Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 061

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ө.сумын 8 дугаар багийн оршин суугч Х.А-ийн нэхэмжлэлтэй,

            Гуравдагч этгээд: Ө.сумын 5 дугаар багийн оршин суугч Х.Д-ны бие даасан шаардлагатай,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

            Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Х.А-г Ө.сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай, Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 23, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Х.Т, хариуцагч Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А-гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас түр чөлөөлсөн тушаалын дагуу миний захиргааны чөлөөтэй байх хугацаа 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх ба энэ нь хуанлийн өдрөөр бүх нийтийн амралтын өдөр байсан. Тиймээс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эхлээд амаар, дараа нь бичгийн хэлбэрээр шинээр томилогдсон Ө.сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бахытжанд намайг хуучин эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргуулахаар хандсан боловч элдэв шалтаг зааж тушаал гаргаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх, 54.1.3 дахь заалтуудад захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлүүдээр тогтоосон журмын дагуу маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлага тавьсан байх ба хуулийн тус шаардлагыг биелүүлж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар маргааныг шийдвэрлэх байгууллага болох аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хуульд заасан журмын дагуу хандсан.

Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 21 тоот тогтоолоор Ө.сумын Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан ажилтны орон тоонд Хурметхан овогтой Ахерке миний нэрийг дэвшүүлж, улмаар уг тогтоолыг үндэслэн Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 тоот тушаалаар намайг Хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар томилсон билээ. Гэвч ажиллаж байх хугацаанд эрүүл мэндийн байдлын улмаас Улаанбаатар хотод онош тодруулахаар очиж, шинжилгээ хийлгэхэд хорт хавдартай гэж тогтоосноор зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Ингээд эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох тухай хүсэлт гаргаснаар Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалаар Х.Ахерке намайг ажлаас түр чөлөөлсөн.

Улмаар Бүгд найрамдах Турк улсад 7 сарын турш эмчлүүлж ирээд, үлдсэн хугацаанд Улаанбаатар хотод эмчлүүлснээр одоогийн байдлаар эрүүл мэндийн байдал маань хэвийн байдалд орж, эдгэрсэн болохыг дурдаж байна.

 Миний чөлөөтэй байх хугацаа 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх тул намайг Хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан ажилтны орон тоонд буцаан томилсон шийдвэр гаргуулахаар Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргад 2017.06.02-ны өдөр миний аав Х.Хурметхан амаар хандаж, харин би өөрөө бичгийн хэлбэрээр тушаал гаргаж өгөх талаар өргөдөл гаргасан юм. Тухайн үед ажилд авна, 1 сарын дараа хариугаа өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл, ямар нэгэн хариу өгөлгүй намайг ажилдаа буцаан томилохгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар...биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдол нь хуулийн 23.3-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл болдог байна.

Өөрөөр хэлбэл, төрийн албанаас түр чөлөөлөх тухай хуулийн заалтын агуулгыг тухайн албан хаагч нь хуульд заасан үндэслэлээр тодорхой хугацаанд тухайн албан тушаалын үүргийг хийхгүйгээр чөлөөлөгдөж, чөлөөлөгдсөн үндэслэл шалтгаан арилсны дараа уг албан тушаалд эргэж ажиллах эрхтэйг ойлгоно.

Түүнчлэн, хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар ...эмнэлгийн шинжилгээ хийлгэх,...захиргааны чөлөөтэй байгаа төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдахаар, 36 дугаар зүйлийн 36.1.3-т заасан хуульд заасан бусад тохиолдолд 36.1-д зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.

Иймд, Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан нь хууль бус бөгөөд миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж байх тул Х.Ахерке намайг Ө.сумын Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Таас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгчээс шүүхэд анх “Х.Ахерке намайг Баян-Өлгий аймгийн Ө.сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Уг маргаан бүхий орон тоонд Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн томилж ажиллуулах тухай” тушаалаар Х.Дг томилсныг хавтаст хэргийн материалтай танилцах үед олж мэдлээ. Маргаан бүхий албан тушаалд Х.А-г томилсон шийдвэр байхад, түүнийг захиргааны чөлөөтэй байх хугацаанд Х.Дг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэслэн энэхүү маргаан бүхий орон тоонд томилсныг хууль бус гэж үзэж байна.

Иймд, Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.А-г Баян-Өлгий аймгийн Ө.сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэсэн үндсэн шаардлага гаргаж байна.

2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцахад, Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тайлбар болон Б/09 дугаартай тушаалыг нотлох баримтаар хүргүүлсэн байна. Энэхүү Б/09 дугаартай тушаалын утга нь анх Х.А-г Ө.сумын ЗДТГ-ын хэвлэл, мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар томилсон 23 дугаар тушаал, Х.А-г ажлаас түр чөлөөлсөн 25 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгосон шийдвэр байна. Тэрээр, Б/09 дугаартай тушаал гарснаар Х.Ахерке миний хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдөж байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэргийн үйл баримтын талаар тодруулж ярихад, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Х.А-гийн чөлөөний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргад хандсан. Улмаар Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын Х.А-г томилохгүй байгаа эс үйлдэхүйг эс зөвшөөрч  Төрийн албаны салбар зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хандсан бөгөөд тус зөвлөлөөс 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн албан бичгийг авсны үндсэн дээр хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулбал, нэхэмжлэгч Х.А-г хамгийн анх 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилд томилсон байдаг. 2016 оны 04 дүгээр сараас биеийн байдал нь муудаж эхэлсэн ба шинжилгээний хариу нь гарахгүй эмчилгээ, шинжилгээ хийлгэж байх үед төрийн албаны салбар зөвлөлөөс Х.А-гийн нэрийг дэвшүүлсэн тогтоол гарсан байсан. Тус салбар зөвлөлийн тогтоолыг үндэслэн 06 дугаар сарын 06-ны өдөр ажил олгогчоос Х.А-г ажилд томилсон 23 дугаартай тушаал гарсан байдаг юм. Энэ үед Х.Ахерке ажилд орох боломжгүй, өвчтэй байсан бөгөөд түүний эцэг Хурметхан нь энэ талаар ажил олгогчид амаар мэдэгдсэн. Түүний дараа хорт хавдар байх магадлалтай гэх үндэслэлээр Улаанбаатар хотод явахаар болсон тул 06 дугаар сарын 13-ны өдөр бичгээр цалингүй чөлөө хүсэж хүсэлт гаргаснаар ажил ологчоос 25 дугаартай тушаалаар Х.А-г ажлаас түр чөлөөлж шийдвэрлэсэн байдаг. Улмаар Улаанбаатар хотоос эмчилгээ авах боломжгүй гэж үзээд, Бүгд найрамдах Турк улсад явж 7 сар эмчилгээ хийлгэж ирээд Улаанбаатар хотод мөн физик эмчилгээнд хамрагдсан байгаа. Хариуцагчийн зүгээс анх томилсон тушаал нь анх хууль бус байсан, нэхэмжлэгчийн нэрийг дэвшүүлсэн тогтоол болон ажилд томилсон тушаалууд нь хуурамч, нөхөж үйлдэгдсэн гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийг ажилд томилсон дээрх тушаал, тогтоолууд хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзсэн байгаа. Ө.сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь энэхүү хэргийг түдгэлзүүлсэн явцад тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 23, 25 дугаартай тушаалуудыг 09 дүгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ үед нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 09 дугаартай тушаал хэзээ гарсныг огт мэдээгүй, шүүх хуралдаан товлогдсоны дараа хэргийн материалтай танилцах үед мэдсэн.

 Захиргааны байгууллагаас бусдын эрх ашгийг хөндөх болзошгүй захиргааны акт гаргахдаа тухайн этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 09 дугаартай тушаал гарсан талаар Х.Ахерке болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүй учраас уг тушаалыг хууль бус гэж үзэж байна. Тухайн үед нэхэмжлэгч Х.Ахерке нь жирэмсэн байсан ба Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглодог. 23, 25 дугаартай тушаалууд нь хууль бус болох нь тогтоогдсон байхад ажил олгогчийн өөрийн эрх мэдлээ ашиглаж хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч үр дүнгийн гэрээ огт байгуулаагүй, цалин хөлс авч байгаагүй гэж хариуцагч тал маргаж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах бүрэн эрх нь нээгддэг. Мөн хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэгч тухайн үед огт ажиллаж байгаагүй гэж маргаж байгаа. Х.Ахерке нь тухайн үед огт ажиллах боломж байгаагүй учраас цалин хөлс аваагүй, цалингийн цэцэд түүний нэр нь огт ороогүй. Энэ талаар Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Берден нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байдаг.

 Нөгөө талаар тухайн тушаалын төслийг боловсруулсан тус сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан Хуралайгаас гэрчийн мэдүүлэг авахад “... Х.А-гийн ажилд томилсон, чөлөө олгосон тушаалыг би боловсруулсныг  сайн санаж байгаа ...” гэж хэлсэн байдал болон тухайн тушаалуудыг товьёг дээр бүртгэл, дугаар нь таарч тохирч байгаа нь уг тушаалууд хууль ёсны болох нь илт байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгч Х.Ахерке нь өвчтэй учраас ажилд очоогүй учраас үр дүнгийн гэрээг ажил олгогчтой байгуулж чадаагүй болно. Хэрэв үр дүнгийн гэрээг заавал байгуулах ёстой гэж үзвэл, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоол үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх журам, талуудын хүлээх эрх, үүргийн талаарх заалтуудыг нарийвчлан зааж өгсөн. Уг журмаар төрийн албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн жилийн үр дүнгийн гэрээг байгуулж, дүгнэн, тайлан, төслийг менежерт өгөөгүй бол хариуцлага тооцох үндэслэл болох талаар заасан байдаг.

Гэтэл Х.Ахерке нь хүнд өвчтэй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа учраас үр дүнгийн гэрээ байгуулж чадаагүй байна. Энэ хэрэг гуравдагч этгээдээр оролцож байгаа Х.Дг маргаан бүхий орон тоонд томилсон шийдвэрийг хууль бус гэж үзсэн үндэслэлийн талаар тайлбарлавал, Х.Досжан нь өөрөө урьд нь Ө.сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба гуравдагч этгээд Х.Досжан нь намайг Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, маргаан бүхий орон тоонд шилжүүлэн томилсныг би огт мэдээгүй надад мэдэгдээгүйгээр тушаал гаргасан гэдэг утгаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, миний зөвшөөрлийг авахгүйгээр шууд тушаал гаргасан, нөгөө талаар миний цалингийн хэмжээ, албан тушаалын зэрэглэл буурсан гэж нэхэмжлэл гаргасан. Харин Х.Ахерке өвчтэй байх хугацаанд түүний ажиллаж байсан албан тушаалд Х.Дг томилсон тохиолдолд түр хугацаагаар томилох ёстой байсан юм.

Учир нь, нэхэмжлэгч Х.Ахерке нь нэгэнт чөлөө авсан учраас түүний эрхэлж байсан албан тушаалыг хэвээр хадгалж, Х.А-гийн чөлөөний хугацаа дуусахад түүнийг урьд эрхэлж байсан ажилд эргэн томилох ёстой байсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Таас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.А-г томилсон, чөлөөлсөн 23, 25 дугаартай тушаалыг хүчингүй болгосон шалтгааныг би хоёр үндэслэлээр ойлгож байна. Нэгдүгээрт, тухайн тушаалыг нөхөж үйлдсэн хуурамч гэх шалтгаанаар, хоёрдугаарт шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Гэтэл эдгээр тушаалууд хуурамч биш байсан нь прокурорын тогтоол, нэхэмжлэгчийн нэрийг дэвшүүлэх, томилох ажиллагаа хууль, журмаар явагдсан нь гэрч Х.Нурханат, Онгар нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байгаа. Хоёрдугаарт, нэхэмжлэгч маргаан бүхий орон тоонд тавигдах шаардлага хангахгүй, төрийн албанд 5 жилээс доошгүй хугацаа ажилласан байх ёстой гэх боловч Төрийн албаны зөвлөлийн 2013  оны  05  дугаар сарын 17-ны өдрийн  86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ  албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам” 2.5-д”... Туслах түшмэлийн ангиллын албан тушаалын сул орон тоонд ажилласан жилийн шалгуур үзүүлэлт тавихгүй ...” гэж заасан байх ба тухайн маргаан бүхий албан тушаал нь ТЗ-3 дугаар зэрэглэлд багтаж байгаа юм. Тэгэхээр хариуцагч талын шаардлага хангахгүй байгаа үндэслэл нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг баримталсан ба хуулийн энэ заалтаар эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан бол хүчингүй болгоно гэж заасан байдаг. Гэтэл тухайн нэхэмжлэгчийг томилсон тушаалыг хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл байхгүй тул хариуцагч хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Нөгөө талаар сонсох ажиллагаа огт хийгээгүй, нэхэмжлэгчийг ажилд томилсон үед энэ хүн жирэмсэн байсан учраас хариуцагч Б/09 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж гаргасан гэж харж байна.  Гуравдагч этгээдийг ажил томилсон 04 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлавал, уг тушаалыг сэлгэн ажиллуулахаар гаргасан байх ба Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д зааснаар сэлгэн ажиллуулах гэж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрлийг заавал авсан байхыг шаарддаг. Гэтэл тухай үед төрийн жинхэнэ албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрлийг аваагүй гэдэг нь гуравдагч этгээд Х.Д захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр батлагдаж байна. Уг нэхэмжлэлд намайг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн тогтоол болон сэлгэн ажиллуулахаар гаргасан тушаалыг би хараагүй, огт мэдээгүй гэж эрх зүйн байдлыг доордуулахгүйгээр сэлгэн ажиллуулах боломжтой байсан боловч цалин хөлс нь буурсан учраас шүүхэд хандсан гэж тусгажээ. Тийм учраас төрийн жинхэнэ албан хаагчийн өөрийнх нь зөвшөөрлийг аваагүйгээр сэлгэн ажиллуулснаар ажил олгогч Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж харж байна.

Нэхэмжлэгч Х.Ахерке  нь хорт хавдар туссаны улмаас эмчилгээнд явсан үед түүнийг ямар нэгэн байдлаар чөлөөлөхөөр шийдвэрлэж Х.Дг Х.А-гийн оронд томилсон нь хууль бус байсан. Эдгээр нөхцөл байдлаас харахад 04 дугаартай тушаал нь хууль бус байсан, түр чөлөөлөгдсөн ажилтны албан тушаалд сэлгэн ажиллуулсан ажилтныг томилсон нь буруу байсан гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь Ө.сумын Засаг дарга Х.Бахытхумарыг гэрчээр асуухад, “... Х.Дг тухайн албан тушаалд томилуулах гэж байгаа талаар Засаг даргын Тамгын газрын дарга Х.Берденд хэлэхэд уг орон тоонд Х.А-г томилсон байгаа гэж хэлж байсан ...” гэж хэлсэн. Тэгэхээр хариуцагч тухайн үед тушаал, шийдвэрийг судлан үзэж Х.А-г маргаан бүхий орон тоонд томилсон байсныг мэдэх боломжтой байсан. Х.А-г ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйн талаар тайлбар хэлэхэд, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө аваад явсан ажилтныг эргээд ажилд нь авахгүй байгаа маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практикаас харахад, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дүгээр шийдвэртэй, иргэн М.Сержаны нэхэмжлэлтэй захиргааны хэрэг байгаа. Энэ хэргийг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж 125 дугаартай магадлал гаргасан байдаг. Тэгэхээр Ө.сумын Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллахаар томилогдсон Х.А-гийн хувьд эрүүл мэндийн байдал нь муудсанаар эмчилгээ хийлгэх шаардлага гарсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн нь эмнэлгийн тодорхойлолт, эмчилгээ хийлгэхээр явсан, буцаж ирсэн зорчих тасалбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Ахерке нь нэг жилээс дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлага үүсээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагын улмаас ажил үүргээ тодорхой хугацаанд гүйцэтгэх боломжгүйг илэрхийлсэн тухай хүсэлтүүд нь хэрэгт авагдсан байгаа. Үүнийг үндэслэн Ө.сумын Засаг даргын Тамгын Газрын дарга тушаал гаргасан нь Х.А-гийн чөлөө хүсэх тухай хүсэлт болон Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар нотлогдож байна. Гэхдээ тухайн тушаалд баримталсан хууль зүйн үндэслэлийн талаар талууд маргахгүй байгаа гэж ойлгож байна. Х.А чөлөө олгосон тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасныг баримталсан ба төрийн албанаас түр чөлөөлсөн гэх боловч бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон бид нарын гаргаж байгаа тайлбараас үзэхэд төрийн албанаас түр болон бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлт байгаагүй, гагцхүү эмчилгээ хийлгэсний дараа буцаж, өөрийн ажилдаа орох сонирхолтой байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Тэгэхээр чөлөөл олгосон тушаалыг харахад Х.А-гийн өөрийн хүсэлтийн дагуу биеийн эрүүл мэндийн байдлын улмаас цалингүй чөлөө олгосон нь Х.А-гийн хүсэлтээр нотлогддог. Түүнээс биш ажил олгогч өөрөө санаачилгаар чөлөө олгоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д “... 1 жилээс дээш хугацаагаар ...” гэж заасан ба 1 жилээс дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлага үүсээгүй, тушаалын огноо харахад нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэхээр чөлөө авсан хугацаа 1 жилд хүрээгүй байгаа. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгчийг ажлаас түр чөлөөлсөн гэж үзэх боломжгүй, эргээд ажилд орох боломжтой байсан гэж үзэж байна.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д  зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-3-д зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар зохицуулсан. Тэгэхээр ажил олгогчийн Х.А-г томилохгүй байгаа явдал нь хууль бус эс үйлдэхгүй гэж заасан учраас түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 23, 25 дугаартай тушаалыг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна. Х.Дг томилсон тушаалын талаар тайлбарлавал Х.Досжан нь дээд боловсролтой байсныг нотлох баримт байхгүй учраас гуравдагч этгээд маргаан бүхий орон тоонд ажиллах шаардлагыг хангахгүй байгаа.

Гуравдагч этгээдийг сэлгэн ажиллуулахаар томилсон нь өөрөө хууль бус байсан юм. Түүнчлэн Х.А-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, энэ хугацааны буюу 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажилд томилсон бол өнөөдөр хүртэл цалин хөлс аваад явах ёстой байсан гэх утгаар ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа юм. Ер нь нэхэмжлэгчид хэлж ирэхгүй муу өвчин туссан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмэгтэй хүний хувьд сайн ойлгож байгаа байх. Эмчилгээ хийлгэж ирсний дараа Х.Ахерке нь сэтгэл санааны хувьд маш тайван байх ёстой боловч жирэмсэн байхад түүнийг хариуцагч талаас цагдаагийн байгууллагаар шалгуулсан явдалд маш их харамсаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Ө.сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Бахатжанаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Иргэн Х.А-гийн нэхэмжлэлд дараах хариу тайлбар хүргүүлж байна. Нэхэмжлэлд дурдсанаар ажиллаж байх хугацаанд өвдөж чөлөө авсан хэмээн тусгажээ. Харин бодит байдлыг судалж үзэхэд дараах байдалтай хийсвэр тушаал харагдаж байна. Үүнд: 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 тушаалаар ажилд ороод, 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр чөлөө авсан байдлаар харагдаж байна.

Дээрх ажиллаж байсан гэх хугацаанд цалин авсан эсэх талаар цалингийн сүлжээнээс Х.А-гийн нэр олдохгүй байна.

Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна хэмээн заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар үүсэх бөгөөд Х.Ахерке тухайн үеийн Тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажил байдлын тодорхойлолт зэрэг албан хаагчийн хувийн хэрэг бүрдүүлэлтийн талаар ямар ч материал байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй хэмээн заасан бөгөөд Х.Ахерке Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргатай гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байх тул X Ахеркед ажил үүргийг гүйцэтгэх талаар шаардаж ажил хийлгэх боломжгүй байна. Мөн Х.А-гийн нэхэмжлэлтэй холбоотойгоор Захирагчийн ажлын алба хуралдахад 2016 онд Ө.сумын Засаг даргын Тамгын газарт Х.Ахерке гэж хүн ажиллаж байгаагүй хэмээн тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Х.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ты Ө.сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байна. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тэргүүлэгчдийн 01 дүгээр тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бичгийн даргаар ажиллаж байсан Х.Дг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтад заасны дагуу Ө.сумын Засаг даргын Тамгын газрын Өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар сэлгэн ажиллуулах тухай тогтоол гарсан байгаа ба 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалаар Досжаныг Ө.сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар хуулийн хүрээнд томилсон байна.  Өргөдөл гомдол хариуцсан ажилтан Досжан нь Засаг даргын Тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажил байдлын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж хөдөлмөрийн харилцаа үүссэн байх тул 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалыг хүчингүй болгох боломжгүй юм.

Нэхэмжлэгч Х.А-г ажилд томилсон тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Берден нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184 тоот захирамжийн дагуу Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 04-ны 70 дугаар захирамжаар төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон байна.

Энэхүү төрийн жинхэнэ албан хаагч Х.Берден нь 2012 онд Ө.сумын 3 дугаар багаас Ө.сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож улмаар 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд жагсаалтын 6 дугаар бичигдэж Ө.сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч мөн болохыг бататгаж улмаар Х.Берден төрийн алба болон төрийн жинхэнэ албыг хавсран гүйцэтгэж байжээ. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, аж ахуй нэгж нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглосон байдаг.

Х.Берден төрийн алба болон улс төрийн албыг хавсарган гүйцэтгэж байх явцдаа 2016 оны 6 дугаар сард сонгуулийн сурталчилгаа эхлэх үед ашиг сонирхолд автаж улс төрийн зорилгоор Х.А-г Ө.сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар томилж мөн эрх ашгийг нь зөрчиж үр дүнгийн гэрээ байгуулаагүй мөртлөө ажил хөдөлмөр эрхлүүлж, ажлын 15 хоног ажилласан байхад цалин хөлс олгохгүйгээр хөдөлмөрийн хууль болон дотоод журмыг ноцтой зөрчсөн явдал нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Х.Берден 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 тоот тушаалаар Досжаныг Ө.сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар давхардуулан томилж тушаал үйлдсэн мөртлөө гэрчээр мэдүүлэг өгөхөд Засаг дарга Х.Бахытхумарын шахалтаар томилгоо хийсэн мэдүүлэг өгчээ. Ө.сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн тамгын газрын ажил олгогч мөн тул энэхүү асуудалд сумын Засаг дарга оролцох эрх байхгүй юм. Хэрэв анх Х.А-г маргаан бүхий орон тоонд хууль журмын дагуу томилсон бол Х.Дг давхардуулан томилох шаардлага байхгүй хэмээн үзэж байна. Иймд Х.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судалж бодит байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна.

Баян-Өлгий аймгийн Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хурметханы Ахеркег Ө.сумын хэвлэл мэдээлэл, өргөдөл, гомдол хариуцсан ажилтнаар ажилд томилсон 23 дугаар тушаал, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Х.А-г ажлаас түр чөлөөлөх тухай 25 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгосон. Учир нь:

Х.А-г Ө.сумын хэвлэл мэдээлэл, өргөдөл, гомдол хариуцсан ажилтнаар томилон ажиллуулахдаа Төрийн албаны зөвлөлөөс 2003 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг" зөрчиж туршилтын хугацаа тогтоогоогүй байна. Дээр дурдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 2-т заасан "Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна", 6-д заасан "Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгоно" гэснийг зөрчсөн юм.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-т "Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй" гэж заасан байхад энэхүү заалтыг зөрчиж сул орон тооны талаар нийтэд мэдээлэлгүйгээр Х.А-г төрийн албанд томилгоо хийж хуулийг зөрсөн юм.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина" гэж заасныг зөрчиж Төрийн албан төв байгууллагад хүсэлт тавихгүйгээр томилгоо хийсэн.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлөх тухай заалт байгаа юм. Х.Ахерке нь Төрийн албаны тангараг өргөөгүй, үр дүнгийн гэрээ байгуулан энэхүү маргаан бүхий орон тоонд нэг ч хоног ажиллаагүй байхад түүнийг төрийн жинхэнэ албан хаагч мэтээр үзэж төрийн албанаас чөлөөлж байгаа явдал нь хуульд нийцэхгүй байна. Төрийн албаны тангараг өргөж, үр дүнгийн гэрээ байгуулан, туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг л төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх ёстой юм. Гэтэл Төрийн албанд нэр дэвшүүлэх тогтоол гарсан л бол төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж болохгүй юм. Төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд тухайн албан тушаалтанд нэг ч өдөр ажиллаагүй хүнийг төрийн албанаас түр чөлөөлнө гэсэн ойлголт байхгүй.

Нэхэмжлэгч Х.А-гийн цалингүй чөлөө хүсэх тухай өргөдөл нь байгууллагын архиваас олдоогүй. Бүртгэл хяналтын карт болон ирсэн бичгийн бүртгэл дээр огт бүртгэж аваагүй баримтыг ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Бердений гэрээс авсан гэж дараа нь нөхөж өгч байгаа нь хүртэл маш эргэлзээтэй байна. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байхад шүүхээс хүлээн авч байгаа нь үндэслэлгүй байна. Баян-Өлгий аймгийн Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаал гарсан өдөрт нь шүүхэд хүргүүлж байсан ба үүнтэй холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргажээ. Тэгээд ч энэхүү тушаал гарснаар хэрхэн яаж эрх ашиг сонирхол нь зөрчигдсөнийг бичээгүй байхад шүүх хүлээн авч хариуцагчид гардуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байгаа гэж үзэхээр байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 48.3-т заасны дагуу хуул, журмыг зөрчсөн тушаалуудыг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сээс  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Ахерке нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажилд томилогдсон, 24-ний өдөр чөлөө авсан гэсэн маргаан үүсэж байгаа. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой зарим асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч, ажилтан нар хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүсдэг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Х.Ахерке нь үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй гэж ярьж байгаа ба үүнээс нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан нь харагдаж байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Х.А-гийн жилийн чөлөө дууссан үед цаашид ажил, хөдөлмөрийг нь үргэлжлүүлэх боломжгүй байсан. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг шаардаж болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлавал, нэхэмжлэгч Х.Ахерке болон ажил олгогч хоёрын хооронд нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүсээгүй учраас түүнийг томилсон анхны тушаалуудыг хүчингүй болгосон байдаг. Харин гуравдагч этгээд Х.Д хувьд өөрөө хүлээн зөвшөөрч, тохиролцсоны үндсэн дээр түүнийг сэлгэн томилсон байсан. Үүнтэй холбогдуулан шүүхэд гомдол гаргасан боловч тухайн нэхэмжлэлээс өөрөө сайн дурын үндсэн дээр татгалзсан байсан гэв.

Гуравдагч этгээд Х.Досжан шүүхэд гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ө.сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд мөн өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Засаг даргын Тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, ажил байдлын тодорхойлолтод заасан ажил үүргээ цаг тухайд нь гүйцэтгэж ажиллаж байгаа юм.

Х.Ахерке нэхэмжлэлдээ дурдахдаа 2016 онд Ө.сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байх хугацаандаа өвдөж жилийн чөлөө авсан хэмээн тусгажээ. Би өмнө нь Ө.сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд 2016 онд Ө.сумын Засаг даргын Тамгын газарт Х.Ахерке гэж хүн ажиллаж байгаагүй маш сайн мэдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан тушаалууд нь хийсвэр тушаал байна гэдгийг хэлмээр байна.

Учир нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Х.Ахерке ажилд ороод 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр жилийн чөлөө авсан гэх нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд энэ нь тухайн жилийн сонгуулийн үед таарч байгаа ба ямар нэгэн улс төрийн нөлөөгөөр тушаал гаргуулж авсан хэмээн үзэж байна.

Иймд цаашид би энэхүү орон тоонд нэгэнт ажил олгогчтой үр дүнгийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцаа үүссэн байх тул тогтвор суурьшилтай ажиллах болно. Х.А-гийн нэхэмжлэлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодит байдлыг нь судалж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Х.Досжан шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Х.А-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн гуравдагч этгээд Х.Досжанаас гаргасан “Баян-Өлгий аймгийн Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын Х.А-г ажилд томилох тухай 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн түр чөлөө олгох тухай 25 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлага нь үндэслэлтэй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Х.Ахерке нь тухайн орон тоонд огт ажиллаж байгаагүй ба тухайн байгууллагаас сул орон тооны захиалга өгөөгүй байхад нэр дэвшүүлж томилсон  байжээ. Маргаан бүхий орон тоонд тавигдах ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад 5-аас доошгүй жил төрийн албанд ажилласан байх туршлагыг Х.Ахерке хангаагүй байна.

Төрийн албаны салбар зөвлөл нь Х.А-гийн нэрийг дэвшүүлэх тухай тогтоол гаргасан үед хуралдуулахгүйгээр тогтоол гаргасан явдал нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилгоо хийгдсэн гэж үзэхээр байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь Төрийн албаны тангараг өргөөгүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй зэргийг харгалзахгүйгээр түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзээд нэг түр чөлөөлсөн явдал нь мөн хууль зөрчсөн явдал байжээ. Төрийн албаны тангараг өргөсөн байх ёстой, төрийн албаны тангараг өргөхийн тулд тодорхой хугацаанд төрийн албанд ажиллаж үр дүн гаргасан бай ёстой. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан хариуцагч Ө.сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Баас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Маргаан бүхий орон тоонд Х.А-г 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 тоот тушаалаар Ө.сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл өргөдөл гомдол хариуцсан ажилтнаар томилж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар бүхий тушаалаар жилийн чөлөө олгогдсон байжээ. 2017 оны 06 дугаар сарын эхээр Х.Ахерке чөлөөний хугацаа дууссан ажилд орно хэмээн хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлт гаргаж эхэлсэн үеэс би 2016 оны Б/23, Б/25 дугаар тушаалын талаар мэдэж, судалж үзэхэд Х.Ахерке ЗДТГ-ын даргын Тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажил байдлын тодорхойлолт гаргаагүй эсэх нь тогтоогдсон тул гэрээ байгуулаагүй хүнтэй ажил хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй хэмээн хариу өгсөн. Энэ үеэс эхлэн Х.Ахерке шүүхэд гомдол гаргаж, Б/23, Б/25 дугаар тушаалууд нь анхан шатны шүүхэд шалгагдаж байгаа.

Иймд дээрх тушаалуудын хууль зүйн үндэслэл бүхий эсэх нь шүүхийн журмаар шийдэгдэх нь зүйтэй байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Досжанаас шүүхэд “Баян-Өлгий аймгийн Ө.сумын ЗДТГ-ын даргын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Х.А-г “Ажилд томилох тухай” 23 дугаартай тушаал, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Х.А-г “Ажлаас түр чөлөөлөх тухай” 25 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” бие даасан шаардлагатай танилцаад дараах тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж байна.

Бие даасан шаардлагын үндэслэлдээ: “...Уг ёсондоо Х.Ахерке нь тухайн орон тоонд огт ажиллаж байгаагүй...” гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ө.сумын ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдоод ажиллаж байх хугацаанд хүндээр өвдөж зайлшгүй гадаад эмчлүүлэхээр болсон...” гэж тусгаж бичсэн байх ба нэхэмжлэлд дээрх байдлаар “ажиллаж байх үед” гэх үг, өгүүлбэрийн утга, санааг залруулан тайлбарлаж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажиллаж байх үед, ажиллаж байсан гэх талаар ямар нэгэн маргаан гарахгүй байх гэж бодсон.

Гэтэл хариуцагч, гуравдагч этгээд талаас нэхэмжлэгч тухайн үед маргаан бүхий орон тоонд томилогдсон нь эргэлзээтэй, хуурамч бичиг баримт бүрдүүлж, сонгуулийн үеэр томилогдсон гэж маргажээ. Х.А-гийн томилгоо хууль бусаар явагдсан гэх ямар ч үндэслэл, шалтгаан байхгүй бөгөөд аймгийн Цагдаагийн газраас түүнийг нэр дэвшүүлсэн тогтоол, ажилд томилж, чөлөөлсөн тогтоол нь хуурамч биш, хэн нэгэн нөхөж үйлдээгүй гэдгийг тогтоосон.  Х.Ахерке маргаан бүхий орон тоонд томилогдохоос өмнө буюу 2016 оны 4 дүгээр сараас эхлэн хүндээр өвчилж эхэлсэн байсан ба ажилд томилсон тушаал гарахад ажилдаа очиж, ажиллах боломжгүй байсан, ажиллаж байгаагүй нь үнэн бөгөөд Х.Ахерке өвчтэй байгаа тухай томилох эрх бүхий этгээд болох Ө.сумын ЗДТГ-ын дарга байсан Х.Берденд энэ талаар мэдэгдэж, дараагаар нь эрүүл мэндийн шалтгаанаар 1 жил хүртэлх хугацаатай захиргааны чөлөө авсан болно.

Түүнчлэн, гуравдагч этгээдээс “...тэгээд ч тухайн орон тоонд тавигдах шаардлагад 5-аас доошгүй төрийн албанд ажилласан байх туршлагыг Х.Ахерке хангахгүй...” гэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 83 дугаар тогтоолын 1-р хавсралтын 2.5-д “...туслах түшмэлийн ангиллын албан тушаалын сул орон тоонд ажилласан жилийн шалгуур үзүүлэлт тавихгүй...” гэсэн байх ба Х.Досжан нь маргаан бүхий албан тушаалд хууль зөрчин томилогдсоны дараа өөртөө тохируулан ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан нь илт харагдаж байна.

Иймд, Х.Ахерке ямар нэгэн хууль зөрчсөн журмаар ажилд томилогдоогүй нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул гуравдагч этгээд Х.Д бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуультай бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбар хэлмээр байна. Юуны түрүүнд нэхэмжлэгч Х.Ахерке нь анх төрийн албанд хууль бусаар томилогдсон гэх асуудлыг хөндөж байгаа. Нөгөө талаар түүнд чөлөө олгосон тушаал гарсан гэдэг нь эргэлзээ бүхий байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс Х.А-гийн нэрийг дэвшүүлсэн тогтоол гарсан боловч уг тогтоолыг үндэслэн ажил олгогч нэхэмжлэгч Х.А-г маргаан бүхий орон тоонд томилоогүй, төрийн албанд томилох журмыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн этгээдийг яах ёстой вэ гэдэг асуудлын талаар тайлбар хэлэх нь зүйтэй байна.  Дээрээс нь гуравдагч этгээд Х.Досжан нь шүүхээс гарсан захирамжийн дагуу ажил олгогчийн тушаалаар маргаан бүхий орон тоонд томилогдсон байх тул түүнийг томилсон тушаал хуульд нийцсэн гэдгийг дурдах нь зүйтэй байна.

 Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар тайлбар хэлэхэд, нэгдүгээрт сул орон тооны захиалгыг томилох бүхий этгээдээс Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлээгүй байхад салбар зөвлөлөөс шууд нэр дэвшүүлэх тогтоол гаргаж маргаан бүхий орон тоонд томилсон байдаг. Захиалга хүргүүлсэн шийдвэр гаргаагүй байсан нь албан тушаалд томилох эрх бүхий байгууллагын архив, явуулсан бичгээс гараагүй, мөн салбар зөвлөлд үзлэг хийхэд тогтоогдоогүй юм.

Хоёрдугаарт, сул орон тоог нийтэд зарлах талаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд тусгасан боловч маргаан бүхий орон тоог нийтэд зарлаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Нурханатыг гэрчээр асуухад маргаан бүхий орон тооны захиалгыг томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн, энэ талаар нийтэд зарласан эсэхийг нотолж чадаагүй, салбар зөвлөлийн тогтоол болон хуралдааны тэмдэглэл байхгүй байсан. Шүүхээс эдгээр нотлох баримтуудыг гаргаж өгөхийг холбогдох байгууллагуудаас шаардсан боловч олдоогүй, гэрч Х.Нурханат нь нэр дэвшүүлэх тогтоол гаргасан, хуралдаан хийсэн гэх боловч энэ талаар нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй юм. Тийм учраас Х.Ахерке нь тухайн маргаан бүхий орон тоонд хууль журмын дагуу тогтоогдсон нь тогтоогдохгүй байна. Шүүх нотлох баримтыг тухай хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай. Нэхэмжлэгчийг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий орон тоонд томилж, мөн оны 06 дугаар сарын 24-ний өдөр түр чөлөөлсөн байх бөгөөд томилогдсоноос хойш түр чөлөөлөгдөх хүртэлх 18 хоногийн хугацаанд Х.Ахерке нь нэг өдөр ажилдаа ирээгүй, нэг ч төгрөгийн цалин хөлс гараагүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байна.

Энэ асуудлаас үзэхэд нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч байсан гэж үзэх боломжгүй байна. Мөн үзлэг хийхэд нэхэмжлэгч Х.А-гийн чөлөө хүссэн талаарх өргөдөл ажил олгогч байгууллагаас гараагүй болно. Дараа нь Ө.сумын Засаг даргын Тамгын газрын дарга байсан Х.Бердений гэрээс 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэсэн гэх эргэлзээ бүхий нотлох баримт гарч ирсэн. Яагаад эргэлээ бүхий баримт гэж үзэж байгаа вэ гэвэл амралтын өдөр буюу ажилтны өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх бус өдөр гарсан баримт байсан учраас ингэж үзэж байна. Эдгээр асуудлуудыг хөндөж гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан ба уг шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2-д зааснаар нэхэмжлэгч Х.А-г ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон юм.

Энэхүү тушаал хүчингүй болгосон тушаал нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хүргэгдсэн ба үүнээс хойш 3 сарын дараа уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би уг тушаалыг хэргийн материалтай танилцсан үед мэдсэн гэж ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүхэл бүтэн 3 сарын дараа нэхэмжлэлийг шаардлагыг ихэсгэснийг хүлээж авах боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасныг нэхэмжлэгчийн зүгээс буруугаар тайлбарлаж байна. Бусдын эрх ашиг сонирхолд ямар байдлаар сөргөөр нөлөөлсөн бэ гэвэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч Х.А-гийн хувьд өвчтэй байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа бөгөөд бусад нотлох баримтуудаар ч гэсэн нэхэмжлэгч маргаан бүхий төрийн албан тушаалд тэнцэхгүй байсан нь тогтоогдож байна. Гэтэл тухайн албан тушаалд тэнцэхгүй байгаа хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.5-д нийцэхгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийг маргаан бүхий орон тоонд томилсон тушаалыг хүчингүй болгосон ажил олгогчийн Б/09 дүгээр тушаал үндэслэлтэй гарсан гэж үзэхээр байна.

Түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагч ямар эрх эдлэх ёстой вэ гэвэл, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “...Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно ...” гэж заажээ. Үүнээс үзэхэд төрийн албанаас түр чөлөөлөгдсөн этгээдийг нөөцөд байгаа гэж үзээд түүний эрхэлж  байсан албан тушаалыг төрийн алба тасралтгүй явагдах ёстой гэсэн зарчмын дагуу шаардлага хангаж байгаа өөр этгээдээр гүйцэтгүүлж, түүнийг өөр сул орон тоонд томилохоор зохицуулсан байна. Тэгэхээр түр албанаас түр чөлөөлөгдсөн этгээд заавал өмнөх орон тоонд бус ямар хамаагүй орон тоонд ажиллах боломжтой гэж үзэхээр байна.

Талуудын маргаж байгаа туршлагын талаар тайлбарлавал, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх тогтоол гарсан хүнийг төрийн албанд томилогдсон гэж шууд үзэх боломжгүй юм. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанд ажилласан туршилтын хугацааг заавал тавих ёстой. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх туршилтын хугацаа заах болзол, журам”-ын 2 дахь хэсэгт “... “ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс энэхүү шаардлагыг тавьж байгаа юм. Төрийн албанд анх томилогдсон этгээд туршилтын хугацаанд үр дүн гаргасан тохиолдолд цаашид төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах ёстой байна.

Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Энэхүү шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд Х.Д 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай  баримтад гарын үсэг зуруулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийн оролцогчдын саналыг үндэслэн түүнийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагагүй гэж үзэн хэргийг хянан хэлэлцсэн болно.

Гуравдагч этгээд нь Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүсэж бие даасан шаардлага гаргасан, хариуцагч тал уг шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаан бүхий захиргааны актуудыг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар хүчингүй болгосон боловч энэ нь нэхэмжлэгч Х.А-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул шүүх бие даасан шаардлагыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч талаас “... маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б/09 дүгээр тушаалыг гарангуут шүүхэд өгсөн, гэтэл нэхэмжлэгч 3 сарын дараа хүчингүй болгуулах шаардлага гаргасан,  нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад шүүх хүлээж авсан” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

             Хариуцагч нь уг захиргааны актаар  нэхэмжлэгч Х.А-г албан тушаалд томилсон, түүнд чөлөө олгосон тушаалуудыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчид чиглэгдсэн захиргааны акт гэж үзэх ба уг актын талаар чиглэгдсэн этгээдэд мэдэгдэх, сонсгох  үүргийг шүүх хүлээхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар захиргааны байгууллага өөрөө хариуцах ёстой.

Гэтэл хариуцагч уг актыг гаргахдаа Х.А Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу  дагуу мэдэгдсэн, сонсгосон, нөхцөл байдлыг тогтоосон, түүнийг сонссон талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй атлаа захиргааны акт гарсан өдөр буюу  2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд тайлбарын хамт нотлох баримтаар  хүргүүлсэн, нэхэмжлэгч тал энэ тушаалыг хавтаст хэрэгтэй танилцах үед буюу 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн / хэрэг танилцуулсан баримт №7-оор[1] /, тухайн өдрөө нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тул нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй тул ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг, мөн хэргийн оролцогчдын  тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болон хэргийн оролцогчдын маргасан асуудлуудад  тус тус  дүгнэлт хийж, нэхэмжлэгч Х.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Х.Д гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Ахерке нь анх тус шүүхэд Ө.сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нь нэхэмжлэгчээс олгосон  2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн итгэмжлэлд[2] заасан эрхийн дагуу  нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн томилж ажиллуулах тухай”, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай “Тушаалыг хүчингүй болгох тухай” тушаалуудыг[3] тус тус хүчингүй болгуулахыг хүссэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч Х.А-г  анх аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ”Нэр дэвшүүлэх тухай”  21 дүгээр тогтоолыг[4] үндэслэн Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар тушаалаар[5] хэвлэл мэдээлэл,  өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн  25 дугаар “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалаар[6]  2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эмчлүүлэх, сувилуулах шаардлагатай гэж үзэн  цалингүй чөлөө олгожээ.

Х.А-г чөлөөтэй байх хугацаанд буюу   2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч нь гуравдагч этгээд Х.Дг маргаан бүхий орон тоонд сэлгэн томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилсон болон түүнд чөлөө олгосон  тушаалуудыг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар хүчингүй болгожээ.

Хариуцагчаас  ийнхүү хүчингүй болгосон үндэслэлээ   “... Х.А-г төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо туршилтын хугацаа тогтоолгүйгээр шууд томилсон, тухайн маргаан бүхий орон тоог сул орон тоо мөн болох талаар нийтэд мэдээлэлгүйгээр нэр дэвшүүлэн томилгоо хийсэн, тэрээр төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй” гэж, гуравдагч этгээдээс “...Х.А-г маргаан бүхий сул орон тоонд нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн тогтоол, түүнийг томилсон, чөлөө олгосон тушаал нь хуурамч бичиг баримт” гэж тус тус    тайлбарласан боловч  шүүх энэхүү тайлбаруудыг үндэслэлгүй дүгнэлээ.  Учир нь:

 1. Нэхэмжлэгч Х.Ахерке нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар тушаалын хавсралтаар[7] төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн, уг нөөцөөс аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг нөөцөд байх хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор  нэр дэвшүүлж, улмаар  томилох эрх бүхий албан тушаалтан томилсон нь хэрэгт авагдсан  Ө.сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны тушаалын бүртгэлийн дэвтрийн хуулбар[8], шүүхээс 2016 оны тушаалын  үлдэх хувьд хийсэн  үзлэгийн тэмдэглэл[9], гэрч Х.Берден, Ш.Хуралай нарын мэдүүлэг[10] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа ба   энэ  нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6-д заасантай нийцсэн.

Харин тухайн үед буюу нэхэмжлэгчийг  маргаан бүхий орон тоонд нэр дэвшүүлэхээс өмнө   сул орон тооны  талаар  нийтэд мэдээлэх үүргээ хариуцагч биелүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа боловч   нэр дэвшүүлсэн тогтоол хүчинтэй хэвээр бөгөөд уг тогтоолыг болон Х.А-г албан тушаалд томилсон, түүнд захиргааны зүгээс чөлөө олгосон  тушаалуудыг  хуурамч бичиг баримт гэж эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй,  гуравдагч этгээд Х.Досжан нь  Х.А-г тухайн албан тушаалд томилох үед  Ө.сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь түүний тус захиргааны хэргийн шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэл[11], хариуцагчийн сэлгэн томилон ажиллуулсан 2018 оны 04 дүгээр тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул  нэхэмжлэгчийг маргаан бүхий сул орон тоонд томилсон  хариуцагчийн  үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна.

2.  Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт  “...төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно” гэж заасан, хуулийн энэхүү заалтаар  төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилоход томилох эрх бүхий  албан тушаалтанд туршилтын хугацааг зайлшгүй тогтоохоор үүрэг хүлээлгээгүй,  тогтоож болох, тогтоохгүй байж болох, өөрөөр хэлбэл томилох эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгогдсон  үзэмжээр  шийдвэрлэх асуудал тул Х.А-г томилоход  туршилтын хугацаа тогтоогоогүй, тэрээр туршилтын хугацаагаар ажиллаагүй  гэж буруутгах үндэслэлгүй байна.  

3.Томилох эрх бүхий этгээд Х.А-г 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар тушаалаар маргаан бүхий албан тушаалд томилсны дараа түүнд чөлөө олгох  хүртэл хугацаанд  албан үүргээ биелүүлээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулаагүй талаар нэхэмжлэгч тал маргаагүй болно.

Гэхдээ    нэхэмжлэгч нь энэ хугацаанд эрүүл мэндийн байдлын улмаас Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэхээр, эмчлүүлэхээр явсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжилгээнд хамарсан гэх “Health-Aid” эмнэлгийн эмч Д.Эрдэнэтуяагийн  дүгнэлт, саналын хуудас[12], “Люкс Центр” төвийн эмч У.Байгалмаагийн дүгнэлтийн хуудас[13], 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар-Москва-Стамбул чиглэлийн онгоцны тийз[14] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 33 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.4-т “...Төрийн жинхэнэ албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө менежерт өгөөгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно”,” ...”хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт өвчтэй байх,  .... үүргийг гүйцэтгэх боломжгүй  байхыг  ойлгоно” гэж тус тус заажээ.

Төрийн жинхэнэ албад томилогдсон этгээд тухайн жилд гүйцэтгэх ажил, үйлчилгээний  төслөө менежерт өгөх үүрэгтэй болохыг дээрх заалтаар журамласан ба нэхэмжлэгч Х.Ахерке нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас, тодруулбал  өвчтэй байсан учир томилсны дараа  үр дүнгийн гэрээ байгуулаагүй,  мөн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг буруутгаж, хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах хууль зүйн  үндэслэлгүй байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “...хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” бол захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан.

Маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны  06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалаар эрх бүхий албан тушаалтан Х.А цалингүй чөлөө олгохдоо хугацааг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэж тогтоожээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд 1-ээс дээш жилийн хугацаагаар чөлөө авсан бол төрийн албанаас түр чөлөөлөгдөхөөр заасан, харин Х.А олгосон чөлөөний хугацаа 1 жил хүрэхгүй тул түүнийг төрийн албанаас түр чөлөөлсөн гэж үзэх боломжгүй, харин өвчний улмаас  захиргааны чөлөөтэй байсан гэж үзэх үндэслэлтэй.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “... эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” бол ажил олгогч нь ажилтны  ажил, үүргээ гүйцэтгээгүй үед албан тушаалыг нь хэвээр хадгалахаар  заасан, хуулийн энэ зохицуулалтаар Х.А-гийн  албан тушаалыг түүнийг  захиргааны чөлөөтэй байх хугацаанд ажил олгогч  хэвээр хадгалах үүрэгтэй байна.

5.  Х.Ахерке нь эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авч, албан үүргээ түр хугацаагаар биелүүлээгүй тул түүний орон тоог сул орон тоо гэж үзэхгүй, харин Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “... эзгүй албан хаагчийн орон тоо...” гэж үзэхээр байх ба Х.А-г томилсон тушаал хүчинтэй байх хугацаанд Х.Дг  хуулийн  22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар сэлгэн ажиллуулсан нь буруу, хуулийн уг заалтад “... 2 жил хүртэл хугацаагаар “ гэж зохицуулсан, гэтэл тушаалд тодорхой хугацааг заах ёстой атал  хугацаагүй томилсон агуулга бүхий тушаал гаргасан байх тул нэг орон тоонд 2 өөр тушаалаар 2 иргэн ажиллах боломжийг бүрдүүлсэн хариуцагчийн үйлдлийг хууль ёсных гэж үзэх боломжгүй байна.

6. Хуулийн дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон  хариуцагчийн 2016 оны 23, чөлөө олгосон 2016 оны 25 дугаар тушаалууд нь холбогдох хууль журмыг болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Харин  хуульд заасан  журмын дагуу гарсан  тушаалуудыг  хүчингүй болгосон 2018 оны Б/09,  Х.Дг маргаан бүхий албан тушаалд сэлгэн ажиллуулсан  2017 оны 04 дүгээр тушаалуудыг хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...хууль дээдлэх...” үндсэн зарчмыг баримтлалгүйгээр хууль бусаар гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан төрийн жинхэнэ алба хаах эрхийг зөрчигдсөн байх тул  хүчингүй болгож,    нэхэмжлэгчийг Ө.сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг  хариуцагчид даалгаж,  харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалаар олгосон чөлөөний хугацаа дууссаны дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эрх бүхий албан тушаалтанд ажилд орох өргөдлөө[15] гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон,  хариуцагчаас нэхэмжлэгчийг  албан тушаалд нь томилоогүй байгаа эс үйлдэхүй нь   хууль бус учир   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар чөлөөний хугацаа дууссан өдрөөс буюу 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хойших  ажилгүй байсан хугацаа болох  15 сар 3 хоногийн дундаж цалинтай тэнцэх олговрыг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт,  2018 оны 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтад тус тус заасан цалингийн сүлжээг үндэслэн нийт 7.041. 786 төгрөгийг  Ө.сумын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.4, 106.3.7,106.3.12, 106.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.6, 18 дугаар зүйлийн 18.1,   Хөдөлмөрийн тухай хуулийн 35  дугаар зүйлийн 35.1.3,  69 дүгээр зүйлийн 69.1 дэх  хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Ө.сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х.А-г хэвлэл мэдээлэл, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх  нөхөн олговор 7.041,786 төгрөгийг /долоон сая дөчин нэгэн мянга долоон зуун наян зургаан/ Ө.сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан  нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд  Х.Досжанаас гаргасан 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулахыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг тус бүрийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

       

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 28 дугаар хуудас /2 хавтас/

[2] Хэргийн 62 дугаар хуудас /1 хавтас/

[3] Хэргийн 8, 22 дугаар хуудас  /2 хавтас/

[4] Хэргийн 20 дугаар хуудас /1 хавтас /

[5] Хэргийн 4 дүгээр хуудас /1 хавтас/

[6] Хэргийн 5 дугаар хуудас /1 хавтас/

[7] Хэргийн 122, 125 дугаар хуудас /1 хавтас/

[8] Хэргийн54-55 дугаар хуудас /1 хавтас/

[9] Хэргийн 108 дугаар хуудас /1 хавтас/

[10] Хэргийн 57, 120 дугаар хуудас /1 хавтас/

[11] Хэргийн 144-145 дугаар хуудас

[12] Хэргийн 75 дугаар хуудас /1хавтас/

[13] Хэргийн 76 дугаар хуудас /1 хавтас/

[14] Хэргийн 79 дүгээр хуудас /1 хавтас/

[15] Хэргийн 70 дугаар хуудас /1 хавтас/