Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 631

 

 

 

 

 

 

 

    2020          06              25                                      2020/ШЦТ/631

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогч П.Б,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Э-ийн Б-д  холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эмээ нарын хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, /регистрийн дугаар ЦЖ86082179/, Ж овогт Э-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод “Э.О-г оролдсон” гэх шалтгаанаар хохирогч П.Б-тэй маргаж, улмаар түүний хөл тус газарт хутгалж, зүүн өвдөгний хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Быг найз охинтой нь гэртээ хонуулсан. Гэтэл Б шөнө гэнэт босч ирээд “ална” гэж хэлээд миний зүүн өвдгийг маслоны хутгаар хутгалсан. Э.Б хохирол төлбөрт 100.000 төгрөг төлнө гэхэд нь би хүлээн аваагүй. Би шүүгдэгч Э.Б-аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй тул шүүх шийдвэр гаргаж өгнө үү. Би сэтгэл санааны хувьд гомдолтой байна, надад эмчилгээний зардлын баримт байхгүй...” гэв.

 

Хохирогч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед гэрийнхээ ойролцоо Б, О нартай тааралдаад бид нар 1 шил 0,33 граммын архи хувааж уугаад салцгаасан. Тэгээд орой 17 цагийн үед би Б гэх залуутай явж байгаад Б, О нартай тааралдаад манайд гэрт 1 шил 0,75 граммын архи хувааж уугаад гарцгаасан. Тэгээд би вокзал орж хүнтэй уулзчихааад буцаад ирэхэд манай орцны 2 давхарт Баа, О нар унтаж байхаар нь сэрээгээд тэднийг гэртээ оруулсан. Тэгээд ор засаад, хоол идүүлээд сууж байтал Б ширээн дээрээс хутга aваад “хоолойг чинь огтолно” гэж хэлээд над руу дайрахаар нь би түүнийг түлхсэн. Гэтэл миний зүүн өвдөг дээр хутгаараа хатгасан. Намайг орилоход хажуу өрөөнөөс манай хүү Э гарч ирээд хутгыг нь булааж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би гомдолтой байна, эмчилгээний зардалд 30.000-40.000 төгрөг зарцуулсан тул эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлттэй байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/,  

 

гэрч Э.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр найз Б-тай тээврийн товчоо дээр уулзаж ломбарданд тавьсан утасаа авахаар явсан. Тухайн үед Б П гэдэг ахтай хамт явж байсан. Бид нар 1 шил архи авч хувааж уучихаад П ах гэр рүүгээ явсан. Б бид хоёр гадуур явж байгаад 17 цагийн үед буцаад төмөр замд ирээд 1 шил 0,75 граммын архи аваад 42 дугаар байранд нэг айлд орж гурвуулаа архиа хувааж уусан. Тэгээд орой 20 цагийн үед гараад 4-н зам руу алхаж байтал П ах таараад манайх руу оръё гэхээр нь гэр рүү нь явсан. П ахын гэрт ороход 0,75 граммын архи гаргаж ирээд бид нар тухайн архийг тавуулаа хувааж уусан. Тэгээд П ах орой болчихсон тул хоноод яв гэхээр нь газраар гудас дэвсээд хэвтэцгээсэн. Би хэсэг унтаж байгаад хүмүүс бужигналдаад байхаар нь сэрээд хартал П ах, Б хоёр босоод зогсож байсан ба П ахын зүүн өвдөгнөөс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. П.Б-гийн биед өвдөгний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүсгэгдэнэ. 

3. Уг зүүн өвдөгний хатгагдсан шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд бие даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. /хх-ийн 31-32-рт/ гэжээ.

 

шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн үед өөрийн найз О-той утсаар ярьж уулзахаар болоод 73 дугаар сургуулийн гадаа очтол О, П ах болон хэсэг хүмүүс зогсож байсан. О тэр хүмүүст 1 шил архи авч өгсөн байсан. Тэгээд О бид хоёрыг салаад явж байтал П ах араас дагаад бид нараас архи нэхээд байхаар нь 1 шил 200 грамм архи авч өгсөн. Төмөр замд найз Наранцогтын гэрт очиж 1 шил 0,75 граммын архи авч хувааж уучихаад орой 22 цагийн үед О-г таксинд суулгаж өгөх гээд явж байтал П ах орцныхоо гадаа хүмүүстэй зогсож байсан. Тэгээд бид хоёроос дахиад архи нэхээд байхаар нь 1 шил 0,75 граммын архи авч өгсөн. П ах бас 1 шил архи аваад бид нар гэрт нь орж архи ууцгаасан. Тухайн үед би нилээд муудсан байсан. П ах бид хоёрыг хоноод яв гээд том өрөөндөө газраар гудас дэвсэж өгөхөөр нь О бид 2 хэвтсэн. Гэтэл П ах дахиад архи авахуулах гээд намайг татаад байсан. Тэгээд зүүн чих рүү юмаар цохих шиг болохоор нь би босч ирээд П ах бид хоёр барьцалдаж, зууралдсан. Тэгээд би хажуу талд  байсан ширээн дээрээс маслоны хутга аваад П ахын өвдгийг хатгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49-рт/,

-эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 54-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод хохирогч П.Б-тэй маргалдаж, улмаар түүний хөл тус газарт хутгалж, зүүн өвдөгний хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

хохирогч П.Б-гийн “...2020 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө Б миний зүүн өвдгийг маслоны хутгаар хутгалсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Э.Б-ын “...П ах намайг  түлхэхээр нь түүнийг татаад хамт унасан. Тэгээд хажуу талд  байсан ширээн дээрээс маслоны хутга аваад П ахын өвдгийг хатгасан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.О-н “...сэрээд хартал П ах, Б хоёр босоод зогсож байсан ба П ахын зүүн өвдөгнөөс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Б-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хэргийн хохирогч П.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Э.Б-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Э.Б-ын үйлдэлд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ж овогт Э-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б-ад 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч П.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Э.Баас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ 

 

 

 

    2020         06               23                                       2020/ШЦТ/623

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 41 дүгээр байрны 50 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Б овогт Б-н Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” бензин түгээгүүрийн дэргэд нөхрийг нь түлхлээ гэх шалтгаанаар О.А-тай маргалдан, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” бензин түгээгүүрийн дэргэд О.А- маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж, гэмшиж байна...” гэв.

 

Хохирогч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Намайг бензин авах гээд зогсож байтал миний машины ард байсан машины жолооч сигналдаад байхаар нь би машинаа байрлуулаад тооцоогоо хийх гэтэл нэг эрэгтэй миний машины жолооч талын цонхоор гараа оруулж ирээд баруун гарыг минь мушгиж, хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би машинаасаа буутал тухайн эрэгтэй согтуу байсан ба нэг эмэгтэй хүн араас нь ирээд “чи машинаа холдуул, янхан минь” гэж хэл амаар доромжилсон тул би “тооцоогоо хийгээд явлаа” гэж хэлсэн. Гэтэл нөгөө эрэгтэй нь миний баруун гарыг өөр рүүгээ татаж чангаахаар нь гараа авах гээд таттал нөгөө эмэгтэй нь ирээд “чи миний нөхрийг түлхлээ” гэж хэлсэн. Тэгээд намайг чирээд өөрсдийн машин руугаа суулгасан. Би машинд чихэгдэж суугаад нөгөө хаалгаар нь гарах гэтэл намайг машинаасаа буулгахгүй байсан. Энэ үед эхнэр нь болох Б миний нүд рүү хуруугаараа хатгасан. Харин нөхөр нь намайг хаалгаар угз татаж машинаасаа буулгасан. Гэтэл эхнэр нь намайг үсдэж, зодсон... Би толгойгоо 2 удаа 30.000 төгрөгөөр бариулсан, нүдний тос 30.500 төгрөгөөр авсан. Нааш, цааш явсан бензиний зардал 62.700 төгрөг, тухайн үед намайг машинаас татаж буулгах үед миний өмсөж явсан бүжгийн гутлын подемны жийдэг хэсгийн урд талын зөөлөвч салсан. Уг гутлаа 2015 онд 150 доллараар авч байсан. Мөн би нэг өдөр ажилдаа явж чадаагүй нэг өдрийн цалин 54.545 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн зардал гарсан мөн 60.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Б.Б- надад 530.000 төгрөг төлсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28-рт/,

 

гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эхнэр Б-ийн хамт 10 дугаар хорооллын “**” бензин түгээх газраас бензин авах гээд зогсож байтал бид хоёрын урд зогсож байсан машин бензинээ авсан атлаа хөдлөхгүй зогсоод байсан. Тэгэхээр нь би урд зогсож байсан машин дээр очтол нэг мэдэхэд тухайн машины жолооч эмэгтэй миний цамцыг ураад, намайг түлхэж унагаасан. Гэтэл Б.Б нөгөө машины жолооч эмэгтэйтэй маргалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-рт/,

 

гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Хэрэг гарсан өдөр намайг ажлаа хийж байтал бензин авах гээд очерлож байсан цагаан машинаас нэг согтуу эрэгтэй хүн бууж ирээд бензин авч байсан машин дээр очоод жолооч эмэгтэйтэй нь маргалдаад байсан. Тэгээд нэг харахад  нөгөө бензин авч байсан автомашины жолооч эмэгтэй машинаасаа буучихсан цагаан машины хажууд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Гэтэл цагаан машины жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд тухайн эмэгтэйтэй маргалдаж байгаад үсдээд байсан. Энэ үед нөхөр нь эхнэрээ салгасан...Тэгээд би өөр нэг машинд бензин өгч байтал цагаан машины жолооч эмэгтэй дахиж ирээд нөгөө охиныг миний хажууд үсдээд толгой руу нь цохисон. Нөхөр нь цагдаа иртэл эхнэрийгээ хорьж гарнаас барьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. О.А-гийн тархины доргилт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, цус хуралт гэмтэл үүссэн нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 39-40-рт/ гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10-р хорооллын “**” бензин клонк дээр нөхөр Б-тай хамт машинтайгаа бензин авах гэж байтал миний машины урд зогсож байсан “приус-20” автомашин удаад байсан тул манай нөхөр Б миний хажууд сууж байснаа сигнал дарсан. Тэгээд манай нөхөр машинаасаа буугаад урд талын автомашины жолооч дээр очиж маргалдчихаад машин руугаа алхаж байтал араас нь нөгөө автомашинаас нэг эмэгтэй бууж ирээд гар утсаараа бичлэг хийгээд “танай нөхөр гар мушгисан, би цагдаа дуудна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө эмэгтэйг нөхөртэйгөө хамт өөрийнхөө машины хойно суулгасан. Гэтэл нөгөө эмэгтэй намайг доромжилж байгаад машинаас буух гэхээр нь би тэр эмэгтэйн нүүр рүү гараараа түлхсэн. Гэтэл манай нөхөртэй маргалдаад байсан тул би тэр эмэгтэйг үсдсэн энэ үед манай нөхөр намайг салгасан. Би хохирогч А-д 530.000 төгрөгийн хохирол төлж, эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-рт/,

 

Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагч нарт хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Б-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-д оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ