Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0016

 

“Э г” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: “Э г” ХХК

Гомдол гаргагч: “Э г” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.Он

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0309858 дугаар шийтгэлийн хуудсын торгууль, алдангид 144,313,463.3 төгрөг ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 693 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Н.Ж, өмгөөлөгч Л.Б

Хариуцагч Ц.Ц, Д.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2020/0709/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 693 дугаар шийдвэрээр “Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.3, 46 дугаар зүйлийн 46.3, 46.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.О нарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0309858 дугаар шийтгэлийн хуудсын 144,313,436.3 төгрөгийн торгууль, алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Э г” ХХЗ-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. “Э г” ХХК-ийн захил Н.Ж давж заалдах гомдолдоо: “Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд уг баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварын хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гээд уг зүйлийн тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасан байхад шүүх хүчин төгөлдөр хуулийг үндэслэхгүйгээр, хуучин хуулийг үндэслэж, 10 хувиас хэтэрсэн буюу 30 хувиар тогтоосон торгуулийн хэмжээг хэвээр үлдээж, манай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн дагуу тогтоосон татварын зөрчилд холбогдох шийтгэлийн хуудастай холбоотой гомдлыг татварын маргаан таслах зөвлөл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж хянан шийдвэрлэсэн байхад үүнд шүүхээс үнэн зөв дүгнэлт хийлгүйгээр манай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн манай компанид хийсэн 2016 оныг хамарсан татварын хяналт шалгалт дуусаагүй, прокурорын тогтоол гаргаагүй байхад 2017 оны тайланд залруулга хийх боломжгүй нь дараах баримтаар нотлогдож байна. Үүнд, 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Татварын улсын байцаагчийн 230001233 тоот дүгнэлт гаргасан, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албанд явуулсан, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Прокурорын тогтоол гарсан байсан, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шуудангаар ирсэн 0309858 дугаар шийтгэлийн хуудаснаас прокурорын тогтоолын дугаарыг авсан, манай компани прокурорын газарт прокурорын тогтоолтой танилцах хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан, прокурорын газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр прокурорын тогтоолыг гардуулан өгсөн, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тайландаа залруулга хийж цахимаар татварын албанд явуулсан, татварын цахим систем нь тайлангийн залруулгыг 2020.01.14-ний өдөр бүртгэж авсан.

Иймд тайланд залруулга хийгээгүйгээс үүдсэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0309858 дугаар шийтгэлийн хуудасны  торгууль, алдангид 144.313.436,3 төгрөг ногдуулсан хэсгийг төлөх ёсгүй  гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул бүхэлд нь хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Зөрчлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            3.1. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Эх монгол групп” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд шалгалт хийж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 0309858 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 288,626,872.7 төгрөгийн нөхөн татвар, 86,588,061.8 төгрөгийн торгууль, 57,725,374.5 төгрөгийн алданги, нийт 432,940,309.0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.2. Маргаан бүхий уг шийтгэлийн хуудасны торгууль, алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулахыг гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.  

            3.3. Давж заалдах гомдолд “Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэж, төлөгдөөгүй татварын 10 хувиар торгохоор заасныг хэрэглэлгүй, 30 хувиар торгосныг хэвээр үлдээж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй” гэжээ.  

            3.4.Татварын хяналт шалгалтаар “Эл г” ХХК-ийн “2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа “М г э и” ХХК-иас 2,886,263,724.24 төгрөгийн хий бичилттэй падаанаар төсөвт төлөх татвараас хасалт хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон.

3.5. Энэхүү зөрчил нь татварын хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудас гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “татвараас зайлсхийхийн тулд хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” үйлдэлд хамаарах тул тус хуульд заасан нөхөн татварын 30 хувьтай тэнцэх торгууль ногдуулсан байна.

3.6. Харин энэхүү зөрчил нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт орсон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д заасан “татварыг хугацаанд нь төлөөгүй” зөрчил биш байх тул “... эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж 10 хувийн торгууль ногдуулаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

3.7.Түүнчлэн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2019 оны хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй байна. Учир нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ыг буцааж хэрэглээгүй.

            3.8. Давж заалдах гомдолд “... 2016 онд хийсэн татварын хяналт шалгалт дуусаагүй, прокурорын тогтоол гараагүй байхад 2017 онд тайланд залруулга хийх боломжгүй байсан... Залруулгыг татварын систем 2020.01.14-ний өдөр бүртгэж авсан. Иймд залруулга хийгээгүйгээс үүдэн торгууль, алдангид 144,131,436.3 төгрөгийг төлөх ёсгүй ...” гэжээ.

            3.9. Дээрх дурдсанаар тус шийтгэлийн хуудсаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарах үед  хүчин төгөлдөр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу гаргасан зөрчилд нь хариуцлага ногдуулж, нөхөн татварын 30 хувиар торгууль ногдуулсан байна.

3.10. Мөн тус компани нь нөхөн татвар 288,626,872.7 төгрөгийг татварын улсын байцаагчийг шийтгэлийн хуудас гаргах хүртэл төлөөгүй байсантай холбоотой 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2015 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх ... татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсний дагуу нөхөн татварын 20 хувиар алданги ногдуулсан.

Дээрх хуулиудын дагуу торгууль, алданги ногдуулахад тайланд залруулга хэзээ хийсэн нь хамааралгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2021/0693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Э г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ж-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

              ШҮҮГЧ                                                                  Д.ОЮУМАА

    ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ