| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0699/Э |
| Дугаар | 381 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 381
2020 06 11 2020/ШЦТ/381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Ж Б холбогдох эрүүгийн 1910015940618 дугаартай 187/2019/0699/Э индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны........ дугаар сарын .....-ны өдөр Төв аймагт төрсөн, .....настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл ........... тоотод түр оршин суух, урьд 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосон, Б овогт Ж Б /РД:................/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Бнь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын 13-244 тоот хашаанд иргэн Д.Гмаргалдаж улмаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Бнь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын 13-244 тоот хашаанд хохирогч Д.Гантөгсийг шоронгийн хулгайч минь гэж хэлснээс болж маргалдан улмаар нуруу руу нь 2 удаа хутгалж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ж.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Д.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээс гараад хашаанд явж байтал Б миний араас ирээд хутгалсан. Би эргэж хараад хутгыг нь булааж авч хол шидээд хашаанаас гарч зугтаагаад дэлгүүрийн гадаа очиж хэвтсэн. ...дэлгүүрээс нэг эгч гарч ирэхээр нь цагдаа болон эмнэлэг дуудаад өгөөч гээд дуудуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
3. Гэрч А.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б хутга аваад Гантөгсийг 2 хутгалчих шиг болсон. Тэгээд Гантөгс орилоод цус гараад байхаар нь би цусыг нь угааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8096/-ний дүгнэлт:
-Д.Гбиед бүсэлхийн зүүн талд гүн хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-24/
5. Шүүгдэгч Ж.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Гантөгс намайг шоронгийн хулгайч минь чамайг дахиад кодно шүү гэхээр нь би гэр лүү гүйж ороод шүүгээ дотроос хутга авч гэрч ирээд Гантөгсийн нуруу руу нь 2 удаа хутгалахад Гантөгс явлаа гээд хашаанаас гараад явсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Тухайн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би учруулсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Бнь урьд 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосон болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-44-49/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/-аар тогтоогдлоо. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаарх гэсэн ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8096/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ж.Бнь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын 13-244 тоот хашаанд хохирогч Д.Гантөгсийг шоронгийн хулгайч минь гэж хэлснээс болж маргалдан улмаар нуруу руу нь 2 удаа хутгалж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.Гантөгс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-15/, түүний хувийн байдал /... 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 1 амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ж Б ыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б ы урьдчилан цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 288 /хоёр зуун наян найм/ цагийг эдлэх ялаас хасч 212 /хоёр зуун арван хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комист даалгах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б аас эмчилгээний зардал /хх-54-55/ нийт 748.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Гантөгст олгохоор шийдвэрлэв.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Б сануулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Б холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэе.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ж Б ыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б ы урьдчилан цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 288 /хоёр зуун наян найм/ цагийг эдлэх ялаас хасч 212 /хоёр зуун арван хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Б холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комист даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б аас 748.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Гантөгст олгосугай.
7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Б сануулсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг бөгөөд шүүгдэгч Ж.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР