Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 434

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч Г.У-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-гийн М-д холбогдох эрүүгийн 20100 0353 0382 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт О-гийн М-  

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч О.М- нь “Голомт банкинд таньдаг хүнтэй, зээлийг хурдан шуурхай гаргаж өгдөг, хөөцөлдөхөд мөнгө байршуулдаг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж Г.У-ээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10.0 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5.0 сая төгрөгийг тус тус өөрийн Хаан банкин дахь эзэмшлийн 5166хххх65 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч О.М-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй, өөрийн үйлдлийг буруу гэж ойлгож байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Г.У-ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Намайг Г.У- гэдэг. Би “Тансаг Алтай” ХХК-д захирал хийдэг. Манай компани Голомт банкнаас зээл авсан байсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сард Голомт банкин дээр өмнөх зээлэн дээрээ нэмж зээл авахаар материалаа бүрдүүлээд банкинд өгсөн байсан. Тухайн зээлийг маань Голомт банкны салбар дэмжээд зээл гаргуулах талаар төв рүүгээ мэдэгдсэн байсан бөгөөд тухайн зээлийг гаргах хурал нь болохгүй хойшлоод байсан. 2018 оны 10 дугаар сард буюу манай ажил эрчимтэй явагдаж эхлэх үед мөнгөний асуудал үүсээд, хүмүүстэй зөвлөлдөхөд манай найз “Тээвэр хөгжлийн банк зээл өгч байгаа, тухайн банкинд танидаг нэг хүн байгаа” гээд М-тай танилцуулаад, “туслаад өгөөрэй” гээд өнгөрсөн. Дараа нь “танай банк зээл гаргаж байгаа юу” гэж ярихад “гаргаж байгаа” гэхээр нь Голомт банкинд өгсөн байсан материалаа Тээвэр хөгжлийн банкинд өгсөн. Тэгээд хоёр хоногийн дараа биечлэн очиход “Шинэ харилцагч болохоор манай банк энэхүү зээл гарах гэж удах юм байна. Харин Голомт банкинд танидаг хүн байгаа, зээлийг чинь Голомт банкнаас гаргуулж өгье, гэхдээ мөнгө хэрэг болно шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь зээлээ хурдан бүтээчих юм шиг санагдахаар нь “би мөнгөний талаар бодож үзье, надад одоо мөнгө байхгүй” гэж хэлээд салсан. Тэгээд дараа нь “таны мөнгө бүтэж байна уу” гэж ярихаар нь би 10.000.000 төгрөг шилжүүлсэн юм. 12 дугаар сарын 05-ны өдөр би зээл юу болж байгаа талаар асуухад “таны хурал удахгүй товлогдоно” гэсэн. Тэгээд он гараад зээл маань гарахгүй байхаар нь асуухад “таны зээлийг бүтээх хүн олдчихлоо, та одоо 5.000.000 төгрөг өгөх шаардлагатай байна” гэхээр нь би бэлэн байсан мөнгөө шилжүүлээд, “үлдсэнийг нь ойрын хугацаанд олж өгье” гэж хэлсэн. Тэгээд 2 билүү 3 хоногийн дараа үлдсэн мөнгийг би өөрөө яриад шилжүүлсэн. Мөн би анх мөнгөний санал тавиагүй, Мөнхнасан надад “таны зээлийг бүтээхийн тулд мөнгө хэрэг болно шүү” гэж хэлсэн. Би өөрт байсан бүх мөнгөө хууртагдаж алдсан. Би мөнгөө хурдан гаргуулж авмаар байна...” гэв.  

Эрүүгийн 20100 0353 0382 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.У-ийн хохирогчоор өгсөн:

“...Би Тансаг Алтай ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай компани Герман улсаас хүнс, гоо сайхан, гэр ахуйн бараа оруулж ирээд бөөний үнээр худалдаалдаг байсан ба одоо манай компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Би 2018 оны 5 сард Голомт банкинд зээл авах гээд материалаа өгсөн боловч манай компанийн үйл ажиллагаатай холбоотой “одоо таны зарж байгаа барааны үнийг зах зээлд хүлээн зөвшөөрөгдөөд, 3 сарын дараа яг энэ үнээрээ байвал өргөдлийг чинь дахин авч зээл өгье” гэсэн хариу өгсөн. Түүний дагуу 2018 оны 8 сард Голомт банкинд зээл авах тухай материалаа дахин өгсөн. Тэгэхэд баруун 4 замд байрладаг Голомт банкны салбар нь “миний зээлийн материалыг шалгаж үзээд дэмжээд, төв рүүгээ явуулсан” гэж хэлсэн. Ингээд хариугаа хүлээгээд байж байхад төвөөс дэмжээд, миний зээлийн материалыг хурлаар оруулах гээд хурлын тов өгсөн. Тэр хурал нь 9 сард болох байсан боловч “хурал хойшлогдлоо, зээлийн газрын захирал нь хөдөө ажлаар 14 хоног явчихлаа” гэж хэлсэн. Дахин 20 орчим хоногийн дараа очоод уулзахад “манай захирал ирсэн байгаа, одоо л орох байх” гээд хурлын тов өгсөн. Тэр хурал нь болоод дууссан боловч миний материал ороогүй байсан. Би салбар дээрээсээ асуухад “таны материал ороогүй байна, бусад хүмүүсийн материал орсон” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би юу ч гэсэн өөр банкинд давхар материалаа өгч үзье гэж бодсон. Тээвэр хөгжпийн банкнаас “бизнесийн зээл хурдан гаргаж байгаа” гэж найз Ганболдоос сонсоод түүний дагуу би Тээвэр хөгжлийн банкны урт цагаан дахь салбар дээр очиж материалаа өгсөн. Би материалаа бариад тус салбарын захирал О.М- гэдэг хүн дээр орсон. Тэгэхэд О.М- нь “материалаа үлдээчих, материалтай чинь танилцаадахъя” гэхээр нь би тухайн үед үлдээгээд явсан. Маргааш нөгөөдрөөс нь буюу 2 хоногийн дараа би өөрөө очоод нөгөө О.М- гэдэг захиралтай уулзахад “манай банкин дээр болохгүй юм байхгүй байна, яг өдий хэмжээний зээл олгоход 1 capын хугацаанд судлах шаардлагатай. Зээл чинь яг гар дээр очих хүртэл 1 cap болно” гэсэн.

Би өмнө нь 2017 оны сүүлээр Голомт банкнаас 350.000.000 төгрөгийн зээл аваад хугацаандаа төлж явсаар байгаа 270.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүн дээрээ нэмээд 130.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт материалаа өгсөн байсан. Нийт 400.000.000 төгрөг л болох байсан юм. Би О.М-д “Голомт банкинд зээл авахаар материалаа өгсөн байгаа, Голомт банк удаад байх юм, танайхаас зээл авч болох уу” гэж хэлж байсан. О.М- болохоор “та Голомт банкинд материалаа өгөөд хурлаар орох дээрээ тулчихсан байгаа юм чинь наадах чинь хурдан юм биш үү. Надад Голомт банкинд ганц нэг таньдаг хүн байгаа, би яриад наадахыг чинь бүтээчихье” гэж хэлсэн. Мөн “тэрийг бүтээхэд мөнгө орно шүү дээ, хэрвээ бүтвэл энэ мөнгөнд чинь бүтнэ, бүтэхгүй бол мөнгийг чинь буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. Ер нь бол бараг өнөө маргаашдаа бүтээнэ гэж хэлсэн.

Тэгээд би эхлээд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр О.М-ы данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Би О.М- руу 7 хоногт 1 удаа ярьдаг байсан. Тэгэхэд надад “энэ хурлаар орсонгүй, дараагийн хурлаар оруулна, эсвэл хурлаар оруулах гээд тавьчихсан байгаа” гэх зэргээр хойшлуулаад л байсан. Голомт банкинд зээлийн хурал нь 7 хоногт 1 удаа болдог гэсэн. Тэгэж явсаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр О.М- над руу яриад “5.000.000 төгрөг хэрэгтэй болчихлоо” гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэхэд “одоо яг нөгөө зээлийн газрын захирал Бямбасүрэнг зохицуулах хүнийг олчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд болчих байхдаа гэж л бодсон. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би О.М-ы данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед “надад мөнгө байхгүй байна, байгаа нь 2.000.000 төгрөг байна” гэж хэлэхэд “наадхаа шилжүүлчих, ер нь болчихсон шүү, 3.000.000 төгрөгөө бэлдээд хурдан олоод байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би хүнээс хайж яваад 3.000.000 төгрөг цуглуулаад О.М-ы данс руу шилжүүлсэн. Тэгээд Голомт банкны зээл нь бүтчих байх гэж бодоод их харж найдсан. Тэгээд би О.М-д “ер нь мөнгөө буцааж авъя” гэж хэлэхэд “зээлийг чинь Хаан банк руу татаад бүтээгээд өгье” гэж хэлсэн. Тэгээд надаас Хаан банк руу өгөх материал дахиад авсан. Тэгээд энэ нь ерөөсөө бүтэхгүй дахиад 2-3 cap болсон. Тэгээд “за ерөөсөө больё, мөнгөө авъя” гэхэд “наадмын өмнөхөн бүтлээ, одоо хурлаар орох гээд тавигдчихсан байгаа” гэж хэлсэн. “Яг бүтэх гээд байгаа юман дээр жаахан хүлээцтэй байгаач” гэхээр нь дахиад итгээд орхисон. Тэр ч бүтээгүй, наадам ч өнгөрсөн.

2019 оны 7 дугаар сарын 20-ны үед “миний мөнгийг өгөөдөх” гээд араас нь хөөцөлдсөн чинь О.М- “манай банк Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал дээр шинэ салбар нээх гээд, би энд томилогдож ажлаад ямар ч завгүй байна. 8 дугаар сарын 01-нд амралтаа авна, тэгэхээрээ очоод өдөр болгон араас нь яваад шуурхай хөөцөлдөөд бүтээгээд өгье” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 10-наас хойш утсаа авахаа болиод л холбоо тасарсан. Тэрнээс хойш огт яриагүй. Залгахаар утас нь болохгүй байсан. Тэгээд би Урт цагаан дээр очиж асуухад ажлаасаа гарчихсан гэж хэлсэн. Бүр аль 4 сард гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг салбараас нөгөө салбар луу шилжсэн байх гэж бодоод төв рүү нь очсон. Тээвэр хөгжлийн банкны төв нь Шангрила төвийн 15 давхарт байдаг юм билээ. Өмнө нь намайг Шангрила төвд дуудаж 2-3 удаа уулзаж байсан. Тэгээд төв дээр нь очоод 15 давхарт гараад хамгийн эхний заал маягийн өрөөнөөс хүмүүсээс асуухад “О.М- гэдэг хүнтэй уулзах гэсэн юм аа” гэхэд тэнд ажилладаг нэг эмэгтэй “О.М- захирал ажлаасаа гарчихсан, манайд ажиллахаа больсон” гэж хэлсэн.

Тэгээд би утсаар холбоо барьж чадахгүй байсан учраас мессеж бичиж үлдээсэн. Тэгээд би хүмүүсээс “ийм асуудал болчихлоо, яах учраа олохгүй байна, яах вэ” гэж асуухад цагдаад ханд гэсэн. Тэгээд би өөрөө олж уулзъя гэж бодоод тэр хүний гэрийн хаяг, утасны дугаар зэрэг холбогдож болох бүх арга замаар хайсан. Гэрийн хаягийг нь л олсон, утас нь бүр болохгүй болчихсон байсан. Тэгээд цагдаад хандсан...” /хэргийн 07-08х/ гэсэн,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Батхуягийн гэрчээр өгсөн:

“...Би О.М-ыг ажпын шугамаар л таньдаг. О.М- олон жил банкны салбарт ажилласан хүн байгаа юм. Би Г.У- гэдэг хүнийг танихгүй, гэхдээ тэр хүн надтай 2019 оны 8 бил үү 9 сард байх, сайн санахгүй байна, манай ажил дээр ирсэн, уулзъя гэсэн байхаар нь оруулчих гээд уулзсан. Надад “О.М-тай уулзаж чаддаггүй, олддоггүй, би зээл бүтээж өгнө гээд мөнгө өгчихсөн юм” гэсэн. Тэгээд би тэр Г.У- гэдэг хүнийг “Шангрила шилэн барилга дээр очиж уулз” гэсэн чинь “би очоод ирлээ, ажпаасаа гарсан гэж байна. Би одоо хаанаас олж уулзах вэ” гэхээр нь “би мэдэхгүй” гэсэн. Надаас “холбоотой байгаа юу” гэж асуусан би “холбоогүй байгаа” гэж хэлсэн. Тэр Г.У- гэдэг хүн надад О.М-тай болсон процессыг бүгдийг нь ярьж өгсөн. Данс руу нь би мөнгө хийсэн гэж хэлсэн, яг хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй. Тэрнээс өмнө О.М- 2018 он байхаа мэдэхгүй байна, ирж уулзаад “миний сайн таньдаг хүн байгаа юм аа, туслах гэсэн юм” гэхээр нь би Голомт банкны дотоод аудитын захирал Батсайхан гэдэг хүнтэй ярьж Г.У-ийг уулзуулсан. Тэгэхэд Батсайхан захирал над руу дараа нь яриад “энэ хүнд зээл гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тэрийг нь Г.У-т өөрт нь хэлсэн гэсэн. Би О.М-д бас “боломжгүй гэж байна” гэж хэлсэн. Г.У-ийг ирэхэд нь би мөн хэлсэн. Би Г.У-ийн муу зээлдэгч үү, хугацаа хэтэрсэн үү гэдгийг мэдэхгүй. Би хүний мэдээллийг авах эрхгүй, орж үзэх шаардлага ч байхгүй. Би Г.У-ийн зээлийн ангиллыг хадгалсан зүйл байхгүй.” /хэргийн 16-17х/ гэсэн,

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ганболдын гэрчээр өгсөн:

“...Би Г.У- гэдэг хүнийг 1997-1998 оны үеэс танина. Би National Finance ББСБ-г ажиллуулдаг. Манайхаас Г.У- зээл авдаг байсан. Ер нь бол манай харилцагч. Би О.М-ыг танина. Бид хоёр МУИС-ийг 2000 онд хамт нэг ангид төгсөж байсан. Г.У- нь над дээр ирж зөвлөгөө авдаг байсан. Нэг өдөр “банкинд зээл авах гээд материалаа өгсөн чинь жаахан удаашралтай байна яах вэ, ямар туслалцаа байна” гэхээр нь би найз О.М-тай холбож өгч уулзуулсан. Би Г.У-ийг дагуулж урт цагаан дээр байх “Транс” банкин дээр очиж О.М-тай уулзуулсан. Тухайн үед О.М- Транс банкны нэг юмных нь дарга байсан байхаа, би сайн мэдэхгүй байна. Г.У-ийг О.М-тай уулзуулсан учир нь зээл бүтэхэд арай хурдан болох байх гэж бодоод л танилцуулсан. Г.У- бид хоёрын хооронд ямар ч мөнгө төгрөгийн өглөг авлага байхгүй. Би ямар ч мөнгө аваагүй, надад ямар ч мөнгө өгөөгүй. Би зүгээр Г.У-т туслах гэж л О.М-тай холбож өгч уулзуулсан. О.М- банкинд ажилладаг байсан мөн банкинд ажилладаг хүмүүсийг таних учраас арай хурдан бүтэх юм болов уу, дөхөм болох болов уу гэж л бодсон. Өөр зүйл байхгүй. Би тэр хоёрын дунд ямар асуудал болсон, мөнгө төгрөг өгч авахад нь байгаагүй. Нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй. Тухайн үед О.М-, Г.У- хоёртой утсаар л ярьж байсан. Тэр хоёрын ярианаас Г.У- 15.000.000 төгрөгийг О.М-д өгсөн гэсэн байхаа.” /хэргийн 18-19х/ гэсэн,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Сугарын гэрчээр өгсөн:

“...О.М- манай их сургуулийн буюу оюутны нэг ангийн залуу байгаа. Бид МУИС-ийг 1997 онд төгсөж байсан. 2018 онд Богд банк юм уу, Шангрила хоёрын аль нэгэнд нь ажиллаж байсан. Яг алинд нь ажиллаж байсныг санахгүй байна. Шангрила дээр банкны оффис нь байдаг. Яг аль банкны оффис байдаг гэдгийг мэдэхгүй байна. 2018 онд байхаа, би бас сайн санахгүй байна. Би тухайн үед Голомт банкинд үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан. Тэр үед оффис дээр ирж уулзаж байсан. Зээлийн талаар л уулзсан байх. Яг тухайн үед хэн гэдэг хүний ямар зээл, яг юуны талаар уулзсаныг санахгүй байна. Надад ямар ч мөнгө өгөөгүй, би мөнгө аваагүй. Тийм яриа ч байгаагүй. Таньж мэддэг болохоор л зээлийн талаар асуусан байх. Ер нь бол манай найз хамаатан садан гэдэг ч юм уу, ямар нэг хүний талаар зээл авах талаар зөвлөгөө л авсан байх. Бямбасүрэн гэж жижиг дунд бизнесийн зээлийн хэлтсийн захирал хийдэг. Би танина. О.М- энэ хүнийг танихгүй гэж бодож байна. Энэ хүн харилцагч нартай уулздаггүй, судалгаа хийдэг...” /хэргийн 20-21х/ гэсэн,

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.М-ы яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 10 сард байхаа, сайн санахгүй байна. Би тухайн үед Транс банкны төсөв судалгааны хэлтсийн захирлаар ажилладаг байсан. Тэр нь Урт цагаан дээр байрладаг байсан. Тэгээд би ажил дээрээ байхад надтай их сургууль төгссөн найз Ганболд ирсэн. Ирэхдээ Г.У- гэдэг хүнийг дагуулж ирсэн. Шалтгаан нь Г.У- “Голомт банкнаас зээл нэмж авах гэсэн юм, таньж мэддэг хүн байвал туслаач” гэж ирсэн. Г.У- нь болохоор “банк бус болон Голомт банкнаас өмнө нь нийт 350.000.000 төгрөгийн зээлтэй байсан гэх бөгөөд үлдэгдэл нь 300.000.000 орчим төгрөг байгаа гэсэн. Тэгээд багадаа 70.000.000 төгрөг болж, өгвөл 100.000.000 төгрөг нэмж авахгүй бол эргэлтийн хөрөнгөгүй болоод байна. Мөн банк бусын зээлийн хугацаа нь дуусаад шахагдаад байна” гэж хэлсэн. “Миний зээл энэ чигээрээ яваад 3 cap гэлүү дээ үргэлжилвэл эргэлтийн хөрөнгөгүй болоод зээлээ төлөх боломжгүй болоод байна” гэж хэлсэн.

Ер нь бол “Голомт банкин дээр нэмж зээл гаргуулахад туслаач” гэж байсан. Голомт банкин дээр нэмэлт зээл хүсээд тэр нь дэмжигдээгүй гэсэн. Тэгээд дэмжүүлж тус болооч гэсэн. Тухайн үедээ өөр банкнаас зээл авах өөр банкнаас зээл хүсэх тухай яриагүй. Тэгээд Голомт банкин дээр таньдаг найз нөхдөөсөө утсаар ч яриад, уулзаад ч асуусан. Г.У-ийн нэмэлт зээлийг нь олгох боломжтой юу гэж асуусан. Тэгэхэд “Г.У- гэдэг хүний барьцаа хөрөнгийг боломжтой дээд үнэлгээгээр үнэлсэн. Энэнээс илүүгээр үнэлэх боломжгүй эсвэл нэмэлт барьцаа хөрөнгө шаардлагатай” гэж хэлсэн. Мөн “өмнө авсан зээл нь 2-3 сарын дараа эрсдэлд орох гээд байгаа бол нэмж 100.000.000 төгрөг авбал нөхөж төлөх санхүүгийн боломж байхгүй” гэж хэлсэн. Тийм учраас дэмжихэд хэцүү гэж байсан, уг нь өмнө нь авсан зээлээ хэвийн төлөөд явдаг байсан юм билээ.

Тэгээд Г.У-тэй уулзаад “асуудал ийм байна” гэж хэлэхэд Г.У- “нэмэлт барьцаа хөрөнгө надад байхгүй” гэж хэлсэн. Би Г.У-ийг “бизнесийн төлөвлөгөөгөө аваад ир” гэхэд “бизнесийн нууц” гэж хэлдэг байсан. Г.У- болохоороо “ном журмаараа яваад бүтэхгүй ээ, яг ийм хариу сонсоно. Чи энэ ажлыг бүтээгээд өгчих, би чамайг шагная” гэсэн. Тэгээд надад 2018 оны 11 сард миний данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг өөр хүнд өгөөгүй, өөртөө л зарцуулсан. Дараа нь 2019 оны 01 сард “зээлийг нь дэмжихгүй байгаа хүнтэй уулзах гэж байна 5.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхэд надад 5.000.000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Эхлээд 2.000.000 төгрөгийг дараа нь 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тэр хүнтэй нь уулзаагүй, мөнгийг нь авчихсан. Тэр мөнгийг би өөртөө зарцуулсан.  

Дараа нь би Голомт банкны хүмүүстэй дахиад уулзсан. Голомт банкны Улаанбаатар хотыг хариуцсан захирал Сугар гэдэг хүнтэй уулзсан. Манай ангийн залуу байгаа. Мөн тусгай активийн газрын захиралтай Монгол банкны нэг газрын захирал Батхуяг гэж найзаараа дамжуулж Г.У-ийг уулзуулсан. Ер нь “өмнө нь өгсөн зээл дээр нь нэмж зээл олгох боломжгүй” гэж хэлсэн байсан. “Харин өөр банкинд хүсэлт гаргаад явах юм бол манай банкны зүгээс хэвийн ангилалд нь хадгапж байя, xapин урт удаан хадгапж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд ер нь бол чадлаараа 2-3 cap шахуу хэвийн ангилалд нь байлгаж тусалсан байгаа.

Ер нь Голомт банкин дээр зээл бүтэхгүй болсон. Тэгэхээр нь би Г.У-ийг “та өөр банкинд хүсэлт гарга” гэхэд надад Хаан банкинд бичсэн хүсэлт авчирч өгсөн. Тэгээд би Хаан банкны Баянзүрх салбарын захирал Буяндэлгэр гэдэг их сургууль хамт төгссөн найзаасаа утсаар “ийм асуудлаар уулзъя” гэхэд “амралтаа авчихсан” гэж байсан. Би учир байдлыг хэлэхэд “манай банкны нэг салбар дээр нь судлаад, дүгнэлт гарсан бол тэр дүгнэлтийг өөр салбар дээр өөрчлөх боломжгүй, системд бүртгэлтэй байдаг” гэж хэлсэн. Тэгээд бас Хаан банкин дээр бүтэхгүй болсон. Тэгээд Г.У-ийг “би мөнгөө аваад зээлэндээ ашигла, би угаасаа бүтээж чадахгүй юм байна” гэж хэлэхэд “би 15.000.000 төгрөг аваад яахав дээ, надад 100.000.000 төгрөг хэрэгтэй байгаа. Яаж ийгээд арга чарга байвал бүтээгээд өгөөч ээ” гээд байсан. Тэрнээс хойш 2-3 удаа уулзсан. “Таны нэр дээр бол гарахгүй юм байна, итгэлтэй төрсөн ах дүү, найз нөхөд байдаг бол хөрөнгө төслөө шилжүүлээд хүсэлтээ гарга, өөр ямар ч арга байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд хамгийн сүүлд уулзахад “надад яг итгэлтэй компаниа 100 хувь өөр хүний нэр дээр шилжүүлээд төслөө шилжүүүлчих хүн байхгүй байна, итгэхгүй байна” гэж хэлсэн. Бас “бараг болчихлоо 95 хувийг нь шилжүүлээд 5 хувийг нь өөр дээрээ авахаар болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь болохгүй гэж хэлсэн, тэрнээс хойш дахиж уулзаагүй.

Мөн хувь хүнээс зээл авч өгөх гэж үзээд чадаагүй. Дунд нь ганц нэг утсаар холбогдож байсан. Тэгээд л огт уулзаагүй. Би зээл гаргаж өгөх талаар тусалж, аль чадлаараа л хүмүүстэй уулзаж ярьсан. Огт туслаагүй биш тусалсан, зээл нь л бүтээгүй. Гэхдээ нэг юм хэлэхэд би өөрөө яг санаачлагаараа “мөнгийг нь өгье” гэж холбогдоогүй. Болох бүтэх бүх л талаар тусалсан болохоор шагнаж байгаа юм байх гэж ойлгоод мөнгийг нь буцааж өгөөгүй...” /хэргийн 35-36х/ гэсэн мэдүүлгүүд, О.М-ы 5166хххх65 дугаар, Г.У-ийн 5026хххх41 дугаар Хаан банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 50-51х, 59-60х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч С.Эрдэнэтуяа /хэргийн 22-23х/, гэрч М.Нинжин /хэргийн 24х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 44х, 49х/, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 48х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 58х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.М-ы гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.М- нь “Голомт банкинд таньдаг хүнтэй, зээлийг хурдан шуурхай гаргаж өгдөг, хөөцөлдөхөд мөнгө байршуулдаг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж Г.У-ээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10.0 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5.0 сая төгрөгийг тус тус өөрийн Хаан банкин дахь эзэмшлийн 5166хххх65 дугаарын данс руу шилжүүлэн авч, өөртөө ашиглаж, захиран зарцуулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хохирогч Г.У- /хэргийн 07-08х/, гэрч Ж.Батхуяг /хэргийн 16-17х/, Б.Ганболд /хэргийн 18-19х/, Д.Сугар /хэргийн 20-21х/, О.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, О.М-ы 5166хххх65 дугаар, Г.У-ийн 5026хххх41 дугаар Хаан банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 50-51х, 59-60х/ баримт болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

Шүүгдэгч нь О.М- шууд санаатай, шунахай зорилгоор “Голомт банкинд таньдаг хүнтэй, зээлийг хурдан шуурхай гаргаж өгдөг, хөөцөлдөхөд мөнгө байршуулдаг” гэж хохирогч Г.У-ээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10.0 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5.0 сая төгрөгийг тус тус өөрийн Хаан банкин дахь эзэмшлийн 5166хххх65 дугаарын данс руу тус тус шилжүүлэн авч, хувьдаа ашиглаж захиран зарцуулсан үйлдэл нь “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.М-ыг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

“Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Шүүгдэгч О.М-ы хувьд гэмт хэрэг үйлдэж хохирогч Г.У-т учруулсан 15,000,000 төгрөгөөс шүүхийн шатанд эд хөрөнгийн хохирол болох 2.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/-ээр тогтоогдсон тул шүүгдэгчээс хохирлоос үлдэх 13.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэв.       

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 58х/ тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ. 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг харгалзан шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.               

Эрүүгийн хэрэгт О.М- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...Шүүгдэгчийн эхнэр саяхан төрсөн, гэртээ хүүхдээ хардаг, мөн түүний хадам аав, ээж нарын биеийн байдал тааруу, бусдын асаргаанд байдаг, О.М- харж ханддаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн санал гаргасан бөгөөд Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай зохицуулалт нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн заалт биш бөгөөд шүүгдэгч О.М- эхнэр төрсөн талаарх болон хадам эцэг, эх нь өвчтэй, асаргаанд байлаг, О.М- асардаг, О.М- ар гэрт түүнээс өөр ажил хийж амьдралаа залгуулдаг гэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүйн дээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх тэнсэх тухай саналыг хүлээж аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт О-гийн М-ыг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О-гийн М-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд О.М-аас 13.000.000 /арван гурван сая/ төгрөг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 11-р хороо, 77/1-р байрны 47 тоотод оршин суух, /00000000 /, Т овогт Г-н У-т олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэгт О.М- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болон хүртэлх хугацаанд О.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.АЛТАНЖИГҮҮР