ярьж байсныг сонссон. Би энэ байрыг Шинэ Өргөө хорооллын байр гэж ойлгож байгаа юм... Г.Ө ах дараа нь байраа зарна гэж ирсэн. Тэгээд Төгсжаргал Хан-Уул дүүргийн 19-р хороололд үйлчилгээний төвийн наад талын нотариатад очиж баримт бичиг гэрээнд гарын үсэг зурсан.” гэжээ /1хх-ийн 57-р тал/

 

Гэрч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэр үед Г.Ө ажилгүй байсан. Гэхдээ энэ ажлыг хийгээгүй байхаа. Дараа нь Д.Б-, Пүрэвцогт нартай өрөмдлөгийн ажил хийх гэрээ хийсэн Хайгуулын өрөмдлөгө хийсэн гэсэн байхаа. Тэгээд өрөмдлөгийн ажлыг хавар хийж өгнө гээд Д.Б-, Пүрэвцогт нартай гэрээ хийж урьдчилгаанд гурван өрөө байр авсан гэсэн. Тэгээд энэ байрыг дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Дараа нь энэ байрыг буцаагаад нэг хүнд зарсан. АПУ компаний ар талд байрлах буудалд байрлах нотиаратын газарт очиж гэрээ хийсэн гэсэн...” гэжээ /1хх-ийн 64-р тал/

 

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д.Б- захирал надад Г.Өын дүү Төгсжаргал дээр гэрээг нь хийж өгөөд яаралтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өг гэсэн...Орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээнд Д.Б- захирал гарын үсэг зурсан. Би өөрөө зурсан. Энэ гэрээнд Г.Ө гарын үсэг зурсан. ...Тэгээд би Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газарт очиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж Г.Өд өгсөн. Байрны түлхүүрийг Ар Ий Си ХХК-наас аваад Г.Өд хүлээлгэж өгсөн. Байрны мөнгийг яаж авахаар болсныг би мэдэхгүй. Энэ тухай Д.Б- захирал, Г.Ө хоёр хоорондоо тохирсон байсан. ...дараа нь Г.Ө ирж байраа хямдхан зарна олоод өгөөрэй гэж хэлсэн. Г.Ө бараг өдөр болгон манай ажил дээр ирж байр авах хүн байна уу гэж асуудаг байсан...” гэжээ /1хх-ийн 69-р тал/

 

Гэрч Б.А- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д.Б- нь гэрээ байгуулснаас хойш мөнгө муутай байна, санхүүгийн хувьд боломжгүй байна гэж ажил хийлгүүлээгүй өдий хүрсэн. Ганхуягийн Г.Өтай энэ өрмийн ажлыг олж өгсний төлөө хөлс мөнгө өгнө гэж огт яриагүй. Тийм юм огт болоогүй. Би тэр ажлыг авч хийгээгүй юм чинь юу гэж Г.Өд хөлс мөнгө өгөх билээ...Д.Б-аас нөгөө өрмийн ажлаа хэзээ хийлгэх вэ гэж асуухаар Д.Б- нь би Г.Өд 3 өрөө байр өгсөн, тэр 3 өрөө байрны мөнгийг аваад өрмийн ажлыг хийлгүүлэхгүй бол надад одоогоор өрмийн ажил хийлгэх мөнгө төгрөг байхгүй байна гэж ярьж байсан...” гэжээ /1хх-ийн 72-73-р тал/

 

Гэрч М.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д.Б- нь Шинэ-Өргөө хороололын байрыг борлуулснаас олсон ажлын хөлсөнд авсан нэг өрөө 73 сая төгрөгний үнэтэй байрыг Г.Өд зарсан гэсэн. Г.Ө цаашаа зарсан юм шиг байна. Энэ нэг өрөө байрны үнэ хөлсөнд 70 орчим сая төгрөгийг Г.Ө төлсөн. Энэ 70 сая төгрөгийг Г.Ө өгөхдөө эхлээд 40 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг Г.Өын найз Жамаа билүү Жамкаа билүү тэр найз нь авчирч өгсөн...Д.Б- нь Г.Өд дахиад 3 өрөө байрыг худалдсан боловч тэр 3 өрөө байрны мөнгө төгрөгийг өгөөгүй залилсан гэж байсан...” гэжээ /1хх-ийн 75-р тал/

 

Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Энэ хашаанд миний камаз машин жижиг өрөм байдаг. Б.Эых бол манай нэг гудамжинд хажуу талын айл ...маргааш нь нэг эмэгтэй ирээд танайд Өсөхөө гэж байгаа юу гэсэн би байхгүй байна яасан гэхэд болсон явдлыг хэлсэн...өөрийгөө Монголд эхний дөрөвт ордог өрмийн мастер энээ тэрээ гэж яриад байхаар нь машинаа өгч явуулчихаад дараа нь шаардаад буцааж авсан...” гэжээ /1хх-ийн 135-136-р тал/

 

Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Б.Э Г.Өтай очоод уулзаад байсан. Б.Э надад энэ хажуу айлд байгаа залуу 6 сая төгрөгөөр худаг гаргаж өгье урьдчилгаа 2 сая төгрөг өгчих гэнээ гэсэн...Нөхөр бид хоёр ярилцаад хажуу айлын залуу юм чинь гайгүй байлгүй гээд би өөрийн Хаан банкин дахь 5005358873 гэсэн данснаас Г.Өын өгсөн Хаан банкны дансанд 2 сая төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр шилжүүлсэн...Г.Ө нь олон янзын шалтаг хэлээд хойшлуулсаар сүүлдээ алга болсон...” гэжээ /1хх-ийн 138-р тал/

 

Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ө надад би энэ байрыг бартераар авсан, нэлээд хэдэн байр байсан зараад дуусч байгаа гэж хэлсэн...Би 120 сая төгрөгөөр авсан шиг санагдаад байна. Байрны төлбөрийг өгөхдөө 50 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн...Үлдсэн мөнгөнөөс 40 сая төгрөгийн оронд 2006 онд хилээр орж ирсэн саарал өнгийн Ланд 105 маркийн 1152 УНД бил үү тийм дугаартай машинаа өгсөн...Үлдсэн 30 сая төгрөгийг би өгч чадахгүй жаахан удсан. Г.Ө надтай уулзаад уурлаад мөнгөө нэхээд байсан...Бенз маркийн машиныг үнэлж өгсөн. Ингээд бүх тооцоо дууссан...” гэжээ /3хх-ийн 68-р тал/

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ХУ2-18-511 дүгээр тайланд “...Уг үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн өнөөгийн үнэлгээгээр 138.075 000 /нэг зуун гучин найман сая далан таван мянган төгрөг/-өөр үнэлгээ тогтоогдов”... гэсэн үнэлгээ 1хх-ийн 89-96 хуудас/

 

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Шинэ Өргөө” хорооллын 614 дүгээр байрны 25 тоотод байрлах 78.9 метр квадрат талбай бүхий 3 өрөө байртай холбоотой баримтууд /1хх-176-193/, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад баримтууд /1хх-151-154/,  ял шалгах хуудас /1хх-156/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Г.Өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Г.Ө нь 2015 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Шинэ Өргөө” хорооллын 614 дүгээр байрны 25 тоотод байрлах 78.9 метр квадрат талбай бүхий 3 өрөө байрыг иргэн Д.Б-д удахгүй төлбөрийг төлнө гэж итгүүлэн, төрсөн дүү Г.Төгсжаргалын нэр дээр шилжүүлж авч, улмаар улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан уг байрыг бусдад худалдан бусдыг залилан, их хэмжээний буюу 138.075.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр,  Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ХУ2-18-511 дүгээр тайлан /1хх-ийн 89-96 хуудас/, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Шинэ Өргөө” хорооллын 614 дүгээр байрны 25 тоотод байрлах 78.9 метр квадрат талбай бүхий 3 өрөө байртай холбоотой баримтууд /1хх-176-193/ зэргээр,

 

Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Морингийн 6 дугаар гудамжинд иргэн Б.Эд гүний худаг 6.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж итгүүлэн 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилгаа мөнгө гэж 2.000.000 төгрөгийг залилан авч бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Эгийн “...худгийг чинь 6 сая төгрөгөөр гаргаж өгье гэсэн. Хэрэв чи урьдчилгаа 2 сая төгрөг өгвөл, би ирэх долоо хоногоос техникээ авчраад худаг гаргаж өгнө, чи үлдсэн 4 сая төгрөгөө боломжоороо увуулж, цувуулаад 6 дугаар сарын 01-ний дотор өгчихөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртэйгээ яриад гайгүй хүн шиг юм байна гэж бодоод хоёр сая төгрөгийг хүнээс хүүтэй зээлдэж аваад шилжүүлсэн...” гэжээ/ 1хх-ийн 130-р тал/, гэрч М.Н-гийн “...Нөхөр бид хоёр ярилцаад хажуу айлын залуу юм чинь гайгүй байлгүй гээд би өөрийн Хаан банкин дахь 5005358873 гэсэн данснаас Г.Өын өгсөн Хаан банкны дансанд 2 сая төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр шилжүүлсэн. ...Г.Ө нь олон янзын шалтаг хэлээд хойшлуулсаар сүүлдээ алга болсон...” гэжээ /1хх-ийн 138-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь ногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Өд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч Д.Б-, шүүгдэгч Г.Ө нар нь Гэрээ цуцалснаас үүссэн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б- хохирол төлбөр барагдсан, гомдол саналгүй гэснийг дурдаж,

Мөн хохирогч Б.Э-д мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр барагдсан талаар мэдүүлж байгаа тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өнөөдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 43 хоногог цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г.Өыг бусдыг залилан мэхлэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Өд 10000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өын цагдан хоригдсон 43 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 10000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаас 645.000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийг хасч, нийт ялыг 9.355.000 /есөн сая гурван зуун тавин таван мянга/ төгрөгийн торгуулийн ялаар тогтоосугай

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Өд оногдуулсан 9.355.000 /есөн сая гурван зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.Өын торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              И.ГАНБАТ