| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2020/00029/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 29
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.**даргалж, Нарийн бичгийн дарга Н.**, Улсын яллагч Г.**, Шүүгдэгч Г.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар **аймгийн **сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **овогт ****холбогдох **тоот эрүүгийн хэргийг 2020 оны 06-р сарын 08-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт, **аймгийн **сумын ** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, **овогт** /РД: МК-/Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч Г.**нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр **аймгийн **сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дотуур байранд Ц.**зүүн шуунд архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.**нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр *аймгийн **сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дотуур байранд Ц.**зүүн шуунд архины шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч Ц.**мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр би **гэх хүнтэй хамт архи уусан юм. Яагаад гэхээр би **гэх хүнээр Орхонтуул сумын Ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн барилгын тогийг янзлуулсан юм. Ингээд би **1 шил 0.74 литрийн “ Хараа” архи авч өгөөд хамт уусан юм. Үүний дараагаар дахиад 1 шил 0.75 литрийн “Хараа” архи авч уусан юм.Ингээд байж байтал **ахтай таарсан юм. Тэгээд би болон **, **бид 3 хамт ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр луу орсон юм.Тэгээд өрөөнд ороод байж байтал Отгонгалаа ах намайг “чи архи уудаг болсон юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ аа тийн” гэж хэлээд **ахыг “ та архи аваад өгчих юм биш биз дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь **ах манай дүүтэй хамт дэлгүүр яваад ирсэн юм. Ингэж ирэхдээ 0.33 литрийн “ Хараа” архи авчирсан байсан. Тэгээд **ахаас би “ архи авчирсан юм уу” гэж асуусан чинь “0.33 байна уух юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за яршиг яршиг, та наадхаа өвөр лүүгээ хийчих, гэртээ хариад уучих, дүү нь архи авч өгье” гэж хэлсэн. Ингээд өрөөнөөс гарч ирээд явж байтал **ах гэнэт архиа хагалах гээд 2-3 удаа хаалганы хажуу талын хана руу саваад байсан юм. Тэгтэл гэнэт архи хагараад би эргээд хартал **ах ирээд гарын шуу орчимд зүссэн юм. Ц.**нь миний гарыг архины шил хагалаад шилний амсар хэсгээр гарын маань зүссэн юм. Ямар шалтгаанаас болж зүссэн гэхээр **ахын тухайн үед авч өгсөн архийг намайг голсон гэж зүссэн байх гэж бодож байна. Би тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Болж өнгөрсөн зүйлийг сайн мэдэж байсан. Биеэ удирдан авч явах чадвартай байсан. Миний гарыг **зүссэн. Тэгээд би **ахын гарнаас нь архины шилийг авч хаях гээд тэрүүгээр нэг ноцолдож байгаад **ахыг тонгороод унагаасан юм. Тэгээд **ах толгойгоо газар шаагаад уначихсан юм. Тэгээд би ум хумгүй гараад явсан. Үүнээс өөр бие биедээ халдсан зүйлгүй. Тухайн үед **ах бид хоёр байсан. Харин **ах миний гарыг зүсээд янз бүр болоход **байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/, 2.Гэр Б.**мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр 12 цагийн үед хөдөөгөөс **суманд орж ирсэн. Ингээд байж байтал Ерөнхий боловсролын сургуулийн засварын ажлыг ахалж байсан **гэх хүн нь надтай холбогдож тогын утас татаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би очиж тогны утсыг нь татаж өгсөн. Тэгтэл **нь надад баярлалаа гээд 1 шил “Хараа” нэртэй 0.75 гр архи авч өгсөн. Уг авч өгсөн архинаас **, би, **бид гурав хамт уусан. Үүний дараагаар **нь дахиад 1 шил “Хараа” нэртэй 0.75 гр архи авсан уг архийг бид хоёр л уусан. Эхний 1 шил архи уухад орон сууцны гадаа уусан. Харин дараагийн 1 шил архийг ууж байгаад нэг доор байранд очсон байсан. Тэгж байтал **ахтай таарсан. Би дотуур байрны 00-д бие засчхаад гараад иртэл **гар зүсэгдсэн байсан. Тэгээд би тухайн үед хаанаас ч уяа авсан юм бэ мэдэхгүй Ц.**гарын зүсэгдсэн байсны дээд хэсэгт нь цус тогтоох гэж уяа уяснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн цагдаа нар ирээд Галбаатар, Отгонгалаа хоёрыг эмнэлэг рүү авч явсан. Би бие засчхаад буцаад ирэхэд тийм зүйл болсон байсан. Би тухайн үед нэлээн муудсан байсан. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг ухаан орсон 00-л байсан. Тэгээд гараад ирэхэд л тийм зүйл болсон байсан. Намайг бие засчхаад гараад ирсэн чинь **гэх хүний гар зүсэгдсэн, өөх нь гарсан байсан. Тэгээд би яг хаанаас уяа авснаа санахгүй нэг мэдэхэд гарыг нь уяагаар уяж өгч байсан. Гараас нь цус их олгойдож гараад байсан. Харин **ахыг сайн анзаараагүй. Өөр хүн байгаагүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/, 3.Гэрч **мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Ц.**гэх хүний биед **эмчийн хамтаар эмчилгээ хийсэн. Би энэ өдөр ойрын дуудлагатай байсан. Тэгээд 19 цагийн үед манай эмнэлгийн сувилагч **нь яаралтай хүнд хүн ирлээ цус алдаад байна та түргэн их хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд намайг иртэл 40 орчим насны хүн байсан ба зүүн гарын дотор талын нугалам хэсэгт нэлээн зүсэгдсэн байдалтай цус булиглаж гарч ирээд байсан. Ингээд би цус их гарч байгаа хэсэгт чангаруул тавьж гараараа чанга дарж цус алдалтыг багасгаад тухайн хүнд өвдөлт ихтэй байсан учраас аналгин демидрол хийж **эмчийг дуудсан. Ингээд удалгүй **эмч ирж оёдол хийсэн. Тухайн хүн ер нь цус алдсан учраас яаралтай арга хэмжээнүүдийг авч ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/, 4.Гэрч М.**мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энэ өдөр 19 цаг 25 минутанд сумын цагдаа над руу дуудлага өгсөн. Яаралтай хүн хүргэгдэж ирлээ та хурдан ирээрэй гэсэн. Намайг очиход 40 орчим насны эрэгтэй хүн цус их алдсан байдалтай, шоконд орсон, зүүн гарын тохойны дотор талын хэсэгт зүсэгдсэн шархтай байсан ба их хэмжээний согтолттой байсан. Ингээд би тухайн хүнд цус тогтоож оёдол тавьж цэвэр боолт хийж өвдөлт намдаах амьсгал, зүрх, судас дэмжих эмчилгээ хийсэн. Ингээд ойролцоогоор тухайн хүнд 2-3 цагийн тасралтгүй эмчилгээ хийсэн. Үүний дараагаар 22 цаг 30 минутад **гэх хүнийг их эмч **болон жолооч Цогтгэрэл нарын хамтаар яаралтай ** аймаг руу хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/, 5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09- ны өдрийн №4402 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Ц.**биед зүүн шуунд шарх, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт / хх-ийн 31-32-р хуудас/, 6. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 4-9-р хуудас /, 7. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 10-12-р хуудас/, 8. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 18-р хуудас/, 9. Шүүгдэгч Г.**шүүхийн *өгсөн : 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би эхнэртэйгээ уулзахаар сургууль руу явж байсан. Тэгээд явж байгаад Ц.**, Б.**хоёртой таарсан. Ц.**нэг шил архи аваад өгөөч гэхээр нь би 0.33 граммын хараа архи аваачиж өгсөн. Гэтэл голоод ийм жижигхэн архи авчирч байгаа юм уу?. Наад архийг чинь уухаа больё гэсэн. Би өөрөө урьд нь жоохон архи уучихсан байсан. Би архи даадаггүй. Жоохон уугаад согтчихдог. Тэгээд архиа хагалаад Ц.***ноцолдсон. Гэтэл нэг мэдсэн гарыг нь зүсчихсэн байсан. Тэгээд Ц.***намайг тонгороод шидсэн. Би ухаан алдаад уначихсан гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.**нь Ц.**биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдсан эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл юм. Прокуророос Г.***үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Г.**бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.**нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Эрүүгийн хариуцлагын талаар : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно. Шүүгдэгч Г.**нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нэхэмжлэхгүй гэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 0.33 литрийн Хараа архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.**овогт ** хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун тавин мянга / төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.**мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн 0.33 литрийн Хараа архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА