Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 80

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 229-1-4 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, Боржигон овгийн Дэнсмаагийн Өлзийсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 2-2 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, Гэнэн овгийн Даваадавгын Галбаатар,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 2-2 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, Барган овгийн Галбадрахын Оюунцэцэг нарт холбогдох

275000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 03 дугаар сард Д.Галбаатар гэр бүлийн хамтаар Д.Өлзийсайхан надаас 1875000 төгрөгний үнэ бүхий нийт 21 ширхэг мөнгөн аягыг Говь руу явж наймаа хийгээд ирээд мөнгийг нь бөөнөөр нь өгнө гэж тохиролцон авч 600000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сард 2 хувааж өгсөн. Түүнээс хойш 1275000 төгрөгийг удаа дараа нэхүүлж байгаад 2015 оны 07 дугаар сард эхнэр Г.Оюунцэцэг нь банкнаас зээл авсан гэж 1000000 төгрөгийг өгсөн. Ингээд 2015 оны 09 дүгээр сард үлдэгдэл мөнгөө авахаар нэхэхэд урд 7 сард 000000 төгрөг биш 1200000 төгрөг өгсөн байсан гээд үлдэгдэл 275000 төгрөгийг өгөхгүй өдий хүртэл иргэн намайг хохироож байна. Тухайн үед өгсөн 1000000 төгрөгийг би өөрийн худалдагч Ариунтуяад боодолтойн өгч тоолуулан хүлээлгэн өгсөн. Иймд Г.Оюунцэцэг, Д.Галбаатар нараас 275000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан, хариуцагч Д.Галбаатар, Г.Оюунцэцэг нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан 275000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа багасган 200000 төрөг болгон нэхэмжилснийг хариуцагч Г.Оюунцэцэг, Д.Галбаатар бид 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Энэ асуудлаар давж заалдах гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Өлзийсайхан нь Д.Галбаатар, Г.Оюунцэцэг нарт холбогдуулан 275000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийг шаардлагаа 200000 төгрөг болгон багасгасныг хариуцагч Д.Галбаатар, Г.Оюунцэцэг нар зөвшөөрч эвлэрсэн нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Д.Өлзийсайханы нэхэмжлэлтэй, Д.Галбаатар, Г.Оюунцэцэг нарт холбогдох иргэний хэрэгт зохигчид 200000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Д.Галбаатар, Г.Оюунцэцэг нараас 4450 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 4450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8900 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА