Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 72

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Арвайн-Үндэс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 30-09 тоотод оршин суух, Намжайгийн Долгормаад холбогдох

838020 төгрөгийг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 1-10 тоот хаягт байрладаг Согоот хайрхан дэлгүүрийг иргэн Н.Долгормаа нь түрээслэн ажиллуулж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 255160 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 355240 төгрөг, нийт 610400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан. Барааны үнийг 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлөх ёстой байсан боловч мөнгөө өгөхгүй, дэлгүүрээ түрээслэхээ болин утас нь холбогдохгүй байсан учраас шүүхэд эрэн сурвалжлуулахаар хандсан. Н.Долгормааг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70200 төгрөг, замын зардал 36000 төгрөг, буудлын зардал 80000 төгрөг, шуудангийн зардал 2420 төгрөг, хоолны зардал 39000 төгрөг нийт 227620 төгрөгийн зардал гарсан. Иймд Н.Долгормаагаас 838020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Долгормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Арвайн-Үндэс ХХК-иас 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 610400 төгрөгийг бараа зээлээр авсан. Одоо нэхэмжилж буй 838020 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө сар бүр боломжоороо төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Арвайн-Үндэс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт нь Н.Долгормаад холбогдуулан 838020 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Долгормаа нь 838020 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Арвайн-Үндэс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй Н.Долгормаагаас 838020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Долгормаа хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчН.Долгормаагаас 12350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Арвайн-Үндэс ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24700 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА