Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 619

 

 

 

 

 

 

 

    2020          06           23                                        2020/ШЦТ/619

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Л.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Л-н Ө-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/ Т овогт Л-н Ө.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүр дээр **-** *** улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа хүний сэтгэл санаанд дарамт учруулж, бие махбодид халдан хамтран амьдрагч Н.Ц-г хувийн таарамжгүй харьцааны улмаас марган “хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгаанаар зодож, түүнд тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шуу, хоёр өвдөгний цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Ө-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Л.Өөд холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Л.Ө-өд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүр дээр **-** *** улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа хамтран амьдрагч Н.Ц-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, түүнд тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шуу, хоёр өвдөгний цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

 

Шүүгдэгч Л.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч болох Ө-н хамт Нарны гүүрэн дээр явж байсан юм. Тухайн үед би жолоо бариад, Өлзиймөнх миний хажууд суугаад явж байсан. Манай найз охин Мөнхцэцэг миний гар утас руу залгахад Ө миний гар утсыг аваад М-цтэй хэрүүл, маргаан хийж байгаад утсаа тасалсан. Тэгээд би Ө-өөг гар утсаа авах гэтэл миний хамар руу баруун гараараа хоёр удаа цохисон. Миний хамраас маш их цус гарсан тул би машинаа зогсоогоод цусаа тогтоох гэж байтал Ө машинаас бууж ирээд би машин барина гэж над руу уурласан. Би Ө-г “машиндаа буцаад суу, би чамайг гэрт чинь хүргэж өгнө” гэж хэлэхэд Ө машинд суусан. Тэгээд Ө-г машинд суухад миний гар утас дахиад дуугартал Ө гар утсыг минь авах гэсэн. Тэгэхээр нь би “яах гээд байгаа юм” гэж уурлаад гарыг нь хазтал Ө уурандаа миний толгойг руль руу шахаж байгаад толгойн дагз хэсэг рүү гараараа гурван удаа цохиод “наад машинаа бариад яв” гэж хашгирсан. Тэгээд гэртээ хариад би Ө-г унтуулчихаад гадаа ганцаараа машин дотроо унтсан. Би хэрэг гарах үед эрүүл байсан. Ө бид хоёр анх 2018 оны 6 дугаар сард танилцаж байсан. Тэгээд үерхэж байгаад 2018 оны 10 дугаар сард нэг гэрт хамт амьдрах болсон. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Мөн бид хоёр дундаасаа хүүхэдгүй... Миний хамар хугарсан, хоёр нүд маань хөхөрсөн. Би хамраа “Төгс ялгуун” гэдэг нэртэй эмнэлэгт тэгшлүүлсэн. Нийт 320.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Тухайн эмчилгээнд гарсан төлбөрийг Ө төлсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 42-43-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Н.Ц-н биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал,
хамрын таславчийн хугарал, мурийлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын
нуруу, баруун шуу, хоёр өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих
үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 28-30-рт/ гэжээ.

 

“Натур эмнэлэг”-ийн компьютер томографийн оношилгоо, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-32-рт/,

 

шүүгдэгч Л.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“....Ц-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг би учруулсан. Хэрэг гарсан өдөр Ц бид хоёр машинтайгаа явж байтал Ц-н гар утас нь дуугарсан. Тэгээд би гар утсыг нь аваад ярих гэтэл Ц надад утсаа өгөхгүй гээд булаацалдаж байтал Ц миний гарыг хазсан тул би баруун гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон. Гэтэл Ц-ын хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51-рт/,

- нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53-рт/,

- эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 54-рт/,

- бакалаврын диплом /хх-ийн 65-66-рт/,

- “***” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 67-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Л.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Л.Ө-өд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Ө-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Т овогт Л-ын Ө-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Л.Ө-өд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Ө-өд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Ө нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ө-өд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ