Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 623

 

 

 

 

 

 

    2020         06               23                                       2020/ШЦТ/623

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 41 дүгээр байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Б овогт Б-н Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” бензин түгээгүүрийн дэргэд нөхрийг нь түлхлээ гэх шалтгаанаар О.А-тай маргалдан, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” бензин түгээгүүрийн дэргэд О.А- маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж, гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Намайг бензин авах гээд зогсож байтал миний машины ард байсан машины жолооч сигналдаад байхаар нь би машинаа байрлуулаад тооцоогоо хийх гэтэл нэг эрэгтэй миний машины жолооч талын цонхоор гараа оруулж ирээд баруун гарыг минь мушгиж, хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би машинаасаа буутал тухайн эрэгтэй согтуу байсан ба нэг эмэгтэй хүн араас нь ирээд “чи машинаа холдуул, янхан минь” гэж хэл амаар доромжилсон тул би “тооцоогоо хийгээд явлаа” гэж хэлсэн. Гэтэл нөгөө эрэгтэй нь миний баруун гарыг өөр рүүгээ татаж чангаахаар нь гараа авах гээд таттал нөгөө эмэгтэй нь ирээд “чи миний нөхрийг түлхлээ” гэж хэлсэн. Тэгээд намайг чирээд өөрсдийн машин руугаа суулгасан. Би машинд чихэгдэж суугаад нөгөө хаалгаар нь гарах гэтэл намайг машинаасаа буулгахгүй байсан. Энэ үед эхнэр нь болох Б миний нүд рүү хуруугаараа хатгасан. Харин нөхөр нь намайг хаалгаар угз татаж машинаасаа буулгасан. Гэтэл эхнэр нь намайг үсдэж, зодсон... Би толгойгоо 2 удаа 30.000 төгрөгөөр бариулсан, нүдний тос 30.500 төгрөгөөр авсан. Нааш, цааш явсан бензиний зардал 62.700 төгрөг, тухайн үед намайг машинаас татаж буулгах үед миний өмсөж явсан бүжгийн гутлын подемны жийдэг хэсгийн урд талын зөөлөвч салсан. Уг гутлаа 2015 онд 150 доллараар авч байсан. Мөн би нэг өдөр ажилдаа явж чадаагүй нэг өдрийн цалин 54.545 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн зардал гарсан мөн 60.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Б.Б- надад 530.000 төгрөг төлсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28-рт/,

 

гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эхнэр Б-ийн хамт 10 дугаар хорооллын “**” бензин түгээх газраас бензин авах гээд зогсож байтал бид хоёрын урд зогсож байсан машин бензинээ авсан атлаа хөдлөхгүй зогсоод байсан. Тэгэхээр нь би урд зогсож байсан машин дээр очтол нэг мэдэхэд тухайн машины жолооч эмэгтэй миний цамцыг ураад, намайг түлхэж унагаасан. Гэтэл Б.Б нөгөө машины жолооч эмэгтэйтэй маргалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-рт/,

 

гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Хэрэг гарсан өдөр намайг ажлаа хийж байтал бензин авах гээд очерлож байсан цагаан машинаас нэг согтуу эрэгтэй хүн бууж ирээд бензин авч байсан машин дээр очоод жолооч эмэгтэйтэй нь маргалдаад байсан. Тэгээд нэг харахад  нөгөө бензин авч байсан автомашины жолооч эмэгтэй машинаасаа буучихсан цагаан машины хажууд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Гэтэл цагаан машины жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд тухайн эмэгтэйтэй маргалдаж байгаад үсдээд байсан. Энэ үед нөхөр нь эхнэрээ салгасан...Тэгээд би өөр нэг машинд бензин өгч байтал цагаан машины жолооч эмэгтэй дахиж ирээд нөгөө охиныг миний хажууд үсдээд толгой руу нь цохисон. Нөхөр нь цагдаа иртэл эхнэрийгээ хорьж гарнаас барьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. О.А-гийн тархины доргилт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, цус хуралт гэмтэл үүссэн нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 39-40-рт/ гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10-р хорооллын “**” бензин клонк дээр нөхөр Б-тай хамт машинтайгаа бензин авах гэж байтал миний машины урд зогсож байсан “приус-20” автомашин удаад байсан тул манай нөхөр Б миний хажууд сууж байснаа сигнал дарсан. Тэгээд манай нөхөр машинаасаа буугаад урд талын автомашины жолооч дээр очиж маргалдчихаад машин руугаа алхаж байтал араас нь нөгөө автомашинаас нэг эмэгтэй бууж ирээд гар утсаараа бичлэг хийгээд “танай нөхөр гар мушгисан, би цагдаа дуудна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө эмэгтэйг нөхөртэйгөө хамт өөрийнхөө машины хойно суулгасан. Гэтэл нөгөө эмэгтэй намайг доромжилж байгаад машинаас буух гэхээр нь би тэр эмэгтэйн нүүр рүү гараараа түлхсэн. Гэтэл манай нөхөртэй маргалдаад байсан тул би тэр эмэгтэйг үсдсэн энэ үед манай нөхөр намайг салгасан. Би хохирогч А-д 530.000 төгрөгийн хохирол төлж, эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-рт/,

 

Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Б-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-д оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ